Ц.Ширэндэв: Сү.Батболд “Сентрагоулд”, “Бороогоулд”-ынхантай хармаа, хот нэгтэй байсан учир буудсан юм билээ

0
312

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэвтэй ярилцаж байсан ярилцлагыг хүргэе. Тэрбээр Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн хамтран зохион байгуулж буй жагсаалд оролцож байсан билээ.

Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн хамтарсан жагсаалд оролцож байгаа шалтгаан тань юунд байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

Н.Алтанхуягийн Засгийн газарт болохгүй байгаа зүйл нь болж байгаагаасаа их болчихлоо. Хуульд захирагдаж ажиллах ёстой Засгийн газар хувийнхаа эрх ашигт хуулиа нийцүүлэн ажиллаж байна. Ардчилсан хувьсгалын алтан хараацай нартай мөр зэрэгцэн жагсаж, монголд ардчиллыг авчирсан хүний хувьд бидний хүсэж байсан ардчиллыг үгүй хийж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг дуугүй хараад сууж тэвчихгүй нь. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулагдахаас нь эхлээд хийж буй үйлдэл, хэлж байгаа үгсийг нь нэлээд анхааралтай ажиглалаа. Харамсалтай нь тэд эдийн засгийн хямрал, эмх замбараагүй байдлыг улс орондоо авчирснаас өөр зүйл хийсэнгүй. Энэ бүхнийг дуугүй харж тэвчихээ болиод танай сонинд хандаж, улстөрчдийн сонорт үгээ хүргэхийг хүссэн юм.

Та Ардчилсан намын гишүүн үү?

Би МоАХ-ны анхны гишүүдийн нэг. Ардчилсан хувьсгалын үрийг тарилцаж явсан хүн байгаа юм. Сүүлд Монголын ногоон намын гишүүн болж, Монголын ногоон нам Иргэний зориг намтай нэгдэхэд Иргэний зориг-Ногоон намын гишүүн болсон. Харин одоогоор намын гишүүнчлэлгүй байна.

Яагаад намын гишүүнчлэлгүй байгаа гэж?

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулагдсаны дараа газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт явуулахад би оролцож, намын гишүүнчлэлээс татгалзсан юм. Би нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн хэдий ч өнөөдрийг хүртэл албан тушаалаа авч чадаагүй л байна.

Ямар албан тушаалд та тэнцсэн юм бэ. Одоо тэр албан тушаалыг тань ямар хүн хашдаг юм?

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газрын захиргааны газрын даргын албан тушаалд миний бие нээлттэй сонгон шалгаруулалтаар тэнцээд 1.5 жил өнгөрч байна. Харамсалтай нь одоо энэхүү албан тушаалд Иргэний зориг-Ногоон намын гишүүн н.Эрдэнэчимэг гэж хүн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Та Иргэний зориг-Ногоон нам байгуулагдахаас өмнө Ногоон намын гишүүн байсан гэсэн. Тэгэхээр С.Оюун сайд Ногоон намын угшилтай гишүүдээ ялгаварлаж байна гэж дүгнэж болох нь ээ?

Яг ч тэгж хэлж болохгүй юм л даа. Миний албан тушаалын томилгооны асуудал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, заавар өгсөн тухай мэдээлэл надад бий. Ерөнхий сайд гэдэг бол их том үүрэг хүлээсэн хүн. Гэтэл иймэрхүү байдлаар нэг яамны газрын даргын томилгооны асуудалд оролцож, сайд, нарийн бичгийн дарга нарыг нь муудалцуулж байгааг би хувьдаа арай ч дээ гэж харж байгаа юм. Үүнээс доош албан тушаалын томилгоонд ч Ерөнхий сайд оролцдог гэсэн. Энэ бүх жижиг асуудлаа болиоч ээ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт танай сониноор дамжуулж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр, С.Оюун даргыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар сонгогдоход манай намын улс төрийн зөвлөл хуралдаж, “Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг ч манай нам авах ёстой” гэсэн байр суурийг баримталж, Ерөнхий сайдад хандахад нь би “Дөнгөж ажлаа эхлэх гэж байгаа хүнийг шантаажлахгүй” гэсэн байр суурьтай байсан. Ийм шаардлага тавьж орсон хүмүүсийн дунд намайг байгаагүй гэдгийг Ерөнхий сайд санаж байх ёстой.

С.Оюун сайд танд тулгараад байгаа асуудлын талаар юу гэж байх юм?

С.Оюун сайд надтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ өөр ажил санал болгосон. Гэтэл би хуулийн дагуу дээрх албан тушаалд тэнцчихсэн учир сайн дураараа болих нь шударгаар шалгалт авсан Төрийн албаны  зөвлөлийг үгүйсгэсэн хэрэг болно. Тэднийг хүндэтгэж байгаа учир тийм үйлдэл хийхгүй. Асуудлыг шударгаар шийдүүлэхийн тулд шүүхэд хандсан байгаа.

Ардчилсан хувьсгалыг анх байгуулалцсан гэсэн олон хүн өнөөдөр гомдолтой байгаа. Тодруулбал, ардчилсан засаг ялчихаад байхад албан тушаалгүй хоцорсондоо гэх үү дээ. Таныг тэр гомдоллогсдын нэг гэж харах вий. Таны шүүмжлэл тэднийхээс юугаараа ялгаатай юм бэ?

Ялгаатай байлгүй яах вэ. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга нартай хамт ардчилсан хувьсгалын төлөө жагсаж явсан. Танил талаа харж тэдэн дээр албан тушаал гуйж ороогүй гэдгээ юуны түрүүнд хэлэх байна. Тэдэнтэй хамт ардчилсан хувьсгалыг хийлцсэн хүний хувьд тэргүүн эгнээнд нь байнга дэмжиж байдаг. Би ажил өгөөч гэж гуйгаад байгаа юм биш. Хуулийн дагуу авчихсан ажлыг минь өгөөч гэж шаардаж байгаа хүн шүү дээ. Нөгөөтэйгүүр, над шиг байдалд хэр олон хүн орсон бол гэж бодож, тэр бүх хүний өмнөөс шударга ёсыг эрж байгаа л нэг хэлбэр. Ийм шударга бус асуудал ужгиравал анагааж болохгүй хүнд өвчин нийгэмд газар авна гэж санаа зовж байна.

Та ярилцлагын эхэнд Засгийн газар хувийн эрх ашгаа хуулиас дээгүүр тавьж байна гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэрээс хэтэрсэн үйлдэл дээд цэгтээ тулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай маш олон мэдээлэл гарсныг би санаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар өөрийн хүргэн Г.Дэнзэн гэгчийг томилж, 17 тэрбум төгрөг завшсан тухай мэдээлэл бий. Цэвэр агаар сангийн гэгдэх хэрэгт өөрийнх нь охин холбогдсон байхад сугалж аваад бусдыг нь хэрэгт унагасан тухай мэдээлэл ч олж уншсан юм байна. Үүнийг өөрийн эрх ашгийг улсын эрх ашгаас дээр тавьж байна гэхгүй өөр юу гэх вэ. Ардчилагчид шударга байх хэрэгтэй. Яс хугаравч ханцуй дотроо гэдэг үгийн санаж, тохирсон арга хэмжээг нь авах учиртай шүү дээ. Эдийн засгийн хямралыг ч Ерөнхий сайд л өөрөө ий болгосон шүү дээ. Чингис бондын мөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлснээс болоод л эдийн засаг элгээрээ хэвтэж байна шүү дээ. Үүнийг эсвэл санаатайгаар ч хийсэн байж болох юм гэж би хардаж байгаа. Нэг ам метр нь 1.5 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцанд энэхүү зээлийг олгохгүй гээд мэдэгдчихсэн бол өнөөдөр байдал арай өөр байх байсан. Тийм болохоор би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд уу, Ерөнхий сүйтгэгч үү гэж асуумаар байна. Тэгээд л асуудал үүсэхээр Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанк руугаа буруугаа чихээд л явчих юм. Ардын намын тарьсан балаг, дэлхий дахинд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ өөрийнх нь хийсэн буруу үйлдэл нь эдийн засаг хямрах үндсийг тавьсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөх ёстой.

Тэгэхээр та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах зорилготой байх нь ээ?

Замбараагүй аашилж байгаа Ерөнхий сайдыг огцруулж чадвал иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн жагсаал үр дүнд хүрнэ. Жагсагчид энэ удаа ганцаарчилсан тоглолт хийгээгүй гэдгийг иргэд анзаарч байгаа байх . Монгол түмний эрх ашгийг Алтангадасынхны эрх ашгаас доогуур тавьж, Н.Алтанхуягийн ах, дүү нарын эрх ашгийг монголчуудынхаас дээгүүр тавихыг л бид эсэргүүцэж байгаа. Ажиглаж байх нь ээ чухал л гэсэн орон тоо болгон дээр увсын хүмүүс томилогдоод байгааг ч эсэргүүцэх ёстой. Монгол Улс болохоос Увс улс биш шүү. Ардчилсан нам өнөөдөр ийм маягаар ажиллах юм бол 2016 оны сонгуульд 2000 оных шиг л ялагдал хүлээнэ. Тиймээс Н.Алтанхуягтай хариуцлага тооцож огцруулах ёстой.

Та бүхэнтэй хамт Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн жагсаж байгаа. Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, ялыг нь буурууллаа. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?

Улстөрчид Урт нэртэй  хуулийг өөрчлөх гэхэд нь л өөр дээрээ гал татаж, олны анхаарлыг тийш нь хандуулах гэсэн үйлдэл юм болов уу гэж би хувьдаа Ц.Мөнхбаярыг зөвтгөдөг. Тэр хүн хүний аминд хүрч, эд хөрөнгө сүйтгэх санаа агуулаагүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс тэдэнд оноосон ял ихэдсэн гэж бодож байгаа.

Гэхдээ дээрх хэргээс гадна уул уурхайн компаниудыг шантаажлах замаар мөнгө авч байсан гэдэг нь тогтоогдчихсон учир тэдэнд их хэмжээний ял оноосон биз дээ?

Тэдэнд хэн ч шантаажлуулахгүй. Шантаажилсан гэдгийг нь хэн тогтоосон юм бэ. Харин ч ядарсан Ц.Мөнхбаяр нарын эсрэг маш их мөнгөтэй алтны компаниудын дайралт, сөрөг сурталчилгаа өнгөрсөн хугацаанд дэндсэн байх аа.

Өмнө нь Сентрагоулд компанийн техникүүд рүү гал нээсэн хэргийг Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс хийж байсан байх аа?

Ерөнхий сайд асан С.Батболд Сентрагоулд, Бороогоулдынхантай хармаа, хот нэгтэй байсан учир дээрх компаниудын талаар 22 удаа шаардлага хүргүүлээд ч нэмэргүй байсан гэдэг үндэслэлээр техник, хэрэгслүүд рүү нь буудсан юм билээ. Гэхдээ Ардын намынхан ч тухайн үед ийм ял өгч байгаагүй юм шүү.

Хоттой хонинд нь чоно ороод ирэхэд эзэн нь буун дуу гаргаж, үргээдэг байх аа. Яг л үүн шиг Ц.Мөнхбаяр ард түмнийхээ анхаарлыг татах гэж оролдсон. Тэгэхэд нь ийм хэмжээний ял оноож байгаа нь Ардчилсан намынхны нэр хүндийг унагаж байгаа юм. Үүнээс болж Ардчилсан намынхан алтны компаниудыг өмгөөлдөг, хамгаалдаг гэсэн яриа ард олны дунд гарчихсан байна шүү дээ. Буу шийдэмдээ хүрэх юм бол 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон хэргийн хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Баяр хүлээх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр хувийн онгоцоороо ирээд буцлаа. Хилийн чанадад том том байшинтай юм байна гээд л ярьж, бичээд байх юм. Тэр хэзээ ч бизнес эрхэлж байгаагүй хүний энэ бүх эд хөрөнгийг ямар учиртайг нь шалгаад, зохих арга хэмжээг нь авах ёстой.

Тэгэхээр та Ардын намынхан Ардчилсан намынхнаас илүү ардчилалтай гэж хэлэх гээд байна уу?

Ардын намынхан ардчилалтай байсан уу, тоглолт хийж байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч уул уурхайн асуудлын цаана Ардчилсан намынхан байдаг юм байна. Тэд байгаль орчны төлөө дугарах гээд байдаг Ц.Мөнхбаяраас айхдаа олон жилийн ял оноосон гэдэг нөхцөл байдал үүсэх вий гэдгээс л айж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!