“Адуутай өвөл” гэрэл зурагчдын аялал, адуучдын баяр болжээ

0
732

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан эх орныхоо зүүн хязгаар домогт Дарьгангын хоймор Шилийн Богдын бэлд “Адуутай өвөл” гэрэл зурагчдын аялал, адуучдын баярыг зохион байгуулжээ.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн бүс нутагт амьдарч буй малчдын өвөлжилт, аж байдлыг гэрэл зургийн дуранд буулгах зорилгоор зохион байгуулсан энэхүү аялалд Хэнтий аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн, Баруун үзэмчин, Авгын хошуудаас малчид ирж оролцсон байна.

Гэрэл зурагчдын аяллын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт ар, өвөр Монголын адуучин эрсийн уулзалт болж, адуучин залуусын цог золбоо, эр бяр, авхаалж самбааг сорьсон уралдаан тэмцээнүүд зохиогдсон байна. Өвөрмонголоос ирсэн адуучид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин С.Нэргүйн өвөлжөөнд зочилж аж байдал, амьдрал ахуйтай нь танилцан, Харгилтайн голд идээшиж буй адуун сүрэг дээр нь өнжжээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэрэл зурагчин С.Цацралт, шилдэг фото сэтгүүлч В.Баттулга, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, орон нутгийн гэрэл зургийн зөвлөлийн тэргүүн, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчин Ч.Батдорж нар Шилийн Богдыг зорин очсон бол Өмнөговь аймгаас байгалийн гэрэл зурагчин Мятав, Сүхбаатар аймгийн гэрэл зурагчин Ганбаатар, аяллын гэрэл зурагчин Ариунбаатар, хүний их эмч Эрдэнэбаатар, залуу зурагчин Б.Ганхүү нарын олон гэрэл зурагчин цуглажээ.

Харин адуучдын хувьд Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнэцагаан зэрэг хэд хэдэн сумын адуучид, тэр дундаа Даргьганга сумын ИТХ дарга А.Отгон нутгийн адуучдаа дагуулан ирж оролцжээ. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө арлаас адуучин залуус Шилийн Богдыг зорин очиж адуучдын баярт оролцсон байна.

Шилийн Богдын өвөрт “Торой бандийн нутгаар” гэсэн нэрийн дор зохион байгуулсан адуучдын тэмцээний шилдгийн шилдгээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг шалгарч, удаах байрт “Талын агуй” жуулчны баазын адуучин А.Батбаатар, гуравдугаар байрт ардын авьяастан, адуучин Б.Нанзаддорж нар шалгарсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас хөтөлгөө морьтой холыг зорин ирсэн адуучин Хүрлээ, Идэр-Уяа нар удаах байрын эзэд болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!