Ц.Сувд-Эрдэнэ: Миний амьдрал төсөөлж байгаагүй зүг рүү явчихлаа

0
1452

Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-даа “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийг урилаа.

Сайн үйлс түгээе гэж хэзээнээс бодов?

Энэ ажлыг би бодож төлөвлөж хийгээгүй. Намайг жаахан байхаас л ээж минь айлд гурил, будаа, мах өгүүлдэг байсан. Долоон хүүхэдтэй гээд хоолоо хүнээс харамлаж байгаагүй. Хонь гаргаад гэдэс чаналаа гэхэд хажуу айлууддаа заавал биднээр хувь хүргүүлдэг байсан. Харин “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын үүсэх шалтгаан нь Хорлоо эмээд тусалснаар эхэлж байсан. 2014 оны аравдугаар сарын 28-нд анх “Бөмбөгөр” худалдааны төв дээр цай зардаг Хорлоо эмээтэй таараад сошиал дээр эмээгийн талаарх багахан мэдээллийг зургийнх нь хамт оруулсан. Санаачлагыг маань олон хүн дэмжээд байшин барьж өгөх хүртэл аян өргөжсөн. Тэр ажлаас үүдэж хүнд тусалъя гэсэн санаа зорилготой залуус нэгдэж “Итгэл сэтгэлийн гүүр” санг байгуулсан. Ингээд 2015 оны нэгдүгээр сард сангаа албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Одоогийн байдлаар манай сан хоёр жил гаруйн хугацаанд албан ёсны үнэмлэхтэй 100 гаруй гишүүнтэй болсон.

Танай ТББ ямар зарчмаар гишүүн элсүүлдэг вэ. Танд хандсан хүн бүрийг бүртгэж аваад байна уу эсвэл аянд идэвх санаачлагатай оролцоод явсан залуусыг эгнээндээ нэгтгэдэг үү?

Бид сайн дурын гурван ажилд оролцсон байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Гурван аянд оролцсон бол гишүүнээр элсэхийг зөвшөөрдөг. Хандив тусламж өгсөн хүмүүсээ голчлон элсүүлэхийг зорьдог.

Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хэчнээн хүнд тусалсан бэ. Тоо гарсан байдаг уу?

Нийт 6000 орчим хүнд орон гэр болон бусад зүйлээр тус дэм үзүүлсэн байдаг. Үүнээс ТББ-ынхаа шугамаар тусалсан, орон гэрийг нь шийдсэн айлын тоог хэлбэл, хамгийн сүүлд Цагаандарь гэж бүсгүйг оролцуулаад 31 өрхийг гэртэй болгожээ. Бусад арга хэмжээг нь тоолбол 100 орчим болно.

Хамгийн сүүлд Цагаандарь гэж хоёр охинтой бүсгүйд байшин барьж өгөхөөр болоод ИНЕГ-т ажилд оруулсан. Энэ бүсгүйтэй анх хэрхэн яаж холбогдсон бэ. Та нарыг очиход ямар байдалтай байсан тухай яриач?

Энэ бүсгүйн тухай фэйсбүүкээс анх мэдсэн. Хүмүүс хоёр хүүхэдтэй орон гэргүй ийм бүсгүй төмөр замын вокзал дээр хоног төөрүүлж байна. Энэ хүнд туслаач гэсэн мэдээллийг нь олж өгсөн. Тухайн үед би нийтийн байранд хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг ах, эгч хоёрт гэр барьж өгөх ажил эхлүүлээд их зав зай муутай явсан учраас Цагаандарийн талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж чадаагүй. Тэгээд нөгөө ах, эгч хоёрынхоо гэрийг барьж өгөөд арай гэж жаахан чөлөө гараад явж байхдаа төмөр замын вокзал дээр хонож байна гэсэн мэдээлэл аваад “Очихгүй л бол болохгүй юм байна” гэж бодоод шууд Цагаандарь руу явсан. Намайг очихын урд өдөр нэг залуу гэр бүл сайхан сэтгэл гаргаад Цагаандарийг хоёр охиных нь хамт гэртээ хонуулж байсан. Тэгээд нөгөө гурваа очиж авчихаад хаашаа хандаж хаана очихоо мэдээгүй. Таксинд суулгачихаад замдаа фэйсбүүктээ бичсэн. Ийм бүсгүй байна. Хаана аваачихаа мэдэхгүй байна гэдгээ бичсэн. Төд удалгүй нэг сувиллын газраас яриад манайд аваад ир гэснээр хонуулах тухтай газартай болсон. Цагаандарь өөрөө бөөрний усжилттай, бөөр суналттай гэсэн оноштой. Гэтэл “Улаанбаатар мед” гээд бөөрний чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хамт олон мэдээллийг олж хараад туслах шийдвэр гаргаж Цагаандарийг найм хоног хэвтүүлэн эмчилсэн.

Монголд хүүхдийн төлөө, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө гэсэн статустай үйл ажиллагаа явуулдаг олон төрийн болон ТББ-ууд байдаг. Гэтэл тэдний хийж байгаа ажил нүдэнд харагдаж гарт баригддаггүй. Улс төрийн зорилготой юм уу эсвэл ямар нэг тэмдэглэлт баяраар гарч ирчихээд алга болчихдог. Гэтэл таны эхлүүлж өрнүүлсэн ажил олон нийтэд их хурдан түгдэг. Газар авдаг. Үр дүн нь сайнаар дуусдаг. Энэ бүхний нууц нь, учир шалтгаан нь юунд байна вэ?

Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүнд туслах юмсан, энэ хүнийг зовлонгоос нь жаахан ч болов гэтэлгэхсэн гэсэн хүсэл зориг бий. Гагц тэр сэтгэл нь сэрсэн үү сэрээгүй юу гэдэг л зүйл байна. Мөн хүнд тусалчих юмсан гэж боддог боловч өөрсдөө завгүй ажилтай явдаг хүмүүс бий. Тэдгээр хүн хэн нэгнээр дамжуулаад хүнд туслах хүсэлтэй байдаг. Ийм хүмүүс олон. Хэрвээ бидний өрнүүлсэн ажил олон нийтийг маш сайн уриалан дуудаж амжилттай эзэндээ хүрж байгаа бол шалтгаан нь их энгийн. Зориулагдсан хүндээ зориулсан бүхнийг нь хүргэж чаддаг. Тэднийг холбож өгөх гүүр нь болдог. Энэ тухай тайлан тооцоо зардал мөнгө бүх зүйлээ нээлттэй ил, шилэн байдлаар олон нийтэд тайлагнадаг учраас хүмүүсийн итгэх итгэл өндөр байдаг болов уу. Бид хийж байгаа сайн үйлсээсээ ямар нэг байдлаар ашиг хардаггүй. Зарим залуусынхаа тухай хэлэхэд өөрийн амьдралаа хаяад үүний төлөө тууштай явж байгаа нь ч бий. Бидэнд болон манай санд гадна дотны ямар нэг дэмжлэг санхүүжилт байхгүй. Бидний үйл ажиллагаа гишүүдийнхээ цөөхөн хэдэн төгрөгийн татвараар л явагддаг.

Та өөрөө гурван охины ээж. Хүүхдүүдээ өсгөх, тэжээхийн хажуугаар хүмүүсийн амьдралд санаа зовинох, амьдралыг нь цэгцэлж өгнө гэдэг асар их цаг зав шаардсан үйл. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?

Болоод л байдаг юм. Би хоёр охиноо өсгөж хүмүүжүүлсэн. Хамгийн бага охиноо тээж байхдаа хадам ээждээ хэлсэн. Би дахиад төрмөөр байна. Хүүхдээ гаргана гэсэн. Миний хадам аав, ээж их сайхан сэтгэлтэй сайн хүмүүс бий. Аав, ээж хоёр нь хоёр охиныг нь харъя. Миний охин амаржаад ав. Өөрийнхөө биеийг сайн бодоорой гэж хэлсэнд нь их баярладаг. Бага охиноо гэдсэнд байхад нь Хорлоо эмээд туслах ажлыг эхлүүлсэн болохоор төрөөд 15 хоногтойд нь эд ажлууд өрнөөд жаахныгаа тэврээд бүх зүйлийн ард гарч байсан. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч шантраагүй охиноо тэврээд л хүмүүс дээр очдог байсан.

Залуу ээжүүдийг ажаад байхад хүүхдээ тэврээд өрхийн эмнэлэгтээ очихдоо хүртэл түүртээд байх шиг санагддаг. Нөхөр эсвэл машин байхгүй бол гэрээсээ гарч чаддаггүй. Гэтэл та хүүхэддээ түүртэж ажлаа орхиж байсангүй гэж ярих юм. Залуу ээжүүдэд байх ёстой чанар юм шиг санагдлаа?

Манай охин хүртэл гадуур явсаар байгаад сурчихсан. Гэрт ганц өдөр амрахаар гаръя гээд зүгээр  суулгадаггүй. Миний хувьд энэ их ажлуудыг базаж чиглүүлээд байгаа юм шиг хэрнээ хамт олонтой. Тэд маань ажлуудаа хуваарилж аваад цаг тухайд нь авсан ажлуудаа амжуулаад нэгтгэдэг. Олон сэтгэлтэй залуус байдаг учраас бидний ажил амжилттай өрнөдөг. Би залуустаа цалин гэж 100 төгрөг ч өгч чаддаггүй. Гэхдээ их халуун сэтгэл байдаг. Ийм сэтгэлтэй залуустай учирсандаа баярладаг. Хэрвээ өөр нэг ашиг хонжоо хайсан хүн байсан бол миний өнөөдрийн энэ олон санаачилсан ажлууд ийм өндөр үр дүнтэй бүтэхгүй байсан. Мөн миний хажууд эргэн тойронд дандаа сайхан сэтгэлтнүүд бий. Эднийхээ сайхан сэтгэлээр өлгийдүүлээд явж байгаа учраас л миний ажил бүтдэг. Хүүхдүүдийг минь харж байгаа аав ээж хоёроос минь эхлээд өнөөдрийн бүх аянд нэгдэж тусалсан хүмүүсийн гавъяа.

Нэг их сайхан инээмсэглэдэг, олон хүнд өөрийгөө умартан тусалдаг, дугуй ягаан малгайтай сайн үйлсийн элч Сувд-Эрдэнэ гэж эмэгтэйн хувийн амьдрал ямар замаар өдийг хүртэл урагшилсан бэ гэдгийг тэр бүр хүмүүс сайн мэдэхгүй. Гэтэл гурван хүүхдийн ээжид зовлон жаргалын аль аль нь бий л байх даа?

Миний аав таван жилийн өмнө бурханы орноо явсан. Яг энэ үетэй зэрэгцээд хоёр охиныхоо ааваас салсан. Увс аймгийн Өлгий суманд аавын орон зай эзгүйрсэн гэртээ дүүтэйгээ, хоёр охинтойгоо үлдэж байлаа. Тухайн үед нутагтаа ажил хийе гэсэн ч  ямарч боломж байгаагүй. Ингээд дүүгээ дагуулаад хоёр охиноо тэврээд Улаанбаатарт ирж байлаа. Таван жилийн хугацаанд охидуудаа өсгөсөн. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хадам аав ээж дээр охидууд маань өсч хүмүүжиж байна.

Охидуудын аав хаана байна. Охидтойгоо хамт байдаг уу?

Аав нь Дарханд ажиллаж амьдардаг. Уг нь Завханы залуу л даа. Бид цаашдаа хамтдаа амьдрахгүй байх. Аав нь охидуудтайгаа холбоотой байдаг. Хадам аав ээж хоёрын минь хувьд намайг төрсөн охин шигээ хайрладаг. Нөхөртэйгөө хамт байсан он жилүүд гэхээсээ илүү хадам аав ээжтэйгээ олон жил хамт байсан болохоор ч тэр үү тэднийгээ их хүндэлдэг.

Уучлаарай, гэхдээ ийм гоё бүсгүйг хоёр хөөрхөн охинтой нь орхиод явсан тэр залуу хэзээ нэгэн цагт харамсах үйлдэл хийжээ гэж бодогдлоо. Таныг олон нийтийн сүлжээнд олон сайхан ажил өрнүүлж байгааг харсан л байх. Танд баяр хүргэх ч юм уу санаа бодлоо хуваалцаж байсан уу?

Манай нөхөр хотод сурч байна гээд явсан. Энэ үед би Завхан аймагт хадмууд дээрээ охидтойгоо хамт амьдардаг байлаа. Аав ээжтэйгээ дөрвөн жил амьдарсан болохоор арай илүү бие биенээ ойлгодог. Гэтэл нөхөр маань дөрвөн жил сурна гэж энд ирчихээд сураагүй юм билээ. Түүнийг нь мэдчихээд эмэгтэй хүний шаралхуу зан хөдлөөд хоёр хүүхдээ аваад шууд хот руу ирсэн. Уг нь нөхрөө нэг сайн хашраая. Хоёр хүүхдээ гээд араас ирнэ гэж бодсон. Харамсалтай нь, бид гурвын араас ирээгүй. Магадгүй тэр хүний сонгосон зам мөр өөр байсан учраас ирээгүй байх. Одоо түүнд нь нэг их гомддоггүй ээ. Миний хийж байгаа зүйлийг хардаг үгүйг нь мэдэхгүй. Холбоо тасарсан. Бага охины минь хувьд надад бурханаас өгсөн бэлэг.

Таны амьдралд тохиосон шиг харамсмаар амьдрал өнөөгийн нийгэмд элбэг байна. Үүний гол буруутан нь хэн гэж та боддог вэ?

Өрх толгойлсон, ганц бие хүүхэдтэй залуу бүсгүйчүүд олон болсон. Одоо өрхийн амьжиргааны нэг судалгаа хийгээд байна билээ. Түүний дүн мэдээ яаж гарах бол гэдгийг хармаар байна. Үүгээр л нэлээд бодитой тоо гарч ирэх ёстой. Харж байхад ээжүүд амьдралын хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрч байна. Жишээ нь, эхнэр нь өнгөрөөд хүүхдүүдээ харж үлдсэн аав архинд ороод хөл алдах магадлал өндөр. Хүүхдүүдээ асрамжид өгөөд өөрөө өөрийгөө болгох ч юм уу ямар нэг зүйлд донтдог. Гэтэл эмэгтэй хүн өөрийгөө хаяад хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ золиослож чаддаг. Амьдралын ноён нуруу эрэгтэй хүний нуруун дээр байх ёстой гэдэг одоо цагт эмэгтэйчүүдийн нуруун дээр арай илүү хувиар үүрэгдэж байна. Манай нийгэмд нэг ийм буруу гаж ойлголт бий болсон байдаг. Эрэгтэй хүн олон эмэгтэйгээс олон хүүхэдтэй болчихоод хэзээ ч аль нэг хүүхдээ шударгаар зарлаад өөрөө өсгөдөггүй. Ээжүүд нь чимээгүйхэн ачаагаа үүрээд хүүхдүүдээ өсгөдөг. Ээж олон хүнээс хүүхэд гаргалаа гэхэд мөн л бүгдийг нь өөрөө өсгөдөг. Гэтэл ээжийг ад үзэх тохиолдол бий. Эмэгтэй хүн ямар байдлаар амьдарч явж байгаад хүүхэдтэй болсныг хэн ч мэдэхгүй байж эмэгтэй хүнийг ад үзээд эрэгтэйг нь дөвийлгөж өгдөг. Бараг л баатар маягаар ярьдаг хэрнээ эмэгтэй хүнийг олон хүний олон хүүхэд гаргасан “Чи ч арчаагүй юм аа” гэх мэтээр ялгаж харьцдаг. Болдог бол энд тэнд найз охидууддаа хүүхдээ үлдээгээд яваад байгаа эрчүүдэд бүх хариуцлагыг үүрүүлдэг баймаар байна. Энэ олон эцэггүй хүүхдүүдийн эцгийг тогтоогоод эрчүүдэд өөрийнх нь хийсэн бүхнийх нь хариуцлагыг үүрүүлдэг баймаар санагддаг. Нэг аавд хэчнээн хүүхэд байна. Тэр хүүхдүүдээ бүгдийг нь хариуцаж явдаг тогтолцоог бий болгож чадвал энэ хүсээгүй жирэмслэлт, өрх толгойлсон ээжүүд, эцэггүй хүүхдүүдийн тоо багасна. Аав нь хүүхдээ орхиод явсны төлөөс болж хүүхнүүд ар гэр, ахуй амьдралаа аваад явж байгааг адладаг нийгмийн энэ гажуудалд эмзэглэдэг.

Таны хувьд би өрх толгойлсон ээж учраас төр бидэнд онцгой хандаж халамжийн бодлогоо өргөжүүлэх ёстой гэсэнгүй. Олон олон өрх толгойлсон ээжүүдийг энэ байдал руу уриалсангүй. Миний амьдрал… гэж ярихаасаа өмнө бусдын амьдрал, орон гэрийг сайжруулъя гэж явсан нь бахархалтай санагдлаа?

Би аав ээжээсээ долуулаа. Долоон хүүхдийн хамгийн отгон нь. Бага байхдаа шинэ хувцас өмсч үзээгүй. Ах эгч нарынхаа багадсан хувцасыг өмсөж өссөн. Яг тэр үзлээрээ хүүхдүүдээ өсгөдөг. Заавал шинэ хувцас өмсөх албагүй. Байгаа орчиндоо дасан зохицоод багаасаа амьдралыг ойлгодог байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүдээ хэтэрхий эрхлүүлж тансаглуулах дургүй. Амьдралд хүний үзэж туулах ёстой бүхнийг үзэг. Өөрийнхөө амьдралыг өөрсдийнхөө гараар бүтээгээд явах ёстой гэж боддог. Манай монгол ээж аавууд хүүхдээ үхэн үхтлээ тойлдог. Хүүхдээ хэт ийм байдлаар өсгөхөөр нөгөөх нь амьдрал дээр бие даах, хариуцлага хүлээх чадваргүй болж төлөвшдөг. Сүүлийн үед гадны орны аав ээжийгээ орхидог, хаядаг гэхээсээ илүү хүүхдээ 18 нас хүрэнгүүт нь тусад нь гаргадаг гэсэн зарчмыг сайшаадаг болсон. Энэ нь нэг талаасаа хүүхдийнхээ эрхийг өндөр хэмжээнд дээдэлж байгаа асуудал. Мөн хүүхэддээ гар хүрвэл хуулийн хариуцлага хүлээдэг зэрэг сайн жишээнүүд манайд бий болоосой.

Хэдэн өдөр сэтгэлээс гарахгүй шаналгаж байсан тусламжийн аянаа хэлээч гэвэл?

Цэцэгээ эмээд тусалсан үйл явдлыг мартахгүй байх. Гэр нь нураад унах шахсан, үүд хаалга гээд байх юмгүй. Гэтэл тэнд гуравхан сартай нярай амьдарч байсан. Шээгээд шээсэн дээрээ хэвтсээр байгаад өлгий даавуу,  живх  гэх юмгүй болсон. Эрэгтэй хүүхэд тулдаа л тэссэн байх. Түүнээс бол хэдэн өдөр хямраад тайван байж чадаагүй. Сэтгэлээс салахгүй хэцүү. Ийм юм хэзээ ч байж болохгүй. Хурдан л гэртээ болгоё гэж зорьсон. Айлууд их хурдан гэртээ болдог бас нэг шалтгаан нь чин сэтгэлээсээ хүсч чаддагаас болдог болов уу. Надад ямар нэг амбийц хөөгөөд танайхыг гэртээ болголоо. Одоо та нар надад тэг гэж хэнээс ч хариу нэхэж үзээгүй. Зүгээр л энэ айлд туслах юмсан. Ингэчихвэл амьдрал нь болчих юм шиг байна гэж л хүсч зорьж чаддаг. Тэр эмоциор бичсэн зүйл хүмүүст хүрдэг байх.

Таны тусалж байгаа хүмүүс ямар нэг хороо, дүүрэгт харьяатай л байдаг байх. Хороо, дүүргээс нь тань шиг багахан сэтгэл гаргаад энэ ажлыг хийж болдоггүй юм болов уу?

Хорооны ажилчдад буруу байхгүй болов уу. Улсаас өгч байгаа төсөв санхүүдээ баригддаг байх. Гэр олгодог тогтолцоо нь ч байхгүй биз. Эрх биш гэрээ галд өгчихсөн айлд халамжаас сая 200 мянган төгрөг өгдөг ч тэр нь гэр авах зардлын хаана ч хүрдэггүй. Галын аюулд хамаг бичиг баримт, өмсөх хувцасгүй үлдсэн хүмүүс энэ мөнгөөр бичиг баримтаа л хагас дутуу авдаг юм билээ. Энэ мөнгө хүрэлцээгүй учраас орон гэргүй иргэдийн тоо нэмэгддэг. Хорооны тухайд иргэдээ гэсэн сэтгэл сайтай хорооны ажилчид бий. Баянзүрх дүүргийн XXVIII, Налайхын V хорооны Засаг дарга гэх мэт хүмүүсийг нэрлэж болно. Гэтэл бидний ажлыг үгүйсгэж янз бүрээр хэлдэг ч хорооныхон байна. Та нар хороонд мэдэгдэхгүйгээр янз бүрийн юм хийлээ. Бидний нэр хүндийг унагалаа гэж уурладаг. Гэтэл заавал хорооноос зөвшөөрөл авч тэдэнд мэдэгдэх шаардлагагүй гэж үздэг. Уг нь бид хорооны нэр хүндийг унагах гэж яваагүй. Эдгээр хүнд хэрхэн туслах вэ гэдгээ нэн тэргүүнд боддог.  Сувдаа чи манай хороонд ирчихсэн үү. Бид яаж туслах вэ. Зайлшгүй ийм айл байсан юм гээд хандвал илүү гоё харагдана. Ер нь их олон хорооны даргаар, нийгмийн ажилтнаар загнуулсан.

Сайн санааны ийм ажил хийхэд нэлээд урсгал зардал гарна. Гэтэл хүмүүс зөвхөн барьж өгсөн гэрийн мөнгөөр харах нь олон. Нэг хүнд туслахын тулд хэр хэмжээний урсгал зардал гардаг вэ. Наандаж л нэгж, унаа тэрэгний мөнгө хэрэг болно шүү дээ?

Янз янз. Бидний хувьд нэг айлд гэр авч өгье гээд мөнгө нь цугласан л бол хандиваа зогсоодог. Гэтэл гэртээ болсон айлд хүмүүс хуучин тавилгаа өгье гэдэг ч юм уу тус хүргэдэг. Түүнийг яалт ч үгүй унаа машин хөлсөлж авдаг. Сүүлийн хоёр сарын тооцоогоор зөвхөн бензинд л хоёр сая төгрөг зарцуулсан байна. Шалны доор дэвсэх шороо авлаа гэхэд л 40 мянган төгрөг. Энэ мэт тооцоогүй зардлууд их гардаг. Хүмүүс түүнийг ойлгодоггүй.

Хүнд туслъяа гэж байгаа хүмүүсийг харахад компанийн захирлууд, улс төрийнхөн хэр гар сунгадаг юм бэ?

Ер нь мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтнүүдээс илүү хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг хүмүүс л өөрийнхөө идэх талхнаас илүүчилж биш дутааж тусалдаг. Ихэвчлэн өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болсон, компаниа босгосон хүмүүс тус хүргэх сэтгэлтэй байдаг. Хэн нэгний хүртэх ёстой мөнгийг идээд уугаад хувьдаа ашиглаж байгаа хүмүүс хүнд туслах нь юу л бол доо. Гэхдээ тэднийг бид биш бурхан шүүгээд үйлийнх нь үрийг өгдөг биз.

Ах эгч чинь өөрийн чинь энэ ажлыг хэр дэмждэг вэ?

Эхэндээ надад уурладаг байсан. Чиний амьдрал үрэгдэж дууслаа гэж зэмлэнэ. Одоо бол ойлгодог болсон. Харин ч манайд нэг ийм зүйл бий. Тэднийд өгье ч гэдэг юм уу байдлаар ханддаг. Манай нагац ээжийн аав нь Шалхаан гэж их сонин хүн байсан юм билээ. Эмээ байнга ярьдаг. Ямар хүн байсан гэхээр өсгөсөн мал нь их хурдан өсдөг. Дандаа том сүүлтэй малын сор болсон мянган улаан хүзүүтэй хонь өсгөсөн. Сумаа анх байгуулагдахад 1000 улаан хонь бэлэглэсэн гэдэг. Ганц ч ногоо тарьж байгаагүй атар газар дээр өвөрмөц сортын сонгино, лууван тарьдаг. Гараараа их гоё юм хийдэг. Хадаас оролцуулахгүй авдар, ширээ сандал хийгээд сумынхаа өрх тусгаарлаж байгаа залууст бэлэглэдэг байсан гэдэг.

Та ямар мэргэжилтэй вэ?

Банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.  Завхан аймаг дахь МУИС-ын харьяа сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Цахилгаан холбооны газар гурван жил мэргэжлээрээ ажилласан. Уг нь ажлаасаа гаръя гэж бодоогүй ч нөхрийгөө айлгах зорилготой хотод ирсэнээр амьдрал минь огт төсөөлж байгаагүй зүг рүү явчихлаа.

Нийгмийн ямар гажуудалд сэтгэл зовнидог вэ?

Амин хувиа хичээх үзэл арай хэтэрхий болжээ гэж харагддаг. Саяхан нэг лекцин дээр очсон чинь нэг охин үзэгчдийн суудлаас асууж байна. “Бид нар ээж ааваасаа зулгааж авсан мөнгийг яагаад заавал сайн үйлсэд зориулах ёстой юм. Бид хөдөлмөрлөж олсон мөнгөө яахаараа зүгээр хүнд өгөх гэж” гэсэн. Тэгж ярихад нь надад үнэхээр харамсалтай санагдсан. Дөнгөж л ургаж байгаа цэцэг ингэж л хүмүүжиж ийм бодлоор эргэн тойрондоо хандаж байна. За яах вэ амин хувиа хичээж болно. Гэтэл нэг л өдөр зовлон бэрхшээл өөрийг нь дайрна. Тэр үед өөрийг нь гэх хүнгүй болно гэдгийг ойлгохгүй байна.

Энэ олон намууд таныг урьж байна уу. Манай намд элсчих гэх юм уу?

Ийм хэд хэдэн санал ирсэн. Гэхдээ миний хувьд ард түмэндээ өгсөн амлалтаа яг таг хийдэг болсон үед нь намд элсэх саналыг бодож үзнэ. Иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа намуудруу гүйгээд орох сонирхол алга.

Та өөрөө хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Өөрөө гэртээ болоё гэж бодохгүй байна уу?

Байрны түрээс гэж сард 400 мянган төгрөг төлдөг. Хүүхдээ 200 мянган төгрөгийн үнэтэй цэцэрлэгт явуулдаг. Мэдээж гэртээ больё гэж боддог. Гэхдээ надад ийм нэг мөрөөдөл байдаг юм. Арав ч юм уу хорин айлын газрыг улс надад шийдээд өгчихвөл гэртэй болгож айлын түрээсийн хашаанд буулгасан айлуудаа бүгдийг нь тэр газар дээрээ буулгачихаад жижигхэн үйлдвэрлэл бий болгох хүсэлтэй. Нэг ээжийг нь суллаж өгч хүүхдүүдийг нь харуулаад бусад ээж нь үйлдвэрлэлээ эрхлээд олсон мөнгөөрөө хүүхдүүд харж байгаа ээжийгээ цалинжуулах боломжтой санагддаг. Ингэж хамтын хөдөлмөрөөр бие биенийхээ амьдралыг ахиулбал гоё. Тэгвэл би ч гэсэн гэрээ бариад хажууд нь буухад бэлэн. Гол нь гэртээ болсон хүмүүсийнхээ амьдрах аргыг зааж өгмөөр байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!