Цахим орчинд чимээгүй отох аюул

0
297

Түүгээр явсан гайг үүгээр дууддаг нь  та. “Үгүй” гэж мэлзэх гэж байвал шалтгааныг нь хэлье. Олон нийтийн сүлжээ, интернэт ор­чинд фейсбүүк хэрэглэгч бүр гэмт этгээдүүдэд хэргийн сэдэл өгч, тэд­нийг өдөөн турхирч, эцэст нь өө­рөө гэмт хэргийн золиос болж эд хөрөнгө, бие сэтгэл зарим тохиол­долд амь насаараа хохирдог байна.

Фейсбүүк болон олон нийтийн бусад сүлжээ нь хэрэглэгч нарт цаг үеийн мэдээ мэдээллэл, элдэв сонин хачин, найз нөхдийн дурсамж сэлтийг хуваалцах аятай талбар болдог. Тухайлбал, фейсбүүк хуудсыг дэлхий даяар 1.6 тэрбум хүн ашиглаж байгаа бөгөөд энэ тоо цаашид ч эрчимтэй өснө гэсэн чиг байгаа аж. Тэгвэл фейсбүүк олон нийтийн сүлжээнээс 2010 онд “шинэ зуунд хувийн орон зай гэж байхгүй болсон” гэж мэдэгдсэн. Товчхондоо, фейсбүүкийн хэрэг­лэгч­дэд нууц гэж байхгүй гэдгийг эелдэгээр хэлж буй нь тэр.

Энэ сүлжээнээс хэрэглэгчид мэдээлэл авахаас илүүтэй өөрийн болон өөрт хамаатай юу хүсч, бодож,  үйлдэж яваагаа өөрийн нүүр номын хуудасдаа оруулах нь бий. Ихэвчлэн хаана юу хийж яваа болоод гэр бүлийнхэн, найз нөхөд ойр дотныхоо хүмүүсийн талаарх мэдээллийг бусадтай хуваалцах нь элбэг. Тухайлбал, “Бид гэр бүлээрээ салхинд гарлаа”, “Гэр бүлээрээ гадаадад аялж байна” гэх зэргээр фейсбүүкт оруулсан мэдээлэл нь бусдад хулгайн сэдэл өгдөг аж. Өөрөөр хэлбэл, тухайн айл эзэнгүй байгааг дээрх мэдээлэл баталгаажуулж, хулгайчдад боломж олгодог талаар хуулийн байгууллагынхан тайлбарласан.

Мөн хүүхдийнхээ зургийг нийтлэхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийнх нь байршлыг олон нийтэд ил болгох нь хүний наймаачдад олзлогдох эхлэлийг бий болгодог гэнэ. Уг нь өндөр хөгжилтэй оронд 0-5 настай хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулахыг хориглож, хэрэв зөрчвөл өндөр торгууль оногдуулах байдлаар бага насны хүүхдийг гэмт халдлагаас хамгаалдаг аж. Харамсалтай нь, манай улсад тийм хууль эрх зүйн орчин байхгүй.

Тиймдээ ч нярай байхаас нь зургийг нь нийтэлж, улмаар өсч том болж байгааг нь өдөр бүр нийтлэн, улмаар цэцэрлэг, сургууль, хамрагддаг секц дугуйлангийнх нь талаар нэг бүрчлэн мэдээлэл оруулах нь бий. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Сүүлийн үед фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдэх хэрэг манай улсад их гарах болсон байна. Хохирогчид нь ихэвчлэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг гэх судалгаа бий.

Фэйсбүүк ашиглан бусдын итгэлийг олох, хуурч мэхлэх замаар тухайн хүмүүсийн хувийн мэдээллийг олж авах, улмаар олж авсан хувийн мэдээллээрээ тухайн иргэнийг дарамталж, мөнгө авах гэмт хэрэг бүртгэгдэж байна” хэмээн хэлж байсан. Жишээ нь, орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд бусадтай харьцаж, итгэлийг нь олж аван тухайн хүмүүсийн хувийн мэдээлэл болон зургуудыг ашигласан хэрэг бүртгэгдсэн. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалгаж шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зураг байсныг олж тогтоосон гэдэг. Сүүлийн жилүүдэд учруулж байгаа хор хөнөөлийнхөө хэмжээгээр цахим гэмт хэрэг терроризмын урд эрэмбэлэгдэх болсон байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаархи тайланд фейсбүүк хэрэглэгчдийн 53 хувь нь нэг хаягтай, 47 хувь нь хоёроос дээш хаягтай гэсэн дүн дурьдагджээ. Гэхдээ энэ бол 2015 оны судалгааны үзүүлэлт. Түүнээс хойш интернэт хэрэглээ гэрлийн хурдаар өссөн гэхэд болно. Улмаар тухайн үеийн судалгаанд хамрагчдын 41 хувь нь цахим орчноос айдаст автдаг гэсэн байна. Мөн сөрөг коммент 37 хувийг эзэлдэг хэмээжээ.

Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоолын хүрээнд Эрүүгийн цагдаагийн газрын бүтцэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг 2011 оны долоодугаар сард анх байгуулж байжээ. Улмаар 2014 онд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон байгуулагдсан байна.  Улсын ерөнхий прокурорын 2015 оны зургаадугаар сарын 5-ны А67 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг буюу 226, 227, 228, 229 дүгээр зүйл ангид заасан болон зөвхөн интернет орчинд үйлдэгдэж байгаа садар самууныг сурталчлах, зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийг зөрчих мөн хувь хүний захидал харилцааны халдашгүй байдлыг зөрчих гэсэн гэмт хэргүүд дээр шалгалтын ажиллагаа явуулдаг аж.

2013 онд Филиппин улсын иргэн олон нийтийн сүлжээнд  насанд хүрээгүй монгол охинтой танилцаж, удаан хугацаанд харилцаж байгаад түүнийгээ бэлгийн дарамтад оруулахаар заналхийлсэн нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт анх бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг хил хязгааргүй байдаг гэдгийн нотолгоо энэ юм. Харамсалтай нь ийм хэргийн хохирогч болсон хүмүүс хаана хандахаа мэддэггүйгээс гадна хандахаас ч эмээдэг учир хохирог­чоороо л үлддэг аюултай.

Интернетээр аялах, нийгмийн сүлжээ, ухаалаг утас хэрэглэх нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ. Тэгвэл онлайн харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд нэр төрөө хамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай болох юм.

Иймээс ерөнхий боловсролын хичээлийн системд энэ төрлийн хичээлийг оруулах зайлшгүй шаардлага бийг багш нар тодотгодог. Хэдийгээр цахим орчин ерөнхий боловсролын сургуулийн орчинд хязгаарлаж, хориглох салбарын сайдын тушаал бий ч хэрэгжилт тун тааруу. Иймээс сурагчдад интернет орчныг зөв зохистой ашиглах болон хор уршгийн талаар таниулах шаардлага бий болсон байна. Мэдээж эцэг, эхийн хараа хяналт зайлшгүй чухал. Мөн тэдний цахим мэдлэгийг ч дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Наанадаж, хувийн мэдээлэл хийгээд гэр бүлийнхээ амьдралыг олон нийтэд дэлгэж, бусдын өгөөш болгохгүй байх үзэл суртлыг суулгаж өгөх хэрэгцээ шаардлага тулгарсан гэхэд болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!