МАН-ыг АН, Засгийг Төрийн тэргүүн удирдаж буй цөвүүн цаг

У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэвээр үү. Бараг амьд уу гэх нь халаг асуулт он дамжин хариулт хайж байна. Арга ч үгүй юм. Ухнаагийн хүүг зоригтой, зорилготой, шийдвэртэй алхмууд хийнэ гэж олон нийт хүлээж байсан хойно. Харамсалтай нь, бүдүүн бүлгийг бутаргаж, хүний өөрийнтэй сүлбэлдэн байж, дээд сэнтийд морилсон У.Хүрэлсүх сураг алдрав.

Хааяахан нэг зуухны дэргэд зургаа татуулдгийг эс тооцвол энэ хүнийг Ерөнхий сайд гэдгийг ч мартах шахаж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тамга гардмагц цэвэрлэх байгууламжийг үнэрлэж, өнгийж очсоноос нь өөрөөр дурсах зүйл ч алга. Гэхдээ тэр ийм л хүн гэдгийг нь бид харин мартсан байж. Түүний өнгөрсөн дүрийг мартаад, цоо шинэ төрх хайсан бид тэнэг юм.

Засгийн тэргүүн цагтаа хэн байсныг нэхэн санах гээд үзье. Ууган нэрээ сэргээх үймээнийг удирдан зохион байгуулж байсан У.Хүрэлсүх Х үсгийг Н.Энхбаяртай нь хамт гудамжинд гаргасан үе. Тухайн үед Ухнаагийн хүүгийн шийдэмгий, зоригтой алхамд залуучууд уухайлан түрлэг нэмсэн бол ахмад гишүүд толгой сэгсрэн халаглаж суусан юм даг. Харин түүний толгой дутуу ажиллаж, Н.Энхбаяр Х үсгийг ашиглачихна чинээ санаагүй. Үр дүнд нь МАН, МАХН болон салаалж, АН-ынханд далаараа тавиулсан. Сагсуу генсекийн гайгаар Ардын намынхан шоконд орж, буйдантай суулт зарлах үеэр У.Хүрэлсүх хилийн чинадад зугтан хэсэгтээ сураг алдарсныг яахин мартах билээ.

Ард түмний тархи цагаан цаас, ардын намынхных бүр цагаан тул тэр эргэн ирсэн. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр талцаж хэрэлдэв. Нөхцөл байдал даамжирсан бол хоёр битгий хэл хорь ч салаалж мэдэхээр асуудал хурцдав. Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчдийн фронтод оторлож явсныг нь гэрчлэх баримт хүртэл ил болчихсон. Нөгөө намд найр тавьж явсан тухайн үеийн Шадар сайдын толгойд дараагийн Ерөнхий сайдын сэнтий, намын даргын тамгатайгаа багтаж явсныг хэн таах билээ. Уг нь шуналаа хязгаарлаж, хүслээ хориглож хүчирсэн бол нуруутайхан Ерөнхий сайд болох шаанс түүнд ойрхон байв. Үгүй ядаж өнөөдрийнх шигээ фракц бүрт барьцаалагдаж, барсын аманд үмхэгдэхгүй байх боломж байлаа.

Гэвч тэр дэндүү яарч, дэндүү адгав. Түүнийхээ ч горыг амсан нам доторх фракциудын идэш болж, дуртайдаа үмхэж, дургүйдээ гаргаж шиддэг модтой чихрийн дайд очлоо. Үнэндээ сөрөг хүчин, тэндээс өндийсөн Ерөнхийлөгчтэй үзэл бодлын хэлхээтэй болсон намын даргаасаа болгоомжлохгүй гээд ч яанав. Үүнээс гадна өөрийнхөө имижийг өсгөх гэж адал явдалтай киног ядмагхан дууриасан “тэнэг PR”. Хэдийгээр тэр өөрийгөө буруугүй гэдэг ч итгэх хүн үгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаас өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдсан. Мөн УИХ ээлжит бус чуулган ч хаалга үүдээ хамхиж байгаад Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлт, байр суурийг сонссон. Тэр үед юу яригдсан, хурлын өнгө хэр байсныг улсын нууц гэх байдлаар гишүүд одоо ч ам нээхээс цааргалдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тусгай хяналтын дэд хорооны хурлаас гарч ирээд “АТГ-аас өгсөн тайлбарын хүрээнд хэлж байна. Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг хэрэг баталгаажсан” гэх мэдэгдэл, мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ээлжит бус чуулганы хуралд оролцохынхоо өмнө “Шадар сайдын асуудал Засгийн газрыг огцруулах асуудалд нөлөөлөхгүй” гэсэн жижүүрийн маягтай таамаг л өдгөө хэвлэлийн хуудаснаа үлдэж. Өөрөөр хэлбэл, өөрийгөө тагнаж, чагнан муур хулгана болсон ичгэвтэр зохиолын найруулга илчлэгдсэн ч хариуцлага хүлээх хүнгүй гээгдсэн.

Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн “Найзтайгаа хүртэл зүгээр юм яриад сууж чадахаа болиод байна” гэсэн хашгираанаас өөр ял зэмгүй өнгөрсөн хэрэг. Ял зэм хүлээх нь байтугай ядмаг жүжгийн гол дүрийн баатар Төрийн өндөрлөгт түвшин сайхан сандайлахыг бултаар харлаа. Гэхдээ 90 жилийн түүхтэй МАН-ыг У.Хүрэлсүхийн баг өмссөн Женко удирдаж, Төрийн тэргүүн маань Засгийн тэргүүнийг давхар базаж байгааг үзэх эмгэнэлт драм хэдийг хүртэл үргэлжлэхийг хэн ч таашгүй цөвүүн цаг ирнэ чинээнд хөөрхий Хүк ч өөрөө тооцоогүй байх. Намынхаа нэрнээс Х үсгийг авч шидсэн алдаатай бодлого шигээ дахиад алдав. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан давхар дээлийг үг хэлэх бүртээ эсэргүүцдэг атлаа У.Хүрэлсүхийн кабинетийнхныг тэр дороо л толгой дохин хүлээн зөвшөөрсөн. Цаана нь хэн байгааг дээр тодорхой өгүүлсэн тул тэдэнд эсэргүүцэх шалтгаан байгаагүй хэрэг. Ингэж л тэр МАН-ыг АН-ын гарт атгуулж, хүний өөрийн гарт ч, аманд ч багтсан алиа салбадай болсон өрөвдөлт Ерөнхий сайд.

Өдгөө кабинетийнх нь зарим нэг сайдын салбартаа хийж байгаа ажлаар л өнөөгийн Засгийн газарт үнэлгээ өгдөггүй юм бол өөрөөр эл засгийн оршин буйг ч хэлэх нөхцөл үнэндээ алга. Зуух тэвэрсэн зургаас 100 хоногоо чимэх дүрс ч үгүй үлдэж.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!