О.Баасанхүүг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэлтэй гэнэ

МАХН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хууль зөрчиж, залилан хийсэн хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан, мөн МАХН-ын гишүүнээс хасагдсан гэдгийг ч онцлов. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүлсэн хэсэг нөхөд оны өмнө МАХН-ын их хурал нэртэй цуглаан зохион байгуулж, улмаар О.Баасанхүүг намын даргаар сонгосон будилаант үйл явдал боллоо. Мөн Их хурал гэх цуглааныхаа хууль бус шийдвэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн байна. Энэ хурал гээч нь өөрөө хууль бус. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ хүргүүлсэн байгаа юм. Тэр тухайд манай намын зүгээс ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулж, улмаар Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ ч асуудлыг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн” хэмээн тайлбарлав. Түүнчлэн О.Баасанхүүгийн Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүд нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хангалттай үндэслэл болно гэдгийг МАХН-ын удирдлагууд онцоллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зөрчсөн гэх Эрүүгийн хуулийн заалт

22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах
1.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт ноцтой хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
1.Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.3 дугаар зүйл.Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух
1.Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!