Гурван төрлийн татвар нэмэгдлээ

0
580

Энэ оны эхний өдрөөс Архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэж байгаа. Тодруулбал, архи, тамхны онцгой албан татвар энэ онд 10 хувиар нэмэгдэж, ирэх жил 5 хувиар, 2020 онд мөн 5 хувиар тус тус нэмэгдэх юм. Ингэснээр архины хэрэглээ буурна гэж Засгийн газар үзэж буй.

Хоёр дахь нэмэгдэж байгаа татвар нь Хувь хүний орлогын албан татвар. Хэдийгээр МАН Засгийн эрхэнд гарахдаа нэг ч татварыг нэмэгдүүлэхгүй гэж амласан ч талаар болсон нь энэ. Эдийн засаг хүнд байгаа энэ үед зарим нэг татварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тухай учирладаг. Үүний нэг нь Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар болсон явдал юм. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэх юм. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдоно. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 8 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн. Улмаар үүний үр дүнд татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!