ТАМХИ, ТАМХИЧДЫГ ЯАХ ВЭ

0
135

Энэ тухай өгүүлэх нь илүүц байж мэдэх юм. Гэсэн ч хушуу дүрье. Хүүхэд яагаад тамхи татаж сурдаг гээч. Маш амархан. Бусдыг дуурайж, бас өөрийгөө том хүнд тооцож, тамхи амандаа зуусан хүн гоё юм шиг харагддаг учраас гахаж цацан байж тамхи татаж эхэлдэг. Эхний үед ээж ааваасаа нуух гэж оролддог ч баригддаг. Загнуулах, зандчуулах энүүхэнд. Гэр доторх байдаг л нэг үзэгдэл. Өөр яалтай ч билээ. Сүүлдээ гэр доторх уур амьсгал зөөлөрч эвлэрэхээс өөр гарцгүй болсноор тамхичин бий болдог.

Мөн ахмад өндөр настан өвөө нь эсвэл аав нь өөрийн үр ачдаа цагаан, ногоон өнгийн хаш чулуун соруултай гаанс, тамхиа өвлүүлэн үлдээдэг уламжлалт ёс бий. Энэ нь нарийн яривал “чи над шиг тамхичин болоорой” гэсэнтэй утга нэг юм.

Ингэхэд тамхи хүнд хэрэгтэй хэрэглээ мөн үү гэхэд эмч нар шулуухан “үгүй, хорт хавдар үүсгэгч” гэж хэлдэг. Харин тамхичин хүн “Олон жил тамхи татлаа, биенд мэдэгдсэн юм алга. Тамхины хорын тухай зөндөө сонссон, уншсан. Тамхинаас гарах гэж хэд хэдэн удаа оролдсон ч чадаагүй.  Хүний биед ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй ч надад хэрэглээ болсоор ирсэн. Нэрт яруу найрагчийн хэлсэн нэг үг байдаг. Тэр нь “Архи тамхи хоёр ихэр юм” гэж. Энэ хоёр хорын нэгийг нь хэрэглэдэг ч гарч чадахгүй юм. Архийг бол ёстой үгүй шүү. Үнэрийг нь ч авч чаддаггүй. Зарим хүн сайн муу гээд ярих юм билээ. Сайныг нь огт олж хараагүй. Муу үр дагавартай олиггүй ундаа гэдгийг “сайн” мэдэх юм байна. Тамхи ч гэсэндээ “босоо ороолон”. Бусдыг хордуулдаг утаан суунаг. Үүнийг мэдсээр байж тамхи татах.

Явуургүй энэ үйлдлийг яаж зогсоох вэ? Төр засаг тамхи татдаг цэгийн тоог цөөлөх гэж оролдож байна. Үнийг нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс нэмнэ. Бодвол тамхичдын тоог цөөлнө гэсэн санаа юм. Дэлхийн олон улс орон тамхины эсрэг сурталчилгааг хүчтэй өрнүүлж байна. Харин хэр үр дүнд хүрч буйг мэдэхгүй юм. ОХУ-д гэхэд Төрийн Дум нь “Тамхины хяналтын тухай” хуулийг батлахдаа тамхины найрлагад байдаг бохь, никотины хэмжээг заахгүйгээр аймшгийн зургийг хайрцагт нь хэвлэхээр заасан байна. Энэчлэн Ази тивийн нэлээд хэдэн улс ил задгай тамхи татах, ишийг нь хаяхыг хориглосон. Хариуцлагын тогтолцоо нь өндөр торгууль.

Харин манайх бүр эсрэгээрээ ч юм шиг, хаана бол хаана тамхины иш, нэг авууштай юм нь гадаа татдаг болж, тамхичид. Энэ бол эхний алхам мэт боловч нэг л биш. Сэтгэл ханах зүйл бүр ч биш. Тэгээд яах вэ? Асуудлын мөн чанар нь юу бэ? Тамхины хорын тухай сурталчилгаа багадаагүй. Эмч нар ч байнга зөвлөдөг. Ийм атал тамхичдын тоо цөөрөх бус улам өсч байна. Залуучууд  төдийгүй охид тамхи татах болсон нь нууц биш. Бид ийм нэг орчинд зэрэгцэн аж төрж байна. Эвлэрч суухаас өөр гарцгүй орчин.

Иймээс гарт баригддаггүй, биет биш соёлыг нас, хүйсний ялгаа харгалзахгүйгээр хүн бүрийн ухамсарт суулгаж өгье. Иргэн бүр хүмүүжүүлэгч больё. Хүмүүжүүлэгч гэхээр танд хол сонсогдож магадгүй, надад ямар хамаатай юм гэж бодох биз. Уг нь бид энэ сэтгэлгээнээс  салж чадвал… Жаахан ч гэсэн амжилтад хүрэхийг хэн мэдэх юм.

Ингэхэд сэтгэлдээ, сэтгэлгээндээ хувьсгал хийх л дутагдаж байгаа юм биш биз. Бид хувьсгалын тухай дэндүү сайн мэддэг. Юм л бол хувьсгал ярьдаг. Хувьсгалаар нийгмийг төдийгүй өөр олон асуудлыг өөрчилж ирсэн туршлага бий. Тийм биш гэж үү. Түүнээс биш тамхины хор, тамхичдын тухай залхталаа ярилаа, хууль хүртэл гаргаж үзлээ. Амьдралд хэрэгжиж буй нь хомс байна. Ийм учраас сэтгэлгээний хомсдолыг соёлын хувьсгалаар шийдвэрлэе.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!