Зуух тараахаас өөр шидгүй Су.Батболд захирагч

0
187

Амралтын өдрийн өглөө эртхэн босоод болконоо онгойлготол Улаанбаатарын гамшиг болсон утаа, угаар пүнхийтэл сэнгэнэж бушуухан болконоо тасхийтэл хаахаас өөр аргагүй болов. “Улаанбаатарын энэ айхтар гамшиг, улам өтгөрч байгаа утааг яана даа” гэж бодтол хоёрхон өдрийн өмнө Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийхдээ “Мэргэжлийн байгууллагуудын тооцоолж гаргаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 15-20 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нарийвчилсан тоогоор 224 мянган яндан буюу гэр хорооллын өрх бий. Эхний ээлжинд тэдгээр өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалан хориглож, эко түлш хэрэглүүлэх бодлого барина. Бид Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ” хэмээн ярьж өмнөх дарга Э.Бат-Үүлийн хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байгуулах төлөвлөгөөг “Бут цохиж” байгаагаа мэдэгдсэн нь санаанд оров.

Сүүлийн үед Су.Батболд дарга БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай дөрөө харшуулан  “Жинхэнэ утаа гаргадаггүй зуух тараана” гэж яриад явах болсон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүний хувьд Су.Батболд дарга БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багцад багтсан 16.9 тэрбум төгрөгт тун ч их санаа нь зовж яваагаа илэрхийлсээр л байгаа.

Н.Цэрэнбат сайдтай ихэд сүжрээд байгаа Су.Батболд даргын ярианаас үзвэл 13 мянган “Жинхэнэ утаагүй зуух” тарааж эхлээд байгаа бололтой юм. Мэдээж, хуучныгаа хог руу хаяна. 2025 он хүртэл Улаанбаатарыг цэвэр агаартай болгоход 9,8 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ лээ. Энд мэдээж сайд, хотын захирагч хоёрын яриад яваа 194 ажил хамрагдах байх.

Су.Батболд захирагч ажлаа аваад нэг жил долоон сар болох гэж байна. Гэтэл үндсэндээ олигтой бүтээн байгуулалт, шинэчлэлт өөрчлөлтийн ажил хийж хэрэгжүүлсэнгүй. Харин ажлаа авснаас хойшхи гурав дөрвөн сард нь шоу тоглолт, элдэв мисс хүүхнүүдийн цугларалтыг хангалттай хэмжээнд хийсэн гавьяатай. Тухайлбал 2016 оны долоодугаар сарын 4-нд Улаанбаатар хотын Захирагч болж байсан Су.Батболд дарга есдүгээр сарын 30-ны шөнө Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” шоу тоглолт зохион байгуулж 217 сая төгрөг зарлагдаж байсан түүхтэй. Гэтэл хоёрхон сар хагасны дараа Улаанбаатарын зам талбай цас мөсөнд хучигдахад зам дээр цацах давс дутагдаж яаж хөглөж байсныг хүмүүс мартаагүй л байгаа. Су.Батболд захирагчийн ганц шөнө шоудсан тэр 217 сая төгрөгөөр зам дээр цацах давс авсан бол 350 тонн  буюу бүтэн сар хэрэглэх давсаа нөөцөлчих байсан гэдэг. Чухамдаа 2016 оны өвлөөс л тун ч удаан, мэдрэмжгүй, маш муу менежер Улаанбаатар хотыг удирдаж буйг Нийслэлчүүд мэдэрч эхэлсэн гэж хэлж болох юм.

“Улаанбаатарын намар” шоунд нь хоёр гурван дуу дуулсан “Камертон” болон “Никитон” хамтлагуудыг тус бүр 50 сая төгрөгөөр гарыг нь цайлгаж байсан Су.Батболд ноёнтон “Face of beauty international-2016” Олон улсын миссийн тэмцээнийг өөрийн нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган зохион байгуулж, “Дэлхийн 60 гаруй орны миссүүдийг Улаанбаатарт цуглуулж хотынхоо өнгө үзэмжийг жигтэйхэн сайхан чимлээ” хэмээн албатууд нь сайрхаж байсан түүхтэй. Тухайн үед Су.Батболд ноёны туслахууд “Украйнаас амьд барби Валерий Лукянова өөрийн биеэрээ залран ирж жинхэнэ гайхамшигийг мэдрүүллээ. Ёстой солиотой” хэмээн Су.Батболд даргыгаа тэнгэрт гартал магтаж байв шүү.

Гэтэл Улаанбаатарын өмнөх дарга Э.Бат-Үүл Су.Батболдын шоудаж байсан дээрх хугацаанд Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд авто машинуудыг тэгш сондгой тоогоор нь хязгаарлалт хийн хөдөлгөөнд оруулдаг болж, замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобусууд зорчдог болгон журамлаад байсан билээ. Мөн түүнчлэн өнөөдөр нэгэнт хэвшил болчихоод байгаа нийтийн тээврийн унаанд ухаалаг картаар зорчих бэлтгэл ажлыг хангуулж жилийн дараагаас мөрдүүлж эхлэх бололцоотой болгоод байсан түүхтэй. Э.Бат-Үүлийн үед хотын дэд бүтэц, зам засвар шинэчлэлийн ажил хэрхэн үр дүнтэй хийгдэж байсныг нийслэлийн иргэд сайн санаж байгаа. Зөвхөн “Гудамж төсөл”-ийн хүрээнд Улаанбаатарын хамгийн их ачаалалтай 24 уулзварыг өргөтгөн шинэчилсэн байдаг. Гэтэл хугацааныхаа бараг талд нь ороод байгаа Су.Батболд захирагч өнгөрсөн хугацаанд Сансарын шатахуун түгээх станцын хойно л нэг гүүрэн гарц ашиглалтад оруулснаас өөр бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй.

Харин хангалттай сайхан ярьсаар суутал хугацааных нь тал нь шахуу урсаад өнгөрсөн байна. Одоо тэрээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай хүч хавсраад 13 мянган “Жинхэнэ утаа гаргадаггүй зуух”-аа идэвхийлэн тараах ажилдаа ханцуй шамлаад орчихсон тууж яваа нь тодорхой. Түүнийх нь үр дүнд Улаанбаатарын утаа улам л өтгөрөн харанхуйлж, мань мэт нь болконоо онгойлгох эрх улам л хязгаарлагдах нь тодорхой. Харин Су.Батболд дарга албатуудаа дагуулаад Яармаг руу буйр шилжиж Буйнт-Ухаа хавийг “Жинхэнэ утаа гаргадаггүй зуух”-аар  дарах ажилдаа хүчлэн хөдөлмөрлөх болов уу. Ийм л нэг “Зуух тараахаас өөр шидгүй” захирагч Улаанбаатар хотыг удирдаж явнам. Харин “Дэлхийгээс сайхан хүүхнүүд цуглуулж, Д.Сүхбаатарын талбай дүүрэн шоу зохион байгуулаатах” гэвэл Су.Батболд захирагчийн нүд нь сэргэж жигтэйхэн гавшгай гүйцэлдүүлэх нь тодорхой. Яагаад гэвэл манай нийслэлийн захирагч тиймэрхүү ажилд “Үнэн авьяастай, ёстой галзуу” гэдгийг албатууд нь хэлээд өгнө, гайгүй.

Д.Түвшин

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!