Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа тэсч үлдэх арга ухаан эрэлхийлж байгаа л хугацаа. Эрүүл мэндийн яам бүхэл бүтэн 2 сарын хугацаанд халдварын тархалтын хүрээг хумиж чадаагүй байтал эх уурхай нь тодорхой 2, тодорхойгүй 3 голомтыг хэрхэн 5 хоногийн хугацаанд хумих билээ.  

Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажиллагаа хэдийнэ эхэлсэн байгааг улстөрийн хүрээнийхэн хэлж байна. Тэрбайтугай нэг гарын үсгийг 1 тэрбумаар үнэлж байгаа бөгөөд 26 хүн гарын үсэг зурахад л Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьж дөнгөнө. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн танхимыг унагахад 26 тэрбум хэрэгтэй байх нь.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газартай холбоотой хэд хэдэн зохицуулалт шинээр тусгасан. Үүний нэг нь Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, бас сэлгээ хийх боломж. Гэвч улиран сонгогдсон анхны Ерөнхий сайд дээрх бүрэн эрхээ эдэлж, кабинетаа өөрөө бүрдүүлсэн ч хүссэнээр нь байсангүй. Эрх мэдэл, албан тушаалаа удаан хадгалахын тулд бүлэглэл, фракцийнхны аяыг хайж, төлөөллийг нь багтаасан. Багтаахдаа элэв долов зангүй, туршлага мэдлэг хомс нөхдөөр танхимаа бүрдүүлсэн нь үнэн. Огцрох аюулыг өөрөөсөө бага ч атугай холдуулах, мөн өөрийн үгнээс гаргахгүй байх арга ядсан нүүдэл л дээ. Тиймдээ ч мэргэжлийн гэх тодотголтой ч хамгийн сул дорой, үлбэгэр Засгийн газар хэмээн олон нийт дүгнэсэн.

Одоо харин хоёрдугаар ээлж хоолондоо орох цаг буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шийдвэрлэх нүүдэл. Нөхөд У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэлийг зурайтал жагсаасан байна.

Юуны түрүүнд эртнээс гогцоорч орооцолдсон ЖДҮ-чдийн томилгоо. ЖДҮ-чин шошготой нөхдийг албан тушаалд томилсон нь иргэдийн төдийгүй намынхны дургүйцлийг хүргээд байсан шүдний өвчин. Шадар сайдаар Я.Содбаатарыг, Ж.Энхбаярыг өөрийн ахлах зөвлөх, ажлын албаны даргаар, Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар гэхчлэн томилсон нь өдгөө Хүкийг огцруулах үндэслэлийн тэргүүнд эрэмбэлэгдэв. Цар тахлыг дотооддоо алдсан хариуцлага, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр нь тарамдсан, үр дүнд хүрэх байтугай үргүй зардал ихээр гаргаж байгаа гэхчлэн жонхуурсан шалтаг олон. Нам доторх фракцид тал засаж албан тушаал өгснөөр өөрийг нь итгэж даган, дэмжиж ирсэн журмын нөхдөө холдуулсан гэм нь У.Хүрэлсүхийг хавцлын ирмэгт ирэхэд түших биш түлхэх хүч болж байгаа.

Тиймдээ ч УИХ-ын сонгуулиас хойш сураг алдраад байсан С.Эрдэнийг чирч гарган, АН-ын тогоотой хоолыг самарч эхэлсэн.  Энэ нь АН гэж тусдаа хүчин байхгүй, хүсвэл АН-ыг МАН дураараа хөдөлгөдөг сул дорой нам болсон гэдгийг харуулж буй нэг өнцөг юм. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар нэг нь намаа цэвэрлэсэн, нөгөө нь намаа эвдсэн нэрээр олон ч дайсантай болсон нөхөд. Уг нь энэ хоёр эрхмийн нөхөрлөл ердөө 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлаас эхлэлтэй хямдхан эд л дээ. Нэр дэвшигчдээ тодруулахдаа У.Хүрэлсүх 32-ын бүлгийнхнийг шахсан бол С.Эрдэнэ мөнгөлөг шинэковуудын хэтэвчийг сэгсрэн, жинтэйхэн дэнчингийн далбаан дор хууччуулаа баллуурдах замаар хөгийн тоглолтыг хийсэн. Ямартаа сөрөг хүчин АН нэр дэвшигчдээ тодруулахдаа зориудын алдаа гаргаж, МАН-тай үгсэн хуйвалдсан, дэнчингийн мөнгөнөөс МАН-ын даргад өргөл барьсан байж мэдэх шинжтэйгээр рейтинг өндөр нэр дэвшигчдээ дэвшүүлсэнгүй хэмээн ардчиллынхан хашгирч байсан юм.

Үнэхээр ч АН-ын туг болж явсан Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдийг хөөж, нэр дэвшүүлэхгүй уйлаан майлаан болгосныг бид мэднэ. МАН-ын самралт ийнхүү АН-д улайм цайм мэдэгдэж нэг хэсгийг уйлуулж байсан бол нөгөө зарим нь хамтарсан Засгийн газар байгуулах нь гэж битүүхэн дуулж байсан гэдэг. Гэвч уйлсан нь ч, дуулсан нь ч үсгүй болтол арчуулсан даа. Ийнхүү хөмрүүлсэн хөмрөлцсөний алин үл болох намын дарга С.Эрдэнэ дараагийн сонгуулийн бэлтгэлд хонзонтойхон орохын оронд намын тамгаа Ц.Туваанд үг сүггүй атгуулчихаад зугтаж байсан нь саяхан.

Харин эцэггүй хүүхдийн толгой, эхгүй хүүхний бөгс том гэгчээр Ц.Туваан намын даргын зангарагт чадвар мөхөстөж АН-ыг нүүлгэж, намаасаа урвасан Л.Болдын хажуу өрөөнд орсон. Ямартаа ч энэ намын “жинхэнэ” дарга болно хэмээн дүрдээ орчихсон явсан Ц.Тувааны мөрөөдлийг сураг алдарсан С.Эрдэнэ сөхөө сэвгүй гэнэт ирж самрав.

Ц.Тувааны гарт байгаа тамгыг дахин хэвлэх боломж МАН-д, тэр дундаа Хүкт алга урвуулахын дайтай хялбар зүйл биз. У.Хүрэлсүхтэй ямбаны бус “ял”-ын наймаатай гэгддэг С.Эрдэнэ өргөдөл гаргамагц шидийн мэт шинэ тамга хэвлэх эрх олгон, улмаар намын хоёр ч байртай болсноор гишүүд нь аль байр, аль дарга руугаа очихоо мэдэхгүй алцаганах гээч болоод байгаа. Товчхондоо АН Х.Баттулгын, С.Эрдэнийн /МАН-ын/ гэж хоёр хуваагдав.

УИХ-ын сонгуулиар намынхаа эсрэг ажилласан хүн бол Х.Баттулга хэмээн С.Эрдэнэ нам дотроо яс чулуудчихаад явсан. Улмаар болгоомжлох хэрэгтэйг ч нэмсэн. Иймээс Х.Баттулгыг дээш гаргахгүй байхад С.Эрдэнэ ажиллахаар ирсэн биз. Үүнд нь У.Хүрэлсүх дэмжлэг үзүүлэх тохироотойгоор гар барьж, энэ Засгийг авч үлдэхийн төлөө юу байгаагаа гаргана. УИХ дахь АН-ын бүлгийн Д.Ганбат, Ц.Туваан нарыг эс тооцвол бусад нь С.Эрдэнийн атганд бий нь бий. Чухамдаа С.Эрдэнийн нам доторх үнэ цэн нь аль хүрч, Хүкийн танхим хэдий хүртэл тэсэх бол.

Сар шинийн өмнө намрын чуулган хаалтаа хийж, хавар болтол УИХ-ын гишүүд сураг алдарна. Улмаар сонгуульт жил учраас дахин Засгийн газрын асуудлыг хөндөх боломж гарахгүй. Гарман дээр морио юүлэх нь эрсдэлтэй учраас сонгуулийн өдөр хоног ойртсон өдрүүдэд толгойгоороо тоглох тэнэг МАН-д байхгүй. Үүнд С.Эрдэнийн нэмэр их тул тэрбээр эргэн ирсэн нь энэ биз. Тэгэхээр тэд ковидын нэрээр хөл хориог 5 хоног сунгаж эл 5 хоногтоо сар шинэ хүртэлх нэг сарын хугацаанд Засгаа тогтоож үлдээх сүүлчийн боломжоо хайж буй хэрэг.

У.Хүрэлсүхээс олонх нь нүүр буруулсан учир иймдээ тулан тэлчилж байна. Засаг унавал Ерөнхий сайд нь намын дарга байх зарчмаар намын даргын суудал ч ганхана. Сэлэмт жанжны уналтыг хүлээн хумсаа нуусан муур мэт хярах хэдэн нөхөр МАН-д бий. Хамгийн өндөр магадлалт нь Сү.Батболд. Түүнийг Засгийн тэргүүн болгож, намын даргын тамга атгахад, болж өгвөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Женко лав уриалгахан туслалцахад бэлэн биз. Учир нь мань эр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл хялбархан арчуулах хамгийн зөөлөн боорцгуудын нэг юм.

Түүнчлэн У.Хүрэлсүхийг л унагаж байвал юугаа ч зориулахад бэлэн М.Энхболд бий. Тэрбээр үүний төлөө 26 хүний гарын үсэг цуглуулахад идэвхийлэн оролцож буй агаад шагналд нь Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыгаа гаргаж авах. Тэд гарч ирвэл Ерөнхийлөгчийн сунгаанд нам намаасаа орж ирэх өндөр шаанстай кадрууд. Харин Сү.Батболдын нэгэн адил хэзээ ч унагахад болох зөөлөн боорцгууд тул Миеэгийн хүсэлтийг биелүүлэхэд женкогийн хувьд тэгтэл гэдийгээд байх зүйл биш юм. Тиймээс номер нэгийн тухайд ашиглаад авах л хувилбар.

Улстөрд ил биш ч далд тоглосоор гарч чадахаасаа өнгөрсөн нөхөр бол херо Б.Баатар юм. Түүнд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хөзөр бий. “Б.Баатар бид хоёр эцэг нэгтэй ах дүүс. Би ийм ахтайгаараа бахархдаг. Амьдрал баялаг. Бидний хувьд олон төстэй зүйл бий. Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж боддог. Амьдрал надад ах бэлэглэсэнд баярладаг” хэмээдэг дүү Л.Оюун-Эрдэнийгээ Хүкийн дараагийн Ерөнхий сайд болгоход Б.Баатар бэлэн суугаа. Х.Баттулгын хувьд дахин нэр дэвших боломж хаагдаж ч мэдэх энэ үед гартаа атгасан хоёр хөзрийн нэг болох дүү Л.Оюун-Эрдэнийгээ МАН-ын дарга болгох хамгийн боломжит цаг үеийг одоо гэж харахад буруу нь юун. Түүнд МАН-ын генсэк Д.Амарбаясгалан хэзээнээсээ л тусалж ирснээс хойш юунд хойш суух билээ.

Түүнчлэн тэнд ч, энд ч зууралдан хоёр үзүүртэй зүү шиг явж ирсэн Д.Сумъяабазарыг орхиж болохгүй. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэгчлэн өөрийгөө хэзээд голдоггүй энэ бөх залуу дуулиан шуугиан тариад буй саяхны Хүүхдийн төлөө фонд-д Сүхбаатар дүүргээс 2га газар амалсан. Сүх жанжны талбай, эсвэл Аса циркийн газрыг л өгдөггүй юм бол Сүхбаатар дүүрэгт бэлэн зэлэн 2га газар байхгүйг бүгд мэднэ. Тэгэхээр төв талбайг өгч чадахгүйгээс хойш түүний амалсан газар Аса циркийн талбай болж таараад байгаа юм.

Ямартай ч яг одоогийн улстөрийн орон зайд муур багш шиг сууж, хэдэн халтар хулганаар нааш цааш нааданхан суугаа Х.Баттулгын хувьд ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өргийг энэ 5 хоногт өлхөөн өрөх биз. Тэрбээр нэр дэвшлээ гэхэд түүний өрсөлдөгч У.Хүрэлсүх л биш бол тэр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай. Тиймээс 26 хүний гарын үсэг дээр хүч хаяж Засгийг хөдөлгөх, байг гэхэд Хүкийн нэр төрд цав суулгах ойрын зорилго халаасанд нь бий.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн уналтад шаардагдах зардлыг гаргах санхүүгийн том хүч болж Эрдэнэтийн 49 хувийнхан орж ирж байгаа. Гаргасан зардлынхаа хариуд дараагийн Ерөнхий сайдаас 49 хувиа буцаан авахад л тэд ханачихна.

Эцэстээ энэ их хүч, энэ их мөнгөөр Хүкийн хүчийг сулруулах операцийн төгсгөлийн огтлолцол нь У.Хүрэлсүх буюу МАН-ыг улсын Ерөнхийлөгчийн суудалд хүргэхгүй байхад оршино. Учир нь У.Хүрэлсүх өөрөө биш ч түүний намын систем нь ирэх 10 жилд ардчилал, хүний эрх чөлөөг ул мөргүй үгүй хийж мэдэх хөнөөлтэйг хангалттай олон жишээнээс бид харж байна…

Орчуулах »