Н.Энхбаяр: Улиран сонгогдсон бол хийхээр төлөвлөсөн олон ажил байсан

0
292

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор МАХН-ын дарга Н.Энхбаярыг урьж ярилцлаа.

Таны хийсэн бүтээсэн зүйл их бий. Их өрийг тэглэсэн, газрыг хувьчилсаны төлөө Н.Энхбаярт алтаар хөшөө босгоё гэдэг үгийг таныг шүүмжлэгч Баабар хэлж байсан удаатай. Тийм байтал дахин улс төртэй хутгалдаж, элдвээрээ хэлүүлэх хэрэг байна уу. Үүний оронд улс төрийг орхичихож болдоггүй юм уу гэж асуумаар санагдаад байдаг юм. Үүнээс яриагаа эхлэх үү?

Улс төрд орьё, одоо гарья гэж төлөвлөдөггүй. Улс төрийн амьдралд нэгэнт орчихсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, УИХ-ын даргаар, Ерөнхий сайдаар, УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд улс төрөөс гарч болдоггүй юм билээ, нэгдүгээрт. Чи улс төрийг тоохгүй бол улс төр чамаар хүссэн хүсээгүй оролдоно гэж үг бий. Хоёрдугаарт, миний дараа ард түмний итгэлийг дааж сонгогдон ажил авсан хүмүүс сайн ажиллавал надад улс төрд хийх юм байхгүй. Гэвч тэд нар муу ажиллаж байна. Өр авлагыг улам нэмэгдүүлж, улс орны хөгжилд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй ард түмнийг бухимдуулаад байгаа учраас миний орон бий болоод байна. Өөрөөрөө бахархаж байгаа юм биш. Тэдний алдаа намайг улс төрд байлгаад байгаа юм. Нэгэнт улс төрд хутгалдсан учраас энэ эргүүлгээс гарахад хэцүү. Нөгөөтэйгүүр, би Монголынхоо ард түмэнд өртэй гэж өөрийгөө боддог.

Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл, улс төр намайг тавихгүй юм байна. Би бусад шиг дуугүй дүмбийж сууснаар, эсвэл сургаал айлдсанаар санаа амарч чадахгүй. Тэгэхсэн гэж бодсон ч, хүссэн ч Монголын маань өнөөгийн нөхцөл, байдал намайг зүгээр, санаа амар  суулгахгүй юм байна” гэж та хэлж байсан. Энэ байр сууриа хамгаалаж байгаа бололтой? 

Хүмүүс над дээр ирж уулзахдаа хэлдэг зүйл нь “Та асуудлыг шийдэхийн төлөө ажилла. Энэ талаар дуугараач” гэж ирдэг. Зээл аваад, байшингаа барьцаанд тавьж, өрнөөс салахаа болилоо, асуудал шийдэх гэхээр чадахгүй юм. Та үүнийг шийдэж өгөөч гээд ирдэг нь ч бий. Иймээс ард түмнийхээ шаардлагыг биелүүлэх үүрэгтэй хүн гэж өөрийгөө боддог. Мөн тэдэндээ өртэй гэж бодсоны үндсэн дээр энд сууж байна. Иймээс л та нарын хэлдгээр улс төрд эргэн ирсэн гэхэд болно.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан үед хошигноод хэлбэл таны оролцоогүй үйл явдал байдаггүй байсан гэхэд болох байх. Социологийн аль ч байгууллагын судалгаагаар таны нэр хамгийн түрүүнд байдаг болохоор “наамбар ван” гэхээр таныг хэлж байна гэж хоёргүй утгаар ойлгогдддог. Ийм хүчтэй намтар бүтээсэн хүнийг улс төрд ирүүлэхийг хүсэхгүй хэсэг бүлэг бий гэж та байнга хэлдэг. Яагаад. Улс төрийн амьд архив учраас уу. Танд хэтэрхий их нууц бий биз, бидний мэдэх болохгүй?

-Шууд хэлэхэд, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч ард түмэн маань намайг биш Ц.Элбэгдоржийг сонгосон. Гэхдээ сонгууль шударга болсон бол би Ц.Элбэгдорждоо амжилт хүсье гэж хэлэх байсан.

Та Ц.Элбэгдоржид амжилт хүссэн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа Ц.Элбэгдоржийг хүндэтгэн утсаар баяр хүргэсэн төдийгүй өрөөндөө хүлээн авч уулзаж байсан биш гэж үү?

Тухайн үед Ц.Элбэгдоржид амжилт хүссэн. 2009 оны сонгуулийн дараа хэлсэн миний үгийг санаж байгаа бол “Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүнг хүндэтгэж байна. Гэхдээ сонгуулийн үр дүн шударга байсангүй. СЕХ-ны гаргасан дүн заавал ард түмний саналын дүн байна гэсэн шууд ойлголт болж хувирахгүй. Үүний дунд хар машин, царцаа, мөнгө тараах, нэр дэвшигчийн материалыг устгах гээд олон луйвар байгаатай эвлэрч чадахгүй” гэж хэлсэн.

Олон хүмүүс таныг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд оролцуулаагүй учраас өөрийг тань Төрийн тэргүүн болгосон намаасаа гарсан гэж ойлгодог. Гэвч та Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тэр гомдлоо өнөөдрийг хүртэл сэтгэлээ тээж явдаг юм уу. Яагаад заавал та улиран сонгогдох ёстой гэж?

2009 оны сонгуулиар ард түмнийхээ дэмжлэгийг авбал хийж бүтээхээр олон ажил төлөвлөсөн байсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээг Монголд ашигтай байгуулчихья. Тавантолгойг төрдөө авч, ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшилд төслийг ашиглая гэж бодож байлаа. Энэ бүх ажил маань 2009 оны сонгуулиас хойш буруу эргэсэн. Оюутолгойгоо бид тавиад туучихлаа. Хэдийгээр Тавантолгойг төрдөө авсан боловч үнэн хэрэгтээ тодорхой хэсгийг нь хувийнхан хуйвалдан халааслаж, ард түмэнд наалдаж байгаа юм алга. Тиймдээ ч ард түмэн бухимдсан хэвээрээ байна. Байгалийн баялгийн хуваарилалт тэгш бус. Тиймдээ ч Н.Энхбаяраа “Чи ажлаа гүйцээ” гэсэн дохио гэх үү шаардлага байгаад байдаг. Тэгэхээр энэ ажлаа би гүйцээх ёстой.

-Ерөнхийлөгч болохын төлөө хүчээ шавхан үздэг тань үүнтэй холбоотой гэж үү?

-Хэрэв дөрвөн жилд улиран сонгогдож, ажилласан бол өнөөдөр би ийм, ийм юм хийсэн гээд хэлээд суух байлаа. Би том асуудлуудыг шийдэх гэж ажилласан. Заримыг нь өөрөө өмнө нь дурьдлаа. Гэвч дутуу үлдээсэн зүйл их бий. Дутуу ажлаа гүйцээх хэрэгтэй байна.

Гэвч энэ бүхэн хэнд ашигтай гэж..?

Надад биш. Энэ бол миний хувийн ажил биш юм. Энэ бүх алдааг засч залруулах шаардлагатай. Мэдээж намайг зайлаад өгөөсэй, улс төрөөс холдоосой гэж хүсдэг хүмүүс бий. Тэр нь Оюутолгойн асуудлыг буруу шийдсэнийг засчих вий, Тавантолгойг хувааж өвөртөө оруулчихья гэж бодож суугаа хүмүүсийн айдастай холбоотой. Ингэж айсан нөхдүүд энэ нөхөр зайлаасай, битгий орж ирээсэй гэж хүсдэг. Тэгвэл Оюутолгой, Тавантолгойг одоогийн байгаагаас нь өөрөөр Монголд, Монголын ард түмэнд ашигтай болгочих учраас. Мөн шүүх, хуулийн байгууллагын тогтолцоог засах байх гэсэн айдас.

Энэ бол хараат шүүхийн байгууллага байгаагийн баталгаа

Хууль, шүүхийн байгууллагад өнгөрсөн хугацаанд хангалттай шинэчлэлт, өөрчлөлт хийгдэж байгаа биш гэж үү. Харьцангуй салхи оруулсан газар гэж нэрлэх нь ч бий шүү дээ?

Шүүх, хуулийн байгууллагыг хараат бус болгох хэрэгтэй. Энэ байгууллагууд шударга бус байхад ард түмэн хохирдог. Харин албан тушаалтнууд хождог. Хулгайлсан мөнгөө тэр хүмүүс хараат шүүхээр хамгаалуулж, эсвэл хийсэн гэмт хэргээ шалгуулахгүй байж чадаж байна шүү дээ. Шалгасан ч юм олж чадахгүй болгож чадаж байна.

Жишээ…?

Ганцхан жишээ хэлье. Хэн нэгэн хүнийг муулж байгаа юм биш. Хэн Засгийн эрхэнд байна, тэр хүнд хууль шүүхийн байгууллага ажилладаг юм байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас бичлэг алдагдсан. Алдагдсан биш өөрсдөө алдсан. Түүнээс биш МАХН эсвэл АН нууц бичлэг хийж, тараасан юм биш. Дотооддоо ярьсан атлаа бичлэг хийж сүүлд нь тэрийгээ алдсан. Миний ойлгож байгаагаар хоорондоо муудалцаад нөгөөх нь нэгнийгээ хорлохын тулд эсвэл хариугаа авахын тулд тэр бичлэгийг гадагш нь гаргасан. Тэр бичлэг маш ноцтой. МАН-ын удирдлагуудын сонгуулийн зардал босгосон гэх 60 тэрбум төгрөгийн тухай бичлэг. Төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөгийг босгож сонгуульд зарцуулаад сүүлд нь мөнгө авсан хүмүүсээ ажилд нь томилно. Тэдгээр хүн ажил дээрээсээ зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж авах ийм жишээг тэнд ярьсан байсан. Тухайн үед АН Засгийн эрхийг барьж байсан тул хууль шүүхийн байгууллага энэ хэргийг шалгаад бичлэгийн дуу хоолой мөн байна гэдгийг тогтоосон. М.Энхболд, Ц.Сандуй болон МАН-ынхны ярьсан яриа мөн байна гэж шинжээч тогтоосон юм шүү. Улмаар хуулийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн. Сонгууль дууссан. МАН сонгуульд ялсан. Шинжээч “Өө биш байна. Энэ бол эвлүүлэг” гэсэн дүгнэлт гаргаж, хуулийн байгууллага хэргийг шалгах шаардлагагүй гэж үзсэн байх жигшээтэй. Ингээд хэрэг хаагдсан. Энэ бол хараат шүүхийн байгууллага байгаагийн баталгаа. Ямар ч хариуцлага яригдаагүй.

Хэрэг хаагдсан байхад ямар хариуцлага яригдана гэж?

Үнэхээр бичлэг мөн бол хариуцлага хүлээх ёстой. Хэрэв бичлэг биш юм бол хэн тэрийг эвлүүлсэн гэдгийг нягталж, шалгах учиртай. Улмаар бусдын нэр төрд халдсан гэдгээр хариуцлага тооцох ёстой. Гэтэл хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хэрэв үнэхээр ч эвлүүлэг юм бол яагаад шалгаж, хэн ийм хэрэг хийснийг тогтоохгүй байгаа юм. Тэгэхээр хууль шүүхийн байгууллага шударга биш байна. Үүнийг засах хэрэгтэй. Энэ гажуудлыг засахгүй бол ард түмэн хохирч, цөөхөн хэдэн албан тушаалтан хожоод байдаг. Энэ нь эргээд Монголд шударга ёс алдагдаж, ажлын байр алга болоход ч нөлөөлж байна.

Ажлын байр үүнээс болж алга болж байна гэхээр хэтэрхий өрөөсгөл юм биш үү?

Ажлын байр яагаад алга болсон гэхээр нөгөө мөнгө авсан хүмүүсээ ажилд авахын тулд төрийн жинхэнэ албан хаагчдыг  хомроголон халж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган хүн халагдлаа. Тэдгээрийн зарим нь эх орондоо үлдэж, бусад нь гадагшаа дайжиж байна. Монголдоо монгол хүн шиг тавтай тухтай, амар тайван, ажилтай, орлоготой амьдрах бололцоог хааж байгаа учраас үүнийг шийдэхгүй бол болохгүй. Монгол Улс ч хөгжихгүй.

Та ч бас эрх баригч намын дарга, бас Ерөнхийлөгч байсан. Таны үед ч ийм байсан биз дээ?

Миний үед хуулийн байгууллагад даалгавар өгч байгаагүй. Тийм зүйл огт боддог ч үгүй байсан. Ер нь бид хоёр, гурван юмыг боддоггүй байж. Өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй гэж бодож байгаагүй. Орно л биз дээ. Хамгийн гол нь ялах нь чухал. Ялахын төлөө яаж ажиллах уу, пиараа яаж хийх үү, хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн харьцах уу, ямар сэдэв гаргаж ирэх үү, сүлжээгээ яаж байгуулах уу, ард түмэнтэйгээ яаж уулзах уу гэсэн юм боддог байлаа. Түүнээс биш  өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүйн тулд хууль шүүхийн байгууллагаар зориуд хэлмэгдүүлж, өмч хөрөнгийг нь булаах, эрхийг нь хасах, эрх чөлөөг нь хязгаарлах алхам хийнэ гэж ой тоонд ордоггүй байж. Хууль шүүхийн байгууллага тусдаа биеэ даасан элдвийн даалгавар ч авдаггүй байлаа. Харамсалтай нь, хуулийн байгууллага үүнийгээ итгэл үнэмшил болгож чадсангүй. Улстөрчид ч албан тушаалаа далайлган хууль шүүхийн байгууллагынхныг дуудаж загнадаг, нөгөөдүүл нь ч амархан бууж өгдөг байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр ийм харилцаа тогтчихжээ.

Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар оруулж ирсэн юм

МАХН-ын нэрийг солих талаар анх санаачилсан хүн нь та. Тухайн үедээ Монгол Ардын Хөдөлмөрийн нам нэртэй болгох гэсэн талаар барин тавин ярьдаг. Гэтэл яагаад энэ байр суурьнаас ухарсан юм бэ?

1996 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан юм. Тухайн үед ялагдлыг яаж ялалт болгож хувиргах талаар намынхантайгаа зөвлөлдлөө. Нэгдүгээрт, үзэл бодлоо тодорхой болгох асуудлыг хөндсөн. Тухайн үед төв үзэл гэж байлаа. Ямар үзэл нь ойлгогддоггүй. Тухайн нөхцөл байдлаасаа болж яаж ч тайлбарлаж болох тийм үзэл.

Нагаржуна байх аа?

Бидний нэрлэдгээр халзан Да.Ганболд шоглож нагаржуна үзэл гэдэг л юм. Төв үзэл гэдэг аялдан дагасан өөрийн үзэл бодол, байр суурьгүй байдал. Энэ бол үзэл биш л дээ. Магадгүй тухайн үед нийгмийн байдал их хүчтэй байсан учраас шууд ямар нэгэн үзлийг сонгож чадахгүй завсрын байдлаар аялдан дагах шаардлага гарсан байж магадгүй. Гэтэл энэ нь цааш өсөж хөгжих, зам мөрүүдийг хаасан. Тиймдээ ч  1996 оны сонгуульд ялагдсаны нэг үндэслэл гэж үзсэн.

1996 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нам сонгуульд ялагдсан шалтгааны үндэслэл нь нэр. Нэрийн тухайд бодох зүйл бий. Үнэнийг хэлэхэд, гадаадад “хувьсгалт” гэдэг үгийг нийгмийн хөгжлийг хүчирхийллийн аргаар шийдэх явдал, ард түмнийг ангид хувааж, аль нэг анги бүлэг өөрийн диктатурыг тогтоох явдал гэсэн ойлголт хэвээр байна. Манай намын гишүүдийн дотор ч ийм бодолтой хүн олон бий. Удахгүй болох МАХН-ын Их хурлаар энэ асуудлыг зориг гарган шийднэ гэж бодож байна” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хувьсалт гэдэг үгийг авч хаях санаа эртнийх юм биш үү? 

Нам ялагдсан хоёрдугаар шалтгаан нь нэр байж магадгүй гэж үзсэн. Гуравдугаарт, гишүүнчлэл, дөрөвдүгээрт, идэвх санаачилга, тавдугаарт, санхүү, гадаад харилцаа гэсэн судалгаа гарсан юм. Ингээд нэрээ өөрчлөх үү гэдгийг намын хамт олон ярьсан. Эцэст нь намын нэрийг өөрчлөхөө больё гэсэн шийдэлд хүрсэн юм. Би тухайн үед нэрээ өөрчлөх ёстой юм болов уу гэж бодсон ч хамт олон “Үгүй” гэсэн. Би ч нэрийг өөрчлөх шаардлагагүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл 2010 онд хамт олон үгүй гээд байхад хүчээр өөрчилсөн. Улмаар хамт олныхоо саналыг дагах уу, эсвэл дарга нарыг үгийг үг дуугүй дагах уу гэх сонголт тулгарсан. Хувьсгалт гэдэг бол түүхэн нэр. Яагаад түүхэн нэр гэхээр 1924 онд бий болж, өнөөг хүртэл явж байгаа энэ үгийн цаана мэдээж алдаа дутагдал бий. Гэхдээ оноо нь их. Үнэхээр ч бид хувьсгал хийсэн. Соёлын, аж үйлдвэрийн, боловсролын, эрүүл мэндийн хувьсгал хийсэн. Тухайлбал, боловсролын хувьсгалаар нийтээрээ бичиг үсэгтэй болсон. Аж  үйлдвэрийн хувьсгалаар Эрдэнэт, Дархан хот аж үйлдвэрийн комбинат, Хан-Уул дүүргийн ажилчдын райн бий болсон. Инженер техникийн ажилтнуудтай боллоо. Хувьсгалыг заавал буу шийдэм барьж хийдэг юм биш. Энэ үгний цаана тусгаар тогтнол, бүхэл бүтэн шинэ Монгол Улс бий болсон. Хувьсгал гэдэг үгийг авч хаясанаар тэр түүх хааччихав гэж.

Хувьсгалт гэдэг үгийг оруулсан хуулийн төслийг хүртэл тухайн үед хоёр намын тохиролцооны үндсэн дээр баталж байсан гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

1996 онд миний бие МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 1997 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Тухайн үед “Ардчилсан холбоо эвсэл” сонгуульд ялалт байгуулж, УИХ-д 50 суудал авсан үе. Гэтэл Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар хуулийн төсөл санаачлан боловсруулж, батлуулахаар оруулж ирсэн юм.

Ямар хууль?

Хувьсгалт намтай холбоотой аливаа үгийг хэрэглэж болохгүй гэсэн заалт. Мөн энэ тухай архивийг устгах ёстой гэсэн ухагдахуунтай санал тавив. Манайхан бөөн юм болж, хурал хаяж байж хувьсгалт намтай холбоотой түүхийг бүтнээр нь авч үлдсэн юм. Архивыг ч устгуулаагүй. Авч үлдэхдээ бүр Улсын архивын нэг хэсэг болгож, намын биш улсын архив болгох ёстой гэсэн хуулийг зөвшилцөж хийсэн. Тэр утгаараа хувьсгалт нэртэй, үгтэй холбоотой түүхийг хамгаалах хүсэл эрмэлзэл 1996, 1997 оноос бий болсон. Гэтэл 2010 онд хувьсгалт гэсэн үгийг авч хаяхад нь зүгээр ч нэг уурласан юм биш. “Тэрэлжийн тунхаг” гэж гарахад нь намынхаа удирдлагууд, гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан. Ингэж болохгүй, буруу байна, бодооч гэж. Дараа нь намын удирдлагуудтай уулзлаа. Намын нэрийг өөрчлөх нь буруу, алдаа гаргах гээд байна. Асуудал нэрэндээ байгаа  юм биш харин үйл ажиллагаа, ард түмэнтэй харилцах харилцааны соёл, үгүй дээ гэхэд намынхаа нэр дэвшигчийг өөр намынхантай нийлж унагадаггүй байх тэр улс төрийн соёл намын нэр хүндийг унагаж байна гэдгийг тайлбарласан.

Тухайн үед намын удирдлагууд тань юу гэж хэлсэн юм бэ?

Арай дуугүй бай гэж хэлээгүй. Гэхдээ хийдгээрээ хийнэ гэсэн. Би хамгаалдгаараа хамгаална л гэсэн. Ийм л юм болсон.

МАН хаашаа явсныг би мэдэхгүй

Гэвч таны энэ зөрүүд зан гэх үү, эсвэл өөрийнхөө байдал тань намаа хагалган бутаргахад хүргэлээ шүү дээ. Сонгуулиар нэгнийхээ саналыг илт хувааж, АН-д боломжийг бий болгож байна. Энэ бүхэнд та ямар хариулт өгөх вэ?

Зарим нь санал хуваалаа, намыг хагалган бутаргалаа гэж ярьдаг л юм. Яг өөрийн тань хэлснээр. Үнэн хэрэгтээ бид буурин дээрээ үлдсэн. Тэд харамсалтай нь яваад өгсөн.

Хаашаа..?

Хашаа яваад өгсөнийг нь бүү мэд. Ирээдүй рүү явсан бол сайн байна гэхсэн. Гэвч тэд ухарсан. 19911 онд Шанхайн хувьсгал Хятадад өрнөж байсныг хүмүүс мээдх байх. Тэр хувьсгалыг Хятадын Ардын нам хийсэн юм. Монгол тухайн үед Манж улсын нэг хэсэг байсныг түүхээс харж болно. Манж хувьсгалын нөлөө манайд их хүчтэй нөлөөлсөн. Гоминдан гэдэг чинь ард гэсэн утгатай үг. Гэтэл энэ нэрийг сэргээсэн нь урагшлах биш ухарсан алхам юм. Тухайн үедээ ч би үүнийг хэлж, шүүмжлэлтэй хандсан. Намын 24 дүгээр намын их хурал дээр “Та нар зааланд алга ташаад олонх болж байна. Гадаа олонх болж чадах уу, үгүй юу. Хувьсгалт гэж нэрний үүссэн түүхийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас ухарсан сонголт хийх үү, урагшаа харсан сонголт хийх үү” гэдгийг хэлсэн. Харамсалтай нь ухарсан сонголт хийсэн. Иймээс би түүхээ хамгаалж, бууриа сахин үлдсэн.

Уучлаарай, үр ашиг нь юу байна?

Оюутолгойг, Тавантолгойг хамгаалахыг хичээсэн. Харамсалтай нь ийм боломж олгосонгүй. Эцэст нь МАН, АН үгсэн хуйвалдаж, нэгнийгээ хянадаг, хэлдэг юм байхгүй боллоо. Тиймдээ Н.Энхбаяр гэдэг нөхөр Оюутолгой, Тавантолгойг төрд, ард түмэнд ашигтай хэлбэрээр явуулах саналтай байгаа учраас улс төрөөс гарах ёстой гэж үзсэн. Улс төрөөс гаргахын тулд хамгийн шилдэг хувилбар нь орон шоронд оруулах, хэрэг төвөгт хутгах арга гэж үзсэн. Харамсалтай нь, надтай хамт нэгэн цагт ажиллаж байсан нөхдүүд маань өмч хөрөнгө, мөнгө, хэдэн тэрбум ам.долларын тухай сонсоод төрөл арилжиж огт өөр хүмүүс болж хувирахыг харлаа. Хүний эрх чөлөөнд, надтай хамт ажиллаж байгаа болон манай гэр бүлийнхний эрх чөлөөнд халдахыг ч үзлээ.

Гэхдээ энэ зэргийн дайралт, шахалт шаардлага ирнэ гэдгийг хашир улстөрч таамагласан байлгүй дээ. Тийм биш бол улс төрд эргэн ирэхгүй байх байсан болов уу?

Ийм бэрхшээл тулгарч, эрсдэл ирнэ гэдгийг ойлгож байсан. Тиймдээ ч сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан. Би гэлтгүй манай гэр бүлийнхэн, хамт зүтгэж байгаа нөхдүүд ч үүнд бэлэн байсан. Тэр олон бэрхшээлийг даваад явж байна. намайг сонгуульд оролцуулахгүй, нэр дэвшүүлэхгүйн төлөө ямар их ажил хийгдэж байна, та бүхэн харж байгаа байх. 2012, 2013, 2016, 2017 оны сонгуульд оруулсангүй. Н.Энхбаярыг сонгох эсэх нь ард түмний мэдлийн асуудал. Дэвшүүлчих л дээ. Юунаас айгаад байгаа юм.

Харин тийн юунаас айгаад байгаа юм гэдгийг таниас л асуумаар байна. Тэдний айгаад нууцыг дэлгэчих цаг нь болоогүй юм уу?

Аваргыг ялж аварга болдог гэж үг бий дээ. Түүнээс биш аваргаа ямар нэгэн байдлаар шоронд оруулчихаад эрх чөлөөг нь хасч, наадмын дэвжээ рүү алхуулахгүй байхыг хэлдэггүй юм. Наадмын талбайн хаалгыг хааж түгжчихээд хоёр начин ч юм уу, заан барилдаад байхад тэр наадам сонирхолтой болохгүй.

Материал хоцруулсан гэж худлаа

МАН-аас гарсан шалтгааныг чинь одоо ч гэсэн гайхдаг. Хэрвээ та МАН-д байсан бол одоо шийдвэр гаргах, томилгоо хийх бүхий л үйл ажиллагаанд оролцох байсан даа. Н.Багабанди, С.Баяр нар шиг хөшигний араас удирдах боломж байх байсан. Эргээд хоёр нам нэгдвэл танд энэ зэргийн боломж ахиад бий болно. МАХН-аас ажлын хэсэг гарч хамтын ажиллагааны хүрээнд асуудал яригдсан ч таниас болж энэ бүхэн гацсан гэх юм билээ. Танд нэгдэх санаа байхгүй гэж ойлгож болох уу?

Хамтраад ажиллаж болно. Үүнд татгалзах юм байхгүй. Би хамтрахад хэзээ бэлэн гэдгийг хэлдэг. МАН зарим аймагт МАХН-ын хүмүүсийг сонгуульд оруулахгүй гэсэн.

Орон нутгийн сонгуулиар уу?

Тийм ээ. Жижигхээн асуудал. УИХ-ын биш Орон нутгийн сонгуульд оруулахгүй гэсэн. Манай орон нутгийнхан их гомдол тээдэг юм. Улаанбаатар хотод та нар албан тушаал хуваарилж авчихаад орон нутгийнхнаа мартчихдаг гэж.

Та намын удирдлагуудаа ингэж шүүмжилж, зэмлэж байхыг тань сонсож байсан юм байна?

Яагаад ийм яриа гарсан гэхээр намайг шоронд орж, хэлмэгдэж явах хойгуур манай намынхан АН-тай гэрээ хийж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр гэрээнд орон нутгийнхныхаа эрх ашгийг огт тусгаагүй. Ингээд нөгөөдүүл нь гомдол мэдүүлдэг. Намын даргын хувьд би энэ шүүмжлэлийг хүлээн авдаг.

Хэдэн аймаг хүссэн юм бэ, танайх?

Уг нь ч их юм биш л дээ. Ердөө дөрөвхөн аймагт. Гэхдээ тухайн орон нутагт 25-хан хувь. Болохгүй бол 20 хувь гэсэн юм. Ийм байдлаар МАХН-ын хүмүүсийг нэр дэвшүүлэх эрхийг олгох санал тавьсан. Гэтэл ямар шуналтай юм, давж даашгүй санал тавилаа  гэх байдлаар хандаж тэрийг далимдуулсан.

Танай намаас ажлын хэсгийг ахалж байсан Ч.Улаан гишүүн утсаа салгаснаас асуудал үүссэн гэх яриа байдаг шүү дээ?

Их инээдтэй юм л даа. Ч.Улаан сайд ажлын хэсгийг ахалж байсан юм. Гэтэл нөгөө талаас ажлын хэсгийг ахалж байсан Ч.Хүрэлбаатар залгатал Ч.Улаан сайдын утас дөрвөн цаг холбогдоогүй гэдэг. Би бүр гайхаад байдаг юм.

Юуг?

Юун гар утас унтарсан асуудал яриад байгаа юм гэж Ч.Улаан сайдаас асуусан чинь “ӨӨ мэдэхгүй. Миний утасны цэнэг дуусаад, өрөөндөө залгаад орхичихсон байсан” гэж хэлдэг. 500-хан метрийн наана, цаана байгаа хүмүүс нэгнийгээ олоход юу байх вэ дээ. Хүн гүйлгээд л олчихно биз дээ. Ийм жижигхэн тайлбараас болж, далим гаргадаг. Ч.Улаан нь яагаад ч тэр утсаа унтраасан юм. Ч.Хүрэлбаатар нь ч яагаад яг тэр үед залгаж таарсан юм. Ийм хачин.

Хуулийн хугацаанд хамтарсан мөрийн хөтөлбөрөө өгч чадаагүй гэх дараагийн тайлбар бий. Тэгэхээр МАН-тай хамтрах санаа танд байгаагүй юм шиг?

Аудитын газраас маргааш орой 24.00 цагт багтааж хамтарсан мөрийн хөтөлбөрийнхөө төслийг өгөхгүй бол аудит хийхэд хэцүү байна гэсэн зөвлөмж ирүүлсэн юм. Хуулиараа бол маргаашийн 24.00 цаг хүртэл гэсэн хугацаа байхгүй. Аудитын байгууллага олон намууд сонгуульд өрсөлдөж магадгүй учраас эртхэн авья гэсэн утгаар улс төрийн намуудад зөвлөмж өгсөн юм билээ. Түүнээс биш хуулийн хатуу заалт, албан шаардлага байгаагүй. Үүнийг далимдуулаад “Үгүй ээ Н.Энхбаяр дарга аа. Хоцорчихлоо. Маргааш шөнийн 24.00 цагт хамтарсан мөрийн хөтөлбөрөө гаргах болчихлоо” гэж МАН-аас ярьсан. Би “Шөнө сууя. Мөрийн хөтөлбөр ганц удаа хийж байгаа биш. Олон сонгуульд орлоо. Тэр бүхэнд мөрийн хөтөлбөрөө өөрөө хийж, засч залруулж байсан. Одоо гялс суугаад маргааш өглөө гэхэд гаргая” гэсэн. Гэтэл зөвшөөрөөгүй.

Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарласан юм бол?

Аудитын газраас ирүүлсэн зөвлөмж бол хуулийн заалт биш. Энэ хугацаанд өгөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн зүйл алга гэдгийг тэдэнд хэлсэн юм. Гэтэл “АН-ынхан муухай. Тэд Засгийн эрх барьж, хууль шүүхийн байгууллагыг хянаж байгаа учраас өчүүхэн зүйлийг далимдуулна” гэсэн. Арай үгүй байлгүй дээ. Тийм хачин байдлаар хуулийг замхруулж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл өнөөдөр МАН-ынхан Засгийн эрхэнд гарчихаад намайг сонгуульд оруулахгүйн тулд бичиг цаас хоцруулсан юм шиг худал ярьж байна.

Худал гэнэ ээ. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллээр бол таны бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй байна гэдгийг хэлж байсан?

МАН-ынхан АН-ыг шүүмжилдэг хэрнээ яг өөрсдөө тийм зүйл хийсэн. Материал хоцорсон, дутуу өгсөн зүйл байхгүй.

Чухам юу болсон юм бэ?

Хилийн цэрэг дээр намайг Монгол Улсад оршин суусан эсэх лавлагааг авахаар манайхан 23.02 цагт очсон байдаг. Тодруулбал, 24.00 цагаас өмнө. Ингээд хуулийн талаар тайлбарлаж, лавлагаа авахыг хүссэн. Хилийн цэргийнхэн “Та нөхдийн хэлсэн асуудлыг бас авч үзүүштэй юм байна. СЕХ маргаашийн дотор энэ лавлагааг ирүүл гэсэн бичиг явуулсан. Иймээс та хоёрын хүсэлтийг хамтатгаад бид асуудлыг нухацтайгаар авч үзээд маргааш 5 цагт багтааж өгье” гээд өөрсдөө биднийг явуулсан. Тэгсэн атлаа одоо 24.00 цагаас хойш гээд хуулийн хугацаа хоцруулсан юм шиг тайлбар хийж, үүнийгээ үндэслэл болгож материалаа хоцруулж өгсөн байдлаар МАН-ынхан ажиллаж байгаа юм.

Тэгэхээр энэ бүхэн МАН-ын хийсэн ажил гэж үү?

Өнгөрсөн сонгуулиар цэвэр МАН-ынхан төлөвлөж байсан ажил.

МАН манайхыг залилсан

Ингэж хардах үндэслэл бий байх. Юун дээр үндэслэж ингэж хэлж байгаа юм бэ?

МАН эргэлзэж байсан байгаа юм. Сонгууль хуучин тогтолцоогоор буюу 28 суудал нь пропорциональ, 48 нь мажоритораар явбал МАХН-тай ярихгүй бол болохгүй нь. Яагаад гэвэл санал хуваалтад өндрөөр нөлөөлнө. Харин Цэцтэй, АН-тай хуйвалдаад хуульд өөрчлөлт оруулж, жижиг 76 тойргоор сонгууль явуулбал  хүссэн хүсээгүй сонгогч ганцхан намд л саналаа өгнө. Жишээ нь, холимог хувилбараар сонгууль явуулахад Сонгинохайрхан дүүрэгт зургаан хүн нэр дэвшсэн. Сонгогч сонголттой. МАН-аас хоёр, АН-аас хоёр, МАХН-аас нэг, бие даагч нэг гэхчлэн саналаа хуваарилж болно. Жижиг 76 бол сонгогч сонголтгүй болж байгаа юм. Нэг тойргоос зөвхөн нэг л нэр дэвшигчийг дугуйлна. Хэдийгээр МАХН-д саналаа өгмөөр байсан ч эргэлзэнэ. АН-тай хариуцлага тооцмоор байдаг. Тэгэхээр МАН-д хүссэн хүсээгүй саналаа өгөх байдлаар. Үүнийг ч мэдэж байсан. Угаасаа улс төрийн шинжлэх ухаанд ганцхан нам дээр санал төвлөрдөг. Ийм гажуудал жижиг 76 тойрогт гардаг.

Бусад санал хүчингүй болох учраас..?

Бусад саналууд бүгд хүчингүй болдог. МАН сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан. Суудлын 85 хувь. Уг нь авсан санал УИХ-ын суудал болж, хувьд шилжиж тусвал сонгууль шударга байгаагийн илрэл. Ард түмний санал тусгалаа олж байна гэж үздэг. Гэтэл жижиг тойрог дээр санал өгдөг дутагдал нь 44 хувийн санал авчихаад 85 хувийн суудал авч байгаагаар илэрч байна. АН-д саналаа өгсөн 34 хувийн санал, дөнгөж 12 хувийн суудал болж хувирах жишээтэй. Манайд өгсөн 10 хувийн санал дөнгөж 1.2 увийн суудал. Ингээд үлдсэн санал нь хог дээр хаягддаг. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Тэгэхээр аль хувилбар гарахаас хамаарч, танайтай хамтрах эсэхээ шийдэхээр хүлээж байсан гэж үү?

АН-тай хуйвалдаж байсан учраас МАН-ын нөхдүүд мань мэтийгээ зальдаж, Ч.Улааны утасны дөрвөн цагийн зай дууссан ч гэх шиг. Эсвэл аудитын газрын зөвлөмжөөр 24 цагт мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадна, чадахгүй  ч гэх шиг. Орон нутгийн сонгуулиар гуравхан аймагт 20, 25 хувьд нь МАХН-ын нэр дэвшигчдийг оруулья гэхэд дааж давшгүй зүйл шаардлаа, шуналтай гэж тайлбарлаж байх жишээний. Ер нь энэ бүхний бурууг над руу чихсэн.

Далимдуулсан гэдэг үгийг та хэдэнтээ давтлаа. Тэгэхээр МАХН зүгээр л хэсэгтээ хоёр намын тохиролцоо дуустал хавчуурга, зугаа болсон гэж ойлгож болох нь ээ?

Ерөөсөө хамтран ажиллахаас буцаагүй. Хамтран ажиллая л гэсэн. Ч.Улаан сайдын гар утас дөрвөн цаг унтарсан эсэхийг би сайн мэдэхгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ч.Улаан сайдад утсаа дөрвөн цаг унтраа гэж лав хэлээгүй. Өөрийнх нь тайлбар үнэн эсэхийг ч би мэдэхгүй. Би ямар мөрдөн байцаагч шиг ажилладаг биш. Одоо үүнийг нээх ярих ч хэрэг алга. Одоо бодож байхад МАН-ынхан зальдаж байж. Тэдэнд хамтрах сонирхол байлаагүй.

Уг нь хамтарсан бол танайхаас цөөнгүй хүн УИХ-д сонгогдчих байсан байх. Та ч албан тушаалтай болох байсан болов уу?

Хамтраагүй нь ч болж гэж боддог шүү. Сонгуулиар амласан амлалтаа биелүүлээгүй шүү дээ, МАН-ынхан. Тэгэхээр тэдэнтэй адилхан Н.Энхбаяр худалч гэсэн нэр зүүх байж. Бид худлаа хэлээгүй. Харин тэд худлаа хэлснийг хэдийгээр жилийн хугацаа өнгөрсөн ч цаг хугацаа харууллаа. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж ойлгож байгаа. Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй хүмүүс эвсэх эсэхээр үнэн ярьсан эсэхийг ард түмэн хэдийнэ шүүчихсэн.

Хүнд итгэсэн шиг итгэ. Гэхдээ битгий итгэ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхад тань Б.Лхагвасүрэн таныг хүн танихдаа их муу гэж хэлж, та өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан. МАХН-ыг байгуулж байхад тань таныг дагаж ирсэн хүмүүс буцлаа. Дэргэд тань хүн тогтдоггүйн шалтгаан нь юу юм бол..?

Тэр хүмүүсийг муулмааргүй байна. Монголчууд их өөрчлөгдөж. Чингис хааны үед урваж шарвах зүйл байсан. Түүнийг өглөө босохонд нь хамаатан, садан хамтарч байсан хүмүүс нь орхиод нүүсэн тухай бий. Тэр үед Чингис хааныг буруутгаж биш харин урваж шарвасан нөхдийг хатуу цээрлүүлж, жигшиж байсан түүхтэй. Би хүн таних албагүй. Би хүнд итгэх л үүрэгтэй. Хүнд итгэлээ тэр хүн надаас урвасан бол яагаад урвасныг нь тэр хүнээс асуух ёстой.

Тэр хүмүүс хангалттай тайлбараа хийсэн шүү дээ?

Гэхдээ урвасан хүнд ямар ч тайлбар байж болохгүй. Өөрийгөө л өмөөрсөн, хамгаалсан оролдлого төдий харагдах вий. Гэвч үйлдэл нь өөрөө ямар ч тайлбарыг няцааж байна. Урваж шарвах байдал Монголд хэзээ дуусах уу гэхээр нийгэм тэр аяараа тэднийг жигшдэг болсон цагт. Манай намын нөхдүүд надад нэг даалгавар өгсөн юм. Та хүнд итгэсэн шиг итгэ. Гэхдээ битгий итгэ гэж. Тэр нь юу гэсэн үг юм бүү мэд.

Одоогийн МАН-ын удирдлагууд цагтаа таны цэргүүд, шулуухан хэлэхэд төрснөөс өөрцгүй байсан дүү нар. Эвлэж нийлээд улс төрд явах боломж байдаггүй юм байж. Тэгвэл ач хариулах тухайд та юу хэлэх үү?

Ач хариулах л ёстой. Аяганы хариу өдөртөө. Агтны хариу жилдээ гэж.

Гэхдээ та тэднээс илүү ихийг хүсээд байгаагаас эвлэж, нийлж чаддаггүй юм шиг. Эсвэл өөр зүйл байна уу?

Ойлгомжтой шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!