Ц.Баатархүү: НИТХ тарна гэвэл бид татгалзахгүй

0
85

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, НИТХ дэх АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НИТХ төсвөө батлаагүй л байна. Юутай холбоотойгоор энэ ажил сунжраад байгаа юм бол?

НИТХ-аар төсөв хэлэлцэх тусгай дэг гэж бий. 2012-2016 онд НИТХ дэгээ өөрчилж, сар бүр хуралдаж, нийслэлийн төсөвт маш их ач холбогдол өгөх болсон. Тэгэхдээ төсөвтэй холбогдуулан нийслэлийн иргэдээс санал асууж, хоёр үе шаттайгаар хэлэлцдэг болсон юм. Хуулийн дагуу төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой. Хамгийн гол нь одоо мөрдөгдөж байгаа дэгээр арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө нийслэлийн Засаг даргаас НИТХ-д төсвийн төслийг өргөн барьдаг. Үүний дараа НИТХ төсөлтэй танилцаж, хоёр шаттаар хэлэлцэнэ. Учир юу гэвэл тухайн оны төсөв нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай салшгүй холбоотой, хөгжлийн баримт бичиг. Засаг даргын үйл ажиллагааны тооны хэлээр илэрхийлсэн гол хөтөлбөр юм. Гэтэл өнөө жил дэгээ зөрчиж, Засаг даргаас төсвийн төслөө өргөн бариагүй байна. Тиймээс бид ажлын албаас төслийг нэхэж, шаардаад сууж байна. Энэ байдал юунд хүргэх вэ гэвэл, арванхоёрдугаар сарын 5 гэх маш богино хугацаанд шахаж төсвийг халтуурдах маягаар батлах гээд байгаа ба эргээд нийслэлчүүдэд хохиролтой.

Төсвийн төсөл удаашраад байгаа гол шалтгаан нь юу вэ?

Засаг даргын зүгээс төсөв өргөн бариагүй нь л гол асуудал болчихоод байна. Хэзээ барих нь ч тодорхойгүй. Хугацаа нь хэтэрчихсэн. Тиймээс л бид шавдуулж, шаардаад байгаа юм. Хамгийн гол нь, төсвийн төслийг аваад шууд баталчихгүй. Шат шатаар хэлэлцэж, ямар зардлыг танах, юунд нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөхийн тулд хуваарилалтыг хэрхэн хийх гэдэг дээр төлөөлөгч нар саналаа гаргадаг. Гэтэл төсөл хугацаандаа төлөөлөгчдийн гарт ирээгүй учраас ямар нэгэн зүйл урьдчилан хэлэх боломжгүй байна.

Хугацаа шахуу байхад төсөв хэлэлцэж амжих уу?

Бид энэ богино хугацаанд шат шатны хэлэлцүүлгийг чанартай хийх шаардлагатай болж байна. Хуулиар хугацааг яг таг заачихсан тул амжих л ёстой. Төсвөө батлуулахгүй бол нийслэлийн удирдлагуудад хариуцлага тооцдог.

Ямар хариуцлага?

Ер нь Засаг дарга огцорно гэсэн үг.

Төсвийн төслийг удаашруулснаа юу гэж тайлбарлаж юм?

НИТХ гэх байгууллага ч төсвийг нэхэж, шаардах үүрэгтэй. Тиймээс бид НИТХ-ын даргад сануулга өгч байна. НИТХ-ын дарга энэ дэгийг мөрдүүлж ажиллах ёстой. Засаг дарга төлөөлөгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлэх гэж байгаа л бол дэгээ баримтлах нь зүйн хэрэг. Нөгөө талаар НИТХ-д байгаа 45 төлөөлөгч өөрсдөө дэг, журмаа баримталж байж хүчин төгөлдөр шийдвэр гарна. Тэгэхгүй бид өөрсдөө дэгээ зөрчөөд байвал гаргасан шийдвэрийг хэн ч хүлээж авахгүй.

Дээр дурдсан Засаг даргад тооцох хариуцлагыг хуулиар тогтоосон уу?

Төсвийн тухай хуульд байгаа. Улсын төсөв батлагдсаны дараа нийслэл, тэгээд дүүргүүдийн төсвийг хэлэлцэж, батлах уялдаа холбоотой. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 5-нд төсөв батлагдахгүй бол Засаг даргад хариуцлага тооцно.

Нийслэлийн төсөв олон ажлыг уях нь ээ?

Тэгэлгүй яах вэ, дүүргүүд мэдээ нийслэлийн төсвийг л хүлээж байгаа. Яагаад арванхоёрдугаар сарын 5 гэж хугацаа заасан гэхээр нэгдүгээр сарын 1-нээс өмнө дүүргүүдэд төсвөө хэлэлцэх боломжийг олгож байгаа юм. Нөгөөтэйгүүр нийслэлийн төсөв маш чамбай, шүүсийг нь шахсан, тал талаас нь хэлэлцэж, иргэдээс санал авсан байх шаардлагатай. 2012-2016 онд нийслэлийн нийт иргэдээс хороодоор дамжуулан, цаасаар санал авч байж төсвийг хэлэлцэж, баталдаг байсан. Ер нь ингэж дэг зөрчиж, төсөв уясан тохиолдол огт гарч байгаагүй. Засаг даргын баг идэвхгүй, удаан ажиллаж байна.

Энэ зөвхөн идэвхийн асуудал мөн үү. Зүгээр л хайнга, унтаа байдлаас болоод төсвийн төслийг хугацаанд нь өргөн бариагүй гэхээр маш хариуцлагагүй санагдаж байна?

Ажлын уялдаа холбоо л маш сул гэж үзэж байна. Учир нь 2017 оны ажлын гүйцэтгэлийн НИТХ дүгнэсэн. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны зорилтыг авч хэлэлцсэн. Зорилтын дүгнэлтийг Засаг даргын зүгээс 89 хувийн биелэлттэй гэж оруулж ирсэн. Эдгээр зүйл дээр бид Засаг даргыг донгодсон. Тухайлбал, Монгол Улсад улирлын чанартай ажил олон. Намар, зун л бүтээн байгуулалт, газар шорооны ажил хийдэг. Сэрүү ороход л хамаг ажил зогсоно. Гэтэл зөвхөн тендер шалгаруулалтын гэрээ хийгдсэн байдлыг үзэхэд нийт 300 гаруй тендерийн 60 хувь нь долдугаар сар болон түүнээс хойш батлагджээ. Уг нь дөрөвдүгээр сарын 15-нд энэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд эхэлчихсэн байх ёстой. Тэгэхэд долдугаар сараас хойш сэрүү ортол нэг их ажил хийж амжихгүй, тэгээд хүйтний улиралд хийвэл чанаргүй, насгүй л ажил болно. Нэг ажил хийх гэж нөгөөг нь нураадаг байдлаас болж нийслэлчүүд маш их бухимдаж байна. Гэтэл ихэнх ажлыг хүйтний улиралд хийснээр чанаргүй болж дараа жил нь дахиж төсөв мөнгө зарцуулж засаж, янзалж байгаа. Энэ бүх байдал олон шалтгаанаас болж үүсдэг ч бид ерөнхийдөө ажлын уялдаа холбоо байхгүй гэж үзсэн.

НИТХ-ын шинэ дарга ажлаа авснаас хойш нэг ч удаа хурал хийсэнгүй, дотооддоо хагаралтай, АН-ынхантай таарамжгүй гэх шүүмжлэл гарч байгаа. Танай намын бүлгээс ч энэ талаар удаа дараа сөхсөн. Одоо байдал ямар байна, ахиц гарав уу?

Бид нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Ер нь НИТХ нийслэлийг бодлогоор хангах ёстой, шийдэл гаргадаг байгууллага. Гэтэл одоо асуудал шийдэх биш нийслэлийн асуудал болчихоод байна. Учир нь аравдугаар сарын 20-нд Тэргүүлэгчдийн хурал болсон. Өмнө нь ирц хүрээгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшилсон. Гэтэл тэр хурлыг зарласан 134-р тогтоолыг хууль болон дэг зөрчсөн гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд бид 12 дугаар хуралдааныг үргэлжлүүлж байтал Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Улмаар ээлжит бус нэгдүгээр хурлыг зарласан. Тэр хурлаар Тэргүүлэгчдийн асуудлыг хэлэлцэх гэж бүтэн өдөржин болсон. Ер нь манай НИТХ ирцээ бүрдүүлэх гэж их удна, томилгооны асуудал ярина. Үүн дэр тохиролцож чадахгүй тэгсхийгээд завсарлага авдаг.

Уг нь манай НИТХ-ын хүчний харьцааг бүгд л мэдэж байгаа. 45 суудлын 34 буюу 76 хувийг эрх баригч намын төлөөлөгч нар эзэлдэг. Тэгэхээр ажил хийе гэвэл АН-тай, АН-гүй хийх боломжтой. Харамсалтай нь энэ 34 төлөөлөгч маань намын хагарлаасаа болоод тэхий дундуураа хуваагдаад байна. Ингээд олонх маань олонх шиг байж чадахгүй, ажил явахгүй, хоорондоо ойлголцохгүй байна л даа. Тиймээс АН-ын бүлгээс тэдэнд нийслэлийг ажлыг урагшлуулж, намынхаа хэрүүлийг зогсоогооч ээ гэж шаардаж байгаа.

НИТХ-ын өмнөх дарга Ц.Сандуйн ажлаа өгсөн явдал их л дуулиан тарьсан. Тэгэхээр МАН-ын бүлгийн энэ байдал хэзээнээс бий болчихсон юм бэ. Даргаасаа шалтгаалаад байна уу?

Үүнийг харьцуулж ярихад хэцүү. С.Амарсайханы хувьд ажлаа аваад удаагүй байна. Ажил авангуутаа хийх гэсэн Тэргүүлэгчдийн хурал нь асуудалтай болчихсон. Ээлжит бус нэгдүгээр хурлыг хийсэн. Гэхдээ манайхан хурал хийх гэж ёстой л гурилддаг болчихоод байна. Цагтаа эхлэхгүй, ирц хүрэхгүй. 2017 оны тавдугаар сараас НИТХ их хэцүү болсон. Ер нь Ц.Сандуйг огцруулах, эсэх дээр маргалдаж, хоёр хуваагдсан. Ингээд хурал хийхээ больсон. Бид сөрөг хүчний байр сууриас дэгийн дагуу сар бүр тогтсон хугацаанд хурлаа хийхийг шаардсан бичиг өгдөг. Хурал зарлах эрх НИТХ-ын тэргүүлэгчдэд байдаг. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд дандаа МАН-ын төлөөлөгч нар бий.

Гэхдээ ажил аваад удаагүй гэдэг шалтгаан өөрөө их утгагүй биш үү. С.Амарсайханы хувьд НИТХ-ын дарга болоод сар гаруйн хугацаа өнгөрсөн. Ажил хийвэл хийчихээр хугацаа биш гэж үү?

2012 оноос өмнө НИТХ жилд 2-3 удаа л хуралддаг байсан. Үүний дараа НИТХ-ийн даргаар Д.Баттулга сонгогдсон ба тухайн үеийн бүрэлдэхүүн НИТХ-ыг байнгын үйл ажиллагаатай болгосон. 2012-2016 онд НИТХ нийслэлийг бодлогоор тасралтгүй хангаж байсан учраас тэр их бүтээн байгуулалт, ажил өрнөсөн хэрэг. Харин одоо олонхийн зовлон буюу НИТХ-ын дээр нам гарчихаар ажил ийм байдалтай болоод байна. Өмнө нь намаас чиглэл өгдөггүй, төлөөлөгчид нь асуудлаа шийддэг байсан. Одоо бол МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-д чиглэл өгдөг, НИТХ өөрөө иргэдийн төлөөллийн байгууллага гэдэг утгаа алдчихаад байгаа юм. Яагаад нэг намынхан байж хоорондоо өрсөлдөөд, юугаа булаалдаад байна вэ гэхээр намаас л чиглэл ирээд байгаа хэрэг. Тэгэхээр бид нийслэл, цаашилбал Монгол Улсыг хөгжүүлье гэвэл иргэний төлөөллийн байгууллагын дээр нам гардгийг л болиулах хэрэгтэй. Өнөөдөр Монгол даяараа улстөржиж байна. Миний бодлоор УИХ-ын чуулган, НИТХ-ын хуралдааныг ТВ-ээр гаргахыг болиулмаар байна. Ер нь нийт даяараа улстөр үзээд, тэрнийгээ орой ярьдаг улс орон манайхаас өөр хаа байна вэ. Энэ байдлаас болж зүгээр л олон нийтэд таашаагдах гэсэн популизм бий болж, түүгээр нь амьдарч байна. Гэтэл тэр популизм нь хэрэгжиж, улс орныг хөгжүүлж байгаа зүйл огт алга. Ерөнхий зураглалыг нь л ингэж харж байна. Тэгэхээр намын засаглал, иргэний засаглал хоёрыг байр суурийг тодорхой болгож, зааглаж, ялгах ёстой.

НИТХ-ын даргыг солих тухай яриа гараад эхэллээ. Танай бүлэг энэ яриаг гаргав уу?

АН-ын зүгээс ийм кампанит ажил явуулсангүй. Харин С.Амарсайхан даргыг сонгох хурлын асуудлаар МАН-аас Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм билээ. Шүүх энэ нэхэмжлэлийг хүлээгээд авсан. Тэгэхээр түүнийг томилсон нь хууль зөрчсөн, эсэхийг шүүх шийднэ. УИХ ч тэр, НИТХ ч тэр шүүн тасалдаг байгууллага биш. Иймд шүүхийн шийдвэрийн дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй гэж үзэж байна.

Тэгвэл НИТХ-ыг тараах ёстой гэх байр суурь ч бий. Энэ байр суурийг НИТХ дотроос гаргасан. Асуудал бүр ийм хүнд шатанд тулсан гэж ойлгогдож байгаа?

НИТХ ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл тарах хуульзүйн хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт нийт сонгогчдын олонх гарын үсэг зурдаг. Хоёрдугаарт НИТХ-ын төлөөлөгчийн гуравны хоёр нь санал нэгдвэл тарж болно. Одоо НИТХ дотроо гурван бүлэгтэй. Уг нь сөрөг хүчин, олонх гэж байсан бол одоо олонх нь дотроо хоёр хуваагдчихсан. АН-ын зүгээс гурван бүлэгтэй, хоёр намтай, ажлаа хийж чадахгүй ийм байна гэвэл тарахад асуудалгүй гэсэн байр суурьтай байгаа. Тарна гэвэл бид татгалзахгүй. Учир нь бидний төлөөлөгч байх, эсэх нь чухал асуудал биш ээ. Нийслэлчүүдийн амьдрал, ахуй, орчин нөхцөл биднээс шалтгаалаад байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!