Б.Цогтбаяр: 5 саяар уу, эсвэл 200 мянгаар жүжигчин авах уу?

Зохиомж дээд сургуулийн Ерөнхий захирал, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа. Түүний найруулж, бүтээсэн “Богд хаан”, ”Луйвар-1”, “Харанхуй хад” зэрэг уран сайхны кино үзэгчдийн мэлмийг нээсэн сайн бүтээл болсон гэдэгт сэтгэл түвдэхгүй байна. Түүнтэй ярилцлаа.

Өөрийн тань найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Богд хаан”, ”Луйвар-1” уран сайхны киног үзсэн. Сэтгэлд нийцсэн, сайн бүтээл болжээ гэж ойлгосон. Эл хоёр киноны нэг нь түүхэн бодит хүний тухай нөгөө нь орчин цагийн нийтлэг хэв шинжит дүр болтлоо бий болсон луйварчдын тухай байлаа. Хоёр өөр орчинд хоёр өөр үйл явдлыг тод томруун харуулсан бүтээл юм. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?

Орчин цагийн Монголын уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн зохиол “Харанхуй хад” өгүүллэгээр уран сайхны кино хийлээ. “Харанхуй хад” өгүүллэгийг манай уншигчид сайн мэднэ дээ. Ерөнхий боловсролын сургуулийн унших, сурах бичгийн номонд байдаг байсан. Ердөө гуравхан хуудсанд багтсан богино өгүүллэг. Энэ өгүүллэгийг уншихад өөр өөр төгсгөл, өөр өөр өрнөл дэвшүүлсэн нь харагддаг юм. Яагаад гэвэл энэ зохиол их өвөрмөц хэлбэрээр бичигдсэн. Өгүүллэгийг уншаад байхад зүүд ч юм шиг, зөгнөлт зохиол ч юм шиг уран бүтээлч хүний ганцаардал, мухардал ч юм шиг санаа өөрийн эрхгүй сэтгэлд төрдөг. Үүнээс санаа авч Д.Нацагдоржийн тухай кино хийх бодолд хөтлөгдөж судалгаа хийж эхэлсэн. С.Лочингийн Д.Нацагдоржийн тухай бичсэн номыг уншсан. Мөн Нацагдоржийг судалдаг судлаачидтай уулзсан. Харамсалтай нь манай судлаачид Нацагдоржийн тухай нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүйг ойлгосон. Зарим судлаач Нацагдоржийг Баяндэлгэрийнх гэхэд нөгөө нь Мөнгөнморьтийнх гэнэ. Эх барьж авсан ээж нь хоёр гурав болсон байх жишээний. Энэ бүхэн миний уран бүтээлд нэг их ач холбогдол өгөх юм биш байсан. Хамгийн гол нь Нацагдоржийг уран бүтээлч гэдгийг хүн бүхэн мэдэх учраас уран бүтээлийнх нь талаас биш хувь хүний хувьд хэн бэ гэдгийг голчлон үзүүлсэн. Нацагдоржийг Монголчууд “Учиртай гурван толгой” дууриар мэднэ. Яруу найрагч, орчуулагч гэдгийг бас мэднэ. Хувь хүнийх нь хувьд хэн бэ? Ямар гарал үүсэлтэй, хэн болохыг уран сайхны халил шийдэл гэж үзэж уг киног хийсэн.

“Харанхуй хад” өгүүллэг богино. М.Шолоховын  “Хүний хувь заяа” өгүүллэг мөн богино. Энэ өгүүллэгээр С.Вандорачук гайхамшигтай сайн кино хийснийг монголчууд мэднэ. Энэ кино сэтгэлд бууж байна. “Богд хаан” киног монголчууд кино дэлгэц, телевизийн дэлгэцээр үзсэн. Богд хааныг таван настай байхад нь Түвдээс залж авчирч монголын хаан болтол үргэлжилсэн амьдралыг үзүүлсэн түүхэн кино юм. Гэтэл социализмын үед бүтээсэн “Өглөө”, “Хатанбаатар Магсаржав” кинонд Богд хааныг өндөр настай, арчаагүй нэгэн байдлаар үзүүлсэн байдаг. Харин өөрийн тань бүтээсэн “Богд хаан” кинонд хүүхэд, идэр насны Богдыг харуулсан. Хүүхэд, идэр нас, өндөр нас гэсэн 3 ангиллаар Богдын дүрийг харуулж болоогүй юм уу?

Богд 1870 онд Түвдэд төрсөн хүн. Таван настай хүүхэд монголд орж ирсэн нь адаглаад муу санаа байхгүй. Ийм насны хүүхэд африкт, европт очсон ч  тэндхийн зан заншлыг л эзэмшиж өснө. Тэгэхээр Богд монгол ахуйтай, монгол сэтгэхүйтэй өсч, бойжих нь аргагүй юм. Гэр сургалттай, гэр шавьтай сургалт нь сайн сургалт байж. Богд монголын үндэсний хувьсгалыг манлайлж, удирдаж ялалтад хүргэсэн хүн. 1911 оны үндэсний хувьсгалыг яагаад ч үгүйсгэж чадахгүй. Иймдээ ч 1911 оны 12-р сарын 29-нд хааны алтан суудалд суусан нь тэр юм. Энэ киноны 2-р ангийн зохиол нь бичигдсэн, кино хийхээр бэлтгэл ажлыг нь хийж байна. Эл кинонд  Богд хааны амьд ахуй цагийнх нь сүүлчийн 13 жилийн түүхийг харуулна. Өөрөөр хэлбэл, монголын сүүлчийн эзэн хаан. 1924 оны 5-р сар хүртэл монголд ямар түүхэн үйл явдлууд болов. Барон Унгерн гэж хэн байсан юм, Бодоо, Данзан, Сүхбаатар нар ямар хүн байсан, өөр хоорондоо ямар холбоотой байсан зэргийг харуулна. Бодоо гэхэд Барон Унгерныг хил дээрээс Монголд оруулж ирсэн байх жишээтэй. Дамбийжаа байна, коментерн байна. Коментерн хувьсгалыг монголд хүчээр тулгасан. Коммунизм, социализм гэж юу байдгийг чөтгөр бүү мэд. Монголчууд туршилтын талбай л болсон. Их гүрэн их гүрэн л байдаг. Хоёр их гүрний дунд оршсон монгол яахав. Хятадын, Оросын эрх ашиг гэж байдаг. Энэ хоёр хөршийн бодлого 1600-аад оноос эхлэлтэй юм. Тэгвэл Богд хааны төрийн хар хайрцагны бодлого нь юу байсан бэ? Богд хаан Оросын эсрэг Хятадыг, Хятадын эсрэг Оросыг тавьж, дундаас нь хожиж явсан бодлого юм. Иймээс монголын зохиомол түүхийг бодит болгох юм. Ямар ч гажилт байхгүй. Түүхч Чулуунбаатар, Эрдэнэбаатар, Алтанбагана нарын түүхчидтэй уулзаж, Богд хааны үеийн Монголын түүхийн талаар мөнгө өгч бичүүлсэн. Жишээлбэл, Богд хаан Барон, Дамбийжаа нартай ямар харилцаатай байсан юм гэдгийг уран сайхны биш аргаар бичиж өгөхийг хүссэн. Түүнийг нь уран сайхны болгох юм.

Өнөө цагийн зарим уран сайхны кино үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байна. Алиа салбадай шиг дүр олширч?

Үнэн л дээ. Үүнийг үзэгчид хүлээж авахгүй байгаа.

Кино хүнд таашаал, уран сайхны мэдрэмж өгдөг. Гэтэл үгүй байна. Богд хаан киног үзэхэд социализмын үед хийгдсэн Богд хааны дүрүүдээс огт өөр юм.

Найруулагч Жигжид, Дамдин, Доржпалам нар Богдын дүрийг бүтээхдээ уйлж хийсэн гэж боддог. Яагаад гэвэл нэг намын үзэл суртал байсан. “Сүхбаатар” кинон дээр Богд хаан оточоо явуулаад Сүхбаатарыг алуулж байгаа нь харагддаг. Энэ бол эмгэнэл.

-Хатанбаатар Магсаржав Богд хаанд бараалхаж Оросоос тусламж гуйх бичигт гарын үсэг зуруулдаг. Тамга дарсны дараа Богд хаан “Би юу хийчих вэ? Дайтах, байлдахаас өөрийг мэдэхгүй энэ хүн хэний зараалаар яваа юм бол доо” гэж “Хатанбаатар” кинон дээр харагддаг.  Тухайн үед Богд хаан Орос, Америкаас хүртэл тусламж хүсч байсан хүн. Яагаад ингэж хэлэхэд  хүрсэн юм бол?

Одоо хийх кинон дээр тодорхой гарна. Богд хаан хөрш хоёр орноороо Монголыг хүлээн зөвшөөрүүлэхээс гадна гуравдагч гүрэн Япон руу элч илгээсэн ч Манжуурт элчийг цааш явуулалгүй барьж байгаад буцаасан. Үндэсний хувьсгалын үйл хэрэгт манай ноёд зүгээр суугаагүй идэвхийлэн оролцсон. Түрүүн өөрөө хэллээ. Кино юу гэтэл кино ч биш хачин юм гарч байна гэж. Олон хүн ингэж ярьдаг. Гэхдээ одоогийн уран бүтээлчид болон өөрийгөө сорьж уран бүтээл хийж байгаа залуучууд, дунд үеийнхнийг үгүйсгэж болохгүй. Нөхцөл нь ч ийм байна. Өөрөөр хэлбэл, киноны зах зээл алга. Манай орны хэдэн хувь нь залуучууд билээ? Хэдэн хувь нь кино үзэж байгаа билээ? Ерөнхийдөө кино үздэг 30 гаруй мянган хүн л байна. Аль нэг аж ахуйн нэгжээс кино хийнэ гээд мөнгө авчихсан уран бүтээлч киноныхоо орлогоос зээлж авсан мөнгөө төлөх ёстой. Үзэгчийг татахын тулд дүрийг шоронд оруулдаг ч юм уу? Хаана ч байдаггүй аллага хядлага үйлдүүлэх, хүчирхийллийг гаргаж байж үзэгчдийг татаж байна. Харамсалтай нь үзэгчдийн соёл огт байхгүй. Энд боловсролын тухай яриагүй байна. Иймээс тэр залуу уран бүтээлчдийг шүүмжлэх хэрэггүй юм. Аль ч улсын соёл нийтийн соёл руу явж байна гэдэг мөхөл. Урлаг сонгодог элит тал руугаа хэдий чинээ явна соёлын түвшин өндөр байна.

Уран бүтээлч хүн нийгэм доторх хамгийн нийтлэг дүрийг гаргаж ирдэг. Киноны амин сүнс болсон дүрийн баатар алаан хядаан хийдэг нь манай өнөөдрийн нийтлэг дүр биш шүү дээ. Ардын жүжигчин Дамчаа агсны  бүтээсэн ихэнх дүр сөрөг. Тэрээр сөрөг дүрийг маш чадмаг гаргадаг байсан. Үзэгчид ч өндөр үнэлдэг байлаа. Гэтэл дандаа сайн дүрд тоглодог хүн сөрөг дүрийг гаргаж чадахгүй байна.

Дүрийг амьдруулна гэж нэг юм байдаг. Дүрдээ шингэж орох гэж бий. Тэд дүрдээ шингэж орохын тулд судалгаа хийнэ. Харин одоогийн залуу жүжигчид яагаад сул байна гэхээр дүрдээ шингэж орохгүй байна. Зарим нь өдөрт дөрвөн киноны дүр авчихаад гүйж байна. Таван дүр авсан хүн  ч байж магадгүй. Ингэж ажилладаг уран бүтээлч яаж дүр бүтээж, судалгаа хийх юм бэ? Цагааны Цэгмид, Цэвээнжав нар яагаад бидний сэтгэлээс гарахгүй байна. Дүрдээ шингэж чаддаг байсан учраас хүний сэтгэлд хоногшиж үлдсэн байна.

– Жүжигчин хүнд ёс зүй гэж байна уу?

-Хүн бүхэнд ёс зүй байдаг. Энэ дотроос урлагийн хүний ёс зүй энгийн хүнийхээс арав, зуу дахин өндөр байх ёстой. Энэрэнгүй, үнэнч, өрөвч, эх оронч сэтгэхүй гээд.

Яагаад дээрх асуултыг тавьсан бэ гэхээр манай улсын нэг жүжигчин ОХУ-ын Якутад хийсэн Чингис хааны тухай уран сайхны кинонд тоглосон нь бий. “Ах нар” Чингис хааныг муу муухайгаар үздэг. Энэ санаа нь ч дээрх кинонд байсан. Харин бид Чингис хааныг тэнгэр мэт дээдэлдэг. Гэтэл бидний хайртай Чингис хааныг манай жүжигчин Якутад очиж бүтээсэн нь сэтгэл эмзэглүүлсэн. Тэгээд л ёс зүй байна уу гэж асуусан хэрэг.

Ёс зүй хамгийн түрүүнд байх ёстой. Хохимой толгойтой л юм бол тэр шүү. Ёс зүй бол тухайн хүний нийгэмд эзэлж байгаа байр суурь. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал биш.

Тэгвэл жүжигчин хүн дүр сонголтондоо хамгийн их анхаарах ёстой байх нь ээ.

Тийм. Манай зарим жүжигчин өөртөө тохирсон дүрийг сонгож чадахгүй байна. Дүр авна гэдэг маш том хариуцлага. Театрын жүжигчин нэг удаагийн тоглолтод алдаж болно. Дараагийн гаралтад алдаагаа засч болдог. Харин кино жүжигчин алдсан бол “баяртай” шүү дээ. Иймээс том хариуцлага хүлээдэг. Гэтэл манайхан яаж байна? Хямдыг нь бодоод өөр дээрээ баахан дүр авчихдаг. Том жүжигчин авч ажиллуулъя гэхээр мөнгөнөөс нь айдаг. Од болохын өвчин болсон хүн л очиж тоглодог.

Москвад оюутан байхдаа Монгол кино үйлдвэрийн алдарт зураач, Репиний нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн “хар” Болд ахад хандаж “Болд ах аа би танд Оросын таван шинэ өнгөт фильм бэлэглэе. Та оронд нь Монализаг зураад өгөөч гэж 1985 онд хандсан юм”. Тэр үед интернет байсангүй, хуулбар хийгээд өгөөч гэсэн. Ингээд Болд ахтай маргааш нь уулзахаар болсон. Өнгөт телевиз ч байгаагүй үе юмдаг. Маргааш нь Болд ахтай уулзтал “Би их бодлоо, тэр зурагны чинь дайтай юм хийж чадахгүй гэсэн”. Хүн  ингэж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг байна. Уг зурганд маш их хүндэтгэл үзүүлсэн хэрэг. Мөн өөрийгөө хүндэтгэж байна. Үүнтэй адил дүр авч болно. Өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Тэнцэх үү үгүй юү, чадах уу чадахгүй юу гэдгийг бодох ёстой.

Дүр бүтээгчийг найруулагч өөрөө олоод сонголт хийчихэж болдоггүй юм уу?

Бололгүй яахав. Бид проб гэж ярьдаг шүү дээ. Сонгох гэж байгаа хүнээ харна шүү дээ.

Тэгвэл найруулагчтай холбоотой асуудал байна шүү дээ.

Үгүй. Хамгийн гол нь мөнгөтэй холбоотой. 5 сая төгрөгөөр хүн авч тоглуулах уу, 200 мянган төгрөгөөр хүн авч тоглуулах уу? Мөнгөний хомсдолтой учраас хямдыг нь л харна.

Өөрийн тань бүтээсэн түүхэн кино цаашид ч үлдэнэ. Тэгвэл өнөөдрийн гарч байгаа арилжааны кинонууд энэ цаг үетэйгээ  л дуусах нь ээ?

Маш зөв асуулт байна. Хэний ч сэтгэлд хоногшихгүй. Манай хоёр хөрш орон болон дэлхийн соёлтой орнуудад эдийн засаг нь хүнд байсан ч соёлын яам нь байж л байдаг. Гэтэл манай орон соёлыг нэг газрын хавчуурга болгосон. Хөдөө аж ахуйн яам байна уу, байна. Хүнд үйлдвэр байна уу, байхгүйтэй адил. Гэтэл хүнд үйлдвэрийн яамтай гэж байгаа. Манай хоёр хөрш соёлыг төрийн бодлогын хэмжээнд авч үздэг. В.Путин 2009 онд миний төгссөн сургуулийн 90 жилийн ойд өөрийн биеэр очиж байсан. Гэтэл бидний муу хэлдэг байсан Колчак, Керенский нарын түүхэн хүмүүсийн тухай киног төрийн бодлогоор хийж байна. Тэд жинхэнэ эх орончид байсныг киног нь үзээд ойлгож байна. Солонгос улсыг хар. Манай улсын дэргэд түүхээр ядмаг. Харин Солонгос төрийн бодлогоор түүхэн кино хийсээр байна. Манай улс түүхийн асар их баялагтай орон. Түүхэн том том баатрууд байна. Сүбээдэй, Боорчи, Зэв гэх мэт.

Эдгээр баатруудын тухай кино хийе гэхэд?

Хөрөнгө мөнгө байхгүй.

Харамсалтай байна.

Үнэн харамсалтай. Монгол кино үйлдвэр тухайн цагтаа урлагийн том байгууллага байв. Одоо түй ч байхгүй. Төрийн өмчийн хорооны мэдэлд байдаг учраас тэр (инээв). БСШУСЯ манай харьяа биш гээд мартчихсан. Төрийн өмчийн хороо нь урлагийг мартсан. Ер нь оюуны хоосролыг нөхөхөд маш их хугацаа орно. Нэг жаран байтугай шаардагдана. Гэдэсний хоосон юу ч биш. Нэг өдөр өлсөж болно. Маргааш нь цадна (инээв).

Оюуны хоосролыг арилгахын тулд цэцэрлэгийн насны хүүхдээс эхэлнэ. 10 жилийн сургуулийн сургалтын программд монгол хэл, түүх, соёл, урлагийн хичээлийг түлхүү оруулж өгөх ёстой юм.

Хошин урлаг гэж ойлгомжгүй юм байх юм.

Энэ тухай яримааргүй байна. Уг нь инээдмийн, хошин хоёр ялгаатай юм. Дэлхийн том том театрын найруулагчид инээдмийн жанрыг /төрөл/ сонгож авахаас айдаг. Маш хүнд төрөл. Иймээс айдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!