Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

0
49

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан юм.

Ажлын хэсэг хуралдаж, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу “банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт” гэсэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тодорхой болгож түүний шалгуурыг тусгах, мөн төслийн 36 дэх хэсгийн 36.1.2, 36.1.4хэсгийг нэгтгэн “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” хэмээн өөрчлөн найруулахаар саналыг томъёоллыг бэлтгэжээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж өөрчлөн найруулах, “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн болохыг танилцуулав. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулагатай холбогдуулан  гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар тодруулга хийж хариулт авсан юм.

Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!