Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн хуулийн хүрээнд өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэгдээд байна

0
152

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд  Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд дутагдалтай байгаа 51 мянган тонн тэжээлийг оруулж ирэн, малчдад түгээх юм. Нийтдээ 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг  34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил өрнөж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад “Чансаа ханхөхий холдинг” ХХК, “Миллхаус” ХХК , “Арованна” ХХК,  “Жи Өү Ти Ти” ХХК-ны төлөөлөл байлаа. ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан эдгээр 4 аж ахуй нэгж нь Төв аймгийн 27 сумын малчдад өвс, тэжээлийг хүргэх юм. Малчдад өвс тэжээл хүргэх төрийн ажлыг хариуцлагатай, шуурхай  гүйцэтгэх хэрэгтэй байна.  Ялангуяа малчдын гарт очих өвс, тэжээл чанартай, “Бодлогын гэрээн”-д тусгасан хямд үнээр худалдаалагдах ёстой гэсэн чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өглөө.

“Өвөл, хаврыг өнтэй давъя” аянд шалгарсан аж ахуй нэгжүүд ХХААХҮ-ийн яамтай хэлцэл хийж байгуулсан “Бодлогын гэрээ”-ний дагуу өөрийн нийлүүлэхээр сонгосон аймаг, сумдад өвс, тэжээлийг хямд үнээр борлуулна.  Дээрх аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.

Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр өвс, тэжээл малчдын гарт хямд үнээр худалдаалагдах боломж бүрдсэн. Тухайлбал  25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдахаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 1947,8 тонн хивэг, 1324,1 тонн хорголжин, 21,2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байна. Үүнээс ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 9 аж ахуй нэгж нийтдээ  1248,2 тонн хивэг, 761,9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалах ажил өрнөж байгаа юм.

Малчид бэлэн мөнгөнөөс гадна “ноосны урамшууллын мөнгөөрөө” өвс, тэжээл сольж авах боломжтой

2017 оны ноосны урамшууллын урьдчилсан дүн мэдээ гарч, ХХААХҮ-ийн Сайдын тушаалын төсөл бэлэн болоод байна. 2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22,4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болж байна.

Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг үржлийн тасагт илгээх бөгөөд МЭҮТ-ийн мэргэжилтнүүд Мал хамгаалах сангаас хүргүүлсэн баталгаажсан малчдын мэдээллийг үндэслэн тухайн малчинд тэжээлээр солих зөвшөөрлийг олгоно. Малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж, малчны тэмдэг дарж баталгаажуулан, компаний холбогдох ажилтанд хүлээлгэж өгнө.

Тухайн компани малын тэжээлээ ноосны урамшууллаар сольж авахыг зөвшөөрсөн МЭҮТ-ийн зөвшөөрөл болон малчны өөрийн гараар бөглөсөн хүсэлтийн хамт хүлээн авч нэгтгэн, ноосны урамшууллын мөнгөнөөс компаний данс руу шилжүүлэн авах юм. Ийм зарчмаар малчид өвс, тэжээлээ бэлэн мөнгөнөөс гадна “ноосны урамшууллын мөнгөөрөө” сольж авах эрх үүсэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!