МАН-д ч, АН-д ч мангар нөлөөтэй мундаг хатагтайг бишрэн шүтмой

0
382

Хөгжлийн банкны хөрөнгө хаачсан бэ. Энэ асуултад үе үеийн эрх баригчид бие биенээ тохон бултдаг. Ямартаа зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь одоогийн эрх баригчид байх юм билээ. Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас биш үүрдийн үнэнч үзэл гэж үгүй хойно, хуваагаад залгичихсан нь  тодорхой. Хамгийн тод жишээ нь Эрүү, Зөрчлийн хуулиар мэргэшиж, амьдралаас тасарсан торгууль санал болгон сандаргах болсон Ц.Гарамжав гишүүн.

“Монполимент”-ийн эзэн гэдгээр олонд танигдаж, МАН-ын гол хандивлагчдын замналаар улс төрд мөр гаргаж эхэлсэн тэрбээр “Хөгжлийн банк”-наас хөрөнгө босгож дөнгөснийг нь З.Нарантуяа гишүүн түмэнд зарлаж өгсөн. Тиймдээ ч чуулганы танхимд үгээр “заамдалцсан” юм даг. Заамдалцсаны учир нь зээлийг зарласан гэдэгтээ бус эрхэм гишүүн З.Нарантуяа нь “Монполимент” компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа зээлийн хороогоор асуудал нь хэлэлцэгдээгүй гэдгийг ил болгосонд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж, зөрчил илрүүлсэн нь “Монполимет”. Ажлын хэсгийн дүгнэлтэд тус компанид зээл олгохдоо зээлийн хорооны дүгнэлт гаргаагүй гэж дурьдсан байдаг.

Гэхдээ 111 тэрбумын агуу зээлийг бүтээлгэж дөнгөж Ц.Гарамжав гуай эл ажлын хэсгийнхний дүгнэлтийг эсэргүүцсээн. Улмаар ажлын хэсгийнхэн андуурсан болгуулаад улстөрийн драм төгссөн. Эл жүжгийг энэ зуурт эргээд саная л даа, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкин дахь материалуудыг тулгаж, баримтын шалгалт хийсэн байдаг. Ингэхдээ ТУЗ-ийн шийдвэр дээр “2014 оны есдүгээр сарын 24-ний өдрийн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн” гэсэн тогтоолыг харж тухайн шалгалтын тайландаа тусгасан юм байх. Өөрөөр хэлбэл, “Монполимет”  компанид зээл олгох шийдвэр ямар ч асуудалд байгаагүй гэх. Дээрх өдөр нь Зээлийн хороо хуралдсан ч “Монполимент” компанийн асуудлыг хэлэлцээгүй. Харин “Монполимент” компанийн зээлийн асуудлыг мөн оны аравдугаар сарын 7-нд хэлэлцэж, ТУЗ-ийн хурал нь аравдугаар сарын 15-нд болсон гэж хожим АН-ынхан дайж тайлбарладаг. Эцэст нь хэргийн буруутан ТУЗ-ийн нарийн бичгийн дарга огноо бичихдээ алдсан болж төгссөн.

Сүүлдээ ийм жижиг асуудлыг чуулган дээр том хэрүүл болгож, дээрээс нь компанийн нэр хүндэд халдлаа гэх ужиг тайлбар дагаастай.

Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 16 төслийн МАН-тай холбодог хоёр томоохон төслийн нэг нь энэ гэгддэг. Энэ тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ч.Энхбат ч хэлж байсан удаатай.

Нөгөөтэйгүүр, Ц.Гарамжав зээлээ хоёр ч удаа хойшлуулсан гэх асуудал. Мөн л дээрх ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлийг хоёронтоо хойшлуулж, эргэн төлөлтийн хугацааг сунгасан гэдэг. Хойшлуулсан тухайд мөн л өөрсдийгөө өмөөрсөн шалтаг тоочдог ч, зээлээ  барагдуулах мөнгөгүй, эс бөгөөс хүү багатай өндөр зээлийг хугацаа сунган дахин эргэлдүүлэх хоёрхон шалтгаанаас өөрөөр ойлгох ойлголт үгүй. Ямартай ч Зээлийн хорооны хуралтай хуралгүйгээр хэдэн зуун тэрбумын зээлийг өөрийн намтай намгүй авч чаддаг, сунгуулж дөнгөдөг Ц.Гарамжав хатагтайг бишрэн шүтэхээс өөр яалтай ч билээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!