“Нисдэг ноён”-ыг нисгэчихэж, дараагийнх нь хэн бэ?

0
82

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог огцорчээ. Түүний хууль бус үйлдлийн тухай өнгөрсөн жилжин шуугисан. Ховдын иргэд хотод ирж задарсан засаг ноёны тухай олон нийтэд мэдээлж байв. Байдал тиймдээ тултал муудсан хэрэг. Аймгийн ИТХ өнгөрөгч лхагва гаригт хуралдаж Засаг дарга Д.Галсандондогт итгэл хүлээлгэх эсэх тухай хэлэлцээд, төлөөлөгчдийн 51 хувийн саналаар огцруулахаар болжээ.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд аймгийн ИТХ-ын тогтоолын төслийг хүргүүлж, шийдвэрлүүлэх үлдэж байна. Гэтэл Д.Галсандондог “Ерөнхий сайд намайг хамгаална” хэмээн ИТХ-ын шийдвэрийг үл тоож байгаа сурагтай. Бүх шатандаа хариуцлагаа сайжруулж, сайн ажиллах шаардлага тавьж байгаа Ерөнхий сайд түүнийг хамгаалах нь юу л бол. Учир нь Д.Галсандондогийн ажлаа хэрхэн хийдүүлдэг, төсвийн мөнгөөр хэрхэн тансаглаж, хувьдаа зарцуулдаг тухай баримтуудыг ховдчууд ил гаргажээ. Иш татъя.
“Нисдэг ноён”: Ард түмэн алив зүйлийг ёгтолж шоглож нэр хоч өгөхдөө гаргуун. Ялангуяа дарга нарын увайгүй үйлдлийн тухай шоглосон шиг шоглоно. Тэр утгаараа Д.Галсандондогоо “Нисдэг ноён”, “Үүргэвчтэй ноён” гэж нэрлэжээ. Тэрбээр засаг дарга болсноос хойш гурав хоног тутмын хоёрыг нь Улаанбаатарт, эсвэл гадаадад зугаалж өнгөрөөдөг юм байх. Ганцхан жилийн дотор Солонгос, Вьетнам, Хятад зэрэг гадны 15 улсад 110 хоног томилолтоор явсан гайхам амжилттай. Үүндээ төсвийн мөнгөнөөс 50 сая гаруй төгрөг зарлагдсан байна. Долоо хоног бүр нийслэлд байдаг гэр рүүгээ онгоцоор нисдэг гэж байгаа.

Ийм болохоор нь нутгийнхан түүнд “нисдэг ноён”, “үүргэвчтэй ноён” гэх нэр хайрлаж. Ажил хийж аймгаа хөгжүүл гэж Засаг дарга болгосноос гадаад дотоодгүй нис гэж томилоогүй тул ийн огцроход хүрч буй бололтой. Мөрөөрөө ч нисч алга болохгүй төсвийн хэдэн төгрөгийг нь хуурайлаад байдаг нь хамгийн хорлонтой юм.

“Мөнгөнд дуртай дарга”: Д.Галсандондог гуай төсвийн мөнгөөр гадаад дотоодод зугаалаад зогсохгүй, хувьдаа завшсан мөнгөнийнх нь тухай ч мэдээлэл гарч. Тухайлбал, Намын хороонд өгсөн хандив татварыг өөрийн болон эхнэрийнхээ дансаар авч, дундаас нь завшдаг гэнэ. Нэгэн иргэнээс “Ажилд оруулна” гэж автомашин авлигад авсан гэх. “Дөргөн суманд нөхөн сэргээлт хийх ажил олж өгнө” гэж 8.5 сая төгрөг авсан зэрэгт мөн л АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Муу, муухай дээрээ улцан гэгчээр ажлаа хийдэггүй, авлигад байнга нэр холбогддог Засаг дарга Д.Галсандондогтой аймгийнхан нь ийн хариуцлага тооцлоо. Харин мань эр албан тушаалын зөөлөн сэнтийдээ хоргодон, хоргодон хэл ам хийж байгаа нь түүний мөн чанарыг улам тодотгож байна.

Мөн нутаг орон, хүн ард, өөрийн хариуцсан ажилдаа хоноцын сэтгэлээр ханддаг ийм ноёдын нэг нь Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан юм. Түүнийг төсөл тендертэй холбоотой асуудлыг дур мэдэн шийддэг, намын харьяаллаар олон зуун хүнийг ажлаас нь халсан хэмээн буруутгадаг. Тиймээс ч Гылымханыг огцруулах жагсаал цуглаан аймгийн төвд тасралтгүй үргэлжилж байна.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!