БНХАУ-д ял эдэлж буй Л.Байгальмааг эх оронд нь авчрахаар болжээ

0
85

2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийд гаргасан. Энэ хэрэг тухайн үедээ маш их дуулиан дагуулж, Монгол Улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүнийг хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч тусыг олоогүй. Тэгвэл Л.Байгальмааг ялтан солилцох гэрээгээр авчрах хэлэлцээр амжилттай болж, ирэх оны зургаадугаар сарын 1-нд Монгол руу шилжүүлэхээр болсон гэж эх сурвалж мэдээлэв.

Уг нь энэ оны гуравдугаар сард түүнийг энэ хэлэлцээрт багтаах байх гэж найдаж байсан ч талаар болсон. Тодруулбал, манай улс энэ оны эхээр БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргаад байсан. Харин тэдний дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр байгаагүй аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас лавлахад, Л.Байгальмаа өөрөө хүсэлт гаргаагүй байсан тул хэлэлцээрт багтаагүй юм байна. Гэсэн ч манай улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам хэдийгээр хүнд гэмт хэрэг үйлдэж, харийн шоронд хоригдсон ч Монгол Улсын иргэд ядахдаа эх орондоо ирэх ёстой гэж үзээд энэ асуудлыг тууштай хөөцөлдсөний эцэст ийнхүү шилжүүлэн авчрахаар болжээ.

Ер нь Л.Байгальмаа ямар учраас хамгийн хүнд гэмт хэргийн нэг болох хар тамхины асуудалд хутгалдав. Энэ талаар нэхэн санаваас, Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан Л.Байгальмаа гэх эмэгтэй таван жилийн өмнө Хятад, Малайзийн хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонсч байсан билээ. Тухайн үед түүнийг хар тамхины бүлэглэлд өөрөө ч мэдэхгүй орсон хэмээн мэдээлж байсан юм. Түүнийг  анх Ё.Оюунчимэг, Ж.Гантуул гэгч эмэгтэйчүүд эх орноос нь авч явсан гэдэг.

Гэхдээ сүүлд энэ хэргийн учиг тайлагдахад, Л.Байгальмаа нь дан гэнэн итгэмтгийдээ энэ хэргийн золиос болчихоогүй, өөрөө учир байдлыг маш ойлгож байсан. Тэр ч бүү хэл, баригдахаасаа өмнө хоёр ч удаа геройн зөөвөрлөж амжсан нэгэн байсан гэдгийг олон нийт мэдсэн билээ. Хэдийгээр түүнд ял оноосон ч БНХАУ-ын шүүх уг хэргийг үргэлжлүүлэн шалгаснаар түүний явсан маршрутыг болгосон аж. Мөрдөх ажиллагааны явцад Л.Байгальмааг Зүүн Өмнөд Азийн нэлээд хэдэн орноор явж хар тамхи зөөвөрлөснийг тогтоогоод байгаа юм.

Ер нь бол, түүнийг монгол хүний гэнэн итгэмтгий, цагаан цайлган зангаасаа болж, ийм хэрэгт орооцолдлоо хэмээн олон нийт үзэж байсан ч тэр бидний бодсон шиг тийм гэнэн цайлган нэгэн биш байсныг эндээс харж болохоор. Гэсэн ч Монголын төр иргэнээ яаж ийгээд авчрахаар болсон нь сайшаалтай. Энэ хүн гэмт хэрэгтэн, ялтан хэдий ч ардаа гэр бүл, үр хүүхэдтэй. Нөгөөтэйгүүр Л.Байгальмаа нь одоо эрүүл мэндийн ноцтой байдалд орсон учраас ийнхүү эх оронд нь авчрах гэрээг байгуулсан байна.

Ер нь сүүлийн үед гадаадад байгаа монголчууд хэрэг төвөгт орооцолдох давтамж, тоо ихэссээр байгаа. Өнөөгийн байдлаар, нийт 300 орчим мянган монгол хүн харьд ажиллаж, амьдарч байна гэх албан бус тоо бий.

Харин нийт 250 шахам хүн 17 улсад ял эдэлж байгаа гэдэг. Гэхдээ Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас гадаадад хоригдож буй иргэдээ эх оронд нь авчрах тал дээр чамгүй хүч хөдөлмөр зарцуулж байгаа. Тухайлбал, 2011 онд БНХАУ-тай ялтан солилцох гэрээ байгуулж, гурван иргэнээ авчирсан бол 2014 онд БНСУ-аас хоёр иргэнээ шилжүүлэн авсан байна. Харин энэ онд Ялтан солилцох гэрээг амжилттай үзэглэж чаджээ. Одоогоор энэ гэрээгээр гадаадад хоригдож байгаа яг хэчнээн хүнийг эх оронд нь авчрах нь тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар Л.Байгальмаа ямар ч гэсэн багтсан нь тодорхой болов.

Нөгөө талдаа Монголын төр засаг бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байгаа харьд ажиллаж, амьдарч буй монголчууд өөрсдөө гэмт хэрэгт орооцолдож, золиос болохгүй байх тал дээр онц анхаарвал зохих аж. Жишээ татахад, БНХАУ-д 50 орчим хүн ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбогджээ. Гэтэл Хятад улс хар тамхины хэрэгт хамгийн хатуу ханддаж, хяналт чанга улс гэдгийг манайхан мэдэхийн дээдээр мэдэж байх учиртайсан.

Үүнээс гадна монголчууд архидан согтуурсан үедээ олон нийтийн газар танхайрсан, бусад руу халдан довтолж гэмтээсэн, хулгай, дээрэм, хүчирхийллийн хэрэгт голдуу орооцолддог юм байна. Тэгэхээр наанадаж эх орныхоо нэрийг харьд гутаалгүй, цаанадаж төр засгийн ажилд нэрмээс бололгүйгээр биеэ зөв авч явахыг л элэг нэгтнүүдээсээ хүсэхээс өөр яалтай билээ.

Өглөөний сонин Р.Саруул

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!