Т.Аюурсайхан: Н.Золжаргал орон сууцны дэмжлэг нэрээр 4 тэрбум төгрөг олгосон

0
134

Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монголбанкны шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Нууцын зэрэглэлтэй гурван асуудлаас бусад дүнг УИХ-ын цахим хаягт байршуулсан. Бидэнд нууж хаах юм байхгүй” гэв. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

Монголбанкны шалгалтын материалаас ямар асуудлыг нууцын зэрэглэлд багтаасан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Нууцын зэрэглэл гэдгийг гишүүд мэдэж байгаа. Бид зээл авсан компанийн нэрийг нууцын зэрэглэлд оруулах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас нууцын зэрэглэлтэй гэдгийг тогтоож ирүүлсэн бол тэр хэвээрээ явна. Харин нууцын зэрэглэлээс гаргах эсэхийг хуулийн дагуу шат дараатай шийднэ. Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол “үгүй би авахгүй” гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой. Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хаана явна вэ. Тэр хүнд ямар хариуцлага ногдуулах вэ?

Н.Золжаргал Ерөнхийлөгчийг хаана байгааг мэдэхгүй. Хэрэв хариуцлага тооцох ёстой гэж үзвэл хууль хяналтын байгууллага тодорхой үйл ажиллагаа явуулаад энэ хүнээ дуудах байлгүй.

Та сая зээл авсан компани биш зээл өгсөн удирдлага буруутай гэж байна. Тэгвэл танай намын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн дөрвөн жил Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байсан. Энэ хүнд хариуцлага тооцох уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлангийн хувьд асуудал тодорхой. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ Монголбанкинд ажиллаж байсан чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй.

Монголбанкны хараат бус байдлыг хүндэтгэх ёстой гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан таны ахалсан ажлын хэсэг хараат бус байдлыг хүндэтгэж, хуулийн дагуу шалгалт явуулсан уу?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төв банкны бус байдлыг хэлэхдээ олон улсад ийм байдаг гэж хэлсэн. Хараат бус байдал гэж яриад өнөөдөр ямар байдалд хүргэснийг маш тод харж байна. Монголбанкнаас олгосон нийгмийн халамжид 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Маш их хэмжээний орон сууц, зээл тусламж, шагнал гэх мэт асуудал байна. Н.Золжаргал Ерөнхийлөгч орон сууцны дэмжлэг нэрээр 4 тэрбум төгрөг олгосон. Тусламж тэтгэмж нэрээр 3.4 тэрбум төгрөг, шагнал 500 сая төгрөг, баяр ёслол 500 сая төгрөг, зар сурталчилгаа 3.5 тэрбум төгрөг, албан томилолтод 2.5 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн шилэн данс хөтлөөгүй. Монголбанкинд үүссэн 3 их наяд төгрөгийг Засгийн газар үнэт цаас гаргаж байж хаах хуультай. Тиймээс энэ мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй гэж үзэж байна.

Монголбанкинд үүссэн 3 их наяд төгрөгийн алдагдал бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээд гарсан зардал гэж УИХ дахь АН-аас тайлбарлаж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарсан гэдэг зүйл байхгүй. Монголбанкны алдагдал бол алдагдал.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!