Ц.Сүхбаатар: Хуримтлалын тогтолцоонд шилжихээр эрт тэтгэвэрт гарах гэж яарахгүй болно

Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцож байна. Тэрбээр 1994-2004 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Ерөнхий сайдын ивээл дор Монголын ахмадуудын чуулган саяхан болсон. Ярилцлагаа энэ чуулганы сониноос эхлэх үү?

Үндэсний чуулган ахмад настны эрх, нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлт     гэсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдсан. Үндэсний чуулганд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцож үг хэллээ. Та бүхэн мэдэж байгаа байх. УИХ-ын намрын чуулганаар Ахмад настны тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хамгийн гол нь ахмад настнуудад тулгамдсан асуудлыг хамтран ярилцаж гарц шийдлийг олох нь чуулганы зорилго байсан. Энэ зорилгоо амжилттай хэрэгжүүллээ.

Чуулганд Ерөнхий сайд үг хэлсэн гэлээ. Ямар асуудлаар голчлон ярьж байх юм?

Ерөнхий сайд хэлсэн үгэн­дээ үндсэн гурван асууд­лыг авч үзсэн. Нэгдүгээрт,  тэт­гэв­рийн хэмжээг нэмэг­дүү­лэх асуудал. Мөнгө сан­хүү­гийн боломж муу бай­гаа учир 2017 оны төсөвт тэт­гэвэр нэмэх хөрөнгө төлөв­лөгдөөгүй шүү. Гэвч эдийн засаг сэргэж, хөрөнгийн эх үүсвэрийн асуудал нааштай шийд­вэрлэгдэх байх. Тиймээс 2018 оноос тэтгэвэр нэмэх асуудлыг ярилцаж шийдвэр­лэе гэсэн байгаа. Гэхдээ тэтгэвэр нэмэхдээ нийтэд нь тав арван төгрөгөөр нэмэх бус тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэр хоорондын зохистой харьцааг шийдвэрлэе гэсэн.

Тэтгэврийн ялгааг арил­гана гэхээр бага тэтгэвэртэй ахмадуудынхыг нэмнэ гэсэн үг үү?

Яг ингэж ойлгож болохгүй. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх тухай асуудал бол байж таарна. Харин одоо яригдаж байгаа нь ижил ажил мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах тухай юм. Тухайлбал, 2000 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс тэр үеийнхээ цалингийн жишгээр тогтоолгосон. Мэдээж тэр үеийн цалин одооогийнхоос хамаагүй бага шүү дээ. Энэ зөрүүг л хэлээд байгаа юм.  Ахмадууд ч энэ талаар маш их ханддаг, цалинг нь харгалзан тэтгэврийг индексжүүлье гэсэн санал тавьдаг. Өмнө нь тэтгэврийг нэмэхдээ хэмжээг нь үл харгалзан бүгдийг нь тэгшитгэн нэмж байсан. Тийм болохоор мэргэжил хоорондын ялгаа зөрөөг арилгах асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар ирсэн. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүний эргэн тойронд анхаарал татах асуудал их байгааг ярилцлаа. Ялангуяа зээлийн хүү өндөр байгаа талаар. Саяхан хүүг гурван хувиар бууруулсныг ахмадууд эхлэл хэмээн харж байна. Ахмадууд зээлээ жил, хоёр жилээр авчихдаг. Тэгээд энэ хугацаанд орлогогүй болчихдог, тэгэхээр амьдрал нь хүндрээд явчихдаг.

Ингэхээр тэтгэврийн зээл нь өөрөө бас асуудал үүсгэчихээд байна гэсэн үг үү?

Тийм. Зээл бол тэтгэвэр авч байгаа хүндээ зохимжтой биш юм аа гэж олон хүн ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, сар сараар авч байгаа тэр тэтгэвэр нь зөвхөн тухайн хүнийг амьдрахад зориулагдсан мөнгө шүү дээ. Гэр бүлийн бусад гишүүд, үр хүүхэддээ нялзаах мөнгө төгрөг биш юм.  Гэтэл үр хүүхдийнхээ сургалт, унаа машин, байртай болоход нь дэмжлэг үзүүлэх гэхчлэнгээр зээл авчихаж байгаа юм. Ингээд олон сар орлогогүй болчихоор  амьдрал нь хүндэрчихдэг.

Тэгэхээр асуудлын гарц нь юу байх вэ. Тэтгэврийн зээл олгохгүй гэсэн үг үү?

Тийм шийдэл гараагүй. Гэхдээ зээлийн оронд тэтгэврийн урьдчилгаа олгох асуудлыг цаашдаа шийдье гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Энэ хүрээнд гурван сар хүртэлх хугацааны тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр хүүгүй, хураамжгүй урьдчилгаа олгоод явъя гэсэн хувилбар яригдаж байгаа. Ингэх нь санхүүгийн эх үүсвэрт ч, тухайн хүний амьдралд ч хүндрэл учруулахгүй байх давуу талтай. Үүнийг ахмадууд их нааштай хүлээж авсан. Саяын болж өнгөрсөн үндэсний чуулганаар ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр 11 заалт бүхий уриалга гаргасан байгаа.

УИХ-ын намрын чуул­ганаар Ахмад настны тухай хууль баталлаа. Энэ хууль өмнөхөөс юугаараа ялгаатай вэ?

Өмнөх хууль нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай гэсэн нэртэй байсан.  Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгаалал, хөнгөлөлт,  халамж, туслалцаа  тал руу түлхүү анхаарсан олон чухал заалттай сайн хууль байсан. Хорь гаруй жил мөрдсөн. Одоогийн хуулийн нэр нь Ахмад настны тухай гэж байгаа. Эндээс хүрээ, цар хэмжээний хувьд тэлж томорсон нь харагдаж байгаа байх. Хуулийн онцлог нь халамж, дэмжлэг тусламжийг  шийдэж өгөхөөс гадна ахмад настны эрх, нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөр эрхлэлтийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах,  ахмад настны төлөө иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоо ямар байх юм гэхчлэн өргөн хүрээтэй асуудлыг хамарч хуульчилснаараа онцлог болсон.  Өөрөөр хэлбэл, хуулийг Ахмад настны тухай гэж нэрлэснээр нийгмийн халамжууд нь хуучин хүрсэн түвшингээс ахиснаас гадна, дээр нь ахмад  настнуудын бүх асуудлыг ямар нэг хэмжээ, хэлбэрээр шингээж өгч байгаа юм. Яахав, бүрэн төгс гэж хэлэхэд дутагдалтай байх, гэхдээ л ахмадуудын талаар төр засгаас авч шийдвэрлэх бүх асуудал тусгагдсан хууль болсон. Жишээ нь хуульд “Ахмадуудын эрүүл мэндийг хамгаалах” тухай бүхэл бүтэн бүлэг байна. Өвчтэй хуучтай хэвтрийн ахмад настанд гэрээр нь очиж эмнэлэг, асаргаа сувилгааны үйлчилгээг үзүүлдэг байхаар хуульчилсан  жишээний.  Сайн дурын өндөр мэргэжлийн эмч, сувилагчдыг ахмадуудын төлөө ажиллуулъя, хөнгөлттэй олгодог эмийн хувь хэмжээг нэмэгдүүлье, байнга хэрэглэдэг зарим эмийг нь үнэ төлбөргүй болгоё гэхчлэн олон асуудал хуульд туссан.

Таны ярианд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хэрэгжүүлэх тухай дурьдагдах шиг боллоо. Жаахан тод­руу­лахгүй юу?

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулъя гэж байгаа. Энэ зорилгоор 2017 онд тэрбум орчим төгрөг зарцуулахаар туссан. Ажилгүйчүүдийн дийлэнх нь залуучууд. Хөдөлмөрийн чиг баримжаагаа авч чадаагүй, дадлага туршлагагүй залуучууд дипломтой ажилгүйчүүдийг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ залуучуудад чиглэсэн ахмадуудын зөвлөх мэргэ­жилтний үйлчилгээ баг хэсгийг бий болгоё, ахмадууд хувиараа хөдөлмөр эрхлээд хоршоо нөхөрлөл байгуулаад ажилла. Тэр дунд нь залуучууд байг. Хамтарч ажиллаг, сургаж дадлагажуул гэж байгаа юм. Залуу, ахмад үеийн хөдөлмөр, мэдлэг туршлагыг хослуулбал чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх нэг боломж гэж харж байна.

Одоо яг хичнээн ахмад настан байдаг вэ?

Нийт 260 гаруй мянган ахмад настан бий.

Ахмад настан гэж яг хэнийг хэлэх вэ. Шалгуур хэмжээ гэж байх уу?

Хуульд эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш хүмүүсийг ахмад настан гэнэ гээд заачихсан.

Цэргийнхэн, олон хүүхэдтэй гэхчлэн наснаасаа арай эрт тэтгэвэрт гарчихсан хүмүүс ахмадуудад тооцогдохгүй юу?

Ийм хүмүүс Ахмадын хуулийн үйлчлэлд бүрэн хамрагдахгүй. Гэхдээ хөдөлмөр эрхлэлт гэх мэтийн зарим заалтын үйлчлэлд хамрагдах боломжтой.

Тэтгэврийн насыг цаашлуулж нэмнэ гэсэн яриа үе үе дуулддаг. Тухайлбал, эрэгтэй 65, эмэгтэй 60 наснаас тэтгэврийн эрх үүсэх бололтой юм. Энэ хэр ортой яриа вэ?

Энэ асуудал тэтгэвэрт гарсан манай холбооны ахмадуудын хувьд хамааралтай биш. Харин тэтгэврийн даатгалтай холбоотой. Гэхдээ онолын хувьд тэтгэврийн насыг цаашлуулах нь магадлалтай байх боломжтой. 1960-аад онд Монголын хүн ам огцом өссөн. Үүнтэй уялдаатайгаар 2030-аад онд тэтгэврийн насныхан бараг 500 мянгад хүрнэ гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр дундаж нас уртсаад амьдрал сайхан болоод ирэхээр даатгалын хуримтлалын тогтолцоо руу шилжих энэ нөхцөлд тэтгэврийн нас нэмэгдэх нь  тухайн  хүмүүсийн хувьд ашигтай. Яагаад гэхээр нөгөө даатгалын санд оруулсан  хуримтлалаа эргүүлж авна шүү дээ.  Одоо бол даатгалын сангаас ч юм шиг, улсын төсвөөс ч юм шиг  байгаа. Хуримтлалын тогтолцоогоор 1960 оноос хойш төрсөн хүмүүс дансандаа мөнгөтэй болох учиртай. Тиймээс энэ хуримтлуулсан мөнгөө авч байгаа болохоор тэтгэврийн их багын хэмжээ гэж ярих бус, сангийн хуримтлал нь их байвал сард оногдох мөнгө нь их байна. Энэ тогтолцоогоор явах үед эрт тэтгэвэрт гарах гээд яараад байх явдалгүй болно. Тэгэхээр тэтгэврийн насыг нэмэх эсэхийг үүнтэй холбон авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй байх. Тиймээс тэтгэвэрт гарахад 5.10 жил дутуу байгаа хүмүүс яаж хуримтлалын сангаа арвижуулах вэ гэдэг дээр бодолцох ёстой. Ер нь тэтгэврийн насыг нэмэх нь ойрын хугацаанд шийдвэрлэх асуудал биш л дээ.

УИХ Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгож, Насны хишиг гэгчийг бий болголоо. Энэ ер нь аль хэр оновчтой шийдэл болсон бэ?

Хамтын тэтгэвэр гэсэн ойлголт дэлхий нийтэд байдаг. Гэхдээ хуримтлалын тогтолцоонд шилжчихсэн улс орнуудын хэрэгжүүлдэг бодлогын асуудал юм. Өөрөөр хэлбэл, хуримтлалын данс нээлгэчихсэн эхнэр нөхрийн аль нэг нь нас барахад эсвэл өв залгамжлагчаар нь тогтоогдсон үр хүүхдэд нь тэтгэврийн хуримтлалын санд байгаа мөнгө төгрөг нь эргэж очих тухай юм. Дэлхийн жишиг энэ. Харин манайх  хуримтлалын тогтолцоонд шилжээгүй,  тэтгэврийн сан нь бүрдээгүй  ийм нөхцөлд сонгодог утгаар нь хэрэгжүүлэх гэснээрээ учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны асуудал байгаа юм.

Тийм байж..?

Өөр асуудал бас бий. Нөгөө талаас хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Хамтын тэтгэвэр байтугай тэтгэвэр нэмэх мөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй байгааг дээр хэлсэн. Энэ мэт учир дутагдалтай болсон. Нөгөө утгаараа манайд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж байдаг. Тиймээс энэ хуулийн хүрээнд шийдэх боломж байсан. Гэхдээ ялгаагүй хөрөнгийн эх үүсвэр дээр дахиад л гацаа үүснэ. Арай цаг хугацаа нь болоогүй байхад шийдчихсэн юм уу л гэж бодож байна.

Ахмадуудын дунд ийм нэг яриа санал явдаг. Тэтгэврийг их бага гэлгүй бүгдэд нь ижил хувиар тэгшитгэж нэмдэг. Гэтэл бага тэтгэвэртэй хүмүүст ахиухан, өндөр тэтгэвэртэйд нь бага хувиар нэмж болохгүй юу гэж… Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Хавтгайд нь жигд нэмж байсан нь үнэн. Бүгдэд 20 мянган төгрөг ч гэдэг юм уу, эсвэл бүгдийг нь 20 хувиар нэмье гэхчлэн. Тэтгэврийг 20 хувиар нэмье гэхэд 250 мянгын тэтгэвэртэй хүнийх дөнгөж 50 мянган төгрөгөөр нэмэгдэх бол 800 мянгын тэтгэвэртэй хүнд 160 мянган төгрөг нэмэгдэх жишээтэй. Мэдээж энэ бол буруу хуваарилалт. Эндээс тэтгэврийн ялгаа зөрүү улам нэмэгдэж байгаа юм. 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан, одоо гарч байгаа ижил төрлийн ажил мэргэжил эрхэлж байсан хүний тэтгэврийн хэмжээ өдөр шөнө шиг ялгаатай байгаа юм. Тэр нь мөнөөх цалингийн зөрүүний хамаарал. Ийм ялгааг арилгахын тулд цалинг  индексжүүлэх шаардлагатай гэсэн үг.

Ахмадуудад зориулсан хөнгөлөлт их байдаг бололтой юм. Тэр бүр хүмүүс мэдэхгүй байх шиг?

Ахмад настнууд олон төрлийн хөнгөлөлт эдэлж байгаа. Жишээ нь шүд, ортез ортопедийн үйлчилгээг таван жилд нэг удаа үнэгүй  хийлгэнэ гэж заасан. Одоо шинэ хуулиар үнэт металлаас бусад хиймэл шүдний үйлчилгээг гурван жил болгож ойртууллаа. Жилд аль нэг амралт, эх орны рашаан сувилалд тус тус нэг удаа хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Амралтад хоногийн 15 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Рашаан сувилалд явбал ирж очих унааны зардал, амрах эрхийн бичгийн 50 хувийг хөнгөлдөг. Жишээ нь 600 мянгаар сувилалд яваад ирэхэд 300 мянгыг нь буцааж өгнө гэсэн үг.

Эмнэлэг үйлчилгээ талаа­саа…?

Нэгдүгээрт дараалал хар­галзахгүй ахмадуудад үйл­чилнэ. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр дүгнэлт нь гарч алслагдсан аймаг орон нутаг, тухайлбал, 1000 км-ийн цаанаас ирж байгаа ахмадуудын унааны зардлын 50 хувийг олгох заалт байгаа. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй орж оношилгоо шинжилгээ хийлгэх маш том боломж ахмадуудад маань бас байна. Мөн хуулиар Өрхийн эмнэлгүүд дээр ахмад настны эрүүл мэндийг хариуцсан эмч, сувилагчийг  ажиллуулах асуудал шийдэгдэж байна. Түүнчлэн таксинаас бусад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлж байгаа. Энэ хөнгөлөлтөд хөдөө орон нутгаас нийслэлд түр хугацаагаар ирсэн ахмадуудыг мөн хамруулна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээний хөнгөлөлт ахмад настнуудад харъяалалгүй болж байна гэсэн үг.

Малчдын тэтгэврийг таван жилээр наашлуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь амьдралд хэр уялдаж байгаа юм бол?

Монголын ахмадын байгууллагын  эгнээнд шилжин орж ирэх хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа учраас буруу зөрүү хэмээн шууд байр сууриа илэрхийлэхэд хэцүү. Харин хувь хүний үүднээс хандахад түрүүчийн ярьсан нийгмийн даатгалын тогтолцоотойгоо холбож үзэхээр учир дутагдалтай харагдаж байгаа. Тэтгэврийн насыг цаашид  нэмэх бодлого барьж байгаа. Тийм байсаар байтал насыг нь бүр наашлуулж тэгээд дээр нь ажилласан жилийг нь 1,5 жилээр нэмэгдүүлж тооцож байна. Тэгэхээр энэ нь даатгалын сангийн ачааллыг  ихэсгэх сөрөг тал гарч болзошгүй.  Харин малчдын хувьд мэдээж ашигтай.  Ер нь аливаа юм эерэг, сөрөг хоёр талтай шүү дээ.

 

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!