Хүний эрхийг хөсөр гишгэсэн элчингүүдэд хэн хариуцлага тооцох вэ

Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа хэсэг хугацаанд тэг зогсолт хийсэн. Улмаар энэ сард 4 нислэг хийхээр төлөвлөсөн ч заримыг нь цуцлахаас аргагүй нөхцөл байдал бий болов. Элдэв гачигдлын улмаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлж, тийзээ захиалсан иргэд хилийн цаана хоног тоолон хүлээж байна.

Удаж удаж хийсэн хоёр нислэгийн нэгээс халдвартай гэх шалтгаанаар Франкфуртын онгоцны буудал дээр нэг иргэнээ хөсөр хаяв. Эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэлгүйгээр бусад зорчигчдын хамт хүлээлгийн танхимд оруулсан гэх мэдээллийг тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас яаран сандран хийсэн мэдэгдэлд нь дурьдсан байдаг. Чухамдаа хариуцлага хяналт сул, назгай байсан гэдгээ өөрсдөө хүлээсэн хэрэг л дээ. Улмаар зорчигчдоос шинжилгээний хариу эерэг гарсан хүн байгааг мэдэж, онгоцны буудал дээр хөсөр хаясан шалтгаанаа зөвтгөхийн тулд элдэв тайлбар хийж, эцэстээ эмэгтэйг камерийн өмнө суулгаж хэн нэгний бичиж өгсөн халтар мэдээллийг хүчээр уншуулж хүний эрхийг бүдүүлгээр зөрчив. Эмэгтэйг хөөж буулгасан нислэгээр нь халдвартай 6 иргэн ирсэн нь дэндүү гомдолтой. Монголд ирээд ганцхан хоногийн дараа ийм олон хүнээс зэрэг халдвар илэрсэн нь Монголын төр, төр төлөөлж хүний нутагт иргэддээ ижий аав, эх орон нь болох ёстой Элчин сайдын яам хөрсөнд бууж ажилладаггүй, хийж буй ажилдаа хариуцлагагүй сэтгэлгүй ханддаг, хамгийн аймшигтай нь гээгдсэн иргэнийг буруутгахын тулд юу ч хийж мэдэхээр байгаа нь харагдаж байгаа юм.

Хүний нутагт танил талгүй, эрх мэдэлт ах дүүсгүй иргэд хөсөр хаягдаж, төрийн төмөр нүүрийг үзэж буй тохиолдол ганц энэ бус, тэр бүрт нь тухайн улс дахь Элчин сайдын яамд биеэ өмөөрсөн элдэв тайлбар өгсөөр өнгөрч байна.

“Монгол Улсын Гадаад харилцааны яам төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний амрагуудаар дүүрсэн” хэмээн БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ хэлж байсныг энд иш татъя.

Үнэхээр ч төрийн залгамж халаа, боловсон хүчний нөөц алдагдаж улс төр дэх ургийн хэлхээ салбар бүрт хорлонтойгоор шингээд удаж байна. Тэр дундаа мэргэжлийн дипломатчдын залгамж халаа тасарч ах дүү төрөл садан, нам фракци бүлэглэлүүд, тэдний үр хүүхдийн бэлтгэл дамжаа, улстөрийн өрөнд өгдөг суудал төдий болсон нь хүнд цагт иргэдээ биш арьсаа хамгаалдаг, контрбандын элдэв хэрэгт орооцолдож улс орныхоо нэр нүүрийг түлдэг өөдгүй жишээнүүдээс нь харагдаж байгаа юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Анхбаяр оюутны ширээнээс сугараад л Гадаад харилцааны яаманд шигсээр өдгөө Төрийн нарийн бичгийн дарга болтол явсан бол УИХ-ын гишүүн, Улаанзагалмай нийгэмлэгийн дарга Н.Энхболдын хүү Э.Одмөнх Гадаад яамны дипломат ёслолын газрын дэд захирлаар ажиллаж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гэхэд УИХ-ын гишүүн, НИТХ-ын дарга асан Н.Болормаагийн хүү. Н.Болормаа өдгөө Улаанзагалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай. Өөрөөр хэлбэл, Л.Мөнхтүшиг, Э.Одмөнх нарын аав ээжүүд хэлхэлдэн нэн чухал нийгэмлэгийн гал тогоог хутган сууж байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан М.Амарсанаагийн хүү А.Төмөр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн хүү Н.Хонгор ГХЯ-нд ажилладаг гэхчлэн Гадаад хэргийн яамны томилгоо, улс орны амин чухал асуудлууд айл айлын гал зуухны өрөөнд яригддаг шахам болчихоод байна. Эндээсээ энд тэндэхийн Элчин сайд, консулаар дэвшин зайлж оронд нь дахиад л хэн нэгний эрх жаал элсэн орж ирж төрийн хангамж эдэлж, түмэн улс орон хэсэн зугаалсан шигээ жонхууруулдаг болсон нь бултах аргагүй бодит үнэн.

Эцэстээ цар тахлын хүнд үед эх орон, ижий аавыг нь орлон иргэдээ халамжилж хамгаалахын оронд өөрсдийн арьсаа хамгаалахад илүү анхаарч, халдварт өртсөн иргэний, цаашлаад хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, улс орныхоо нэр нүүрийг ертөнц даяар шившиглэж байна. Цар тахал дэгдсэнээр аргагүй нөхцөл байдлын улмаас эх орноо зорих иргэдийн тоо олширсон нь Элчин сайдуудад олз болж, ашиг орлого олох хэрэгсэл болгосон гэх гомдол ч иргэдийн дунд бий. Тухайлбал, нутаг буцах иргэдийн жагсаалтад дээгүүр бичүүлэх, тусламж дэмжлэг хүртэхэд нь түлхэц болох гэхчлэн өнөөх эрх Элчингүүдийн эрэлт нэмэгдэж, тэр хэрээр иргэдээс их бага хэмжээний авлига авах явдал гарч байна гэдгийг олон нийт хэлж байгаа юм. Энэ бүгд цаг сайхан болох үед баримт нотолгоотойгоор ил гарах нь зайлбаргүй, харин түүнээс өмнө хүний эрхийг хөсөр хаяж доромжлон тохуурхах эрээ цээргүй явдлыг нь таслан зогсоох эрх мэдэлтэн үгүй байгаа нь эмгэнэл билээ.

/Франкфуртын нислэгээс гээгдэж, эцэстээ хэн нэгний гаргац муутай халтар бичгийг үсэглэж ядан уншиж буй эмэгтэйн бичлэгийг хавсаргав/  

Орчуулах »