Шүүрэн шанага шиг АН-ынхан ч МАН-ын генсэкийн халаасанд бий

Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, иргэний үнэмлэх гардаад удаагүй байхдаа намын батлах өвөртөлсөн залуу өдгөө МАН-ын гал тогоонд “ахлах” тогооч хийж байгаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабт ажиллаж, хэвлэмэл хуудсуудыг нь хариуцахын хажуугаар өрсөлдөгчөөс өрсөх хожлын нүүдлийг гэнэ гэнэхэн хэлээд өгчихдөг сэргэлэн бацаан байсныг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Ингэж, тэнд ч энд ч тэр энэний хуушуур, кофег зөөж явсан тэрбээр 2008 онд Баянзүрх дүүргээс Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдон орж ирснээр улстөр дэх уртын аялал нь эхэлсэн. Тойргоосоо гурван ч удаа улиран сонгогдсон атал НИТХ-ын дарга бус намын Ерөнхий нарийн бичгийн даргын сэнтийг сонгосон нь түүнийг хоол ч, хор ч зуурчихаж чадах чансаатайхан ар талтай нэгэн болсныг харуулж байгаа юм.

У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд харьяалагддаг байсан Д.Амарбаясгаланг М.Энхболд дэргэдээ авч, гал тогооны ахлахаар томилсон нь хамгийн том алдаа байсан гэдэг. Тэрбээр хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийг унагах ажиллагааг гардан, ядах юмгүй хөмөрчихсөнд нь баярлан барьц алдахдаа хол ойрыг хараагүй байж мэднэ. Тэгээд ч М.Энхболдыг дахин намын дарга болоход хар зургийг нь гаргаж, хамаг хорыг хутгаж өгсөн нь итгэл төрүүлээ биз дээ. Харамсалтай нь хүний хүн хүрэн бөөртэй гэгчээр Хүкийн тулгыг түшилцэж явсан Д.Амарбаясгалан Засагт ханы хөх харчууд, зартай нутгийн сайн эрсийн хэлтэрхий гэдгээ жинтэйхэн харуулсан.

Нийслэлийн намын хороог самарч, Ц.Сандуйг “60 тэрбумын схем”-ээр гогцоолдоод эргэж өндийхөөргүй дарсан дарцаглагчдын нэг тэр байв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдыг “сэхээнд ортол” унагасан нам доторх сүрэглэсэн “ноход”-ын толгойд ч Д.Амарбаясгалан байсан. Үүнийг М.Энхболд сөхөрч, Ц.Сандуй хийсч байхад улиран шагнагдсан генсэкийн суудал нь нотолно. Гэхдээ тэрбээр Миеэгийн дэргэд үлдээгүйтэйгээ адил Хүкийн хажууд ч байхгүй байгаа.

Түүнд хотын дарга, НИТХ-ын дарга, сайдын суудал гээд бүгд л захиалгат хоолны цэс шиг өрөөтэй байв. Тэр юунд ч хүрээгүй, юу ч захиалаагүй. Гэсэн атлаа соронзон тавцантай шатрын хөлөг шиг салбар бүрт хүссэнээрээ тоглож байна.

Хот ганхаж, Засаг дэнжигнэхэд тэр байж л байна.

Түүнд “Тайшир өргөө”, “Агро технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компаниуд, ЖДҮ, концесс, тендэр бүгд бий. Тэгвэл энэ чимээгүй атлаа чинжүү мэт эрийн ард хэн байна вэ…

Лойдор, доожоогүй, дуу цөөтэй харагдах хуурмаг төрх нь Н.Багабандийг санагдуулам гэдгийг намынхан нь мэднэ. Хийдэл багатай, нягт нямбай, мад тавим нүүдлүүд нь яг л тэр. Д.Амарбаясгалангийн сул талын нэг гэгддэг, саяхан каргогоор орж ирдэг Ш.Раднаасэд хүртэл “Д.Амарбаясгалан энэ бүхний ард байгаа. Түүний ард титэм үг тэрлэгч бий” гэж ам алдсан гэдэг.

Үгүйсгэх шалтгаан бас үгүй. Дэлтэй чоно шиг эрмэг Засагт ханы хөх харчуултай нөхөрлөж явсан юм шүү хэмээн аархдаг, одоо ч хэтэвчээрээ үр хүүхэд, ураг төрөлтэй нь гүн бат хэлхэгдсэн Н.Багабандийг Говь-Алтайн эрсгүйгээр төсөөлөх аргагүй.

Тиймээс МАН-ын 100 жилийн ойн сценарийг алтайн хөх харчуултай хамтдаа Н.Багабанди бичилцэж байгаа гэхэд бараг хилсдэхгүй биз… Тэдний гарт тэгэхээр Сү-гийн, Хотын, Зүүний хүчний, тэрбайтугай шүүрэн шанага шиг болсон АН-ын шатрын “хөвгүүд” бүгд бий.

Хүсвэл бод бог болгож, эс хүсвэл далдын далд хийчих эрх мэдэл ч халаасанд нь яваа.

Орчуулах »