Ц.Даваасүрэн: Хэрэглэгчдэд борлуулах 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна

0
229

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү өөрийн өртөг болон  борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг  бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аар 2005 онд /2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр  сарын 1-ний өдөр хүртэл/, 2011 онд /2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/ тус тус батлуулан хэрэгжүүлж ирсэн.

УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 0-ний өдрийг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аж ахуйн нэгжүүд, иргэд 1 кВт цахилгааныг  хэдэн төгрөгөөр авч байгаа болон жилд улсаас хэдэн төгрөгийн татаас авдаг болон нийт хэчнээн төгрөгийн НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлснийг тодруулав. Мөн Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажил ямар шатандаа яваа талаар сонирхож байв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийт 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна. Харин Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажлын эдийн засгийн үр ашгаас эхлээд дахин нягтлах шаардлагатай байгаа” гэсэн юм. Ингээд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан ахалсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!