Монгол хүний оюуны чадамжийг бататгах оньсон тоглоом

0
56

Монголчуудын бүтээлч байдал, оюуны чадамж, авхаалж самбааг илтгэх нэгэн чухал үзүүлэлт бол оньсон тоглоомын урлал, түүгээр наадах арга ухаан юм. Бидний өвөг дээдэс хүүхдийг хүмүүжүүлэх, танин мэдэх, амьдралын ухаанд сургах арга залийг үндэсний уламжлалт тоглоомоор дамжуулж бий болгосон байна. Үүнийг орчин цагийн тоглоомтой харьцуулж дүгнэх бололцоотой юм. Тухайлбал, багачуудын хамгийн их тоглодог машин, хүүхэлдэй, мөн залуусын амьдралд чухал байр эзлэх болсон видео тоглоомнууд хүүхдийг төлөвшүүлэх, оюун ухааныг нь хөгжүүлэх, амьдралын ухаанд сургах, тэвчээр хатуужилтай болгох зэрэг үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Зөвхөн зугаацуулах үүрэг давамгайлж байна. Жирийн хуванцар машинаар тоглож байгаа хүүхдэд оюун ухаанаа уралдуулах, сэтгэн бодох, төлөвших шаардлага хэрэгцээ үүсдэггүй.

Видео тоглоомын хувьд ч мөн энэ хэрэгцээ байдаггүй. Тэгвэл оньсон тоглоом маш олон давхар ач холбогдлыг агуулдаг байна. Хамгийн нэгдүгээрт хүүхэд өөрийгөө зугаацуулах хэрэгцээг хангаж буй юм. Ингэхдээ тоглохын өмнө оньсны бүтцийг судлах, хэрхэн угсрах, салгах хувилбарууд боловсруулах, тоглоомыг бүтээсэн материалын онцлогыг тооцох, тоглох явцад танин мэдэх суралцах, мэдрэмж, ур дүйгээ ашиглах, тэвчээртэй байх зэргээр хувь хүнээс шаардах чадвар өргөн хүрээтэй байдаг. Тухайлбал, хоёр модыг нэмэх хэлбэрээр оньслон холбох хамгийн энгийн тоглоом бий. Энэ нь модны дунд хэсэгт нүхлэн түүгээр шүдэнзтэй адил нарийн мод гүйлгэсэн байдаг ба түүгээр тэвхлэгдэж хоёр мод нэмэх хэлбэрээр холбогддог. Тиймээс тэвхэлсэн модыг гарын мэдрэмжээр жигд байлгаж байж модоо угсарч, бас салгадаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс мэдрэмж, анхаарал, уйгагүй байдал зэргийг шаарддаг онцлогтой тоглоом юм.

Үүнээс гадна 673 модны оньсон тоглоом ч байдаг. Мэдээж энэ нь маш их ур ухаан, оюуны цар хүрээг шаардах нь ойлгомжтой. Ингээд бодохоор Монголын оньсон тоглоом зүгээр нэг хүүхэд зугаацуулах хэрэгсэл бус маш нарийн далд логик дарааллаар бүтдэг, шинжлэх ухааны иш үндэстэй, оюуны өндөр чадамжаар бүтээгдсэн үнэт бүтээл юм. Оньсон тоглоомоор тоглож өссөн хүүхэд бүрэн төлөвшиж, амьдралын далайд сэлүүр барих чадвартай болдог байна.

Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг аж. Оньс нь нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжжээ. Монгол гэр, ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг. Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн баримт байдаг. Тухайлбал, Тулуй 1221 онд Хорезмын довтолгоонд 300 чөдөр оньс хэрэглсэн байдаг аж. Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар, тэрэг, чарга энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж иржээ. Тийм ч монголчууд оньсоор дэлхийд тэргүүлдэг байна.

Энэ тухай зохион бүтээгч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий “Оньсон наадам нь нүүдэлчдийн соёл иргэншлээс үүдэлтэй. Нүүж суухын тулд гэр орон, хашаа саравч тэр бүхнээ салдаг задардаг, үхэр тэмээнд ачсан ч хялбар байхаар тооцоолж, авдар сав, эргэнэгээ хүртэл авсаархан болж салдаг хэлбэрээр хийдэг байсан. Тэр нь оньс болж хөгжсөн түүхтэй. Бүх улс орон оньстой ч монголчууд оньсоороо дэлхийд тэргүүлдэг. Яагаад гэхээр одоо хэр нь нүүдэлчний соёл иргэншлээс салаагүйтэй холбоотой. Суурин соёл иргэншилтэй орны оньс нь дундаа тасраад хүүхэлдэй, машин тэрэг болоод хөгжлөөсөө хоцорчихсон. Мөн уламжлалт оньсыг хөгжүүлж байсан урчууд, сонирхогчид ч цөөрсөнтэй холбоотой. Тиймээс монголын оньсыг гүйцдэггүй, дууриамал, арга нь хөнгөн байдаг. Үүнийг би монгол хүн болохоороо хэлж байгаа юм биш. 1958 онд байгуулагдсан АНУ-ын Лос-Анжелис хотод төвтэй Оньслох ухааны олон улсын академи гэж байдаг. 170 гаруй орныг нэгтгэсэн энэхүү академиас IPP буюу Оньс сонирхогчдын олон улсын чуулганыг жил болгон зохион байгуулдаг. Уг чуулган 2004 оны наймдугаар сард манай улсад болсон. 42 орны төлөөлөгч ирсэн. Тэдгээр төлөөлөгч “Дэлхийн аль ч орны оньсон тоглоом Монголынхыг гүйцэхгүй” гэж миний дээр хэлснийг хүлээн зөвшөөрсөн” гэсэн юм.

Манай ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна. Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадам бий. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадмаас голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястангуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий.

Оньсон тоглоомын нэг онцлог нь насанд хүрэгчдийн тоглоом дунд насныхнаас хялбар байдагт оршино. Уг нь том болох тусам тоглоом нь хүндрэх ёстой. Тэгвэл бага насны хүүхдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадвар насанд хүрсэн хүнийхээс илүү байдаг учир дагаад тоглоом нь хэцүү болдог байна. Түүнчлэн, Рубикийн шоог эвлүүлэх нь дэлхий дээрх хамгийн хүнд тоглоом хэмээдэг. Тухайлбал, тус шоог эвлүүлэх арга барилгыг хуулахгүйгээр өөрөө сэтгэн бодож олохын тулд 30 гаруй жилийг зарцуулсан тохиолдол ч байдаг. Сонирхолтой нь Монголын оньсон тоглоомууд хоёроос эхлээд 600 гаруй мод оролцуулан эвлүүлдэг тул Рубикийн шооноос хэт дахин хүнд байдаг байна. Рубикийн шоо зургаан талт нэг янз бол Монголын оньсон тоглоомуудын хэлбэр хийц хэдэн арваар тоологддог. Хамгийн сонирхолтой нь оньсон тоглоомоор монголчууд хүүхэд байхаасаа тоглож, оюун бодол нь тэлж задарснаар ямар ч оньсыг чөлөөтэй тайлж, эвлүүлсээр иржээ. Мөн Шамбалын түлхүүр гэж нэрлэгддэг есөн төмөр цагаригаар хийсэн 681 үйлдлээр орж гардаг тоглоом бий. Харамсалтай нь социализ, сүүлд ардчилал гарснаар үйлдвэрийн төрөл бүрийн тоглоомууд орж ирэх болсноор үндэсний уламжлалт оньсон тоглоом мартагдахад хүрч байна. Тиймээс оньсон тоглоомыг дэлгэрүүлэх, хүүхэд залуусын хэрэглээнд нэвтрүүлэх, олон улсад сурталчлан таниулахад анхаарах шаардлагатайг эрдэмтэн судлаачид анхааруулдаг.

Урьдын цагт монголчууд хүүхдийг тоглоомоор нь үнэлж байв. Өөрөөр хэлбэл, тоглоомоороо тоглож чадаж байгаа эсэхээс хамаарч оюун ухааны чадамж, тэвчээр хатуужлын үнэлэмж болдог. Нэг үгээр хэлбэл, нас биед хүрсэн хүмүүсийг ажил алба, үйл бүтээлээр нь үнэлж цэгнэдэгтэй адил хүүхдийг ч бас багаас нь тоглоом наадгайгаар нь дамжуулж үнэлж, дүгнэдэг байжээ. Энэ бол монголчуудын алсыг харсан, ирээдүйгээ сурган хүмүүжүүлэх асар их арга ухааны илрэл юм. Дэлхий дахинаа тоглоомын үйлдвэрлэл хөгжиж, өнгө загварын өргөн сонголттой төрөл бүрийн тоглоом үйлдвэрлэж байгаа ч Монгол оньсон тоглоомын ач холбогдолд дүйх нь үгүй. Энэ бол ирээдүй хойчоо бие хүн болгон төлөвшүүлэх арга ухааныг нэвт шингээсэн ноу хау билээ. Гагцхүү дэлгэрүүлэн сурталчилж, дэлхий дахинаа түгээх нь чухал байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!