Иргэдийн төлөөлөгчдийн эрх мэдэлд хяналт тавья

0
36

Хайран мөнгө. Ингэж халаглах ч багадна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг байсныг Шилэн дансны буянаар ил болгосон. УИХ-ын гишүүдээс өндөр цалинтай Иргэдийн төлөөлөгчид гэх албан тушаалд олноороо шунадгийн учиг энэ аж. Цалин гэж элдэв суутгал төлөхгүй, тойргийн хөрөнгө оруулалт гэсэн нэршилгүй тул тайлан бланс хөтлөх шаардлагагүй. Шулуухан хэлэхэд, сул мөнгө.

Хэдэн жил ингэж, хичнээн хүн хөрөнгөжсөнийг бүү мэд. Ямартай ч шаазан аяганы тусламжтайгаар нууцхан хөрөнгөтнүүд ил болсон нь энэ. Олны шүүмжлэл өрнөхтэй зэрэгцэн тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг зогсоохыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт үүрэгдсэн. Зүй нь тухайн үед ганц энэ мөнгөнөөс гадна Бразиль явж хөл бөмбөг үзсэн асуудал ч бий. Иймээс нийтийн шүүмжлэлээс дайжиж, ийм шийдвэр гаргасан хэрэг.

Өдгөө НИТХ-ын төлөөлөгч улиралд 10 сая, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 5 сая төгрөгийн урамшуулал авдаг. Тодруулбал, Нийслэлийнх нь сард 3.3 сая, дүүргийнх нь 1.7 сая төгрөгийг халаасладаг гэсэн үг. УИХ-ын гишүүдийг тойрогтоо юм хийсэнгүй, алх, хадаас эвлүүлсэнгүй гэж шүүмжилдэг бол Иргэдийн төлөөлөгчдийг хэн ч анзаардаггүй. Бор зүрхээрээ бусдын төлөө байдгаа барж, гутлаа ханзартал явдаг мэтээр сэтгэх нь ч бий. Гэвч үнэгүй хайр гэж байдаггүй бололтой. Бяцхан тоо бодож үзье. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Ингэснээр 450 сая төгрөгийг урамшуулалд олгодог. Жилд 1.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлөөлөгчдөд олгодог байх нь. Эдийн засаг хүндэрч, улсын төсөв хүнд, цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрлээ л гэнэ. Үнэхээр иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, талх таллаж идэх дээрээ тулсан нь энэ бүхнийг баталгаажуулна.

Харамсалтай нь жилд хангалттай нэг цэцэрлэг барьж, ашиглалтад оруулчихаар хөрөнгийг төлөөлөгчид гарын салаагаараа урсгаж суугаа нь энэ. Тэд ганц энэ урамшууллыг авах гэж төлөөлөгч гэх сэтэрт улайрдаг гэвэл худал. Хажуугаар нь бизнесээ цэцэглүүлэх, тендер завших олон арга ухаанаар халаасаа түнтийлгэж, гишүүний сонгуульт ажлынхаа хөрөнгийг ч босгоод амждаг нь нууц биш.

Нийслэлийн төлөөлөгчдөөс гадна дүүрэг гэж бий. Ганц жишээ татахад, Баянзүрх дүүрэг гэхэд 41 төлөөлөгчтэй. Нэг төлөөлөгч улиралд 5 сая төгрөгийн урамшуулал авна. Өөрөөр хэлбэл, улиралд 205 сая төгрөгийг урамшуулалд урсгадаг. Жилд 820 сая төгрөг. Нийслэл 9 дүүрэгтэй. Дүүргүүдийн төлөөлөгчдийн урамшуулалд жилдээ долоон тэрбум төгрөг төсөвлөдөг гэсэн үг. Үүн дээр орон нутгийнхныг оруулбал, тоймгүй тоо гарна.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!