Эрүүл мэндийн сайд үр дүнгүй мэдээлэл хийв

Эрүүл мэндийн яамныхаа албаны мэдээллийн цаг дээр төдийлөн үзэгддэггүй сайд Т.Мөнхсайхан олон түмний амралтын цагаар буюу өнөөдөр /2020.01.02/ оройн 18:30 цагт мэдээлэл хийв.

Эрүүл мэндийн сайдын гэнэт зарлагдсан шууд мэдээллийн зар хүмүүсийг хэсэг түгшээсэн нь нууц биш. Юу болов, яасан юм бол гэх түгшүүр төрүүлсэн олны хүлээлтэд тэр харин тодорхой бус, тэртэй тэргүй өргөн олноороо мэдэх болсон мэдээллийг л давтав.

Тэгсэн хэрнээ мэдээлэл нь нэг нэгийгээ үгүйсгэж, ойлгоход бэрх боллоо. Тухайлбал, мэдээллийн эхэнд сайд “Сүүлийн хоёр хоногийн дотор Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомт болон өмнө илэрсэн бусад голомттой холбоогүйгээр 4 голомт илэрлээ. Үүнд, Мөнххада компанийн ажилтнууд, БЗД-ийн иргэдийн өргөтгөсөн шинжилгээнээс илэрсэн гэр бүлийн хоёр, мөн шинжилгээнээс илэрсэн гэртээ ганцаар байдаг өндөр настан, Баянгол дүүргээс сайн дурын цэгт шинжилгээ өгсөн иргэн гэхчлэн 4 голомт, тэдгээрээс хамаарсан нийт 18 тохиолдол олон нийтийн дундаас илрэв” хэмээсэн.

Гэтэл уг мэдээллийнхээ араас БЗД-ийн иргэдийн өргөтгөсөн шинжилгээнээс илэрсэн гэр бүлийн хоёр болон Баянгол дүүргийн иргэний халдвар авсан эх үүсгэл нь БЗД-ийн эмнэлгийн голомт болох нь тогтоогдлоо гэж өмнө дурьдсан 4 голомтынхоо хоёрыг няцаав. Тэгсэн атал тэднээс улбаат гэхчлэн тодотгосон 18 тохиолдлыг битүүлэг орхисон нь Мөнххада компани болон гэртээ ганцаар амьдардаг өндөр настны хавьтлууд мэт ойлголтыг үлдээлээ.

Энэ бүгдээс гадна Амар зочид буудалд тусгаарлагдаж байсан 7 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд иргэд гаднаас ирэхдээ халдвартай ирсэн үү, эсвэл тусгаарлагдах явцдаа халдвар авсан уу гэдгийг тогтоох ажил хийгдэж байна гэлээ. Тэгэхээр энэ 7 иргэн тусгаарлалтын хугацаандаа халдвар авсан бол мөн эх үүсгэл тодорхойгүй дахин нэг голомт болж тоологдох биз. Гэхдээ сайдын цаг гарган өгсөн дээрх мэдээллүүд хэдийнэ иргэдийн мэдэх болсон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэнтээ цацагдчихсан билээ.

Харин зорилго, юу хэлэх гэсэн нь тодорхойгүй эл шууд мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр долоо хоногтоо 1-2 удаа Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлэлд өөрийн биеэр оролцож байхаа мэдэгдэв. Тэгэхээр эрхэм сайдын олон нийтийн амралтын цагаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болон ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал нарыг байлцуулан гэнэт зарласан лайв мэдээллийн зорилго нь төгсгөлд хийсэн эл мэдэгдэл төдийхөн л байсан байж таарах нь…

Орчуулах »