Драгууд Туулын усанд туйлж Заамарынхан уух усгүй уйлж байна

0
65

Алтыг нь аваад авдарыг нь хаясан жишээ Заамарт хэдэн зуугаараа байна. Өрмийг нь аваад хусмыг нь хусчихсан нүд халтирам дүр зураг Заамарын шаргал хөндийд тоолохын эцэсгүй их юм. Эхний балаг арилаагүй байхад Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөр наймганд ХҮ020880 тоот бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг “ Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон нь тус нутгийг зорих шалтгаан болсон юм.

Уг  хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин өнгөрөгч есдүгээр сараас эхлэн нийслэл болон орон нутагтаа жагсаал зохион байгуулж эсэргүүцсэн. Тэдний хэлж ярьж байгаа нь “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээж буй. Тус суманд 1993 онд улс орны эдийн засаг хүнд үед “Алт -1” хөтөлбөр хэрэгжсэн. Тэр үед Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож тус хөтөлбөрийг үг дуугүй хэрэгжүүлсэн ажээ. Нийтдээ 90 -ээд мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлосон нь эдийн засагт сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин сумын хөгжилд дорвитой нөлөөлж чадаагүй. Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө их, малын бэлчээр үгүй болж, 20 гаруй булаг шанд ширгэж Тосон Заамар өнөөдөр шороон заамар болсон гашуун түүх болон үлдсэн. Тиймээс эрүүл үлдсэн жаахан газар нутгаа дахин уул уурхайн золиос болгохгүй гэж тэд ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн байв. Сумын ИТХ-аас Төмөстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628.5 га, Өвөр наймганы 15541.08 га талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргаж АМГТГ-т болон Төв аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн аж. Мөн уг газрыг сум, аймгийнхаа тусгай хэрэгцээний газарт авч хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Сум, баг, аймгийн ИТХ-аас дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсээр атал Өвөр наймганы 15541.08 га газрыг “Эрдэнэсийн эрэг” хэмээх компанид хайгууль хийх зөвшөөрлийг хууль бусаар олгосон нь ийнхүү асуудал дагуулсаар. Заамар сумын малчид “Зуд болдоггүй Бор булан, ган болдоггүй Тосон заамар” хэмээн нутгаа дээдэлж үлдсэн жаахан газраа үр хүүхэд хойч үедээ бүтнээр үлдээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэнэ” гэдэг байр суурьтай аж төрж байна.

Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа: КОМПАНИЙН НУУЦ ЭЗДИЙГ ИЛ БОЛГОНО

– Засгийн газраас Заамарт өмнө “Алт-1 “ хөтөлбөр хэрэгжүүлснээр өнөөдөр ямар нөхцөл байдал үүссэн, сум орны хөгжил, ард түмний аж амьдрал дээшилсэн үү гэдэгт судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр “ Алт- 2 “хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү гэдэг шийдвэр гаргах ёстой байсан. Хамгийн наад зах нь 1968 онд баригдсан 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг өргөтгөх асуудлыг өдийн болтол шийдэж өгөөгүй. Өнөөдөр 750 гаруй хүүхэд суралцаж даац нь хэтэрсэн. Гэтэл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газраас 15.500 га газрыг “ Эрдэнэсийн эрэг” гэдэг гадаад худалдаа, уул уурхайн сургалт явуулдаг компанид өгсөнд бид үнэхээр харамсч байна. Багийн ИНХ, сумын ИТХ, аймгийн хурлаас энэ газар нутагт шинээр уул уурхайн хайгуулийн зөвшөөрөл олгохгүй гэж тусгайлан заалт оруулж өгсөөр байтал нутгийн өөрөө удирдах байгууллагын энэ шийдвэрийг үл тоож зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, компанийн нууц эздийг ил болтол нь тэмцэнэ.

Төмөстий багийн малчин С.Эрдэнэцогт: “ ЭРДЭНЭСИЙН ЭРЭГКОМПАНИД ӨГСӨН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ ЦУЦАЛ

-“Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээр Заамарын ар өвөр хөндий тэр чигтээ сүйтгэгдэж бэлчээрийн газар нутаг үгүй болж, булаг шанд ширгэж, ургамал ногоо нь устсан. Гэтэл дахин “ Алт-2” хөтөлбөрөөр үлдсэн жаахан өвөр хөндийг ухах гэж байгааг малчид бид эсэргүүцэж байна. Ар хөндийн малчид бэлчээрийн газаргүй болж уулын орой дамжиж, өвөр хөндийд ирцгээсэн. Бид дуугүй хүлцэнгүй явсаар газар нутгаа алдаж байна. Тиймээс “Эрдэнэсийн эрэг” гэдэг компанид өгсөн тусгай зөвшөөрлийг цуцал.

Нутгийн иргэдийн санаа бодол дээрх иргэдийнхтэй ижил төстэй байв. Тэдний үг нутгаа бүтэн авч үлдэх гэсэн эрмэлзэл дээр зангилагдаж байлаа.  Бидний аялал Заамар сумын “Хэрмэн дэнж” хэмээх түүхийн улбаа, байгалийн сайхан бүрдсэн тогтоц газраас эхэлж “Мон дулаан” “Монполитет” зэрэг алтны уурхайн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжлэв.

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Монполимет” компанийн нэрийг сонсоогүй хүн ховор биз. Энэ эмх замбараагүй хөрс, усны гамшиг дунд үйл ажиллагаагаа тасралтгүй 20 гаруй жил явуулж байгаа Монполиметийнхан 228 га талбайд 66 мянган мод тарьжээ. Таван зүйлийн төгөл, нэг том нуур байгуулсан гэдгийг аялалын багийнханд хэлнэ билээ. Сайн жишээ. Сайн ч ажил. Үнэхээр болж байна. Үүнийг сонсоод тэрүүхэндээ л баярласан. Цаг төр хүнд байсан гэгддэг 1994 оноос эхэлж уул уурхайд эмэгтэй хүнээс гарамгүй зориг зүрх гаргаж уулын ажлын хүндийг арьс махаараа туулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хувь тавилан, хөдөлмөр бүтээл, зориг тэнхээг магтмаар. Хариуцлагатай уул уурхай гэх үг монголчуудын амнаас байнга шахуу унадаг болсон тэр үеэс үүргээ ухамсарлаж Заамарын хөндийд мод тарьж өөрсдийн гэсэн хөрс сайжруулах технологийг судалж нутагшуулж байгааг сайшаамаар байна. Гэвч уучлаарай гишүүнээ. Танай уурхайн үйл явцыг газар дээрээс нь нүдээр очиж харсан хүний хувьд дуугүй сууж чимээгүй өнгөрч боломгүй зүйл нэг бус нэлээд байгааг анзаарлаа. Хэдийгээр Заамарын элэгээр нь эргүүлчихсэн байгаа газарт алт ухах эрх бүхий лицензтэй үндэсний томоохон аж ахуйн нэгж компаниудаас “Мондулаан”, Монполимет” гэх хоёр компани нөхөн сэргээлт гэх хариуцлагагүй уул уурхайд нүүрлээд буй мартагдаж орхигдсон сэдвийг сэргээж сэдэл төрүүлэх хэмжээний ажил эхлүүлсэнийг энд дурдаж болох ч мандуулан сайшааж болохгүй ажил танайд өрнөж байна. Тэр нь Туул голын тэхий дунд ажиллах дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усны “мангас” драгтай холбоотой юм. Драг гэж юу болохыг ойлгож ядан суугаа уншигчдадаа тодруулахад Драг гэдэг нь алтаа ухах, угаах, ялгах зэрэг бүх ажлаа өөрөө гүйцэтгэдэг дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээтэй усанд хөвөгч техник гэж ойлгож болно. Нутгийн залуус драгийг “мангас” гэх юм билээ. Драгийн насжилтыг тэртээ XIX зуунтай холбож уул уурхайн салбарт хамгийн хоцрогдсон, байгальд ээлгүй энэ технологи Монполиметэд гурав ажиллаж байгаа гэв. Ц.Гарамжав гишүүнээ та хуулийг санаачлан боловсруулж, иргэдийн хууль сахих эрх хэрэгжихэд анхаарч ажиллах хамгийн дээд шатанд нь сонгогдсон төрийн түшээ хүн. Тэгвэл өнөөх “урт нэртэй” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль таны үүсгэн байгуулж удирддаг компанид хамаарахгүй байна.

Заамарчууд аялалын эхэнд “Туул голын голдирол алдагдсан. Үйл ажиллагаагаа явуулж байгаа уурхайнууд Туул голын усыг хоолойгоор татаж авчираад өөр өөрийн талбай дээр нуур үүсгэж шороогоо угааж байна. 500 метр газарт таван ийм буу ажилладаг. Мөн энд өндөр хүчдэл, эрчим хүчний хүрэлцээ муу байдаг. LCD зурагт авчихаад одоог болтол асааж үзэж чадаагүй айл ч байна. Цахилгааных нь чадал тэр хэмжээнд муу. Энэ бүхэнд мөн л өнөөх том том техник ажиллуулдаг алтны компаниуд буруутай. Ус, цахилгааных нь төлбөр дээр улсаас дорвитой үнэ нэмэх бодлого барихгүй бол гүний болон хөрсний усаар “тоглож” байна. Монполиметийн драгуудын балаг ундны усанд аюул заналхийлээд өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажиллаж байна. Туул голын голдирол өөрчлөгдөх, бохирдолтынх нь хэмжээ нэмэгдэж, урсац нь өвдөгөөр татах хэмжээнд очсон нь Монполиметийн драгуудтай холбоотой” хэмээн гомдоллосон. Үнэний ортой юм билээ. Ган, зуд болдоггүй байсан Заамарт цаг агаар, хөрс ус, хүн малгүй “туйлджээ”.

Цагаан шороо босч шуурдагаас болж тоосжилт хэрээс хэтэрчээ. Үүл буудахгүй л бол бороо орохоо байжээ. Ургамалын гарц муудаж үхэр мал нь цаанаа л нэг турьгүй болжээ. Туул уйлж арван салаа болон урсац, голдирол нь өөрчлөгдөж. Нэгэнт голдирол нь өөрчлөгдсөн учраас хэмжээ нь ч багасчээ. Энэ мэт Заамарын унаган төрх алдагджээ.

Уг нь бол энэ сайхан нутагт 80 төрлийн эмийн ургамал ургаж, бугын сүрэг бэлчдэг байжээ. “Алт-1” хөтөлбөрийн ашиг гараагүй, балаг нь дуусаагүй байхад “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 2017 оны  37 дугаар тогтоол гарч Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгосон. Энэ асуудлаар албаны хүн ийн ярилаа.

                     О.БАТХҮҮ:Заамарын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу гарсан

Ашигт малтмал газрын тосныгазрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батхүүгээс нутгийн иргэдийн толгойны өвчин болсон тусгай зөвшөөрлийн асуудлаар тодрууллаа.

Төв аймгийн Заамар суманд тусгай зөвшөөрөл нэмж олгосон асуудал иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Уг асуудал юу болж байгаа вэ?

– Төв аймгийн Заамар сумын нутаг “Өвөр наймганы ам” гэдэг газар тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой мэдээллийг лавлаж байгаа бололтой. Анх 2017 оны нэгдүгээр сарын 13-нд Төв аймгийн иргэдийн төлөөлөгчид тогтоол гаргаад Төв аймгийн Заамар сумын нутагт Өвөр наймганы аманд 15 мянга га газар, Түмэнгийн дөрөлж гэдэг газар 5628 га талбай дээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ бидэнд ирүүлсэн.  Аймгийн иргэдийн хурал нь хуралдаад Уул уурхайн яам руу бичиг өгсөн байдаг. Тэр бичгийн дагуу Уул уурхайн яамнаас тухайн талбайг судлаад сонгон шалгаруулалт явуулах боломж бололцоог судалж ажиллана уу гэсэн чиглэл ирүүлсэн.

Тэрний дагуу Ашигт малтмал газрын тосны газраас санал ирүүлсэн хоёр талбайн координатыг шалгаж үзэхэд тухайн хоёр талбай нь Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар  тогтоолоор сонгон шалгаруултын талбайд орсон байсан. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчид нь хуралдаад тухайн сонгон шалгаруулалтад орсон талбайг тусгай хэрэгцээндээ авсан байсан.

Тэгэхээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулахад нэгдүгээрт сонгоны талбай байх ёстой. Хоёрт тусгай хэрэгцээний зорилгоор авсан гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас манайх аймгаас ирсэн бичиг, яамнаас ирсэн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалагруулалтыг нийтэд зарлах явцад “Заамар хайрхан” ТББ-аас дээрх хоёр талбай дээр сонгон шалгаруулалт явуулахыг зогсоож өгөөч гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу манайх сонгон шалгаруулалтыг тодорхой хугацаагаар түтгэлзүүлээд  асуудлыг нь шалгаад зарласан хоёр талбайгаас нэгийг нь буюу “Түмэнгийн дөрөлж” гэдэг талбайн сонгон шалгаруулалтыг нь цуцлая. “Өвөр наймганы ам”-ын сонгон шалгаруулалтыг явуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд энэ тушаалын дагуу манайх нэг талбайг нь цуцлаад нөгөө талбайд сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтад орон нутгийн өмчийн оролцотой “Эрдэнэсийн эрэг” гэдэг компани оролцсон. Тэгээд манайх шалгарсан компанид нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа.

-Гол маргаан дагуулаад байгаа асуудал нь юу байна вэ?

-Орон нутгийн иргэд энэ талбайг ашигт малтмалын зорилгоор ашиглуулахгүй. Энэ чигээр нь авч үлдэнэ гэдэг асуудал ярьж байгаа. Манай хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Засгийн газраас баталсан сонгон шалгаруулалтын талбайд орон нутгаас ирсэн саналыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ л биелүүлж ажилласан.

-Орон нутгийн иргэд байгалиа хамгаалж байгаагаар нь байлгах  хэрэгтэй хэмээн тэмцэж байна. Энэ нь нөгөө талаар хойч үедээ үлдээх өв шүү дээ?

-Яахав энэ сонгон шалгаруулалтын хувьд Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалт зарлана гэсний дагуу хийгдсэн. Мөн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн иргэдийн төолөлөөгчдийн хурлаас энэ талбайг уул уурхайн зорилгоор ашиглая. Ашиглахдаа орон нутгийн өмчийн оролцоотой компани оруулж ажиллая гэсэн шийдвэрээ ирүүлсэний дагуу л сонгон шалгаруулалт явуулж байгаа.

Тэрнээс биш Ашигт малтмалд газрын тосны газраас, Уул уурхайн яамнаас энэ газрыг зарлая. Энэ компанийг сонгон шалгаруулалтад оролцуулья гэсэн юм байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө орон нутгийн санаачлагаар хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулсан процессс. Орон нутгийн иргэдийн гомдол саналыг зөв гэхэд хэцүү, буруу гэхэд хэцүү. Төрийн байгууллагын хувьд нөхцөл журмыг нь бүгд хангаад бололцоотой талбайг нь зарлаад шаардлага хангасан компанид тусгай зөвшөөрөл олгох л ажлыг хийдэг шүү дээ.

М.МӨНХТУНГАЛАГ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!