Ховдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны хурцадмал байдал

0
243

Ээдрээтэй эхлэл

Энэ сарын 4-5-нд, мөн 6-ны шөнийг дамнан хуралдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит тавдугаар хуралдаан хэлэлцвэл зохих асуудлуудаа бараглан хэлэлцэж дууссан ч цочир ширүүн, савалгаатай уур амьсгал дунд болж өнгөрөв.

Хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн мөн оны биелэлт, аймгийн 2018оны төсвийн төсөл, аудитын дүгнэлт, газар зохион байгуулалтын ирэх оны төлөвлөгөөний төсөл гэсэн уламжлалт илтгэлүүдийг хэлэлцсэн.

Хуралдааны явц дунд, ер нь хуралдаан эхэлмэгц л урьдаас, илээр төлөвлөгдөөгүй асуудлуудыг төлөөлөгчдийн дундаас санал болгож эхэлсэн нь аймгийн Засаг дарга, мөн Аймгийн ИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх тухай байв.Хөндлөнгөөс ажиглаж буй хүний хувьд энэ асуудлыг харахад гэнэтийн цочир байдалтай, тохиолдлын шинжтэй мэт харагдаж байсан нь уг саналыг дэвшүүлсэн төлөөлөгчид нь үндэслэлийг тодорхой гаргаж хэлээгүйтэй холбоотойгоос гадна, улс төрийн намын хүрээнд өмнө нь олон нийтийн нүднээс далд өрнөсөн ээдрээтэй үйл явдлын үргэлжлэл болж байснаараа онцлог бололтой.

Юу гэвэл хурал эхэлмэгц хуралдааны дэг батлах асуудал яригдаж байх хооронд Ардын намын төлөөлөгч Ч.Уранчимэг (аймгийн Засаг даргын орлогч) хуралдааны өмнөх өдөр аймгийн ИТХ дахь уг намын бүлэг хуралдаж, бүлгийн даргаа огцруулан, шинэ дарга томилсон тухай танилцуулж, тогтоол уншсанаас хамаг хэрэг дэгдэв. Огцорсон гэгдэх намын бүлгийн хуучин дарга М.Ганзориг босож, энэхүү намын бүлгийн хуралдаан гэгч нь хуйвалдааны шинжтэй зүйл болсон яагаад гэвэл тийм хуралдаан болсныг өөрөө болоод бүлгийн бусад 10 гишүүн огт мэдээгүй, бидэнд зар хэлээгүй гэж мэдэгдээд, улмаар бүлгийн зарим хүмүүсийг (13 гишүүн) цуглууланхуралдах асуудлыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог зохион байгуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлж, аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаж ирэв. Ийм санал гаргасан бас нэг шалтгаан нь Засаг дарга Г.Галсандондог авилга авсан гэдэг асуудал яригдаж, шалгагдаж байгаа явдал гэдгийг санал гаргасан төлөөлөгч болон өөр хоёр ч төлөөлөгч үгэндээ хавчуулж байв. Гэтэл сөргүүлэн “учир битүүлэг байдлаар” хуралдсан гэгдэх бүлгийн 13 гишүүний төлөөлөл (Ш.Батсүх аймгийн ЗД-ын орлогч)босож, хэд хоногийн өмнө аймгийн намын хороог хуралдуулж, намын хорооны дарга болон аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг намын даргаас нь огцруулах асуудлыг зохион байгуулсан этгээд бол аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди мөн хэмээн заагаад, хууль бусаар намын хуралдаан зохион байгуулж хуйвалдаан хийсэн хэмээн буруушааж, Г.Пүрэвгандид итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг ч бас хэлэлцэх ёстой гэсэн санал гаргав.

Нэгэнт төлөөлөгчид санал гаргасан болохоор хурлыг удирдаж асан хурлын дарга Г.Пүрэвганди дэгийн дагуу хэлэлцэх асуудалд оруулах тухай төлөөлөгчдийн санал хураалгахад аль, аль нь дэмжигдэж, хоёр даргыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр хөтөлбөрт орж, батлагдсан юм. Засаг дарга Д.Галсандондог гэнэтийн ийм асуудал босгож ирсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлж, энэ асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэж шийдэхгүй бол илтгэл тавихгүй хэмээн хэсэг зөрүүдлэсэн ч, төлөөлөгчид болон хуралдаанд оролцогсод түүнийг  хүлээж аваагүй учир арга буюу илтгэлээ тавьж, хуралдаан дэгийн дагуу өрнөсөн ба огцруулах асуудлыг хоёр өдрийн хуралдааны сүүлчийн өдөр хамаг эцэст нь хэлэлцсэн.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон илтгэлүүд тавигдаж, асуулт хариулт өрнөж, төлөөлөгчид оролцогчид саналаа хэлж, дүгнэлт гарч, тус бүрд нь тогтоолын төсөл боловсрогдсон авч, тогтоолыг батлалгүйгээр хойшлуулж байв. Зарим асуудлууд нэн ялангуяа төсвийн төслийг хэлэлцэх үед санал зөрөлдөөнтэй, шүүмжлэлтэй асуудлууд бишгүй гарч ирж, төсвийн нэлээд хэсгийн зориулалт, хувиарлалтийг өөрчилөх эсэх асуудлаар санал хураалгаж батлах шаардлага гарсан.Тэгтэл ийнхүү нэгэнт урьдаас төлөвлөгдөөд орж ирсэн төсвийг төлөөлөгчид зарим хэсгийг нь дэмжихгүйгээр, шинээр саналууд гарган өөрчилсөн нь хууль зөрчсөн асуудал болж байгаа, тодруулбал төлөөлөгчид цөөн бус барилга обьект барих, засварлах саналуудыг шинээр гаргаж, тэр нь дэмжигдэн батлагдсанаар,“төсөвт батлагдаж байгаа хөрөнгө оруулалтын зардлууд бүгд зураг төсөв нь хийгдсэн байх ёстой” гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна хэмээн ажил хариуцсан хэлтсийн дарга сөрөг тайлбар тавьж байв. Асуудалтай, асуудлгүй алин боловч төсвийг төлөөлөгчдийн саналд үндэслэн ийнхүү батлаж,алх цохисон.

Гэлээ ч энд хөндлөнгийн зүгээс шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд ажиглагдсан нь юу гэвэл төсвийн төслийг боловсруулах үйл явцыг хуулийн дагуу, хүртээмжтэй, ил тод, нээлттэй явуулах асуудалд төлөөлөгчид хийгээд аймгийн ИТХ урьдаас санаачлагатай зохион байгуулалттай ажилласан бол хуралдаан дээр төвөг бага учрах байв.

II Хурцадмал асуудлууд

Хууль ёсоор төсвийн төслийг урьдчилан төлөвлөх шатандаа холбогдох газрууд, иргэд, олон нийтээс  санал авах, олон нийтийн дунд болон санал өгсөн бүх этгээдүүдийн дунд, мөн төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийхёстой ч, энэ асуудлууд орхигдож, ер нэг тийм хялбарчилсан байдлаар хийгдээд байгаа нь ажиглагддаг. Дашрамд дурьдахад хуралдааны үеэр төсвийн төслөөс гадна аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дүгнэхдээ хийсвэр тоо тавих байдлаар ихэд өнгөцхөн, хуурмаг байдлаар дүгнэж байна гэдгийг төлөөлөгчдийн дундаас (төлөөлөгч Т.Дэлгэрсайхан)бараг анх удаа анзаарч харсан нь сайшаалтай.

Миний мэдэх сүүлийн арван хэдэн жилийн туршид, гурван төрийн ээлжинд Засаг захиргааныхан хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт болон бусад ажлаа дүгнэхдээ дандаа өөрсдийн үзэмжээр, өөртөө дүн тавьж, түүнийг нь төлөөлөгчид хийгээд иргэд, ард олон тийм л байх ёстой юм шиг толгой дохин хүлээж авсаар ирсэн. Гэвч үүнийг олж харсан төдийгээр асуудал шийдэгдчихгүй. Учирюу гэвэл энэ асуудал нь төрийн тогтолцоонд байгаа гажигаас улбаатай дутагдал гэдгийг өмнө нь нэг бус нийтлэлдээ дурьдаж байсан билээ. Төр захиргааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг этгээд нь тэднээсээ хараат бус,бие даасан бүтэцтэй байвал бодитой дүгнэлт болно.Гэтэл засаг даргын болон хурлын даргын ажлыг дүгнэдэг байгууллага, мэргэжилтнүүд маань тэр даргынхаа шууд, удирдлаганд ажиллаж, “яв гэсэн газар нь явж, зогс гэсэн газар нь зогсож” байдаг харъяаных нь хүмүүс болохоор юуных нь хараат бус, бие даасан дүгнэлт гаргахав дээ. Тэр тусмаа олон нийт, иргэний нийгмийн хөндлөнгийн үнэлгээгээр үнэлүүлдэг байвал амьдрал сая үнэнд нийцэх учиртай гэж санадаг билээ. Төлөөлөгчдийн зарим нь ийнхүү урьд нь огт хардаггүй байсан зүйлээ олж харсан нь дотроо өрсөлдөөн, тэмцэл ихтэй байсны ач гавъятай тал ч гэж үзэж болох.

Ийнхүү үндсэн асуудлуудаа хэлэлцэж, дүгнэж тогтоол, номоо бэлэн болгох зуур байнгын сөргөлдөөн, зөрөлдөөн, заримдаа ч бүүр хутган үймүүлэх аястай үг үйлдэл олонтоо давтагдаж байсан энэ хуралдааны эцэст хоёр даргыг огцруулах эсэх тухай нууц санал хураалт явагдахад Засаг даргын тухайд 19 төлөөлөгч огцруулах санал, 18 төлөөлөгч эсрэг санал өгч, хүчингүй хоёрсаналын хуудас гарсан ба 51.4 хувийн саналаар огцрох шийдвэр гарсан. ИТХ-ын даргын тухайд 22 төлөөлөгч огцруулах санал,15 төлөөлөгч эсрэг санал өгснөөр 59.4 хувийн саналаар огцрох шийдвэр гарч, хоёул огцрох болсон байна. Засаг даргыг огцруулсан тухай тогтоол үйлдэж батлан, Монгол улсын ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон бол ИТХ-ын даргыг огцруулах санал хураалтын дүн гарсаны дараа, тогтоолыг танилцуулж, батлахын өмнө хуралдааныг тухайн мөчид даргалж байсан төлөөлөгч хуралдааны ирц хүрэлцэхгүй байна гээд завсарлах шийдвэр гаргаснаар дараа үргэлжлэх хүртэл хүлээлтийн байдалд оржээ.

Завсарлага авах асуудал хуралдааныдэгийн дагуу шийдэгдсэн эсэх тухайд бас маргаантай байгаа. Аймгийн ИТХ нийт 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба уг хуралдаанд 39 төлөөлөгч оролцож байсан (хоёр нь чөлөө авсан,, гадагш ажлаар явсан) үүнээс яг завсарлага өгөх шийдвэр гаргах мөчид танхимд 20 төлөөлөгч, гадна хаалганы гадна нэг төлөөлөгч (морь харж явсан) бүгд 21 төлөөлөгч байсан бөгөөд ирц тавиас дээш хувьтай байсан учир хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байсан гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол шийдвэр гаргасан дарга болон зарим төлөөлөгчид ирц хүрэхгүй байсан гэж үзэж байгаа юм. Завсарлага авлаа гээд зарим нөхөд гарч явсан боловч танхимд нэг хэсэг төлөөлөгч үлдсэн нь хуралдааныг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн нөхөд байсан аж. Тэд тэндээ өглөөний 5 цаг хүртэл суусан гэж байгаа. Тэгээд 12 сарын 16 өдөр хурлыг үргэлжлүүлэх тухай тов хэлэлцээд таржээ.

Г.Пүрэвгандийн өгсөн тайлбараар бол өөрийг нь огцруулах асуудлын үед хурал удирдаж байсан төлөөлөгчийн шийдвэрээр хуралдаан хугацаагүй завсарлага авсан бөгөөд хуралдаан дахин үргэлжилж, асуудал нэг мөр эцэслэн шийдэгдэх хүртэл үүрэгт ажлаа хариуцан хийхбөгөөд нэгэнт санал хураалтын дүнгээр огцорсон нь тодорхой тул хуралдаан дахин үргэлжилж, энэ тухай тогтоол албан ёсоор батлагдсаны дараа ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Харин Засаг даргыг огцруулсан тогтоолыг ИТХ гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлсэн ба Ерөнхий сайдаас ямар хариу ирэхийг бас харзнасан байдалтай байх шиг.

Хөндлөнгөөс харахад Засаг дарга болон ИТХ-ын даргыг огцруулах асуудал ийм огцом шийдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь Ардын намын бүлэг дотроо 13 болон 11 хүний харьцаатайгаар хоёр талцаж, сөргөлдсөн, мөн Ардчилсан намын бүлэг зонхиороо (энэ бүлэг нийтдээ 17 хүнтэй)аль, алинд нь адилхан эсрэг хандлагаа илэрхийлсэн явдал юм.

Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Чинбат хуралдааны үеэр санал хэлэх үеэрээ сөрөг намын талцан хуваагдсан байдлыг байнга тавлан тохуурхаж, “та нар чадахгүй юм байна. Ерөөсөө эрх барих үүргээ зүгээр л бидэнд, манай намд өгчих л дөө. Өмнөх дөрвөн жилд бид аймгийг яаж удирддагыг харуулж байсан”гэх мэтээр аашлаж байсан, (үнэндээ бол аймгийг яаж удирдсан тухайд нь сонгуулиар ард түмэн дүн тавьснаас гадна, бодлогын томоохон алдаанууд гаргасны муу үр урхагийг Ховдын ард түмэн одоо ч үүрсээр байгаа, зарчимгүй, ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ч эрх мэдэл эзэмшиж байсан нөхөд олонтоо гаргаж байсан баримтууд бий билээ) мөн хуралдаанд урилгаар оролцсон иргэн Чинбатыг босож үг хэлэх үед хуралдааны индэрт сууж байсан Засаг дарга Д.Галсандондог “чи хуралдаанд үг хэлэх боломжгүй, хэрэг хариуцах чадваргүй хүн. ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үүнийг захиалгаар үг хэлүүлж байгаа” гэх мэтээр давшлан, “баривчилж гарга” хэмээн хашгирснаар цагдаа нар Засаг даргын үгийг биелүүлж, үг хэлж байсан хүнийг хүч түрэн авч гарсан гэх зэрэг жаахан “зүдэг” гэмээр үйлдлүүд ч болж өнгөрснийг дурьдаж байгаагийн учир нь манай өнөөгийн улс төрийн хүрээний сэтгэлгэ, зан суртахууны түвшиний тухайд нэгийг бодогдуулах болов уу.

Г.Мөнх

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!