Б.Ууганбаяр: Нөхцөл байдал хүндэрвэл хэрэгжүүлэх Засгийн газрын нууц тогтоол бий

2020-12-25
1 min read

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр Өдрийн сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр Шуурхай штабын хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр хэлэхдээ, Өвчин гарлаа гэснээс өөр мэдээлэл хомс, бүрхэг мөчөөс эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс шат дараатай арга хэмжээг энэ мөчийг хүртэл авч хэрэгжүүлж ирлээ. Шуурхай штаб байгуулагдсан даруйдаа дэвшүүлсэн гурван зорилт бий. Үүний нэг нь коронавирустэй тэмцэх стратеги, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах байсан. Дээрх стратеги, төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсан. Түүнээс гадна дээрх төлөвлөгөөг дахин шинэчилсэн. Тодруулбал, алаг цоог өвчлөл-шар, кластер өвчлөл-улбар шар, хүн амын дундах тархалт-улаан гэсэн гурван өнгөөр зэргийн байдлыг тогтоож, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдварт өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээ туссан байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын нууц тогтоолоор баталсан төрийн цэргийн байгууллагын харилцан ажиллагааг зохион байгуулах журам, төлөвлөгөө бий. Нөхцөл байдал хүндэрсэн үед энэхүү журам, төлөвлөгөөний дагуу ажиллана гэжээ.

Орчуулах »