Үнэт эдлэлийн дархны сургалтын шинэ танхим үүдээ нээлээ

0
177

Эдүгээ нийгмийн эрэлт шаардлагад бүрэн нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв дадал төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэдэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 52 дахь жилийнхээ босгон дээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, Монгол Улсад үнэт эдлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Үнэт эдлэлийн дархны сургалтын шинэ танхимаа нээлээ.  Танхимын нээлт энэ сарын 18-нд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дээр болов.

Энэ үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга С.Мөнгөнчимэг, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав, дэд захирал Ж.Баасандорж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа нарын хүмүүс оролцлоо.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав Үнэт эдлэлийн танхимыг нээж хэлсэн үгэндээ “Энэ өнгөрсөн түүхэн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизайн, техник технологийн 32 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх Мэргэжлийн сургалт, Мэргэжлийн боловсролын сургалт, Техникийн боловсролын сургалтын хичээлийн хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй уялдуулан мэргэжлийн, бүрэн дунд боловсролын, болон техникийн боловсролыг эзэмшүүлэх Политехник коллежийн статустай сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна.
Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаад зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй Мэргэжлийн боловсролын цорын ганц сургууль боллоо.
1995 оноос Уран зураг, Гобелен, Арьсан урлал, Металл урлал, Чимэглэх урлаг, Хувцас дизайн, Үйлдвэрлэлийн график дизайн, Монгол зураг, Керамик гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн 9 анги шинээр нээгдсэнээр өнөөгийн сургалтын эхлэл тавигдаж, эдүгээ Дүрслэх урлагийн 11 мэргэжлээр анхан болон дунд шатны сургалт явуулж байгаа нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн нэр төрийн баталгааг илтгэх нэгэн нэрийн хуудас юм.
Манай сургуулиас ажлын анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчид улс эх орныхоо соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж явна. Тухайлбал: Сургуулийн уран сийлбэрийн анхны багшаар ажиллаж байсан Монгол Улсын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Л.Чуваамид, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Уран барималч Д.Дамдиймаа, Уран дархан Д.Нямхүү, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол Улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нарын олон төгсөгчийн амжилт бүтээл нь манай хамт олны бахархал билээ.
Өнөөдрийн энэ Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимын тоног төхөөрөмж дээр суралцах залуусаас Монгол Улсын үнэт эдлэлийн дархны мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өөрийн гэсэн хэв маяг, арга барилтай олон алдар гавьяатан төрж гарна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Үнэт эдлэлийн дархны ангийн сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулсан. Уг хөтөлбөрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 1,5 жилээр болон богино хугацааны сургалт, дадлагын хичээлийг орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр явуулах өргөн боломжийг оюутан суралцагчдад олгож байгаа юм.
ҮУПК, ГОУХАН –ийн зүгээс Урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшиж төгссөн 10 оюутанд Үнэт эдлэлийн дархны мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэйгээр шатлан суралцах Эрхийн бичгийг гардуулсан нь энэ арга хэмжээний чухал нэг хэсэг боллоо.
ҮУПК, Германы ОУХАН-ийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимыг шинэчлэн тохижуулан, тоног төхөөрөмж суурилуулжээ.
Дашрамд дурдахад, манай сургууль өмнө нь БНЭУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар нийт 2,8 сая ам.доллар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны “Жайка” байгууллагын 370 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургалтын материаллаг баазаа бэхжүүлсэн.
ҮУПК нь сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, мэргэжлийн боловсролын салбартаа тэргүүлэх амжилтуудыг үзүүлээд байна. Тухайлбал:
– БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургууль дээр оюутан солилцооны хөтөлбөрийг 2 удаа зохион байгуулж нийт 96 суралцагч 5 багшийн хамт дадлагажин суралцсан.
– БНХАУ-ын Өвөр Монголын Зүүн үзэмчин хошууны Үндэстний ерөнхийлсөн дээд зэргийн дунд сургуулиас хоёр ээлжээр нийт 24 оюутан 4 багшийн хамт ирж 21 хоногийн дадлагажих сургалтад хамрагдаж, ҮУПК-ийн оёдлын мэргэжлийн нэг багш ҮЕДЗДС дээр нэг сарын хугацаатай мэргэжлийн хичээл явуулж туршлага солилцов.
– ОХУ-ын Иркутск хотын Эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын коллежтой хамтын гэрээгээ шинэчлэн сунгаснаар 5 багш, 4 оюутан туршлага судалж, улмаар Олон улсын үс, гоо сайхны “NEW STYLE BAIKAL- 2017” их наадамд амжилттай оролцон 2 төрлөөр түрүүлж, багаараа Гран-при авсан юм.
– ОХУ-ын Буриадын Автономит Улсын Улаан-Үдэ хот дахь мэргэжлийн боловсролын Улсын олон түвшинт коллеж дээр 24 багш долоо хоногийн хугацаатай туршлага судлаад ирсэн.
– БНСУ-ын Кён ин эмэгтэйчүүдийн их сургуулийн 2 багш 20 оюутны хамт айлчлан ирж, оюутнуудад 4 чиглэлээр 5 хоногийн сургалт зохион явуулсан бол ҮУПК-оос тус сургуульд 2 оюутан 6 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлгээр суралцлаа.
– БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтран сайн дурын ажилтан ажиллуулах хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
– Япон улсын ТОВА-ын Зүүн Азийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд мэдээлэл солилцох, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, оюутан сурагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зэрэг олон талт арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
– Мөн БНСУ-ын Хансео Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!