Ц.Оюунгэрэл: Манай дүү ЗХУ, Канад, Австралид нисэхийн чиглэлээр сургууль төгссөн

0
539

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

Засгийн газраас энэ жилийг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж, “Чингис” бондоос үлдсэн 370 тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулахаар болсон. Гэтэл “Ийм хэмжээний мөнгөөр үйлдвэржилтийг дэмжээд үр дүнд хүрэхгүй. “Чингис” бондыг авсан цагаасаа л энэ ажлыг эхлэх байсан юм” гэдэг шүүмжлэл гарч байна. Та энэ шүүмжлэлд Засгийн газрын гишүүний хувиар ямар хариулт өгөх вэ?

Тэгж шүүмжилж байгаа хүмүүст хандаж “Чамлахаар чанга атга” гэж л хэлмээр байна. Ийм хэмжээний мөнгийг үйлдвэрлэлд зарцуулах гэж байна гэж уурлаж байгаа хүмүүс ямар цамаан юм бэ. Миний бодлоор бол 300 байна уу гурван тэрбум төгрөг байна уу тодорхой мөнгийг үйлдвэрлэлд зарцуулъя гэж байхад нь уралдаад л төслүүдээ оруулаад ирэх хэрэгтэй шүү дээ. Харин тэр төслүүдээс аль нь ашигтай вэ гэдгийг нарийн шалгуураар шалгаруулж чадвал ямар ч төсөл үр дүнгээ өгнө гэж бодож байна. Ямар үйлдвэрлэлд мөнгө зарцуулах шийдвэр гаргасныг би маш сайн санаж байна. Засгийн газрын хуралдааны үеэр бондын мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэхэд Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулж олгосон зээлүүд хамгийн сайн эргэн төлөлттэй байгаа үзүүлэлт гарсан юм. Энэ ч үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж зээл аваад монгол брэндийг бий болгож хөл дээрээ босож чадсан йлдвэрлэгчид Монгол брэндийг дэмжих сэдлийг Засгийн газарт өгсөн гэж бодож байна. Магадгүй Засгийн газар анхнаасаа ийм шийдвэр гаргаагүйсээ болж хугацаа алдсан байж болох л юм.

Шинэчлэлийн Засгийн газрыг”Шоучин Ерөнхий сайдтай, хэлбэрийн Засгийн газар” гэдэг шүүмжлэл байнга дагаж байгаа. Өөрөөр хэлбэл “Ард түмнийхээ тархийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж угаахаас өөр дорвитой ажил хийдэггүй. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн замын ажлыг гүйцээчихээд бид энэ бүхнийг хийсэн” гэдэг шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

Манай яамыг шүүмжилсэн шүүмжлэл, магтсан магтаалыг харьцуулаад үзээрэй. Хэвлэлийн хуудасныхаа тоогоор шүүмжлэл нь хэд дахин илүү байгаа байх. Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан цагаасаа эхлэн нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй пиарын гэрээ хийгээгүй. Засгийн газрын хувьд хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ямар байдлаар хамтарч ажилладагийг мэдэхгүй юм. Шинэчлэлийн Засгийн газар их ажил хийсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Замын ажлын хувьд Шинэчлэлийн Засгийн газар нэг замын ажлыг олон компаниар гүйцэтгүүлэх бодлого баримталснаас болоод шүүмжлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй. Өмнөх Засгийн газрын үед 200-300 километр замын ажил авдаг байсан компани Шинэчлэлийн Засгийн газрын үед 20-30 километр ажил авчихаад дээрх шүүмжлэлийг гаргаж байж магадгүй юм. Замын ажлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхээс тодорхой тоо баримт авч болох байх аа.

Зам тээврийн яам гэж ярьсных таны дүүгийн талаар асуух асуулт байна. Олон нийтийн цахим сүлжээнүүдийн нэг болох жиргээнд Зам тээврийн яам болон энэ салбарын бодлогыг байнга шүүмжилдэг “Aviator”-ыг таны дүү гэдгийг мэдэх, мэдэхгүй хүн олон байгаа байх. Таныг “Ерөнхий сайд дээр дүүгээ дагуулж ороод Зам тээврийн сайд болгох хүсэлтээ илэрхийлсэн ч бүтэлгүйтсэн” гэдэг яриа гарсан. Үүнээс болоод танай дүүг энэ салбарыг шүүмжилдэг болсон гэх юм билээ?

Манай дүү Ц.Бат гэж нисэхийн инженер хүн байдаг юм. Нисэхийн чиглэлээр ЗХУ, Канад, Австралид сургууль төгссөн. Манай нисэхийн тэргүүлэх инженерүүдийн нэг. Нисэхийн салбарт 1993 оноос хойш тасралтгүй ажилласан, иргэний нисэхийн хууль эрх зүйн шинэтгэлийг хийхэд гар бие оролцсон инженер, хуульч, нисэхийн чиглэлийн менежер хүнийхээ хувьд салбарынхаа яамнаас явуулж буй бодлогод шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг байх. Миний хувьд дүүгээ Ерөнхий сайд дээр дагуулж орж байсан тохиолдол байхгүй. Хооронд нь танилцуулж ч үзээгүй.

Танай яамыхан оны өмнөхөн хоёр хүний шагналыг андуурч өгснөөс болж нэлээд шүүмжлэлд өртсөн. Шагналаа “хураалгасан” балетчины шавь нар энэ асуудлыг танай яаманд тавьсан ч “Шинэ жилийн арга хэмжээтэй” гээд халгаагүй гэх юм билээ. Энэ асуудал юу болсон бэ?

Энэ талаар хэвлэлүүдээр гарсан шүүмжлэл үндэслэлтэй. Тухайн үед ижилхэн нэртэй хоёр хүн яг адилхан шагналаар нэг өдөр шагнуулсан юм. Нэг нь нөгөөгөө бодвол арай ахмад хүн байсан л даа. Намайг Төрийн ордонд ажилтай байх хойгуур манай яаман дээр тэдний шагналыг гардуулахдаа солиод өгчихсөн байсан. Шагнуулсан хоёр хүний нэг нь овог нь солигдчихож гэж бодоод манай яам руу эргэж холбогдоход нь нөгөө хүний шагналтай нь солих гэж байгаад манай яамны ажилтан настай хүнд шагналыг нь андуурч өгсөн мэт ойлголт төрүүлж, гомдоосон харамсалтай хэрэг гаргасан. Хариуцлага алдсан тухайн ажилтанд анхааруулга өгч, сануулах арга хэмжээ авсан. Гомдоосон хүнээ шинэ жилээс өмнө яаман дээрээ урьж авчраад би өөрийн гараар шагналыг нь гардуулж, уучлалт гуйсан байгаа.

Таныг яамныхаа ажилтнуудад монгол бичиг сурах үүрэг өгсөн гэж байсан. Та өөрөө ч монгол бичиг сурч байгаа гэдгээ цахим хуудсаараа дамжуулж мэдэгдээд байгаа. Үүнээс болоод Ц.Оюунгэрэл өнгөрсөн жил Батаараар шоудсан. Энэ жил монгол бичгээр шоудах нь” гэх шүүмжлэл гараад байгаа. Таныг хэтэрхий туйлширч байна гэдэг шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

Улс төрийн манлайлал хэрэгтэй л дээ. Ялангуяа монгол бичиг сурах тал дээр. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат монгол бичиг сурах тал дээр анх улс төрийн манлайлал гаргаж, төрийн бичиг болгох тухай зарлиг гаргаж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон тооны монгол бичигтэн ажилд авснаараа бас анхдагч болж чадлаа. Тэр хүн нь Ерөнхийлөгчийн гадаад улсуудад илгээдэг захидал, илгээмж, зарлиг, уриалга, шагналуудыг үндэсний бичиг болох монгол бичгээр сийрүүлдэг.  Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нар монгол бичиг сурахыг ард иргэддээ уриалсаар ирсэн ч нэг л үр дүн гарахгүй байна. Тиймээс энэхүү уриалгуудыг амьдрал дээр хэрэгжүүлэх үүднээс манай яам анхны оролдлогыг хийж байгаа юм. Монгол бичгийг мэдэхгүй бол хамгийн их хохирох нь манай яам. Өвөг дээдэс маань түүх, соёлын үнэт өв өө монгол бичгээр дамжуулан бидэнд уламжилсан. Тиймээс манай яамныхан монгол бичгээр бичсэн түүх, соёлын өв, уламжлал, баримт бичгийг тайлж уншдаг хэмжээний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай болоод байна. Ингээд л бид өөрсдөдөө монгол бичиг сурах зорилго тавиад  ажиллаж байна. Энэ хүрээнд бид эхний ээлжинд яамныхаа бүх хаягийг монгол бичгээр сийрүүлэхээр болсон байгаа. Энэ бүхнийг олон нийтийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдэж байгаа маань улс төрийн манлайлал хэрэгжүүлэх зорилготой. Монгол бичгийг сурах үйл явц нь олон нийтэд ил байх юм бол сурах сэдлийг нь төрүүлэх боломжтой. Тухайлбал, би монгол бичгийг сар хагасын хугацаанд сураад өчигдөр төвшин тогтоох шалгалтаа өгсөн. Дундаас дээш төвшинд хамрагдсан байна билээ. Тиймээс дараагийн шалгалт хүртэл төвшингөө ахиулсан байх шаардлагатай. Манай яамныхан ч монгол бичгийг хичээн сурч байгаа. Бид яамынхаа хэмжээнд хүн бүр Хүмүүн бичиг сонин захиалж байгаа шүү. Энэ бүхнээс маань үүдээд сар хагасын хугацаанд монгол бичгийг дундаас дээш төвшинд сурах боломжтой юм байна гэдэг ойлголт олон түмэнд хүрнэ. Цаашлаад монгол бичиг сурах гэж зорьж байгаа хүмүүст найдвар өгнө шүү дээ.

УИХ дахь эмэгтэй гишүүд нийлж бүлэг байгуулсан ч дуугаа хүргэх асуудал дээр огт хөдлөхгүй юм. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч байна. Эмэгтэй гишүүд энэ асуудлаар нэг ч үг дугарсангүй. Гэтэл Ерөнхийлөгч энэ бүхний эсрэг “Тууштай зогсоно” гэж байгаа нь та бүхний орон зай дутагдаж байгаагийн илрэл юм болов уу?

Ерөнхийлөгчийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дугараач ээ гэдэг хүсэлт, энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх ёстой вэ гэдэг саналыг ч УИХ дахь эмэгтэй гишүүд өгсөн. Бид энэ асуудал дээр эрэгтэй улстөрчийг яагаад манлайлагч байлгахыг хүссэн бэ гэвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг хүйсийн байлдаан болохыг хүсээгүй юм. Эрчүүд нь хүчирхийлэгч, эмэгтэйчүүд нь хүчирхийлүүлэгч юм шиг байдал үүсгэж, нийгмийг хүйсээр нь хуваамааргүй байна. Нөгөөтэйгүр, энэ асуудал дээр гэр бүлийн оролцогч аль аль талаасаа санаа зовинож, анхаарал тавьж байна гэдэг нь нийгэмд итгэл төрүүлж, дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ гэдгийг ч бид тооцоолсон. Энэ үүднээс бид Ерөнхийлөгчийг энэ асуудал дээр манлайлагч болооч гэдэг хүсэлтийг тавьсан юм. Үүнийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалгахан хүлээж авсанд бид алга ташин талархаж байгаа. Харин одоо УИХ-ын эмэгтэй гишүүд  ямар хууль эрх зүйн тогтолцоо бий болгох вэ гэдэг асуудал дээр ухаанаа уралдуулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Хуулийн шинэчилсэн найруулгатай амь нэг байх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг дандаа эмэгтэй гишүүд удирдаж байгаа. Энэ асуудал дээр бид заавал нэгдүгээр эгнээнд эмэгтэйчүүд байх ёстой гэж ярихгүй. Харин ч эрчүүд энэ асуудал дээр манлайлаасай гэж хүсэж байгаа. Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийллийн асуудал зөв тийшээгээ эргэнэ гэж бодож байна.

УИХ гэлтгүй танай намын бүлэгт жендерийн ялгаа их гардаг юм уу гэж ажиглагддаг юм. Тухайлбал, оны өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр, Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү нар хоорондоо багахан “дажин” зарлаад амжсан. Одоо ч гэсэн энэ байдал үргэлжилж байгаа юм шиг. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэж байхад  УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр бас л шөргөөцөлдөөд байсан. Энэ бүхнээс болоод таныг “Нэг тойргоос сонгогдсон гишүүн Л.Болдын оруулж ирсэн хуулийн төслийг хамгаалж байна” гэдэг шүүмжлэл хүртэл гарсан байсан?

Би зориуд төлөвлөж тийм асуудал үүсгэсэн зүйл байхгүй. Тухайн үед Л.Болд гишүүнийг тэр асуудлыг өргөн барьсныг ч анзаараагүй. Манай зарим гишүүн жижиг орнуудтай дипломат харилцаа тогтоохыг үл ойшоосон байдал гаргахаар нь л миний цөөн хүн амтай ч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь өндөр орны хүмүүстэй харилцах нь аялал жуулчлалын салбарт ашигтай гэдэг гаргалгааг хэлэх гэж л микрофоноо асаасан юм. Түүнээс биш хэн нэгэн хүнтэй сөргөлдөх байр суурь баримтлаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёрын хооронд гарч байсан ганц нэг ойлголтын зөрүүнүүд тухайн үедээ яригдаад өнгөрсөн. Парламент гэдэг бол угаасаа л бүх хүн ойлголтын зөрүүнүүдээ илэрхийлдэг газар учир би байр сууриа илэрхийлсэн. Үүнээс манай хууль тогтоогчид зөрүүтэй эрх ашгуудыг олж харж, тэр олон эрх ашгийг нэгтгэх үүднээс л хамтарч ажилладаг гэж боддог юм.

Сөрөг хүчнийхэн “Ардчилсан намын бүлгийнхэн биднийг Өрийн тухай хуулийг батлах юм бол байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тань тоог нэмье” гэдэг шаардлага тавьсан гэж байсан. Та бүхэн үнэхээр ийм асуудал хөндсөн юм уу?

Манай бүлгийн хуралдаан дээр лав ийм асуудал огт яриагүй. Ер нь манай намын бүлгийн хуралдаан дээр “Ийм суудлаар тийм асуудлыг наймаалцъя” гэдэг зүйл ярьдаггүй. Тэгээд ч манай бүлгийг төлөөлж иймэрхүү асуудлыг ярьж болохгүй байх гэж хэлмээр байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!