Гроприносин юуны эм бэ?

0
795

Монос компани албан ёсоор хариулт өгнө үү-

Эмийн, витамины сурталчилгаа, эмч нарын зөв буруун алин болох нь мэдэгдэхгүй жор дээр бичсэн үй олон эмийн худалдаа хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Гриприносин гэж эм сүүлийн үед цахим орчинд нялх балчир хүүхэдтэй ээжүүдийн дунд дуулиан шуугиан, маргаан дэгдээж байна. Эл эмийг хүүхдийн ам гэмтэх, ханиад томуу зэрэгт вакцин аятай хэрэглүүлж байгаа. Гэтэл манайдаа л толгой цохьдог, хүүхдийн сайн эмч гэгддэг Т.Навчаа доорх сэрэмжлүүлгийг цахим хуудаснаа бичсэн нь шуугиан дэгдээж байна.

Тэрбээр уг эмний талаар “Гроприносин (худалдааны нэршил) буюу олон улсын нэршил нь Inosine Pranobex 1960-аад оны сүүлчээр анагаах ухаанд анх нэвтэрч эхэлсэн бөгөөд лабораторийн нөхцөлд дархлаа тогтолцоог идэвхижүүлж вирусын болон хавдрын эсрэг үйлдэл үзүүлдэг бэлдмэл юм. Өөрөөр хэлбэл хуруу шилэнд хийсэн судалгаагаар гроприносин дархлааны зарим эсүүдийн тоог нэмэгдүүлдэг. Гэхдээ энэхүү бэлдмэлийг 1970-1980-аад онд зарим хорт хавдар, хүний папиломавирус (умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирус), бүслүүр үлд, вирусын гепатит, ХДХВ/ДОХ-той өвчтөний эмчилгээнд хэрэглэж байсан ч үр дүн нь нотлогдоогүй тул өнөөдрийн байдлаар зөвхөн бэлгийн үү, бэлгийн хомхой, тархины вирусын архаг халдварын үед хэрэглэж байна. Дунджаар 4-6 долоо хоног уулгаж хэрэглэдэг. Гэсэн хэдий ч үр дүн нь ацикловир зэрэг бусад эмчилгээний аргаас сайн биш.

Гроприносиныг хүүхдэд хэрэглэхэд амьсгалын замын вирусын халдвар буюу ханиад томууны үед ямар нэг эмчилгээний нөлөөгүй гэдэг нь анагаах ухаанд 10 гаруй жилийн өмнө нотлогдсон болно. АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам энэхүү бэлдмэлийг эмчилгээний ямар нэг үр дүнгүй тул тус улсад бүртгэж хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Харин Канад, Европийн улс орнуудад зөвхөн жороор олгодог. Бэлдмэлийн элбэг тохиолддог дашрамын нөлөөнд ходоод гэдэс хямрах, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, ядрах, элэгний үйл ажиллагаа хямрах, үеэр өвдөх зэрэг орно.

Харин ховор тохиолдох дашрамын нөлөөнд суулгах/баас хатах, нойргүйдэх, их шээс зэрэг орно. Горприносиныг бөөрний эмгэгтэй, тулай өвчинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд хөхүүл, жирэмсэн эхчүүд, хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино. Гроприносин нь хүүхдэд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэдэг эм огтоос биш ээ” хэмээсэн байх юм. Ээжүүдийг айлгаж, эмч нарыг маргалдуулсан эл эмийн талаар албан ёсоор борлуулж буй Монос компани хариулт өгч, мэдэгдэл хийх нь зүйтэй биз ээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!