Банкуудад боолчлогдсон Монгол

0
75

“Иргэн Б жилийн өмнө Хаан банкнаас 12 сая төгрөгийн цалингийн зээлийг гурван жилийн хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр авчээ. Ингээд сар бүр 463 мянган төгрөг банкинд төлөх бөгөөд гурван жилийн дараа мөнөөх 12 сая төгрөгийг 16.6 сая болгон төлөх тооцоог гардан авсан байна. Хэдий энэ нь шударга бус санагдсан ч Монголын хөрөнгө санхүүгийн зах зээлд өөр зээл авах эх үүсвэр хомс тул аргагүйн эрхэнд л авчээ. Одоо тэрбээр 5.5 саяыг төлөөд байгаа ч үндсэн зээлээс ердөө гурван сая гаруй төгрөг л төлөгдсөн ба бусад нь хүү аж”

Энэ бол хамгийн энгийн, наад захын жишээ. Өнөөдөр Монгол Улсад цалингийн зээлтэй 560 мянга гаруй иргэн байгаа гэх багцаалсан тоо бий. Эдгээр иргэн 14 арилжааны банкаар дамжуулан зээлээ авчээ. Гол нь банкуудын зээлийн хүүний дундаж хувь сард 1.7-2.3 бөгөөд жилээр бодвол дотор муухайрмаар тоо гарах нь мэдээж. Ингээд бодоход, мөнөөх 560 мянга гаруй хүний нэг тутам нь дунджаар 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хоёр жил /иргэд голдуу урт хугацаагаар зээл авдаг ба шалтгаан нь сард төлөх мөнгөний хэмжээг арай багаар тооцдог явдал/-ээр авсан байлаа гэхэд ганцхан сард бүгдээрээ банкуудад зөвхөн зээлийн хүүнд ойролцоогоор 52,412,000,000 /52 тэрбум 412 сая/ төгрөг төлдөг байх нь ээ. Гэхдээ энэ нь зөвхөн сарын 1.9 хувийн хүүгээр бодсон дүн. Голомт банк л гэхэд автомат тооцоолуур дээрээ сарын хүүг 2.3 хувиар бичсэн байх аж. Бас болоогүй ээ, банкууд зээлийн шимтгэл гэх зүйлээр авсан зээлээс шуудхан нэг хувийг нь суутгачихдаг. Дээрх жишээгээр бол 5,000,000 төгрөгөөс 50 мянгыг нь авчихна гэсэн үг. Ингэхээр зээлийн шимтгэлд 560 мянган хүн маань 5 саяар бодвол 28 тэрбумыг зүгээр л тавиад туучихсан байж таарна.

Монголчуудын амьдралын адгийн наад захын жишээгээр татахад л иргэд цалингийн зээл нэрээр банкны луйвар, мөнгө хүүлэлтийн системд хуугаараа орчихсон ажээ. Дан ганц цалингийн зээлээр жишээлсэн нь л энэ. Үүний цаана малчны, лизингийн, автомашины, орон сууцны, бизнесийн, хадгаламж барьцаалсан, тэтгэврийн, оюутны гээд маш олон төрлийн зээлийн сүлжээнд лав бүгдээрээ орчихжээ. Зээл авах насны, мөн төлчихөөр чадвартай хүмүүст л зээл олдохоос ажилгүй, орлогогүй иргэд, хүүхдүүд, бага тэтгэвэртэй хөгшдэд банк хаалттай бүс. Гэхдээ л өнөөдөр Монголын айл өрхүүдээс зээлгүй үлдсэн нь лав үгүй.

Тэгэхээр банкны мөнгө хүүлэлт Монгол Улсад бүртгэлтэй алгын чинээ хүүхдээс босох ч тэнхэлгүй болсон өндөр настнууд гээд бүгдэд нь хүрч “үйлчилж” байгаа аж.

Дээр нь ИПОТЕК-ийн зээл хэмээх аймшигтай ховдог гайхлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ оны эхээр Монголбанкнаас “Ипотекийн зээлд хамрагдсан нийт зээлдэгчийн тоо 89,156-д хүрчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.018.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3.115.9 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна” гэж мэдээлж байжээ. Өөрөөр хэлбэл, жил орчмын өмнө 4 их наяд 18 тэрбум 300 сая төгрөгийн ипотекийн зээл иргэдийн гар дээр байсан. Энэ нь жилийн найман хувийн хүүтэй, 15-25 жилийн хугацаатай зээлийн үзүүлэлт.

Тэгвэл энэ тоо өнөөдөр хэд болж өсөв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ талаар “Монголд ипотекийн зээлтэй 90 гаруй мянган өрх байна. Банкуудын нийт зээлийн 3/1 нь ипотекийн зээл. Жишээлбэл иргэд орон сууцны зээлэнд цалингаасаа сар бүр 500 мянган төгрөг төллөө гэж бодоход 450 мянга нь зээлийн хүүнд суутгагдаад үндсэн зээлээс ердөө 50 мянга хасагдаж байгаа нь өмчтэй болох гэсэн иргэдээ 15-20 жилийн турш түрээсийн байранд амьдарч байгаатай адил болгож байна. Өмчөө өөрийн болгож чаддаггүй. Гол нь хүү нь банкууд дээр жилийн есөн хувь болдог юм байна. Энэ асуудлыг Сангийн яам, Монгол банк хариуцах ёстой гэж харалгүй УИХ өөрөө анхаарал хандуулж 2018-2019 оны төсөв, мөнгөний бодлоготой уялдуулах ёстой. УИХ дээр ажлын хэсэг гаргаж би өөрөө ахалж ажиллах саналтай байгаа. Тэгэхгүй бол иргэд банкны зээлийн боолчлолд амьдарч байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, ашгүй нэг төр засгийн хэмжээнд овоо сүрхий тооцоо судалгаатай үг хэлэх тохиолдол гарч ирж байна. Гэхдээ аль 2010 оноос хойш л яригдсан Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өнөөг хүртэл батлагдаагүй нь хачирхмаар. Нийгэмд банкууд өөрсдөө хууль батлуулах сонирхолгүй тул улстөрчдийг лоббиддог гэх хардлага бий. Түүнчлэн бизнесмэн байгаад улстөр рүү орсон эрхмүүдийн араас зоолттой дагаж явдаг нэг асуудал нь олон тэрбумын банкны зээл аваад нөгөөхөө найдваргүй гэх ангилалд оруулангуут, төрийн мөнгөөр төлүүлсэн гэх шуугиан. Барим тавим нотолгоотой эдгээр яриа оргүй хоосон ч биш ээ.

Үргэлжлэлийг…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!