Түүх төөрөх учиргүй

0
120

1911 оны 12 сарын 29-нд Богд хаант Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөнөө тунхаглажээ. 1912 оны эхээр Өвөр Монгол, Шинжаан, Урианхайн Монгол овогтон олон аймаг хошууд Богд хаант Монгол улсад дагаар орох хүсэлтээ илэрхийлж, бас зарим хэсэг нь тээнэгэлзэн хүлээж байлаа. Хүрээнээс Сандо амбаныг хөөж явуулсны дараа Улиастайд байсан Манжийн Ли-ян жанжиныг буулган авч, нутагт нь буцаажээ. 1912 оны зун Богдын Засгийн газар Ховдын хязгаарыг дагаар оруулах шийдвэр гаргаж,  баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдаар баргын гүн Ж.Дамдинсүрэнг,орлогчоор нь улсад туслагч гүн С.Магсаржавыг томилон, 50 цэрэг захируулан замаас цэрэг нэмж элсүүлж очих үүрэг өгч явуулжээ. Ховдыг дээрх хоёр гүн л мэдэж цэрэгтэй ирээд чөлөөлчихсөн юм шиг ярьж бичиж ирсэн. Богдын Засгийн газраас зарлигаар зарсан Улиастын хэргийг илбэн тохинуулах сайд Жалханз хутагт Дамдинбазар, мөн зарлигаар зарсан захираншийтгэх сайд бэйс Гончигдамба,мөн зарлигаар зарсан хязгаарыг сэргийлэн бататгах сайд Р.Наваанцэрэн, догшин ноён хутагт Дамбийжанцан нарын оройлон оролцсоныг үгүйсгэхиийн аргагүй юм. Тэр дундаас “Жа лам”-ын (Дамбийжанцан)үүрэг роль асар их байсныг түүх гэрчилж байна.

1912 оны 6 сард Улаангомын ойролцоо дөрвөд, баяд, халх ноёдын онц чуулган болж, Ховдын хязгаарын үүссэн хэрэг явдлыг шүүн хэлэлцжээ. Ховдын хязгаар нь тэр үед ар Монголоос тусдаа Манжын нэгэн муж байсан тул Халхын цэрэг шууд түрэмгийлэн орох боломж, хүн хүч ёс зүйн үндэс байсангүй.Тийн учраас хязгаар нутгийн ноёдын санал хуваагдмал байгааг Монгол төрийн зүг татах хэрэгтэй байсан бөгөөд уг хуралдаанд жалханз хутагт Дамдинбазар, бэйс Л.Гончигдамба, гүн Ж.Дамдинсүрэн, бэйл Р.Наваанцэрэн, Жа лам Дамбийжанцан, Ховдын хязгаарын зарим ноёдууд оролцсон байна. Улаангомын чуулганд Галсаннамжил нарын зарим ноёд “бид хятадтай байлдахгүй, одоохондоо Ойрдыг Халхтай нэгтгэх хэрэггүй” гэсэн байр суурьтай байхад зарим нь эсрэг саналтай байжээ.

Энэ чуулганд гүн С.Магсаржав оролцоогүй байна. Чуулган дээр Жа лам Дамбийжанцан “Ойрдын засаг, ард түмэн надад ямар даалгавар өгнө, би түүнийг гүйцэлдүүлэхэд бэлэн байна. Энэ үйл хэргийн төлөө өөрийн биеэ тарчлаах, ард олны боол зарц нь байх заяатай төрсөн хүн” гэж хэлсэн гэдэг. Жа лам энэ чуулган дээр эсрэг бодолтой байсан ноёдын санааг эргүүлж чаджээ. Уг чуулганаас Ховд хотыг чөлөөлөхийн төлөөнөө хошуудаас цэрэг татахаар шийдвэрлэж, Дамбийжанцан эзнээ голоос хойшхи Ойрдуудаас 2000 цэрэг цуглуулсан тухай мэдээ байдаг. Улиастайн амбанаас илгээсэн цэргүүд Ховдын амбаныг хамгаалахаар явах замд нь тагнуул ангийн баг цэрэгтэй нь тосон устгасан ажиллагаа Дамбийжанцангийн удирдлаган доор явагдсан бол Шинжаанаас илгээсэн хятад цэргүүдийг Хайлааст ууланд тосон устгасан байлдаанд мөн л түүний удирдсан цэргүүд оройлсон байна. Энэ байлдааны дараа Дамбийжанцаны санаачлага, гүн Түмэндэлгэржавын дэмжлэгээр цэргийн зөвлөл хуралдаж, Хайлааст ууланд “Цогтбаатархайрхан” цол олгосон гэдэг. Энэ үед Манжууд Үрэмч, Бархөл, Цонжоос цэргээ татаж, Шинжааны  Шар сүмийн орчим бөөгнөрүүлэхийн зэрэгцээ, Сангийн хэрмийн гадуур шуудуу татан, ус урсгаж, дөрвөн булан дээр нь их буу зоож, сүр үзүүлэн, цэргийнхээ бэлтгэлийг эрчимжүүлж байсан байна.

Богд хаант Монгол улсын нэрийн өмнөөс тулган шаардах бичиг хүргэж өгсөн торгууд гүн Ж.Төмөржав, мэйрэн Лхагва нарыг манж амбан эрүүдэн шүүж, тамлаад туг тахижээ. Гүн Дамдинсүрэнгийн даалгавраар С.Магсаржав 50 цэрэг авч Хайлаастайд очиход байлдаан дууссан байсан ба энд С.Магсаржав Жа лам Дамбийжанцангийн шавиар орж, анхны туг тахих ёслолыг үйлджээ. Өөрийн цэргийн сүлд хийморийг өргөж, дайсны цэргийн зүрхийг мохоох зорилгоор үйлддэг энэ ёслол эртнээс уламжлагдаж, тухайн үе хүртэл хэрэглэгдэж байжээ. Анхны ялалтын дараа Жа Ламын нэр хүнд огцом өсч, манай цэргийн тоо 5000 хүрч, Ховд хотыг бүслэн орох гарах замыг хаасан ба бүслэлтийг тойруулан цахилгаан өртөө гэгчийг байгуулж, нутгийн ардууд өртөөчний үүргийг гүйцэтгэж байсан гэх.

Хотын хойт талыг Лувсангийн удирдсан тагнын Урианхайн 600 цэрэг, хоёр улаан уулын хооронд Жалханз хутагт болон Бэйс Наваанцэрэн нарын 600 цэрэг, Модон овоо, Алагтолгойн хооронд Мянгадын 150, Маньбазар гүний 150 цэрэг, Алаг толгой, Талын хайрханы хооронд Баяр гүн, Тогтох тайж нарын 400 цэрэг, Талын хайрханаас Өргөн ширэг, Бугат үзүүрийн хооронд Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарын 500 цэрэг, Бугат үзүүрээс Туулайтын амны хоорондох өргөн фронтод дөрвөд, баяд, захчины 1700 цэрэг мөн Бор талын өөлд, Булганы торгууд, Кылан ноёны казак, тариачин хошууны Монгол, хятад 900 цоохор цэрэг хамгаалж байжээ.

Ховд хотыг чөлөөлөх энэ байлдаан 1912 оны 5 сард эхлээд, мөн оны 8 дугаар сард Ховдын хэрэм унаснаар төгсчээ.

Шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнөх орой туульч Парчин “Бум-Эрдэнэ” туулийн хэсгээс хайлж, хутагт Дамдинбазар, гавж Нүрзэд нарын хориод лам Ямаат улааны орой дээр лүүжин тавьж, ном уншсаар үүр цайлгаж, хутагтын гал асааж дохио өгөхөд бүх цэрэг Ховд хот руу зэрэг дайран оржээ. Амбан маамай иргэдийг ч буу сэлмээр зэвсэглэсэн байлаа. Өмнөх тулалдаануудад цохигдон зугатсан дайсны цэргүүд Ховдын баруун, баруун өмнөд уулуудаар орогнож байсан байна. Тэдний тоо 2500 шахам байжээ. Тэгвэл Ховд хотыг чөлөөлөхөд манай талаас 5000 гаруй, дайсны талаас 4000 гаруй цэрэг байлдаанд оржээ. Гаднаас довтлох цэргүүдийн ихэнхийг Жа ламын цэргүүд зурвас гарган дотогшоо оруулснаар тэд хот хамгаалалтын цэргүүдтэй нэгджээ. Бас нэлээд цэрэг буцаж зугатсан тухай  тэмдэглэн үлдээжээ. Манай цэргүүд хоёр даь өдрийн үдээс хойш Маймай хотыг эзлэж, орой нь сангийн хотын хэрмэнд тулж, гардан байлдаанд шилжсэний дараа хэрмэн дээгүүр цагаан туг босгон, торгон цэргүүд нь зэвсгээ хураалган өгчээ. Удсангүй хэрэм давуулан шат буулгаж, амбаны гурван түшмэл бууж ирээд жанжин Ж.Дамдинсүрэнд гардуулсан бичгэндээ ямар нэгэн болзолгүйгээр бууж өгснөө дурьдаад,Оросын консулын төлөөлөгчийг байлцуулан хэлэлцээр хийх хүсэлт тавьсан байжээ.Хэлэлцээрийн дараа хүүр зайлуулах ажилд хотын Монгол хятад иргэдийн олон үхэр, морь, тэмээ, илжгэн тэрэгнүүд монгол, хятад, манж цэргүүд дайчилагджээ. Хоёр сар шахам үргэлжилж, нийтдээ 10.0 мянга гарам цэрэг оролцсон энэ тулалдааны амьд хүчний хорогдлын тодорхой мэдээ байдаггүй тухай судлаачид бичжээ.

Хайлаастын тулалдаанд дайсны 300 гаруй цэрэг алагдаж, 80 гаруй цэрэг олзлогджээ. Маймай хотын нэг пүүсийн хашаанд 70 хүн алагдсан байжээ. Өргөн ширэгт болсон тулалдаанд Ойрдын 143, Магсаржавын 18 цэрэг үрэгджээ гэсэн мэдээллүүд байх.

Бурдуков Жа ламыг 3000 цэрэгтэй байсан гэсэн бол Ломакина 5000 морьт цэрэг цуглуулсан, зарим нь бүр 30 цэрэгтэй байсан ч гэж бичжээ. Ямар ч асан Ховд хотыг хамгаалах бүх цэргийн зөвлөл түүнд захирагддаг байсан, цэргүүдийн дийлэнх олонхийг Ойрд цэргүүд эзлэж байсны учир нь дарга нар нь Жа ламыг дагах хандлагатай байсантай холбоотой аж. 5000 гаруй морьт цэргийг татаж цуглуулахад Жа ламаас гадна хутаг Дамдинбазар, Л.Гончигдамба, Р.Наваанцэрэн, Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав болон дэвшилтэт үзэлтэй Ойрд ноёдын гавъяа зүтгэлийг үгүйсгэж болохгүй юм. Ж.Дамдинсүрэнд “манлайбаатар”, С.Магсаржавт “хатанбаатар”, жалханз хутагт Дамдинбазарт “Самади багш”, Л.Гончигдамбад Засаг төрийн бэйл, Дамбийжанцанд “догшин ноён хутагт” цолыг богд хааны лүндэнгээр олгосон байдаг.

Академич Б.Ширэндэвийн бичиж 1978 онд хэвлүүлсэн “Ардын хатанбаатар Магсаржавын намтар” номын 22 дахь талд “Манжийн хааны Засгийн төлөөлөгчид үүрлэж байсан Ховд хот, түүний хэрмийг Монгол цэрэг ийнхүү хатанбаатар Магсаржавын удирдлаган дор баатарлагаар тулалдан чөлөөлсөн нь …” хэмээн бичсэн бөгөөд энэ үйл явдлыг удирдсан, ихээхэн хүчин зүтгэл гаргасан бусдыг нь орхигдуулжээ. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж, гавъяа байгуулаад гамингийн шоронд босоогоороо нөгчсөн манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн Ховдыг чөлөөлөхөд байгуулсан үнэн гавъяаг бичилгүй үлдээсэн нь түүний үндэс угсаа халх биш барга байсантай холбоотой байсан юм биш биз. Арай нас барсан нь үүний нэрмээс болоогүй байлтай. Б.Ширэндэв академич зөвхөн Ж.Дамдинсүрэнгээр зогсохгүй үйл явдлыг оройлон удирдсан Жа лам Дамбийжанцан, хутагт Дамдинбазар, Зоригт бэйл Р.Наваанцэрэн, Засаг төрийн бэйл Л.Гончигдамба гэхчлэн С.Магсаржаваас бусад бүгдийн гавъяаг охигдуулсан нь дээрээс өгсөн даалгавар, магадгүй өөр шалтгаан ч байсан байх. Бусад түүхчид ч ялгаагүй. Тэд нарт үнэнийг бичих иргэний зориг дутаж байсан нь гарцаагүй.

Гэтэл өнгөрсөн жил зохиолч, сэтгүүлч Г.Төрмөнхийн “Ойрд хязгаар – Ээдрээт цадиг” баримтат, түүхэн кино роман хэвлэгдэж, уншигчдын чихийг дэлдийлгэлээ. Зуу гаран жил нууцлагдаж байсан Жа ламын амьдрал тэмцлийн үнэн түүхийг зоригтой гаргаж ирснээрээ энэ зохиол Монголын уран зохиолд түүхэн үзэгдэл болсон юм. Саяхан 2017 онд зохиолч,судлаач Л.Төрбатын “Суут Жа лам” түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Зуун жил хэлмэгдэж шаналсан Жа ламын сүнс баярласан биз ээ !

Буруу бусармаг ихэдсэн аль ч цагт амьдрал үнэн үг хэлдэг хүнийг, үнэн түүх бичдэг мэргэдийг дотроосоо эрж хайсаар байдаг гэж боддог. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг” нь ч бас амьдралын жам билээ.

/“Ойрад хязгаар-Ээдрээт цадиг” ном 2016 он.зохиогч Г.Төрмөнх, “Суут жа лам” ном 2017 он. зохиогч Л.Төрбат, “Ховдын хязгаарын түүх” ном зохиогч Б.Нямдорж, Ховд хотыг чөлөөлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл зэрэг ном материалыг ашиглав/

Аюушийн Жаргалсайхан.

2017 он.  Ховд хот

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!