Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

0
47

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн байна. Энэ оны долоодугаар сарын 10 хүртэл энэ боомтоор өдөрт нүүрс ачсан 1200-1500 хүнд даацын автомашин нэвтэрч байсан бол мөн өдрөөс хойш өдөрт 500-600 болж буурчээ.

Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хилээр гаргадаг  учир хяналт шалгалтаа чангатгах дээд газрын шийдвэрийн дагуу тоог багасгасан гэж БНХАУ-ын тал тайлбарладаг тухай Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн хэлсэн байна.

Үүнээс болж нүүрс ачсан автомашины 100 орчим км үргэлжилсэн дараалал үүсч, жолооч нар өнөөг хүртэл хэдэн сарын турш автомашиндаа амьдарч байгаа юм. Зарим жолооч шороон замаар тээвэр хийн бэлчээр сүйтгэж, архидалт дагасан гэмт хэрэг их гарч байгаа талаар орон нутгийн иргэд ч сайд нарт гомдол мэдүүлжээ.

Энд нүүрсний тээвэр эрхэлдэг 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, бусад даатгалд хамруулдаггүй  байна.

Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид  Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!