Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал боллоо.

Хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст “Ковид-19” халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийж, авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш.Анхмаа хурлыг удирдаж, коронавируст “Ковид-19” халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Түүнчлэн www.burtgel.mohs.mn, www.covid19.gerege.mn цахим программыг нэгтгэж илүү боловсронгуй болгох, “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх гэнэ.

Улмаар вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтад хамруулах зэрэг шуурхай арга хэмжээний олон асуудлыг шийдвэрлэсэн байна.

Орчуулах »