16 мянга гаруй сүлжээ кафетэй Ховард Шульц

0
62

“Би бага байхдаа замын нэг талд амьдарч байгаагаа үргэлж мэдэрдэг байлаа. Харин эсрэг талд амьдарч байгаа хүмүүс илүү боломж, мөнгөтэй, илүү аз жаргалтай гэр бүлтэй гэдгийг мэддэг байсан. Иймээс би тэдэнтэй адилхан болохыг их хүссэн юм. Одоо би брэндийн зангиа зүүж, үнэтэй хүрэм өмсдөг болсон ч хаанаас ирсэн, хэн байсан гэдгээ үргэлж санаж явдаг”. Энэ бол Америкийн бизнесмен, тэрбумтан, дэлхийн өнцөг булан бүрт 16 мянга гаруй сүлжээ кафетэй “Starbucks”-ын гүйцэтгэх захирал Ховард Шульцийн хэлсэн үг.

Ховард Шульц 1953 оны долоодугаар сарын 19-нд Нью-Йоркийн Бруклинд төржээ. Түүний эцэг эх маш их хөдөлмөрлөдөг, гэхдээ хэзээ ч элбэг хангалуун амьдарч байгаагүй юм. Тэдний ганц мөрөөдөл нь маш энгийн. Хүүгээ гэр бүлээ тэжээх чадвартай, зөв зохистой хүн болж өсч хүмүүжихийг л хүсдэг байв. Тэд хүүгээ өнөө цагийн хамгийн агуу бизнесменүүдийн нэг болно гэдгийг төсөөлж ч байгаагүй биз.

Ирээдүйн тэрбумтны хүүхэд нас бага орлоготой өрхүүдэд улсаас дэмжлэг үзүүлж олгодог, бага сургуулийн дэргэдэх сагсан бөмбөгийн талбайгаас өөр тоглоом байдаггүй орон сууцны хороололд өнгөрсөн юм. Хорооллын ихэнх оршин суугчид маш ядуу амьдралтай. Тэндхийн хүүхдүүд ямар нэг амжилтад хүрч, өөрийгөө харуулах бараг боломжгүй гэж үздэг байв. Ховард ч энэ ядуу зүдүү байдлаас гарах амаргүй гэдгийг сайн мэддэг байжээ. Гэсэн ч түүний амжилтад хүрэх хүсэл мөрөөдөл ямар ч саад бэрхшээлээс илүү хүчтэй байсан юм.

Ховардыг долоон настай байхад аав нь ажил дээрээ хөлөө хугалж, компаниас түүнд эрүүл мэндийн даатгал, мөнгөн тусламж үзүүлээгүйгээс гэр бүлд нь тохиосон санхүүгийн хүндрэл түүний ухаан санаанд гүнзгий ул мөр үлдээжээ. Гэрийн уур амьсгал ирээдүйд яах бол гэсэн айдсаар дүүрэн. Яг тэр үед л хүүд “гипстэй хөл”-өөс үл хамааран байнгын орлого авчирдаг том компани байгуулах санаа анх төрсөн гэдэг. Тэрбээр гэр бүлдээ тус нэмэр болохын тулд ажил хийх шаардлагатай болов. 12 настайгаасаа эхлээд сонин зарж, дараа нь хорооллынхоо нэгэн кафед үйлчлэгчээр ажиллажээ. 16 настайдаа бүр ч хүнд ажил хийж үзсэн байна. Үслэг эдлэлийн дэлгүүрт арьс сунгаж татах ажил хийж гартаа мөнгөнөөс илүү цэврүү хураасан гэдэг. Гэсэн ч хүнд хэцүү хөдөлмөр түүнийг хатуужуулж, мөрөөдөлдөө хүрэх хүслийг нь хурцалж өгсөн юм. Түүнээс гадна нарийн бичгийн дарга ажилтай ээж нь үргэлж түүнийг дэмжиж, амжилтад хүрсэн агуу хүмүүсийн түүхийг үргэлж ярьж өгдөг байв.

Ховард 1975 онд Хойд Мичиганы их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсч, эхлээд гурван жил “Xerox”-ийн борлуулагчаар ажилласны дараа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тэр дундаа “Starbucks” зэрэг компанид кофе чанагч зардаг Шведийн “Hamamaplast”-ын төлөөлөгчийн газарт орсон байна. Түүнээс орон нутгийн нэгэн компани төрөлжсөн дэлгүүрүүдээс илүү олон кофе чанагч худалдан авч байгааг олж мэдээд эзэнтэй нь танилцахаар шийдэж Сиэтл рүү нисчээ.

“Starbucks” кофег анх удаа амталж үзээд Ховард шууд л дурлав. Учир нь урьд өмнө түүний амталж байсантай зүйрлэхийн аргагүй санагдсан байна. “Би гадагшаа гарахдаа “Бурхан минь ямар гайхамшигтай компани, ямар сайхан хот вэ. Би энэ бүхнй нэг хэсэг нь болохыг хүсч байна” хэмээн өөртөө шивнэж байсан” гэж Шульц хожим дурсан ярьжээ.

“Starbucks” компанийг 1971 онд Сиэтл хотод англи хэлний багш Жерри Болдиун, түүхийн багш Зев Зигал, зохиолч Гордон Боукер гурав үүсгэн байгуулсан юм. Энэ гурав кофед маш дуртай бөгөөд өөрсдийн таашаалыг бусадтай хуваалцахаар шийдэж, өөрсдийн гараар хуурч бэлтгэсэн дээд зэрэглэлийн кофе зардаг жижигхэн дэлгүүр нээжээ.

“Starbucks” гэдэг нь Герман Мелвиллийн “Моби Дек” романы баатруудын нэг Старбекийн нэрнээс үүдэлтэй. Компанийн таних тэмдэг хөх, хүйсний нүх нь ил гарсан эртний Грекийн домогт гардаг лусын дагинын дүрстэй. Лусын дагина нь “Starbucks”-ын кофег дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлэж авчирсныг илэрхийлж байгаа аж. Гэвч нүцгэн цээж олны шүүмжлэл дагуулсан учир хожим өөрчилжээ. “Starbucks”-ын логоны эх хувилбарыг одоо ч Сиэтлд байгуулагдсан анхны дэлгүүрийн үүдэн дээрээс харах боломжтой.

Худалдан авагчдаа кофе бэлтгэх урлагт сургадаг байсны ачаар компанийн дэлгүүрүүд Сиэтлд ихээхэн нэр хүндтэй болсон аж. Чухамхүү үйлчлүүлэгчийг татах энэ санаа, арга барил 29 настай Ховардад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрбээр “Starbucks”-т ажилд орохыг хүсч, түүний захирал Жерри Болдиун руу бүтэн жилийн турш утсаар ярьж залхаажээ. Болдуин түүний саналыг хүлээж авахаас татгалзсаар байв. Нэг удаагийн оролдлогоо Шульц “За яахав, бүгдийг аажмаар, та нарын хувьд тохиромжтой хэмнэлээр хийе. Гэхдээ би үнэхээр чухал ач холбогдолтой ямар нэг зүйл хиймээр байна” гэсэн үгээр дуусгажээ. Дараа өдөр нь түүнд “Hamamaplast”-д авдгаас хоёр дахин бага цалинтайгаар “Starbucks”-ын маркетингийн захирал хийхийг санал болгосон байна. Энэ компанийних ирээдүй, нөөц боломжийг олж харж, түүнтэй амьдралаа холбохыг хүсч буйгаа ойлгосон учир Ховард шууд л зөвшөөрсөн юм. 1982 онд тэрбээр Сиэтлд шилжин ирэв.

Дараа жил нь Ховард Миланд очиж, Италиас латте болон капуччино кофены жорыг авчирснаар “Starbucks”-ын борлуулалт гурав дахин өсчээ. Гэхдээ Шульцад найз нөхдийн халуун дулаан яриа өрнүүлдэг, тав тухтай орчныг бүрдүүлсэн Италийн кофены газрууд илүү таалагдсан байна. Харин АНУ-д кофены газар түргэн хоолны газартай илүү адилхан. Ингээд Шульц удаан хугацаанд бодсоны эцэст 1985 онд кофены газрын сүлжээ байгуулахыг Болдиунд санал болгов. Гэвч “Starbucks”-ын захирал эрс татгалзжээ. Компанийг үүсгэн байгуулагчид ийм зүйл хийвэл дэлгүүрүүд нь өөрийн мөн чанараа алдаж, хэрэглэгчдийн анхаарлыг гол бизнесээс хөндийрүүлнэ гэж үзжээ. Тэд хуучны дэг ёсыг хатуу баримталдаг хүмүүс болохоор жинхэнэ кофег гэртээ л бэлтгэж, найруулж уух ёстой гэж үзэж байв. Харин Шульцад кофег гэрээс гадуур уух санаа бараг л жигүүр ургуулах шиг болсон юм. Санаа нь амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байсан учир тэрбээр өөрийн гэсэн кофены газраа нээхээр шийдэж, ажлаасаа гарчээ.

Төслөө хэрэгжүүлэхэд Ховардад 1.7 сая ам.доллар хэрэгтэй болов. Энэ мөнгөний нэг хэсгийг “Starbucks”-ын эзэд түүнд зээлүүлсэн юм. Аз болоход тэд эв найртайгаар салсан бөгөөд Шульцын тусламжтайгаар гурван шинэ дэлгүүр нээсэн учир түүнд туслахаас татгалзсангүй. Үлдсэн мөнгийг тэрбээр банкнаас зээлжээ. 1986 оны дөрөвдүгээр сард Ховард Шульц Сиэтлд “Il Giornale” гэсэн итали нэртэй кофены газар нээлээ. Анхны өдөр 300 орчим хүн үйлчлүүлж, зааланд амьд хөгжим эгшиглэж, кофег цоргоноос тусгай аяганд хийж борлуулж байв. Жилийн дараа “Starbucks”-ын эзэд ихээхэн өргөжсөн бизнесээ удирдаж дийлэхгүй болсон учир дэлгүүрүүд, шарах цех, худалдааны тэмдгээ дөрвөн сая ам.доллараар зарах гэж байгааг Ховард мэджээ. Тэрбээр шууд л томоохон хөрөнгө оруулагчдад хандаж, шинэ зээл өгөхийг ятгаж чадсан юм. “Starbucks”-ын анхны хөрөнгө оруулагчдын нэг нь “Microsoft”-ын эзэн Билл Гейтс байлаа. Ингэснээр Сиэтлийн кофены гурван хорхойтон ихээхэн мөнгөөр өөрийн бизнесийг орхиж, Ховард Шульц “Starbucks”-ын цорын ганц эзэмшигч болжээ. Тэр хөрөнгө оруулагчдад таван жилийн дотор АНУ-д 125 кофены газар байгуулахаа амласан байна. Гэхдээ 1992 он гэхэд төлөвлөж байснаасаа олныг байгуулж чадсан юм.

Түүний стратегийг маш нарийн бодож төлөвлөсөн, бас үнэхээр “галзуу” гэж хэлэхэд болно. Америкчуудын сэт­гэл санааг татахын тулд тэр тоо, чанар, бас хаа сайгүй байршуулсан зар сур­талчилгаагаар “дайралт” хийхээр шийд­сэн юм. “Starbucks”-т жинхэнэ кофе уух нь маш романтик гэсэн утга агуулгатай сурталчилгаагаар америкчуудыг шөнө өдөргүй “бөмбөгдөж” эхлэв. Суртал­чилгааны үг хэллэг хүмүүсийн чихэнд хоног­шиж, өөрийн эрхгүй сайхан үнэр­тэй кофе уух хүслийг өдөөх болно. Гэхдээ сурталчилгаа бодит байдалтай зөрчилдөхгүй байх ёстой гэдэг дээр компанийн тэргүүн ихээхэн анхаарал тавьсан юм.

“Starbucks” улам хөгжин дэвжихийн хэрээр зарим нэг шүүмжлэгчийн бодлоор Ховард Шульц хүний хүчин зүйлд хэтэрхий анхаарал хандуулж байв. Гэхдээ Ховард өөрөө үүнийг хамгийн ухаалаг, алсыг харсан бодлого гэж нэрлэдэг. Түүний бодлоор хэрвээ хүн компанид орсон л бол тэдний хооронд сэтгэл санааны гүнзгий холбоо үүсч, тэд хамтдаа мөрөөдөж, түүний ирээдүйн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг байх ёстой аж.

“Starbucks”-ын дундаж зоогийн газарт өдөрт дунджаар 1000 орчим хүн үйлчлүүлнэ. Шинэ үйлчлүүлэгчийг татахын тулд Ховард ямар ч буулт хийхэд бэлэн байдаг ч нэг л зүйл дээр хамгийн хатуу байр суурь баримталдаг. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь кофе. Өөр ямар ч бүтээгдэхүүн түүний тансаг үнэрийг дарах ёсгүй. Ийм ч учраас Шульц компанийнхаа худалдагч, зөөгчдийг үнэртэй ус хэрэглэхийг хориглож байсан гэдэг.

2000 оны дөрөвдүгээр сар гэхэд “Starbucks” Нэгдсэн улсад 2400, Европ, Ази, Ойрхи Дорнод, Канадад 350 кофены газартай болжээ. Тухайн сардаа 46 настай Ховард Шульц өөрийн эрх мэдлээ гүйцэтгэх захирал Орин Смитэд шилжүүлэв. Шульц компанийн үйл ажиллагааг олон улсын түвшинд өргөжүүлэхэд бүх анхаарлаа хандуулахаар шийдэж, өөртөө“chief global strategist” буюу глобал стратегийн удирдагч гэсэн албан тушаал хүртэл бодож олсон байна. Тэрбээр компанийнхаа өмнө 2001 он гэхэд дэлхий даяар 1200 шинэ салбар нээх зорилт тавив. “Starbucks”-ын санхүүгийн нөхцөл байдал маш сайжирч, сүүлийн 10 жилийн хугацаанд цэвэр ашиг, компанийн хувьцааны үнэ тасралтгүй өсчээ.

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ компанид шинэ санаа, хүсэлт ирж байлаа. Зөвхөн кофены газар компанийн шаардлагыг хангахаа больж, цаашдаа ийм маягаар тогвортой хөгжих боломжгүй гэдгийг Ховард Шульц ойлгосон юм. Иймээс тэрбээр түргэн хоолыг нэвтрүүлэхээр шийдэж, “Starbucks” өөрийн зоогийн газруудын цэсэнд сэндвич оруулах туршилтаа эхэлсэн байна.

Сонирхолтой нь, Хятад болон Тайванийн зах зээл дэх бүтэлгүйтэл Ховардыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм. Эдгээр улсад хэрэглэгчид халуун ундааг зөвхөн хоолны даруулга гэж үздэг учраас кофеноос өөр зүйлгүй зоогийн газар тэдний сонирхлыг татаагүй бололтой. Аажмаар эдгээр кофены газрууд үйлчлүүлэгчдэд бялуу, зууш, сэндвич зэрэг хоол санал болгож эхэлжээ.

Шульц компаниа хөл дээрээ баттай зогсч, тогтвортой болсон гэж үзсэн учир спортын бизнест хүч үзэхээр шийдсэн байна. Ингээд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Seattle SuperSonics” багийг худалдан авч, хэсэг хугацаанд компанийнхаа удирдлагын ажлаас хөндийрчээ. Гэвч 2007 онд “Starbucks”-т үүссэн нөхцөл байдал Ховард Шульцийн санааг зовоож эхлэв. Үйлчлүүлэгчид кофены газрууд урьдын романтик байдлаа алдсан хэмээн гомдоллох болжээ. Шульц үүний учрыг сайн мэдэж байсан бөгөөд компанийн менежерүүдийг чухам юунд анхаарлаа хандуулах ёстойг нэг бус удаа сануулж байв. Нэгдүгээрт, кофе чанадаг шинэ машин хуучнаасаа өндөр учир үйлчлүүлэгч уух ундааг нь хэрхэн боловсруулж буй үйл явцыг харах боломжгүй болсон. Хоёрдугаарт, шинэ савлагаа үрийг сайн хадгалдаг ч кофены хорхойтнуудыг хамгийн ихээр татдаг гайхамшигтай сайхан үнэрийг нь дардаг.

“Starbucks”-ыг аврахын тулд тэрбээр зарим нэг хатуу арга хэмжээ авч, зардлаа багасгах зорилгоор 2008 онд 600, дараа жил нь 300 кофены газраа хаахад хүрчээ. Одоо компанийн бүх үйл ажиллагаа хямралыг даван туулж үйлчилгээг сайжруулахад чиглэгдэж байна. Үүнд нь “Starbucks”-ын үйлчлүүлэгчид ч идэвхтэй тусалж байгаа юм.

2008 оны гуравдугаар сард компани интернэтэд “Starbucks-т зориулсан санаа” нэртэй сайт бий болгожээ. Компанийн ажилтан, эсвэл жирийн үйлчлүүлэгч байсан ч хамаагүй дурын хүн кофены газрыг сайжруулах талаар өөрийн санаагаа хуваалцах боломжтой. Шинэ санаа бүрийг анхааралтай судалж, заримыг нь бүр ажил хэрэг болгоод амжсан байна. Компанийн төлөөлөгч шинэ санаатай танилцахаас өмнө сайтад бүртгэлтэй хэрэглэгчид өөрсдийн дүгнэлтээ хийж саналаа өгнө. Ингээд мэдээж хамгийн олон санал авсан санаануудыг “Starbucks” судалж үздэг аж. Дэлхийн бусад зоогийн газраас ялгаатай нь зочин юм захиалаагүй байсан ч хамаагүй аль болох удаан хугацааг “Starbucks”-т өнгөрүүлэхийг зөвшөөрдөг. Америкт зарим зоогийн газар нь номын сан дотор нээгдсэн бөгөөд сайхан үнэртэй аяга кофе уугаад дуртай номоо үнэ төлбөргүй унших боломжтой. Компани бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарал хандуулж, хэрвээ танд кофены амт таалагдахгүй бол үнэгүйгээр солилуулж болно.

Өнөөгийн байдлаар Ховард Шульц 2.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт их аялдаг. Тэрбээр өөрийн бизнесийн арга барил болон амьдралынхаа түүхийг өгүүлсэн хоёр ном бичжээ. Өөрийнхөө гарал үүслийг марталгүйгээр Израильд байнга очдог. Израиль, АНУ-ын харилцааг хэвийн болгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан учир 1998 онд “Israel 50th Anniversary Tribute Award” шагнал хүртсэн юм.

Сэтүүлчид түүнээс амжилтын нууцаа хуваалцахыг хүсэхэд тэрбээр өөрийн баримталдаг дөрвөн “алтан дүрэм”-ийг хэлдэг. “Өөрөөсөө илүү хүчтэй, ухаалаг нэгэнтэй өрсөлдөх хэрэггүй. Ямар ч зүйлд буулт хийж болно, гэхдээ өөрийн итгэл үнэмшилдээ хэзээд үнэнч бай. Та хэчнээн шилдэг мастер байсан ч үргэлж өөрийгөө улам сайжруул. Эцэст нь ямар ч өчүүхэн зүйл заавал өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг гэдгийг үргэлж санаж яв”.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!