Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна

0
56

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулах талаар хэлэлцэв. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас тус төвийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байгуулахаар болсон талаар Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогч, иргэд, ААН-үүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 952391 хүн байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.1 хувьтай байна. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинээр бий болсон ажлын байрны тоог 30 мянга, байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоог 20 мянга, түр болон цагийн ажлын байраар хангагдсан иргэний тоог 15 мянга болгож хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин 8.1-6 хувь хүртэл буурна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!