Амиа алдсан охины аав Д.Дамба-Очир гишүүнийг яагаад хардав?

1
396

Сүүлийн үед хүчирхийллийн жигшүүрт хэрэг маш олноор дуулдаж, олон нийтийн мэдээллийн сүлжээ өргөжсөн болоод ч тэр үү байнга шахам баримт сэлттэйгээ нийгэмд цацагдах болов.

Энэ тутамд нийгэм даяар жигшүүр, үл ойлгогдох үзэн ядалтад автаж, басхүү эдгээр хэргийг эргэн нэхэх болжээ. Харин эдгээрийн хянан шийдвэрлэх явц нэг л урагшгүй, ялангуяа томчууд, нөлөө бүхий эрхмүүд хутгалдахаар бүр таг чиг болж, зарим тохиолдолд хохирогч буруутан болчих гээд байх шиг.

Нэгэн жишээ дурьдахад, өнгөрсөн аравдугаар сард Баянзүрх дүүрэгт орших “Очир төв” зочид буудалд 13-хан настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач охиныг архиар шахаж согтоогоод, хүчирхийлж, үзэшгүй муухайгаар зэрэмдэглэж хөнөөсөн тэр хэрэг олныг цочирдуулсан. Хүмүүс сайн дураараа жагсаж, нэгдэж, энэ хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, хэрэгтнүүдийг гэсгээхийг шаардсан юм.

Хамгийн гол нь, хэрэгтнүүд хүүхдээрээ шахам байсан нь олныг сэртхийлгэсэн. А, Ж гэгч этгээдүүд 18-20 настай. Нэг нь бүр талийгаачийн төрсөн ах шиг байсан гэдгийг охины аав уйлан байж ярьсан гэхээр баргийн хүний ой тоонд буухгүй байх нь мэдээж.

Хэн хүнд ойлгомжтой, гэрчлэх нотлох баримт хангалттай энэ хэрэг харамсалтай нь өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Ар гэрийнхэн нь тун ч хачирхалтай байдлаар хүчин мөхөстөөд байгаа аж.

Одоогоос бараг сарын өмнө талийгаачийн аав “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хууль, хяналтын байгууллага энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг илэн далангүй ярьж, иргэн хүнийхээ зүгээс хардаж буй шалтгаануудаа дурьдсан. Анхнаасаа энэ хэргийн тухайд ар гэрт нь бодитоор мэдээлээгүй, охиных нь цогцсыг ч харуулаагүй, тэр бүү хэл шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтийг танилцуулаагүй гэдэг. Тэгсэн хэрнээ мөнөөх шүүхийн шинжилгээний дүгнэлтээс тэс өөр мэдээллийг олон нийт хийгээд хохирогч талынханд өгсөөр байсан тухай талийгаачийн аав ярьсан. Аав нь ч танихааргүй болтол зэрэмдэглүүлсэн охиныг ямар нэг гадны нөлөөгүй, ил шарх сорвигүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байсныг олон нийт санаж байгаа биз ээ.

Гэтэл уг нэвтрүүлэгт орох үедээ хохирогч аав, анх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс танилцуулсан ч өөрт нь өгөөгүй дүгнэлтийн зургийг гар утсаараа сэмхэн авснаа олон нийтэд харуулсан. Тухайн дүгнэлтэд, цогцсыг амандаа ил харагдах шүдгүй, уруул сэтэрч, хамар хугарсан, яс цөмрөлттэй, маш олон зүсэлт, хөхрөлт, няцралттай байсныг тов тодорхой бичсэнийг уг нэвтрүүлгээс харж болно. Мөн бэлгийн хүчирхийллийн ул мөр тодоор үлдсэнийг ч цагаан дээр хараар бичсэн байсныг хөтлөгч уншиж танилцуулсан.

Харин үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэг явдал юу болж байгааг олон нийт тэгтэл дуулиан болгохгүй ч битүүхэн тандаж байгаа. Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэн дахин хэвлэл мэдээлэлд хандаж, бодит байдлыг олонд дуулгахыг хүсчээ.

Гэтэл хохирогчийн аав, эмээ хоёр хэвлэлд ярилцлага өгөхдөө нэгэн хачирхалтай зүйл мэдээлсэн нь, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой холбоотой. Тодруулбал, уг хэргийн материалыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хяналтын прокуророос нь нэхсэн байх юм. Чухам ямар шалтгаанаар энэ хүн хавтаст хэргийг нэхсэн нь тодорхойгүй ч “Би хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш явуул” гэжээ.

Олон нийт гайхна биз. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир яг ямар шалтгаанаар энэ хэргийг сонирхов. Энд нэг л сэжим байгаа нь охин амиа алдахдаа “Очир төв” гэх зочид буудалд байсан. Харин энэ хэргийн тухай хэвлэлээр бичихдээ, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Очир төв”-ийн эзэн гэцгээж байв. Гэтэл тэр буудлын захирал гэх эмэгтэй энэ хэргийг өөрсдөөсөө зайлуулахыг оролдсон төдийгүй энэ тухай бичсэн сурвалжлагчийг утсаар сүрдүүлж байгаа бичлэг ч цацагдсан. Үүний дараахан Д.Дамба-Очир өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан “13 настай охины амиа алдсан “Очир төв” нэртэй буудал манай компанид ямар ч хамаагүй. Гарсан хэргийг надтай холбон бичиж байгаа хувь хүн, вэб сайтуудад мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье. Сүүлийн үед нийгмийг цочроож байгаа хүчингийн хэргүүд хэрээс хэтэрлээ. Хуулиа чангатгаж бяцхан үрсээ хамгаалах нь гишүүд бидний үүрэг” гэсэн. Гэвч ийм мэдэгдэл хийсэн хэрнээ яагаад прокуророос хавтаст хэргийг хүссэн нь хачирхалтай.

Үргэлжлэлийг

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!