Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэнэ

0
65

Төсвийн байнгын хорооны хуралдаан “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, гишүүн Ч.Улаан ахалсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг  гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Батлан хамгаалах яам болон Засгийн газрын авто баазын үйл ажиллагаа, төрөөс бага боловсрол олгож байгаа байдал, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого зэрэг аудитын сэдвүүдийг хасаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой аудитын гурван сэдвийг нэгтгэж нэг болгожээ.

Мөн гишүүд болон Авлигатай тэмцэх газраас Төсвийн байнгын хороонд ирүүлсэн саналын дагуу Төрийн сан болон Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт, Гүйцэтгэх ажиллагааны зардал, Монголын иргэний агаарын тээвэр ХК болон Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр аудитын сэдвийн төлөвлөгөөнд нэмж тусгасныг Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэвт туссан зарим арга хэмжээний хугацааг өөрчлөх зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  “Төсвийн байнгын хорооны тогтоолын хавсралтад туссан улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт хийгдэх гүйцэтгэлийн адуитын хугацааг 2018.01.01-ээс эхэлж, 2018.07.01-нд дуусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Мөн Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Байнгын хорооны хуралдаан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!