Уухай хашхиран орилох, улс орноо удирдах хоёрт алд дэлэм зай бий, У.Хүрэлсүх сайд аа

0
349

УИХ-ын сонгуулиар 65 суудал авч хэт олонх болсон МАН Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон нь өнгөрсөн оны дуулиан шуугиантай үйл явдлын нэг байлаа. Нам дамжсан бүлэглэлийг задлана, шударга ёсыг тогтооно хэмээн амалж, тэр хэрээрээ олон түмэнд итгэл найдвар төрүүлж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний Засгийн газрын нэр хүнд гурван сар хүрэхгүй хугацаанд санаанд оромгүйгээр уналаа.

Шадар сайд байсан У.Хүрэлсүх энэ хугацаанд Ерөнхий сайд, бүр МАН-ын даргын албан тушаалыг хүртэл авлаа. Өнөөдөр түүн шиг эрх мэдэлтэй хүн Монголд алга. Гэтэл түүний амласан, ярьж хэлж байсан ажлууд эхлэх нь бүү хэл ор тас алга.

Ерөнхий сайд болсныхоо дараа У.Хүрэлсүх хамгийн амраар нь цэвэрлэх байгууламж дээр давхиж очиж жүжиг тавив. Баахан телевиз дагуулчихсан, асуудлыг дор нь шийднэ хэмээн дүрэмдэв. Дараа нь утааны эсрэг дайнд мордлоо. Бас л баахан хэвлэл дагуулчихсан, утааг алга болгох, бууруулах юм яриад явлаа. Оны сүүлийн өдрүүдэд хөшөөнд цэцэг өргөж, хөгшдөд одон гардуулж, хүүхдүүдэд бэлэг өгөх шив. Үнэхээр чамлалттай санагдаж байна. Жорлонгийн асуудал, утаанаас салах гарцыг уг нь хотын дарга нар л хийх ёстойсон. Аж ахуйн аар саар зүйл дээр гүйцэтгэх засаглалын тэргүүн нь давхиж очоод байхаар бусад нь юу хийх билээ. Өөртөө оноо авчрах, хүмүүст таалагдах зүйл хийх хэнээ туссан манай улстөрчдийн хамгийн тод томруун жишээ У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанаас илт харагдаж байх юм.

Түүнд худлаа ярьж попордог бусад улстөрчдөөс ялгагдах юм өчүүхэн ч алга. Уг нь сүүлийн 20-иод жил Монголын улстөрд У.Хүрэлсүх шиг идэвхтэй хүн байгаагүй. Намын ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд УИХ-ын гишүүн, Шадар сайд гээд хэрийн хүний хийдэггүй том алба хашиж байсан хүн. Тэр үед ч хотод өмхий ханхалж, хотынхон өвөлдөө утаандаа угаартаж үхэх нь холгүй л байв. Харин У.Хүрэлсүх дарга энэ бүхний хаагуур өнгөрч, хаана амьдарч, асуудлыг одоо л гэнэт мэдэрч эхлэв гэдэг сонин.
Уг нь Ерөнхий сайд хүн өнөөдрийн өчүүхэн үйл явдлаар оноо цуглуулах биш, улс орноо хөгжүүлэх холын бодол, хэтийн ухаантай ажиллах ёстой. Ард түмнээ яаж орлоготой болгох, орлого нь амьдралын хэрэгцээг нь хангадаг байх, дундаж давхаргыг яаж нэмэх гэх зэрэг арай л өөр зүйлд санаагаа чилээж байх ёстой. Улсаа улс шиг болгохын тулд том том төслүүдээ хэрхэн ашигтай хөдөлгөх, хөрөнгө оруулалт яаж татах гээд толгой өвтгөх зүйлүүд мундахгүй баймаар. Гэтэл хамгийн амар, хялбар зүйлээр оролдоод, хотын удирдлагуудын өмнүүр хойгуур жирэлзэн, ажил хийсэн дүр эсгээд попдох юм. Том асуудлаа тойроод, жижиг сажигхан зүйлээр оролдоод байх нь арга зальтай эхнэрийн дүрийг эрхгүй санагдуулж байна. Ийм хүнд хүмүүс эхэндээ итгээд сүйд болдог ч үнэн мөн чанарыг нь мэдээд аяндаа зайгаа авдаг талтай.

У.Хүрэлсүхийг сайн удирдагч гэж олон хүн харж, хүлээж байсан. Түүнд бусдыг уриалах, дагуулах, уран цэцэн үг хэлэх чадвар хангалттай бий. Түүнд хэнд ч байхгүй дайчин, тэр хэрээрээ бусдад итгэл төрүүлэх төрөлх араншин бий. Үүнд нь цэргийн мэргэжил нь нөлөөлдөг биз ээ. Харамсалтай нь, У.Хүрэлсүхэд улс орныг удирдаад явах ухаан дутаж байна. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр олигтой хэлж заагаад өгөх зөвлөх ч алга бололтой. Уухай хашхиран сэлэм эргүүлэгч, улс орноо өөд нь татаад жолоодох удирдагч хоёрын хооронд алд дэлэм зай байдгийг бид хангалттай харж, мэдэрч байна.

У.Хүрэлсүхийн энэ албан тушаал маш их үнэтэй түүнд ирсэн юм. Түүнийг Ерөнхий сайд болгох гэж 65-ын бүлэг хоёр хуваагдан тэмцсэн. Бие биенийхээ муу муухайг дуудан, ёстой л шалны алчуур болж шалчийтлаа хоорондоо тэмцсэнсэн. Тэдний хэрүүл даамжрах тусам сахилга хариуцлагатай хэмээн ард түмний сэтгэлд бат бөх суусан МАН-ын нэр хүнд, имиж салхинд хийсэх мэт алга боллоо.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!