Д.Энхтайван: АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болбол олигархиуд үгүй болно

“Ярилцах танхим”-даа 1996-2000 оны хооронд УИХ-ын гишүүн асан Д.Энхтайваныг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ярилцлагаа сүүлийн үед хийж байгаа ажлын тань талаарх асуултаар эхэлье.  Таныг төрийн бус байгууллага байгуулсан гэж сонссон юм байна?

Би “Чингис хааны менежментийн холбоо” гэдэг төрийн бус байгууллагын тэргүүний  албан тушаалыг хашиж байна. Манай байгууллага нэлээд хэдэн хурал цуглаан зохион байгуулж, Чингис хааны зарлиг, сургааль бүхий хэд хэдэн ном гаргалаа. Манай улсын амгалан тайван байдал алдагдаж, дээр дооргүй үймэлдэж эхэлсэн энэ үед Чингис хааны зарилгыг сануулах зорилготой юм. Түүний хүсэл зорилго нь орчлонг амгалан болгох байсан. Үүний тулд чин шударга төрийн өрлөгүүд хэрэгтэй гэдэг сургаалийг бидэнд өвлүүлсэн. Үүнийг л улстөрчдөд сануулахын төлөө ажиллаж байна.

Таныг Репиний уран зургийн дээд сургуулийг төгссөн зураач хүн гэж мэдэх юм. Та зургаа зураад амгалан тайван амьдарч болдоггүй юм уу. Улс төрд ороод УИХ-ын гишүүн байж үзсэн хүн шүү дээ?

Улс төрд ороод хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн дураараа авирлаад эхэлбэл нийгэмд амгалан тайван байдал үгүй болдгийг ойлгосон учир л ингэж яваад байгаа юм. Амгалан тайван байх төрийн системийг анх бий болгосон хүн нь Чингис хаан учир би ингэж яриад байгаа юм. Тэрээр Их засаг хэмээх хуулийг бий болгож, “Бүх улсын дотор хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг нь үхүүл, яллах ёстойг нь ялла. Үүнийг үеийн үед  ургийн урагт хэн ч бүү өөрчлөөрэй” хэмээсэн байдаг юм. Түүний хууль гурав хоногийн дотор хэрэгжиж, гэм буруутныг гурав хоногийн дотор гэсгээдэг байсан учир Монголын хуул гурав хоногт гэдэг үг гарсан байдаг. Харамсалтай нь үүнийг хүмүүс өнөөдөр эсэргээр нь ойлгож, хуулийг гууль болгож байгаад харамсаж байна. Өнөөдөр хуулиа дээдэлдэг улс орнууд л хөгжин цэцэглэж байна шүү дээ. Ийм систем бидэнд байхгүй болжээ. Хорвоо дээр дураараа авирлаж болдог ганцхан орон Монгол болж хувирлаа. Ийм улсад юу тохиолддогийн жишээг Украин харууллаа. Дэлхийн хамгийн баян улсуудын тоонд ордог Украины бүх баялгийг дураараа авирладаг хэдхэн хүн ховх сороод, европын хамгийн үнэтэй тансаг орд харшийг аваад зугатчихлаа шүү дээ. Манай улс яг л ийм байдалтай байна. Бидний өмнөх үеийн бүтээснийг ирээдүйд цогцлоохтой нь хамт идээд дуусгачихлаа шүү дээ. Гадаадад нууц данс нээсэн нь түрүүчээсээ ил болж эхэлж байна. Өнөөдөр Монгол Улсад хууль дээшээ биш доошоо л үйлчилдэг систем ноёлж байна. Энэ тохиолдолд дээр сууж байгаа нөхөд ард түмний хөрөнгийг ил тод халаасалж байгаа юм. Гадаадынхантай нийлж ихэвчлэн идэж байгааг бид харсаар байж юу ч хийж чадахгүй, хэн ч зогсоож чадахгүй байна.

Таныхаар бол энэ бүхнийг хэрхэн зогсоох ёстой гэж?

Чингис хааны үед хуулийг хэрхэн мөрддөг байсныг санахын зэрэгцээ хөгжингүй орнуудаас жишээ авах хэрэгтэй байна. Тухайн орнуудын хуулийг шууд хуулаад авчрахын оронд хэрхэн хэрэгжүүлдэг арга барилыг нь ч хуулах ёстой санагдах юм. Хоёр хөршөөсөө жишээ ав л даа. ОХУ-д дээрэм, тонуул замаа алдсан байх үед В.Путин гарч ирээд буруу замаар баяжсан этгээдүүдийг цэгцэлсэн. Үүний тулд тэрбээр Эрүүгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд ажилласан хуулийнхныг  бүх насаар нь төрийн хамгаалалтад байлгах хүртэл арга хэмжээг авч чадсан. Ингэж л ОХУ гэмт хэрэгтнүүдээсээ салсан. Манайд бол иймэрхүү гэмт хэрэгтнүүдийн мөрөөр явсан хүмүүсийг дор нь цааш нь харуулж, зодож байна шүү дээ. Гомдол гаргаад яах юм. Хуулийнхны дээр тэр олиграхиуд суучихаад хөдөлгөхгүй байгаа юм чинь. Шүүх, прокурорууд бүгд олигархиудын гарт байна. Тэр олигархиудын араас амьнаасаа уйдсан хүн л явах нөхцөл байдал Монголд бий болчихоод байгаа нь туйлын үнэн. Сэтгүүл зүй ч ялгаагүй төрөөс төрсөн тэрбумтнуудын гарт орчихоод тэдний захиалсан хөгжмийг л тоглож байна шүү дээ.

Таны яриад байгаа төр гэдгийн ард нөгөө л олигархиуд чинь байгаа учир тэдний хэргийг хариуцаж байгаа хуулийнхныг төрийн хамгаалалтад авах нь нууцаар хийдэг байсан бүхэн ил цагаандаа гарна гэсэн үг биш үү?

Манайд Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба гэдэг чинь бүүр тэр доор байна шүү дээ. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба, АТГ гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. За тэгээд нөгөө алдарт хэлтэс, албадуудад нь 4-5 хүүхэд ажиллаж байх жишээтэй. Тийм хүмүүс Монголын ард түмний бүх баялгийг ховх сорчихсон хүмүүстэй яаж тэмцэх юм бэ. Чин үнэнээрээ ажиллах юм бол тэр хүүхэд тун удахгүй. Тиймээс ёс төдий сүртэй нэртэй дээрх байгууллагуудыг үндсээр нь өөрчлөх ёстой.

Энэ бүхнийг өөрчлөх гээд л Х.Тэмүүжин сайд хууль эрхзүйн шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм биш үү?

Манайхаас бусад ихэнх оронд энэ ажлыг тодорхой эзэнтэйгээр эхлүүлдэг юм. Манайд бол энэ бүх ажил чинь сонгуулийн үе дөхөхөөр эзэнгүйддэг байхгүй юу. Худлаа, үнэн ажил хийсэн болж харагдах гээд тэнд ямар ч эрх мэдэлгүй АТГ-ын даргыг солих ч юм уу, нэг цагдааг халах ажлыг сүржин хийнэ шүү дээ. Ингэхгүйн тулд АТГ-ын даргыг УИХ-аас томилдгийг зогсоох ёстой. Олигархиудыг хүмүүжүүлэх ёстой хүн тэднээсээ хараат байхаар яаж үр дүн гарах юм бэ. Өнөөдөр АТГ-ынхан хэн нэгнийг шалгаад прокурор, шүүхэд шилжүүлэхэд нь хэргийг нь хэрэгсэхгүй болгочихож байна. Үүнээс болоод АТГ-ынхан чинь шантарч эхэлж байгааг мэдэж байна уу, үгүй юу. АТГ-ыг Ерөнхий сайдын шууд удирдлага дор хийж өгч чадвал энэ жинхэнэ шинэчлэл болно. Ийм байх юм шинэчлэлийн ажил эзэнгүйдэхгүй. Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес өөрөөрөө үлгэрлэн энэ бүхнийг хийж чадсан.

Манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш учир тийм боломж байхгүй. Нөгөөтэйгүүр, тийм зүйл боллоо гэхэд ард түмний тархинд хавар болоод синдром нь эхэлчихэж гэдэг сэтгэлгээ суучихсан байна шүү дээ?

Ийм сэтгэхгүйг өөрчлөхийн тулд үнэнийг мэдээллэх үүрэг сэтгүүлчдэд оногдсон. Тэр сэтгэхүйг өөрчлөхийн тулд эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг монголд төрүүлсэн. Тэдний нэг нь би гэж өөрийгөө боддог. Тиймээс л би энэ бүхнийг өөрчлөхийн төлөө явж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч ажил санаачилсан ч тэр нь хэрэгжихгүй байна. Манай улсын хувьд хамгийн хүчтэй хүн бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тиймээс л би АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилох ёстой гээд байгаа юм. Нэг гартаа барьж байгаа мөнгөө шүүрэн шанагаар урсгахгүйн тулд Ерөнхий сайд нөгөө гартаа АТГ-ыг атгаж, мөнгөө хянуулж байх ёстой. Энэ системийг нэвтрүүлэх гэхээр олон олигархи шоронд орох болчихоод байгаа учир улстөрчид үүнийг хүсэхгүй байна. Зүй нь бол АТГ УИХ-аас баталсан хуулиудыг судлаад “Энэ хууль бол лоббигоор хийгдсэн байна. Хэсэг бүлэг гадаадын этгээдийн энэ хууль, гэрээ батлагдсан байна. Тиймээс АТГ бүрэн эрхийнхээ хүрээнд дүн шинжилгээ хийгээд энэ хуулийг хэрэгжүүлэх нь улс орны эрх ашигт нийцэхгүй” гэж хэлээд тиймэрхүү гэрээ, хуулийг хүчингүй болгох санал дэвшүүлээс сууж байх ёстой юм. УИХ-аас лоббигоор ямар ч хууль баталж болдог шүү дээ. АТГ эрх мэдэлтэй, хариуцлага хүлээх эзэнтэй байх ёстой. Тэр нь Ерөнхий сайдаас томилсон дарга, Ерөнхий сайд хоёр. Хэрэв тэд ажлаа хийж чадаагүй сайн дураараа огцорч улс төрийн тавцангаас үүрд арчигддаг байх ёстой.

Та УИХ-ын гишүүн байхдаа Ц.Наранцацралт агсны Засгийн газрыг огцруулахад нэлээд үүрэгтэй оролцож, санасандаа хүрсэн. Энэ удаа ч гэсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг хүсэж байгаа гэсэн үг үү?

Тэр үед миний зүрх эх орныхоо төлөө өнөөдрийнхөөс ч хүчтэй цохилж байсан. Төрт ёс, хууль цаазны төлөө би дэндүү их шатаж, шаналсан учир тэр шүү дээ. Харамсалтай нь тэр үед Ардчилсан нам, одоогийн Ардын намынхантай нийлж байгаад зохион байгуулалттайгаар намайг элдэвлэж, ард түмний тархийг угааж, хамгийн муу хүн гэдэг ойлголтыг төрүүлсэн. Түүнээс хойш би 20 жил зүрхэндээ уйлж явна. Би 1996 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдоод УИХ-ын гишүүдийн хяналтгүй идэж ууж байгаа байж болохгүй үйлдлүүдийг шүүмжилж эхэлсэн учир дээрх бүлэглэлүүд намайг улс төрөөс шахаж эхэлсэн. Одоо яриад байгаа давхар дээлийг нөмрөх тухай асуудлыг анх 1996 онд ярьж эхлэхэд нь би эсэргүүцэж байсан юм шүү.. Өөрөөр төсвөө батлаад мөнгөө халааслаад өөрөө өөрийгөө хянана гэдэг чинь Монгол Улсын мөнгө хяналтгүй болно гэсэн үг байхгүй юу. Үүнийг эсэргүүцсэний төлөө хоёр нам яаралтай хуралдаж “Д.Энхтайван болохгүй байна” гэж хөдөөний намын гишүүдийн тархийг угааж байсан юм. Энэ бүхниг эсэргүүцэж байсан нөхдөд маань “Элсний 13” гэж  нэр хүртэл өгсөн шүү дээ. Үүнийгээ тайлбарла гэхээр чаддаггүй байсан юм. Үүнээс өөр нэр олдоогүй юм гэсэн. Яагаад гэхээр бид тээн шиг идэж, уугаагүй. Буруу яриагүй. Элсний 13 гэдгээ тайлбарлачих гэхээр тайлбар олдохгүй болохоороо бүхр “Хөдөөгийн 13” гэж байсан ч удаа бий. Үүнийгээ тайлбарлахдаа дандаа хөдөөний юм ярьдаг. Хөдөөгөөс сонгогдсон гэдэг байсан юм. Эх орныхоо төлөө гэсэн бүхнийг одоогийн улстөрчид иймэрхүү аргаар түлхсэн. Тэр үед Үндсэн хуулийн Цэц бидний зөв гэдгийг баталж, “Та бүхний санал Үндсэн хууль зөрчиж байна” гэхэд нь тэгвэл Үндсэн хуулиа өөрчилчихье гээд хутга барьж очоод Үндсэн хуулиа өөрчилчихсөн юм. Тухайн үед Н.Багабанди үг хэлж байсан ч түүнийг нь тоогоогүй л дээ. Т

Ямар асуудлыг хөдөөний гэдэг байсан гэж?

Тухайн үед би төрийн өмчийг намууд авч идэж болохгүй гэж ярьж байсан юм. Энэ хүрээндээ Лениний музейг Ардын нам улсад өгөх ёстой гэж яриад асуудлын гүн рүү ханцуй шамлаад орчихлоо. Гэтэл юу болсон гээч.

Юу болсон юм?

Шарласан цаас ухаж байтал Лениний музейг тухайн үеийн улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний дагуу Соёлын яамны төсөвт суулгасан хөрөнгөөр барьсан байдаг юм байна. Ардын зураач, ардын жүжигчдийг цуглуулаад энэ талаар сануулж, Лениний музейн байрыг Дүрслэх урлагийн музейд авч өгье гээд л өдөр бүр ярьж эхэллээ. Ингэж тулалдаад ямар ч нэмэр болсонгүй. Юу ойлгосон бэ гэхээр эрх мэдэлтэй дарга нарын эсрэг хуулийнхан нь хөдөлж өгдөггүй юм байна гэдгийг. Тэгээд л одоо моодонд ороод байгаа шүүхийн шинэчлэлийн асуудлыг тухайн үед хөндөж эхэлсэн юм. Тэгээд л “Хууль хэрэгждэг газар улс хөгждөг юм байна. Үүний тулд бид шүүгч нарын цалинг нэмэх хэрэгтэй” гээд л 1996 онд шүүхийн шинэчлэлийг ярьж, Шүүгчдийн хараат бус байдлыг хангахын тулд цалинг нь нэмэх тухай хуулийн төсөл боловсруулсан юм. Тухайн үед хоёр намын том хуульчид намайг баалаад л. Улстөрчид нь “Д.Энхтайван Лениний музейг хувьдаа авахын тулд шүүгч нарыг хахуульдаж эхэллээ” гэсэн утга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлдэг юм байна. Ингээд Д.Энхтайванаас өөр муу хүнгүй болчихоод байж байтал толгойтой болгон хөрөө бариад ой мод огтлоод эхэлсэн. Тэр үед Монгол Улс юу ч үйлдвэрлэдэггүй, банкинд нь мөнгө байхгүй байсан үе. Монгол орны ойн нөөцийн 10 хүрэхгүй хувь нь мод байтал  өөрөө өөрийгөө хамгаалж чадахгүй модыг хуйгаар нь хядаж, урагш нь галт тэргээр ачиж эхэллээ. Хүүе гэхийн зуургүй жилийн дотор тужийн нарс хожуулын тал болж, дух нарс нүцгэрээд гашуудлын цуваа шиг их мод урагшаагаа шөнө, өдөргүй гарч байсан үе. Тэгэхээр нь ой модыг хамгаалах асуудлыг ярьж, хууль санаачиллаа. Гэтэл мөн л ялгаагүй “Зураач Д.Энхтайван хууль санаачлаад байхдаа яадаг юм” гэдэг юм байна. Тухайн үед Сэлэнгээс сонгогдсон гишүүд модоор цулайчихсан байсан учир докторуудыг миний эсрэг тавьчихсан. Нөгөөдүүл нь миний эсрэг бүх л асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэртэйгээр ярьж эхэлсэн юм. Үүний балгаар миний санаачилсан хууль хоёр удаа унасан ч эцэст нь батлагдаж, модны экспортын татвар нэмэгдэж, модны гашуудлын цуваа тасарлаа. Үүний дараа олон улсын байгууллагууд экспортоо хамаагүй хумиж болохгүй гээд л үзэж тардаг юм байна. Монголчуудтайгаа хэрэлддэг байсан бол энэ удаа гадынхантай маргаж эхэллээ. Дараа нь бугийн эврийг урагш нь гаргах бизнес цэцэглэж, Монгол Улс түймэрт автлаа.

Ямар учраас түймэрт автсан гэж?

Бугийн цагаан эврийг өвсөн дотроос олж авах гэж гал тавьдаг байсан юм билээ. Үүнээс болоод энд тэнд хүмүүс гал тавьж, Монгол Улс тэр аяараа утаагаар амьсгалдаг байсан юм. Дэлхийн таван гамшгийн нэгээр Монголын түймрийг тодруулж байсныг ч би санаж байна. Шар мөрний үер, Армений газар хөдлөлт, Монголын түймэр гээд хайгаад үзээрэй л дээ. Галд өртсөн талбай нь Европын талтай тэнцэхүйц байсан юм чинь арга ч үгүй биз гэж одоо боддог юм. Үүнээс гадна Монголын бүх буга дуусаад Бугануудын чив, засааг авах гээд Батхаан уулын энгэрийг улаан нялга болгосныг харж тэвчилгүй Бугын гаралтай түүхий эдийг экспортлохыг хориглосон хуулийн төсөл санаачилсан. Зүрх сэтгэлээрээ эх орныхоо төлөө гэсэн хүн зүрхнийхээ дуудлагыг дуустал явдаг юм. Тиймээс л би өнөөдөр ч гэсэн үгээ хэлсээр л байна.

Тэгэхээр 1996 оноос л УИХ-д байгаа улстөрчид халаасаа нэгтгэж, өөрсдийнх нь эрх ашгийг эсэргүүцсэн хүмүүсийг шахсаар ирсэн гэж ойлгож болох нь ээ?

Тухайн үед төрөөс төрсөн тэрбумтнууд нэг талдаа болсон гэж ойлгож болно. Ерөөсөө мөнгө, хөрөнгө алга болно гэж байдаггүй юм шүү. Монголын ард түмний өмнөх он жилүүдэд бүтээн бий болгосон үл хөдлөх хөрөнгө, газар доорх асар их баялаг ууршина гэж байхгүй. Харин шилжинэ гэж байдаг юм. Төсвийн их мөнгө байхгүй болж, банк дампуурлаа гэдэг чинь тэр мөнгө аль нэг хэлбэрээр хаа нэгтээ шилжсэн гэсэн үг. Их наяд төгрөг гэж яриад байдаг чинь байсан л мөнгө шүү дээ. Тэр мөнгө хаачив. Хэний халаас руу оров. Эдийн засаг буурч байна гэдэг чинь нэг хэсэг хүн баяжаад нийт ард түмэн ядуурч байгаагийн л илрэл шүү дээ. Үйл явц яаж явагдав. Төрийн өмч хэсэг хүн рүү шилжчихлээ. Өмч хөрөнгө шамшигдаж алга болсон тохиолдолд хууль үйлчлэх ёстой байтал тэр хууль дээр үйлчлэхгүй. Тэр дор л үйлчилж байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.

Та сая банкууд дампуурч байгаа нь ч дээр байгаа хүмүүстэй холбоотой гэлээ. Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын тань хувиар асуухгүй өнгөрч болохгүй асуулт байна. Тээвэр хөгжлийн банктай холбоотой асуудлыг ч та дээрх загвараар бий болсон гэж үзэж байгаа юу?

Хэн нэгэн албан тушаалтын хүний өмчийг булааж авах эрхгүй ч хууль үйлчилдэггүй Монгол Улсад бол яаж ч магадгүй л болчихоод байна. Тээвэр хөгжлийн банкийг 1997 онд миний эцэг, эх анх байгуулж байсан юм. Тэр үеэс хойш бид төрөөс нэг ч төгрөг аваагүй, бусдыг нэг төгрөгөөр хохироогоогүй. Бусад банкуудын түүхийг сөхөөд үзвэл төрийн мэдлийн аж ахуйнуудын мөнгө, яриад байгаа их наядуудыг чинь төсөлд тарааж өгөх нэрээр дансандаа байруулчихсан байгаа юм. Ингэж л тэд томорсон. Шударга байх нь урт хугацаанд аз жаргалтай амьдрах үндэс гэж бид итгэдэг учир манай банк “Тэр их наядаасаа манай банкинд байршуулаач” гэж хэзээ ч явж байгаагүй.  Тийм ч учраас өдөр, шөнөгүй төлбөртэй нэвтрүүлгээр манай банкийг бөмбөгдөж байхад бид ганхахгүй суурин дээрээ бат зогсож байгаа юм. Өөр аль нэг банкийг ингэсэн бол өдөртөө дампуурах байсан биз. Манай банкийг байгуулагдсан өдрөөс нь эхэлж дарамталсан ч бид нэг ч харилцагчийг гомдоож байгаагүй юм шүү. Улстөрчдийн дэмжлэгтэйгээр бондын мөнгөөр амиа зогоож байгаа банк байхад ямар ч дэмжлэггүй, харин ч нүдэнд орсон хог шиг үзэгдэж байгаа атлаа манай банк говийн мазаалай шиг явж л байна.

Танай банкинд чухам ямар асуудал учирсан талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

Төрөөс банкны дүрмийн санг нэмнэ гэж мэдэгдсэн 2006 онд Монголбанкинд нэгэн швейцарь хүн манай банкуудад хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, хандсан байдаг юм. Тэрхүү хөрөнгө оруулалтыг манай банк авч, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай гэрээ байгуулан 51 хувиа хуалдсан юм. Ингэхдээ аль нэг тал нь гуравдагч этгээдэд банкны хувиа зарахгүй. Зарах зайлшгүй тохиодолд аль нэгэндээ зарна гэж тохиролцсон юм. гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд арбитрын шүүхэд хандана гэдгээ ч тохиролцсон юм. Ингээд тэр хүн банкны гүйцэтгэх удирдлагыг авч, би ТУЗ-ийн дарга нэр зүүн зургаа зурахаар хотоос явсан юм. Төд удалгүй хуулийн байгууллагаас намайг хотод ирэхийг шаарддаг юм байна. Гэтэл эрхэм хөрөнгө оруулагч маань их хэмжээний зээл болох 12 тэрбум төгрөгийг ОХУ-руу маш бага хүүтэйгээр гаргачихсан байсан юм билээ. Бид дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжихээр  гаднаас хөрөнгө оруулж ирсэн байтал манай мөнгийг гадныханд хүүгүй шахам зээлж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Үүнийг хуулийнхан мэдээд асуудлаа цэгцлэхийг надаас шаардлаа. Би ирээд хөрөнгө оруулагчтайгаа ярилцаж, асуудлыг шийдэх гэсэн ч гадынхан бөөрөнхийлж эхэллээ. Тэр хооронд банкны үйл ажиллагаа доголдоход хүрсэн юм.

Тиймээс та хуулийн байгууллагад хандсан юм уу?

Хөрөнгө оруулагч нэртэй хүмүүс манай авлигын сүлжээг бүрэн судалж байгаад орж ирсэн юм шиг байгаа юм. Бүх л асуудлыг гарын таван хуруу шиг мэдэж хаалт хийж байсан учир хуулийнханд гомдол гаргасан юм. Тэр дор нь мэргэжлийн байгууллага нь хөрөнгө оруулагчийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан оросод яллах дүгнэлт үйлдэж, мөрдөн байцаах газраас шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгэхэд нөхөр Новожилов “Би хөрөнгө оруулагч В.Армины хий гэснийг л хийсэн” гэж хэлсэн байдаг юм. Үүний дараа В.Арминыг хэрэгт холбогдуулан шалгасан ч “Энэ хэрэгт хамаагүй” гэдэг бичиг хийж өгсөн байдаг юм. Төд удалгүй В.Армин тэрхүү бичгээр нь хил давсан. Үүнийхээ өмнө манай банкнаас эзэмшдэг 51 хувиа Оюуны Ундраа компанид худалдах гэрээ байгуулчихсан байгаа юм. В.Армин манай банктай байгуулсан гэрээгээ зөрчиж, гуравдагч этгээдэд банкны хувьцаа зарсан учир би гэрээний дагуу арбитрын шүүхэд хандаж, Дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээ зөрчигдсөн болохыг тогтоолгосон. Үүний дараа В.Армин Нийслэлийн шүүхэд намайг ТУЗ-ийн дарга биш атлаа гомдол гаргасан нь хууль бус гэдэг гомдлыг гаргасан ч асуудал түүний талд бус миний талд шийдэгдсэн.

Ямар учраас тийм гомдол гаргасан юм бэ?

В.Армин намайг гашуудлын арга хэмжээтэй байх үеэр хөрөнгө оруулагчдын хурал зарлаж, ТУЗ-ийн даргаас чөлөөлөн өөрийгөө ТУЗ-ийн дарга болгосон байсан юм билээ. Тиймээс л зоригтойгоор дээрх гомдлыг гаргасан байж таарна. Би хувьдаа В.Арминыг ТУЗ-ийн дарга болж, хуулийн байгууллагад гаргасан миний гомдлыг буцаах гэсэн гэж харддаг юм. Учир нь Новожилов гэгч зөвхөн гүйцэтгэгч байсан гэдэгт би итгэдэг. Тиймээс л В.Армин гэгч айсандаа болоод хувьцаагаа зарчихаад ум хумгүй зутагчихсан байх.

Ингээд манай банк хоёр ТУЗ-тэй болчихсон учир бид Дээд шүүхэд гомдол гаргасан. Дээд хоёр ТУЗ-ийг хүчингүй болгож, дахин ТУЗ-ийн хурал хийж, асуудлаа цэгцлэхийг анхааруулсан.  Үүний дараа манай банкны ТУЗ хуралдахаар болж В.Арминыг монголд ирэхийг урьсан. Харамсалтай нь тэр ирээгүй. Ирээгүйгээр барахгүй “Наад асуудал чинь надад огт хамаагүй” гэдэг бичиг ирүүлсэн. Ингээд ТУЗ хуралдаж, намайг ТУЗ-ийн даргаар сонгосон юм. Тиймээс В.Армины гомдол хүчингүйд тооцогдож, хувьцаа худалдах гэрээг нь Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон юм. Гэсэн ч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр одоо болтол хэрэгжихгүй байгаагаас л асуудал үүсээд байгаа юм.

В.Армин гэгчээс болоод “Оюуны Ундраа” групп болон танай банкны хооронд асуудал үүсээд байгаа. Энэ бүх асуудлыг нэг тийш нь болгохгүй бол Монголбанк Тээвэр хөгжлийн банкийг өмчдөө авна гэсэн байр суурийг дэд Ерөнхийлөгч Жавхлан нь илэрхийлж байсан. Энэ боломжтой юу?

Тийм ямар ч эрх байхгүй. Бусдын хувийн өмчид халдах эрх Монголбанкинд байхгүй.

В.Армин гэдэг хүн асуудал хурцдаад байсан үед ирж хэвлэлийн бага хурал хийж байсан санагдаж байна. Энэ ямар учиртай юм бэ?

Би Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа В.Армины мэдэлд байх ёстой 51 хувийг худалдаж авах тухай захидал илгээсэн юм. Ингээд захидал явуулсны дараа хэрэг бишдээд “Оюуны Ундраа” группэд хувиа бэлэглэлийн гэрээгээр өгөх хүсэлт гаргасан байдаг юм. Харамсалтай нь энэ Банкны тухай хуулийг зөрчиж байгаа учир Монголбанк зөвшөөрөөгүй байдаг юм. Гэтэл “Оюуны Ундраа” группынхэн Монголбанкийг шүүхэд өгчихсөн. Тэгэхээр нь бид манай банкны тухай ярилцах учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлт хүргүүлсэн. Харамсалтай нь бидний саналыг шүүх хүлээж аваагүй. Одоо энэ шүүх хурлыг л хүлээж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!