ИЧИЖ ҮХЛЭЭ: Монголын засгийн газар фейсбүүкийн төвөөс мэдээлэл авахыг хүсчээ

1
831

 

Facebook корпораци энэ оны тайлангаа гаргасан ба үүгээр дамжуулж Засгийн газруудын хүсэлт, зохиогчийн эрхийн зөрчлийн мэдээллийг дэлгэжээ. Хамгийн сонирхолтой нь уг тайланд Монгол Улсын Засгийн газар 2017 онд нийт 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт гаргасан гэж бичжээ. Энэ мэдээлэл олон нийтийн сонирхлыг татах шинэ соргог сэдэв болж мэднэ.

Тэгвэл үүнээс өмнө манай Засгийн газар хэд хэдэн удаа Facebook-ээс мэдээлэл хүсч байсан аж. Тодруулбал, 2013-2015 онд Монголын Засгийн газар таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байсан бол 2016 онд дахин гурван хүний талаар дэлгэрэнгүй материал авах хүсэлт илгээж байжээ.

Монголын Засгийн газар юуны учир иргэдийн мэдээллийг олон нийтийн сүлжээний хамгийн том төвөөс шаардах болов.

Фейсбүүк хэрэглэгчдийн тухай албан ёсны тоо баримт судалгаа манайд төдийлөн байдаггүй аж. Гэхдээ 2013 онд хувь хүний гаргасан нэгэн илтгэлээс харахад, тус онд монголчууд хамгийн олноор хандсан нийгмийн сүлжээ Фейсбүүк байсан гэж ALEXA.com-ийн үзүүлэлтэд бичжээ. Үүний дараа Youtube, Google, Yahoo зэрэг сүлжээнд хандсан байх юм. Тухайн үед Монгол Улсаас фейсбүүкт 594,320 хэрэглэгч бүртгэлтэй байсан. Энэ нь хүн амын 19.1 хувь байсан гэдэг.

2017 оны байдлаар Монгол Улсаас нийт 1.5 сая хэрэглэгч фейсбүүкт бүртгэлтэй байгаа гэдгийг INTERNET WORLD STATS-ийн тайланд дурьдсан байна. Бүр нарийвчлан үзүүлбэл, Монголын фейсбүүк хэрэглэгчдийг насны ангиллаар жагсаахад 20-29 насныхан 59.8 хувь буюу зонхилох хэсгийг эзэлдэг гэх тайлан гарчээ. Гэрлэлтийн тухайд ганц бие хүмүүс ихэвчлэн ханддаг бол эдгээрийн дийлэнх нь оюутан гэх тодорхойлолттой байгаа нь анхаарал татмаар. Мөн эрчүүдээс илүү эмэгтэйчүүд фейсбүүкт бүртгүүлдэг гэсэн судалгаа ч гарч. Эдгээр хэрэглэгчийн боловсролын байдлыг харгалзахад, бакалаврын зэрэгтэй хүмүүс хамгийн олон байгаа бол доктор, профессорууд тэр бүр олон нийтийн сүлжээнд ханддаггүй гэжээ. Бас хүмүүс ихэнхдээ гэрээсээ фейсбүүкт ордог гэсэн байна.

Одоо хамгийн сонирхолтой хэсэг буюу Монголын фейсбүүкчид чухам юуны тулд энэ хуудас руу ордог вэ гэхэд хамгийн олон хүн мэдээлэл хайх гэж хэмээн хариулсан гэнэ. Тэгвэл үүний дараа энтертаймэнт сонирхлоор ханддаг бол яг тухайлсан групп, хуудсуудад хандагсад тун цөөн гэсэн хариу гарчээ.

Харин Монголын Засгийн газар Facebook-ээс иргэдийнхээ мэдээллийг ямар шалтгаанаар шаардсаныг тус корпорациас нууцалж байгаа. Гэхдээ тэд хэрэглэгчдийнхээ файлыг маш өндөр нууцлалд хамгаалдаг гэдгийг илэрхийлжээ.

Тодруулбал, тус корпорацийн албан хуудаст “Бид хэрэглэгчдийнхээ нууцыг хамгаалахыг гол зорилгоо болгон ажилладаг. Харин Засгийн газруудын зүгээс мэдээлэл хүсэх тохиолдол цөөнгүй байдаг нь бидэнд маш том асуудал болж байна. Манайхаас хууль сахиулах ажиллагааг дэмжинэ. Иймд манай баг хүсэлт бүрийг маш нарийн шалгаж, хууль ёсных эсэх, бүрэн баримттай юу гэдгийг нягт нямбай хянадаг. Ерөнхийдөө манайхаас тодорхой бус, хэт явцуу хүсэлтүүдэд татгалзсан хариулт өгдөг журамтай” гэж бичсэн байв.

Тэдний мэдээлснээр, Засгийн газрууд гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг ихэнхдээ хүсдэг аж. Гэхдээ албан бус эх сурвалжид бичсэнээр, улстөрийн тэрслүү үзэлтэн, нууц нэртэй хэрэглэгч, үүгээр дамжуулж нууцын зэрэглэлтэй материал тараасан хүмүүсийн мэдээллийг ч Facebook-ээс нэхдэг аж. Харин Facebook үүнд ямар журам баримтлан ажилладгаа тодорхой мэдэгджээ.

Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн мэдээллийг авах хүсэлт эрс нэмэгджээ. Жишээлбэл, энэ жилийг өмнөх жилтэй харьцуулахад Засгийн газруудын хүсэлтийн тоо 21 хувиар өссөн аж. Энэ онд гэхэд АНУ-ын Засгийн газар маш олон хэрэглэгчийн мэдээллийг авах хүсэлтээ ирүүлсэн байна.

Үргэлжлэлийг

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!