“Хамгийн сайхан амралт чинь бэлтгэл шүү дээ” хэмээн ярих ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэвийг “Ярилцах танхим” буландаа урьсан юм.

Шавь нараас минь төрийн их баяр наадамд 7 удаа түрүүлсэн

Монгол түмний баяр наадам айсуй. Энэ өдөр таны хувьд хэрхэн өнгөрдөг вэ?

Жил жилийн наадмаар шавь нараа хараад л цэнгэлдэхэд өнждөг юм. Шавь нараа харж, хөөрч догдлоод үзэгч, наадамчин олонтойгоо адил л нааддаг даа. Багш хүн болохоор олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ харж баярлана.

Шавь нарынхаа амжилтыг хараад өөрөө түрүүлснээс илүү их баярладаг гэх юм билээ?

Тэгнэ шүү. Өсвөрийн баяр наадамд миний шавь нараас төрийн их баяр наадамд долоон удаа түрүүлсэн. Хамгийн олон удаа түрүүлсэн шавь маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын бөх Лхагвадорж гурван удаа түрүүлж, рекорд эвдсэн. Төв аймгийн Самданжамц, Өвөрхангайн Пүрэвсүрэн, Баянхонгорын Нацагдорж нар түрүүлж байлаа. Үзүүрт аймгийн арслан Серек гээд арав гаруй хүүхэд үлдсэн байдаг юм. 1994 оноос эхлээд хүүхдүүд маань барилдсан. 2000, 2001 онд манай сүмогийн дэлхийн хошой аварга Бямбажав шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэрний өмнөх жил сүмод явсан Төв аймгийн Одгэрэл маань өсвөр үеийн улсын аварга болж байсан.

Шавь нар тань үндэсний бөхөөс гадна сүмо, жүдо, кураш төрлөөр амжилттай барилдаж байгаа харагддаг?

Ер нь бол жүдо, кураш, самбо, сумо, солонгосын сирым гээд бөхийн төрлүүдийн дэлхийн аваргаар манай шавь нар алтан медаль 30, 40-ийг авсан байдаг юм. Авсан медалийнх нь тоо 200 гаруй байх. Тэр бүхэнд л төрийн дуулал маань эгшиглэнэ.

Та одоо “Сүлд”хороонд харьялагдаж байна. Тамирчид хэр амжил гаргаж байна?

Сүлд спорт хороонд ирээд жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Эхлээд Баянзүрх дүүргийн спорт хороонд 10 гаруй жил болсон. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороог байгуулж, клубээс нь хороо болтол явсан. Өсвөр, залуучуудад барилддаг миний шавь нар энд дагаад ирчихсэн байгаа. Сая жүдо бөхийн өсвөрийн Азийн аваргад +100-д Ялгуунбаатар, -70-д Лхагвадулам маань амжилттай барилдлаа. Өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн шалгаруулах тэмцээнд долоон эрх аваад байна. Одоо үндэсний бөхийн бэлтгэлд гарчихсан. Энэ жилийн хувьд “Сүлд” хороо жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргаар эрэгтэй баг маань хувийн дүнгээр түрүүлсэн. Эмэгтэй баг маань хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн багийн барилдаан олимпод орчихлоо. Тэнд л барилдах хүүхдүүдээ бэлдээд байна.

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв

Нэг үе тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанд явах гээд зардал мөнгөө олох гээд л гүйдэг байлаа. Тэр үеийг бодоход тамирчид маань харьцангуй гайгүй болсон уу?

Жүдо бөхийн холбооноос анхаараад клубууд хөгжөөд харьцангуй гайгүй. Гэхдээ л өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд маань хувиасаа зардал гаргаад л оролцож байна. Улсаас зардал даадаг юм байхгүй шүү. Уг нь эд нар л дараагийн олимпийн найдварууд юм

Шавь нар хэдэн насны хүүхдүүд байна. Тоо нь багцаалдаад гарах уу?

10-аас л дээш настай хүүхдүүд байгаа. Шавь нарын тоог багцаалддаггүй юм.

Улсын цолонд хүрсэн нь олон байх уу?

Олон байгаа. Манай дээр бэлтгэл сургууль хийж байсан улсын арслан байна. Харьяаллаар гэх юм бол аварга, арслан, заан начин гээд олон бөх бий.

Дөрвөн шавь минь өнгөрсөн олимпод барилдсан

Та өөрөө бөхийн спортод хэрхэн орж байсан юм бол?

Би хөдөө өссөн, малчны хүүхэд. Барилдах дуртай хүүхэд байсан. Хөдөө “Үнэн”сонин их ирнэ. Тухайн үед Баянмөнх, Мөнхбат, Эрдэнэ-Очир, чөлөөтийн Ойдов, Хойлогдорж нарын тамирчдын тухай мэдээ “Үнэн” сонинд зураг, хөрөгтөйгөө байна. Наадмын оноолт гурвын даваанаас эхлээд гарна. Тэр бүрийг л уншиж хоёр дүүтэйгээ цагаан ямбуу цамцаа толгой дээгүүрээ давуулж, зодог шуудаг болгочихоод л барилдана. Үеийнхэнтэйгээ дотуур байранд ноцолдоно. Би дотуур байранд найман жил болсон юм. “Байрны хүүхэд барилдаанч, Бас дээр нь уралдаанч“ гэдэг, л яг л тийм байдлаар хүүхэд нас өнгөрсөн. 1983 онд цэргээс халагдаад сумдаа түрүүлж, сумын заан болж байсан.

Цэргээс халагдсан залуу сумын наадамд түрүүлэхэд хачин сайхан биз?

Тухайн үед сумын наадамд түрүүлсэн бөхөд даага өгдөг байсан. Хөгшчүүдтэй ярихаар тэр үед сумын наадам ямар сайхан болдог байсан юм бэ гэцгээдэг юм. Үнэхээр л сумын наадмын тухай хачин сайхан шүлэг байдаг. Манай суманд аймгийн начин цолтой бөх бараг байдаггүй байв. Манай Энхболдын нагац ах Пүрэв гээд аймгийн начин сумд очиж барилдаж байсан юм. Хүн болгон л “аймгийн цолтой бөх ирсэн байна” гэж хүндлээд л…

Цэрэгт байхдаа барилддаг байв уу. Аймгийн наадамд хэзээ түрүүлэв?

Би цэргийн албаа Сэлэнгэд хаасан. Цэрэгт очсон эхний жил аймгийн наадмын нэгийн даваанд 6, 7 гарч байсан. Тийм л барилдах сонирхолтой байлаа. Аймгийн арслангуудын аманд гараад, дараа нь заанууд сүүлдээ сумын зааны аманд гараад, ямар ч байсан нэг давж л байсан. Аймагтаа 1989, 1990 онд нэг барилдсан. Сүүлд 1997 онд түрүүлсэн. Бусад үед дандаа л улсын наадамд барилдсан даа.

Улсын наадамд дээшээ барилдсан барилдаануудаасаа дурсаач?

1987 онд Б.Бат-Эрдэнэ заан цолтой байхад нь, Дүвчин заан, Мөнгөн арсланд гурвын даваанд, 1994 онд Давааням заанд дөрвийн даваанд унаж байсан. Ер нь улсын наадамд хоёр давчихаад л байсан. Одоо бол бөхчүүдийн бэлтгэл жигдрээд нэг хоёрын даваа ч хэцүү болжээ. Бараг л тив, дэлхийн аваргад оролцох гэж байгаа мэт бэлтгэл хийдэг болжээ. Ингэж байж л амжилт гаргаж байна.

Их спортод амжилт гаргаж байв уу?

Би чинь эхлээд хүндийн өргөлтөөр хичээллэж байсан юм. Тэгээд барилдах дуртай болохоороо бөхөд татагдсан. Манай байгууллага тухайн үедээ Найрамдалын районд хамаардаг байлаа. Тухайн үедээ районы аварга гэж том тэмцээн болдог байлаа. Байгууллагаас энэ тэмцээнд орох гэж долоо хоног чөлөөлөгдөнө. Манай байгууллагад Эрдэнэ-Очир арслан, Баатархүү гээд самбо, жүдогийн мундаг тамирчид байлаа. Дүүргийнхээ аваргын тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлнэ. Тэгж яваад Мөнгөн арслантай танилцаж, арслангийн секцэнд явж эхэлсэн. Нямхүү багш маань их спортоор тууштай хичээллэх санал тавиад багшийнхаа удирдлага дор бөхийн спортоор хичээллэсэн. Хотын аваргын тэмцээнд орж байгаа тамирчид Баянгол зочид буудалд 14 хоног байрлаж, бэлтгэл хийнэ. Хотын аваргаас шалгарсан эхний зургаан бөх улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдана. Их спортыг тэр үедээ их харж үздэг байсан. Миний жин 68, 74-т ёстой “нүхгүй”. 5, 6 сайн бөх байлаа. Дэлхийн аварга Жамсран багш, Санжаасүрэн, Бадрах, Ганболд заан гээд л эхний хэд бол тодорхой. Тэд нартаа оноогоор хожигдоно доо, тэгээд.

Дасгалжуулагч болсон тань хэзээнээс юм бэ?

Би барилгад ажиллана. Хажуугаар нь бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Баянзүрх дүүргийн дасгалжуулагч болооч гэж санал ирээд дүүрэгтээ бөхийн бүх төрлийг нь хариуцсан юм. Ганцаараа 10 гаруй жил ажилласан. Анхны шавь нар маань жилийн дараа медаль авч, гурван жилийн дараа шавь нар минь багаараа улсад эхний гуравт ордог болчихсон. Тэгээд 1997 онд тивийн аваргатай боллоо. Өлзийбаяр гээд шавь минь алтан медаль авсан. Тэрнээс хойш шавь нар медалийн буухиа таслаагүй. Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, жүдо бөхийн залуучуудын анхны мөнгө, хүрэл медалийг манай Төмөрхүлэг, Тэмүүлэн хоёр маань авч байлаа. Сүмо бөхийн анхны дэлхийн аваргыг манай шавь Баасандорж авсан, одоо мэргэжлийн сүмод барилдаж байна. Залуучуудын дэлхийн аварга хэд хэд байна. Олимпийн бус төрлүүдийн аварга гээд том наадам болдог. Түүнд Бямбажав маань хоёр ч удаа түрүүллээ. Бямбажав хувийн болон багийн төрлөөр 20 гаруй медальтай. Нэг хүүхдэд 20 гаруй медаль байна гэхээр чамгүй амжилт гэж боддог. Кураш бөхийн дэлхийн аварга хэд хэд бий.

Сүмо бөх олимпод орчихвол олимпийн аварга шавьтай болох ойрхон байгаа юм байна?

Озоки Тэронофүжи, Мөнхсайхан, Эрдэнэбаатар, Баасандорж гээд мэргэжлийн сүмод сайхан барилдаж байгаа нэлээн хэдэн шавь байна. Өнгөрсөн олимпод миний гарын шавь нараас дөрвөн бөх оролцсон. Цогтбаатар, Төмөрхүлэг, Отгонбаатар, Тэмүүлэн нараа олимпод барилдахад нь өөрөө хамт очиж харлаа.

Монголчууд дөрвүүлэнгээс нь л медаль горьдож байсан даа.

Тийм. Дөрвүүлээ л олимпийн медаль авчихаар хүүхдүүд.

Цогтбаатарыг цаашид их сайн барилдах байх гэсэн хүлээлт байна.

Манай Цогтбаатар над дээр их 32 кг жинтэй их жоохон хүүхэд ирж байсан юм. Үнэхээрийн онцгой авьяастай.

Төмөрхүлэг, Цогтбаатар ,Отгонбаатар гээд шавь нарыг тань харахаар өөртөө их бардаж барилддаг. Үүнээсээ болоод заримдаа алдаа гаргах нь ч байх шиг харагдаад байдаг.

Тамирчин хүнд байх ёстой чанар Цогтбаатар, Отгонбаатар, өнгөрсөн наадмаар улсын начин цол авсан Анар нарын бөхчүүдэд бий. Хэнээс ч айж бэргэдэггүй, давшиж барилддаг. Манай Цогоо өнгөрсөн олимпоор 60 кг-д медаль хүртэх байсан. Дасгалжуулалт болон бусад зүйл дээр нь жаахан алдаа гаргачихсан болов уу. Ялимгүй жаахан алдаа гаргахад л тамирчин хүний амжилтад нөлөөлдөг.

Олимпийн багаа явуулсан оросуудыг ялаад жүдочдын сэтгэлзүй их сайжирсан

Сүүлийн үед та бөх тайлбарлаад байгаа. Бас нэг онцгой авьяас уу?

Үнэхээр онцгой сонирхол байгаад бөх тайлбарлаад явна гэхээр өөр юм. Бүх ажлаа л түүндээ зориулах учиртай. Миний хувьд дасгалжуулагчийн хажуугаар бөх тайлбарлахаар сэтгэл хоёрдоод жаахан төвөгтэй, хэцүү байдаг юм. Өөрийн туршлагаас үүдэн барилдаж буй бөхчүүдийн мэдрэмж, хэн нь юу хийх гэж байна гэдгийг анзаарч харж, түүнийгээ л тайлбарлаж ярьдаг. Үнэхээр бөх тайлбарлах гэж байгаа бол энд тэнд болж буй бүх барилдааныг алгасалгүй үзээд бөхчүүдийг нэг бүрчлэн сайн судлах учиртай. Намайг Чанарав багш, бөхийн тайлбарлагч Ганбаатар нар их дэмждэг,бөх тайлбарлаач гэж ятгадаг байсан юм. Манай Батнасан үндэсний бөхийг дагнаж тайлбарлаад гаршчихлаа. Үндэсний бөхийн холбооны Цогтбаатар байна. Энэ залууст бөх тайлбарлана гэдэг өөрсдийнх нь хувьд ажил болчихсон. Ингэж тайлбарлавал үзэгчдэд үнэхээр сайн хүрнэ.

Уг нь таны тайлбар үзэгчдэд их сайн хүрдэг. Гэтэл та чинь болж өгвөл бөхөө тайлбарлахгүй байх санаатай явдаг байх нь?

Уг нь тийм юм. Болж өгвөл л хүүхдүүдтэйгээ байх сонирхолтой. Гэхдээ бөх тайлбарлаад өгөөч гээд санал ирэхээр цааргалаад байж чадахгүй юм. Бүр нэг сэтгэл өгөөд ажиллаж чадахгүй байгаа. Уг нь бол манай Шижирээ шиг бүх бөхчүүдээ сайн судлаад тайлбарлах ёстой юм.Шижирээ шиг л тайлбарлаж чадахгүй бол хоолойгоо шахаад хэчнээн бүдүүн дуугарлаа ч үзэгчдэд мэдээлэл өгдөггүй. Хүний дуу хоолой гоё сайхан байж болно. Гол нь үзэгчиддээ маш сайн хүрдэг байх хэрэгтэй. Сүмогийн тайлбарлагч ирээд бидэнд лекц уншиж байсан. Бид япон үг мэдэхгүй мөртлөө л тэр хүний яриа, төрх байдлаас нь мэдээлэл аваад байсан. Манай Шижирээгийн тайлбар олон улсын тайлбарлагчийн хэмжээнд их дөхсөн.

Бөх тайлбарлах гэдэг нь тухайн барилдааныг тайлбарлахаас гадна тухайн улс орны соёл зан заншилыг нь хүртэл таниулдаг юм байна гэдгийг бид сүмогийн спортоор мэдээд байгаа.

Манай үндэсний бөх олон зуун жилийн турш монгол түмний соёлын өвийг тээж, дамжуулж ирсэн. Энэ сайхан соёл ямар байдлаар бидэнд ирсэн, яг түүгээр нь хойч үедээ дамжуулах учиртай. Энэ том соёлыг авч явах ёстой хүмүүс нь бөхчүүд байх ёстой. Мөнгө төгрөг, булхай луйвар ороод ирэхээр л тэр сайхан уламжлал алдагдаад байна гэсэн үг. Сүмог эзэн хаан нь хүртэл үзээд ерөнхий сайд нь өөрөө түрүүлсэн бөхөд шагнал гардуулж өгч байна. Жүдо ч ялгаагүй, дэлхийн 200 гаруй оронд хөгжсөн байна.

Ёс жаяг, дэг журам нь япон соёлоо тээгээд л яваад байна. Жүдогийн спорт хүндлэлээс эхэлдэг. Багшийгаа бурхан шиг зална, дэвжээ ариун дээд зүйл учир түүн дээр шударга байх учиртай. Манай үндэсний бөх ийм л байх ёстой. Тэгэх юм бол ард түмэн үндэсний бөхөө улам их дээдэлнэ. Тийм болохоор бөхчүүд маань маш их хариуцлагатай байх учиртай. Би шавь нартаа үүнийг л зааж сургадаг.

Таны үзсэн хамгийн их сэтгэл догдлуулсан барилдаануудаас дурсаач. Олон шавьтай хүнд их л байгаа байх?

Манай Алтанхуяг арслан 20 гаруй настай залуу над дээр ирж байсан. Гэтэл бөхөд үнэхээр сэтгэлээ өгсөн хүн. Маш их хөдөлмөрлөнө. Хажуугаар хүнд хүчир ажил хийнэ. Хэчнээн сайн бэлтгэл хийсэн ч нойр муутай хоёр, гурав хонохоор өнөөх бэлтгэл маань байхгүй болчихдог юм. Би тэр зовлонг мэдэх учир Онцгой байдлын ерөнхий газрын даргатай ярьж байгаад тэднийд дасгалжуулагч болгосон юм.

Гэтэл уржнангийн наадмаар ард түмнээ үнэхээр сайхан баярлууллаа. Дөрвийн даваанд олимпийн аварга Түвшинбаярыг даваад, тавын даваанд улсын аварга С.Мөнхбатыг хаяад улын начин цолны болзол хангасан. Цэнгэлдэх даяар тэгж их шуугиж, хөөрч байхыг хараад үнэхээр их огшсон. Хүний өмнөөс өөр хүн баярлахыг харах үнэхээр сайхан. Өнгөрсөн жилийн наадмаар манай Анар гурав, дөрвийн даваанд тунасан.

Тавын даваанд аймгийн арслан Мөнгөнбаатартай тунаждаваад үнэн хүчээрээ цол аваад туг тойрч явахыг харсан. Түүн шиг сайхан зүйл алга. Шавь нар минь ийм сайхан жудаг зааж барилдаж байна. Би шавь нартаа хэлдэг юм. Барилдана гэдэг чинь ард түмэн, ёс заншил, нутаг ус, монгол хүн гэдгээ мэдэрч, огшихыг хэлдэг юм. Та нар үнэн шударга барилдаж, түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ямар байдгыг харсан уу л гээд байгаа.

Таны тайлбарласан хамгийн сайхан барилдааныг хэлээч?

Сумьяабазар аваргыг түрүүлдэг жил би бөх тайлбарласан юм. Тэгэхэд бүх цолтон төрсөн. Начин, харцага, заан, гарьд, арслан, аварга гээд…Тэр наадам сэтгэлд их сайхан үлдсэн. Их спортын тухайд Х.Баттулга жүдогийн холбооны Ерөнхийлөгч болоод ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийг урьж халз барилдаан хийсэн юм. Баг тус бүр 50.000 ам.долларын бооцоо тавиад улсын циркэд тэмцээн зохион байгуулсан. Намайг тэгэхэд ОХУ-ын бөхчүүдийг судлаад МҮОНТ-ээр тайлбарла гэсэн юм. Оросын тамирчдаас хамгийн бага амжилттай нь Дэлхийн цомын гурав удаагийн аварга.

Тэгээд л дөрөв, таван удаагийн дэлхийн цомын аварга, таван удаагийн армийн аварга, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой медальтан, олимпийн аварга гээд томчууд ирсэн. Тэр тэмцээнд Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө өчих мэхээр ялчихсан чинь манай үзэгчид итгэхгүй байсан. Оросууд тэр багаараа олимпод орсон гэхээр ямархуу чансаатай бөхчүүд ирсэн гэдэг нь тодорхой. Тэгэхэд манай тамирчид оросын шигшээ багийг ялсан юм. Тэр барилдаан миний сэтгэлд их сайхан тод үлдсэн. Оросын багийг ялаад манай тамирчдын сэтгэлзүй үнэхээр огт өөр болсон. Дараа нь Өмнөд Солонгосын шигшээ багийг авч, ирж халз барилдаан хийгээд бас дахиад манай баг ялсан.

Тэр үед Олимпийн холбооны Ерөнхийлөгч нь Солонгос хүн байсан юм. Солонгосчууд жүдо бөхийн хэд хэдэн олимпийн аваргатай. Шүүгчид нь дандаа солонгосчууд, жүдогоор солонгосчууд оргил амжилтаа үзүүлсэн үе байсан. Тэгэхэд манайхан бас солонгосын багийг ялсан. Тэр тэмцээн үнэхээр сайхан байсан. Дараа нь манай Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль аваад гараад ирэхэд монголчууд яаж хөөрч баярлалаа. Би олимпийн наадмаар“TV-5” сувгаар тайлбарлаж байсан. Шууд нэвтрүүлэгт орох гээд утасныхаа дууг хаачихлаа. “Түвшинбаяр мөнгөн медалийн болзол хангалаа. Булган аймгийн Сайхан сумын харьяат хүн. Булганчууд анхдагчдын өлгий нутаг. Олимпийн аварга Булганаас төрөх юм биш биз” гэж хэлчихээд л утсаа харсан таних, танихгүй их олон хүн надруу залгасан байдаг юм. Түрүүлснийх нь дараа талбай дээр ирэхэд тэр олон хүн цуглаад уухай хашгираад. Спорт гэдэг тийм л агуу. Төмөрхүлэг, Бат-Эрдэнэ, Цогтбаатар нарын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалийг аваад үнэхээр л хагартлаа баярлана гэгч болж байсан даа. Энэ мэт сайхан дурсамж бий.

Олимпийн аваргатай болсноос хойш хүүхдээ жүдогоор хичээллүүлэх хүмүүс олон болжээ. Хүүхдүүд хэдэн наснаас барилдвал зүгээр байдаг юм бэ.

Японд хүүхдүүдийг дөрөв, таван настайгаас нь барилдуулдаг. Гэхдээ бүх суурийг нь системтэй заадаг. Харин манайд бол энэ үед нь барилдуулбал арай эртдээд байгаа. Зарим эцэг эхчүүд хэт эрт барилдуулаад зүрхийг нь үхүүлчихнэ гээд 16, 17 настай хүүхдүүд дагуулаад ирдэг. Гэтэл энэ насны хүүхдүүд их хөшөнги болчихсон байх юм. 10 настайгаас нь барилдуулбал манай нөхцөлд яг таараад байгаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!