Замын компаниудын “зажилсан” хөрөнгө

Чингис бондоос олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байсан удаатай. Чингис, Самурай бонд гарын салаагаар урсаж, эрх баригчид хяналтгүйгээр өвөртөлж байна гэх хардлагын мөрөөр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-нд Л.Энх-Амлаган гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж байлаа. Ажлын хэсэг ажлаа гүйцэтгэж, Хөгжлийн банкны хөрөнгө салхинд хийссэн тухай баримтыг гартаа оруулав.

Гэвч ажлын хэсгийнхний дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээ­гүйгээр барахгүй сүүлдээ өнөөх шалгалтын дүн нь мартагдаж эхэлсэн гэхэд болно.

Засгийн эрх солигдож, МАН төрийн тамгыг гартаа оруулмагцаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалт. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 1.3 их наядын зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагынханд хүлээлгэн өгсөн. Өдгөө Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалт­нууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруул­сан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн. Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан дээрх хэргийг тусгайлан шалгаж эхэлсэн. Ажлын хэсгийнхэн мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкинд учруулсан хохирлын 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж чадсан гэнэ. Цаашид ч тус банкинд учруулсан хохирлыг төлүүлэх тухай эх сурвалж тодотгосон.

Хөгжлийн банкны зөвхөн санхүүгийн зөрчил нь 1.3 их наяд төгрөг. Мөн төсөвт өртгөө нэмэгдүүлсэн үйлдлүүдийг ч хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэр ч бүү хэл, тусгай зөвшөөрөл аваагүй атлаа ажил авсан тохиолдол ч бий. Тухайл­бал, “Гудамж” төсөлд багтсан “Пабликроуд” компани “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсаны дараа тусгай зөвшөөрлөө ав­сан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, гудамж төслийн сон­гон шалгаруулалт ил тод бус, шударга явагдаагүй нь энэ аж. Нөгөөтэйгүүр эл ком­пани 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэтэл нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн.

Хөгжлийн банкнаас “Гудамж” төслийн хүрээнд 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг олгосон. Эл төслийн хүрээнд баригдах авто замын ажлуудын зураг төсөл боловсруулах шатнаас зам барилгын угсралтын ажлыг бүрэн дуустал хяналт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Си ти ай инженеринг интернейшнл” ХХК-тай гэрээ байгуулжээ. Гэвч Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийн 1.3-д заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага захиалагчийн хяналтыг хийсэн зөрчил илэрсэн юм.

Мөн “Шин Жиан Шин Фа” компани нь 2014 оны наймдугаар сарын 7-ны өдөр 222 тоот албан бичгээр 3.2 км хатуу хучилттай автозамыг гурван тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн боловч тус компанитай 10.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тоо­цоолсон байдаг. Гудамж төсөл хэрэгжсэн Архангай аймагт 3.2 км автозамыг инженерийн шугам, дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10.0 тэрбумаар гүйцэтгэсэн байх жишээтэй.  “Хөгжлийн банк”-ны Актив, пассивын удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газар нь “Төсөвт өртөг 2014 оны наймдугаар сарын 18-ны 45-р тогтоолын дагуу 10.0 тэрбум төгрөг болсон” гэж дүгнэлтдээ тусгасан боловч уг тогтоолд төсөвт өртөг, мөнгөн дүн тусгагдаагүй.

Түүнчлэн “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажилд 2013 оны есдүгээр сарын 20-ны өдөр 440.0 сая төгрөгийн С-ГТ-Б 2013-159 тоот гэрээ байгуулсан боловч зураг төсвийг магадлалаар батал­гаажуулсны дараа арван­хоёрдугаар сарын 12-ны өдөр гэрээний үнийн дүнг 1895.5 сая төгрөг болгон өөрчилж С-ГТ-Б 2013-159-1 тоот нэмэлт гэрээ байгуулсан зөрчил илэрсэн аж.

Мөн Моносын уулзвараас “Просолиуд” компани хүртэлх 2.5 км замын анхны өртөг 300 сая байсан бол 41.58 дахин нэмэгдүүлж 12.5 тэрбумаар “Бадрах ойл” компани ажил гүйцэтгэжээ. “ТЭЦ 3”-ын баруун хойд замаас Яармагийн гүүр хүртлэх 1.5 км замыг “Эрдэнэ зам” компани 112 саяын төсөвт өртөгөөр хийх гэрээ байгуулжээ. Гэвч 5993 дахин төсөвт өртөг  нь нэмэгдэж 6.7 тэрбумаар хийгдсэн байна.

Мөн Яармаг хүртэлх 3 км замын барилгын ажил гүй­цэт­гэсэн “Арц суварга” ХХК анхны үнийн дүнгээ 11.8 тэрбум буюу 1154 хувь нэмэг­дүүлж 12.8 тэрбумын сан­хүү­жилт авсан. Өндөрхаан-Чой­балсан чиглэлийн 143 км автозамын ажлыг гүйцэтгэсэн “Насны зам”, “Хансуун зам”, “Өвөрзалаат”, “Бадрах ойл” компаниудын түншлэл анх гэрээ байгуулахдаа 23.7 тэрбум төгрөг гэж байсан ч нэмэлтээр 19.3 тэрбумыг авч нийт 43.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Анхны үнийн дүнг 81 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” тэргүүтэй “Төгс үржих зам”, “Готик голд”, “Төгс зам”, “Би Ти Өү”, “Велдедлайне Монголиа”, “Наранбулаг” гэх замын компаниуд анхны гэрээний үнийн дүнгээ 200-400 дахин нэмэгдүүлж нэмэлт санхүүжилт авсан нь шалгалтаар илэрсэн. Ийнхүү төсөвт өртөг анхныхаасаа хэд дахин нэмэгдсэн олон тохиолдол бий. Мэдээж тухайн ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажил олгогдож, хөрөнгө мөнгө нэмэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ талаар дараагийн дугаартаа нийтэлж, мөн дээрх компанийн эзэд чухам хэн болохыг нэхэн сурвалжлах болно.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!