ӨРГӨТГӨСӨН ШИНЖИЛГЭЭГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 21-28-ний өдрүүдэд тус дүүргийн 70000-80000 иргэнийг ПГУ /PCR/ шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна.

Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллах гэнэ.

Түүнчлэн Баянзүрх дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулахтай холбогдуулан дээр дурдсан хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээ буюу орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээг авахгүй юм байна.

Орчуулах »