Б.Осоргарав: Одоогоор 300 сая гаруй төгрөг цугласан байна  

0
174

“Эх орныхоо төлөө” хандив эхлүүлсэн Монгол Улсын гавъяат эдийн засагч Б.Осоргаравыг энэ удаагийн “Ярилцах танхим”-ын хойморьт урилаа. Түүний гаргасан санаачилгыг дэмжих нэгэн байхад дэгсдүүлж шүүмжлэх хэсэг ч бас бий. Ямартай ч тэр энэ бүхнийг бэрхшээл гэж тоосонгүй. Харин ч эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ хэмээн зорилт тавьжээ. Түүнтэй ийн ярилцав.

-Сүүлийн үед эдийн зас­гийн хүндрэлээс гарахын тулд их ажил өрнүүлж яваа хүний нэг та болсон. Мэдээж энэ ажлыг эхлүүлэхийн тулд хугацаа орсон байх. Шулуу­хан асуухад яагаад хандив цуглуулвал эдийн засгийн хүндрэлээс гарч болно гэж тооцоолсон юм бэ?

-Өнгөрсөн оны сүүлч арван­нэгдүгээр сард “Монгол бахарх­лын өдөр” Эзэн Чингисийн хүй цөглөсөн өдөр гээд бид жил бүр амардаг боллоо шүү дээ. Сүүлийн 7-8 жил ч юм уу. Амрах өдрөөр хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр олон сайхан нэвт­рүүлэг, нийтлэл гарсан. Эзэн Чингисийн үеэс Монгол эх ор­ныг өдий хүртэл авч үл­дэхийн төлөө үе үеийнхэн тэм­цэж ирсэн. Халуун амь бү­лээн цусаа урсгаж тэмцэж энэ сай­хан эх орныг бидэнд үлдээ­­сэн үйл явдлын тухай нэвт­­рүүлгүүдийг харж суух­даа сэт­гэлдээ бодол тээсэн гэх үү дээ. Юм хиймээр байна гэж бод­сон. Улс тунхагласны ойн баяр боллоо. Бас нэг өдөр амар­сан. Мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан, сайхан нэвтрүүлэг, нийтлэл гарсан. Өнөөдрийн монгол орны төлөө бидний өвөг дээдэс ямар их тэмцэж зүтгэж бидэнд үлдээсэн юм бэ гэдгийг бодсон. Ер нь бид улс орноо эдийн засгийн хүндрэлд оруулчихаад хэрэлдэж, хэлэл­цээд бие биеий­гээ есөн шидээр муулаад л сууж байх нь ямар учиртай юм бол гэж их бодсон. Намаар хувааг­даж, “чиний нам, миний нам, танай нам, манай нам” гээд л. Ялан­гуяа хоёр том намд ху­ваагд­чихаад бие бие рүүгээ чу­луу шидээд л, муу, сайн үг чулуу­­даад байдаг сонин жишиг тогтжээ.

Ер нь улс орноо ийм хүнд байдалд оруулчихаад тэгээд хэлэлцэж, хэрэлдээд талцаад суух нь бидний зорилго мөн үү гэж их бодсон.

-Нэлээн тунгаажээ дээ, та…?

-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлж үзэг, цаас нийлүүлж тооцоо, судалгаа хийж эхэлсэн. Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сангийн яамнаас тодорхой хэмжээний тоо мэдээллүүд авч  судалгаа хийсэн. Улмаар ард түмэндээ энэ бүхнээ танилцуулаад хандаж үзье гэж шийдсэн. Улс эх орныхоо талцсан, бие биенийгээ харлуулах гэсэн, буруу зөрүү юм ярьсан байдлыг нь нэг зүгт хандуулахыг хүссэн. Энэ нам, тэр нам гэхгүй ард түмнийг нэг зүгт хандуулахыг зорьсон минь энэ. Өр зээлийн асуудал нэг өөр. Миний гаргаж тавьсан тооцоо, судалгаа бол нэг асуудал. Нөгөө талд ард түмнээ эвлэрүүлэх, эв санааг нь нэгтгэх, сэтгэл санааг нь сайхан болгох, нэг юм  руу чиглүүлэхийг зорьсон. Тарж бутраад, талцаж хэрэлдээд байгаа юмыг нь болиулах ямар арга байна вэ гэж бодсоны үндсэн дээр хийж эхэлсэн ажил. Ерөнхийдөө миний дэвшүүлсэн санаа хоёр талтай.

-Хоёр талтай гэлээ. Тодруулж болох уу?

-Нэг нь яах уу, улс эх орноо эдийн засгийн хүндрэлээс гарахад хэдэн төгрөг, мөнгийг боломж, боломжоороо цуглуулж ард түмний дэмжлэгийг авбал сайн биз. Нөгөө талд хамгийн гол нь ард түмний эв нэгдлийг хангах, сайн сайхных нь төлөө. Ард түмнээ талцуулж, хэрэлдэж, хэлэлцсэн юмыг нэг зүгт чиглүүлэх зорилго тээсэн юм.

-Таны гаргасан судалгааг харах нь ээ, маш их хөдөлмөрлөж. Олон хоног сууж энэ тооцоог гаргасан байх даа?

-Олон хоног суусан. Олон ч шөнө нойргүй суулаа. Хүн орондоо ороод унтатлаа их юм боддог шүү дээ. Тэр хооронд их юм бодно. Өдрийнхөө хийсэн ажлыг, маргааш хийх юмаа бодно. Тэгээд олон ч хоног бичиж, боловсруулсан. Ерөнхийдөө тооцоогоо олон янзаар хийсэн. Хамгийн сүүлд, хүн амаараа нэг хийгээд үзье гэсэн шийдэлд хүрсэн. Статистикийн мэдээллээр 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гурван сая гаруй хүн ам бүртгэгдсэн байдаг юм байна. Үүнийгээ нас, насаар нь задалж нэг наснаас 80 нас хүртэл хийж үзлээ. Найман настай балчраас 80 настай азай буурал хүртэл нь хийж үзсэн. Ер нь наймтай балчраас 80 настай азай буурал хүртэлх судалгаа нь зөв юм болов уу гээд хамгийн сүүлийн судалгаагаа гаргасан. Найман настай хүүхэд гэхэд 1000 төгрөгөөс эхэлж хандивлах жишээтэй. Цаашдаа нэг, нэг мянган төгрөгөөр өсөөд явах судалгаа гаргасан. Насны хувьд шаталсан тооцоо гаргасан л даа. Жишээлбэл, 8-30 хүртэл, 31-40 хүртэл, 41-50, 51-60, 61-70, 71-80 хүртэлх насныхан гээд арав, арван жилээр нь ангилсан.

Нийт хүн амаар нь тооцож үзэхээр 214.692.889.000 төгрөг цуглах жишээний

-Тэгэхээр 30 хүртэлх насныхан нэг өөр, 40-өөс дээш насныхан нэг өөр мөнгөн дүнтэй хандив өгөх юм байна, тийм үү?

-Яг тийм. Жишээ нь, 30 хүртэл бол сургууль, соёл гээд янз бүрийн боломж, бололцоо байна. Сургуулиа төгсөнө, үр хүүхэд, гэр бүл зохионо гээд. Энэ үед дарамтгүйгээр 1000, 1000 төгрөгөөр л өсгөөд явчихъя. Харин 31 наснаас хүн бүр 150 мянган төгрөг өгөөд явбал болох юм уу. Яагаад гэхээр сургуулиа төгссөн, хань ижилтэй болсон, ахуй амьдрал нь дээшилсэн гэдэг утгаар. 31-40 хүртэл насныхан 150 мянган төгрөг хандивлавал болох юм уу гээд. Тодруулбал, 40 настай нь 43.714  байх жишээний. Эдгээр хүмүүсээс 150 мянгаар хандив авлаа гэхэд 6.557.100.000 төгрөг цуглах боломжтой. Энэ мэтчлэн 41 -50 насныхан 200.000 төгрөг, 51-60 насныхан 150.000, 61-70 насныхан 50.000, 71-80 насныхан 20.000 төгрөг хандивлавал болох юм уу гэсэн тооцоо гаргасан байгаа. Ид хөдөлмөрлөх үед нь 200.000 төгрөг хандиваар авбал болох юм уу гэж. Аа, харин тэтгэврийн наснаас эхэлж мөнгөн дүнг бууруулж тооцсон. Өөрөөр хэлбэл, 71-80 насныхны хувьд 20.000 төгрөг хандивлаг. 80 настай хүн гэхэд 2894 байх жишээтэй. Хүн тус бүрийг 20.000 тооцоход 57.880.000 төгрөг болж байгаа юм. Нийт хүн амаар нь тооцож үзэхээр 214.692.889.000 төгрөг цуглах жишээний. Гэхдээ энэ дотор янз бүрийн амьдралтай хүн бий. Заавал хүн бүр хандив өгөх албагүй шүү дээ.

-Таны тооцоонд улс орны удирдлагын шат, шатанд төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан ба одоо хашиж байгаа тодорхой хүмүүсээс хандив авбал бас болох юм гэсэн жишээ байсан?

-2012-2016, 2016-2020 он гээд найман жилээр бодож тооцоо гаргасан юм. Өмнөх дөрвөн жил, дараагийн дөрөв дэх жил гээд зааг байна шүү дээ, бид. Энэ үеийн улсуудыг хандив өргөх тооцоо гаргасан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн гэхэд 100.000.000 төгрөгийг улс эх орныхоо төлөө хандивлаач гэж. Сонгуулийн сурталчилгаа болохоор юун 100.000.000 төгрөг. Хэдэн зуун сая, тэрбумаар нь цацдаг шүү дээ. Шатдаг, шатдаггүй цаас тараагаад л байдаг. Ингэхийн оронд тэр мөнгөө улс эх орныхоо сайн, сайхны төлөө зарцуулаач гэж хэлээд байгаа юм. Эх орныхоо төлөө шүү. Өөр ямар ч зорилго байхгүй. Дээр нь Засгийн газрын гишүүд, Дэд сайд, Агентлагийн дарга нар, Дэд дарга нар гээд тус бүр 50.000.000-20.000.000 төгрөг хандивлах бүрэн боломжтой гэсэн тооцоо гаргасан.  Үүнээс гадна төр болон хувийн хэвшлийн том, дунд аж ахуйн нэгжүүдээс зээлээр буюу хандив авбал ямар байх вэ гэж. Том, дунд аж ахуйн нэгж гэж манай улсад 6000 шахам байгаа гэх. Үүний дотроос том аж ахуйн нэгж буюу Оюутолгой, Эрдэнэт, Мак, Женко гээд явахад 2100 аж ахуйн нэгж байна. Эдгээр газрууд 100.000.000 төгрөгийг болж өгвөл хандивлаад болохгүй бол улс эх орондоо зээлчихээч гэж хүсч байгаа юм. Гаднаас мөнгө хайгаад яваад байна. Дотроо байгаа томоохон аж ахуйн нэгж улсдаа өгөх сэтгэлгүй юм бол зээлчих. Хүүтэй, хүүгүй ч бай. Ингэхэд 210.000.000.000 төгрөг цуглачихаар байгаа байхгүй юу. Зөвхөн том аж ахуйн нэгжийг нь тооцоход шүү. Цаана нь дунд аж ахуйн нэгжүүд байна. Дунд нь 50.000.000 төгрөг хандивлавал 195.000.000.000 төгрөг цуглах боломж бий. Дээр нь байна аа, оффшор бүсэд байгаа мөнгө, хөрөнгийг Монголдоо оруулж ирэх хуулийг маш яаралтай батлан гаргаач гэсэн санаа дэвшүүлсэн. Харамсалтай нь, энэ хуулийг баталсангүй, тар­чихлаа.

-За, та хандив цуглуулаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлаа амжилттай эхлүүлсэн. Зарим УИХ-ын гишүүд хандивт нэгдсэн гэдэг утгаараа. Яг одоогийн байдлаар хандивын дансанд хичнээн төгрөг байна?

-Одоогоор 300 сая гаруй төгрөг цугласан байна. Хандив өгнө гэсэн хүмүүс бий. Ямар ч байсан цагаан сараас өмнө өгнө барина гэсэнтэй нийлвэл миний тооцоонд 500 сая төгрөг болчихоод байна. Яг дансанд 300 сая төгрөг байгаа.

-Хандив өглөө гэхэд дараа нь яах вэ гэдэг хүлээлт нийгэмд байгаа байх?

-Харин тийм ээ.

-Таны гаргасан санаачилгыг хүмүүс өөрсдийнхөөрөө ойлгох байх. Зарим нь сайшааж байхад нэг хэсэг нь буруушааж байгаа. Магадгүй таны ард хэн нэгний мөнгөтэй болох тактик яваад байна уу гэж би хардаж асуумаар байна. Та хэн нэгний “харвасан сум” биш байгаа?

-Би аль ч намын гишүүн биш. Намд элснэ гэдэг асуудалтай шүү дээ. Над шиг нас өндөр хүнд. Аль ч намд орохгүй өдийг хүртэл явлаа. Цаашдаа ч намд орохгүй. Миний ард хэн ч байхгүй. Би аль ч улс төрийн хүчнийг муулаад байдаггүй. Боломжоороо л харж явдаг. Миний ард юу ч байхгүй. Ёстой баттай хэлье. Мэдээж хардлага явах нь тодорхой. Намайг хэн ч захиалаагүй. Төр засагтаа би холбоогүй. Өөрийн ажлыг болгоод л явдаг хүн. Өмнө нь дандаа улсын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байсан. 1999 оноос өөрийн мэргэжлийн дагуу аудитын компани үүсгэн байгуулж өнөөдрийг болтол хүчин зүтгэж явна. Амиа борлуулж, довоо шарлуулна гэдэг шиг амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй зүтгэж явна. Манай “Улаанбаатар аудит корпораци” нь 30-40 хүнийг ажлын байраар хангаж, хэдэн ажилчдаа хоосон хонуулчихгүй хөдөлмөрлөж байна. Би бизнес хийж, хойш, урагшаа шуудай үүрч яваад олсон мөнгө, төгрөг гэж алга. Тийм болохоор өөрийн хийсэн ажлынхаа хөлс, тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг. Хөгшин бид хоёр тэтгэврийнхээ хэдээс илүүчилж дансанд хийдэг юм. Тэрнээсээ илүүчилж хандив өргөсөн.

-Миний асуух зүйл яг энэ л дээ. Арван сая төгрөг, алтан бөгж. Таныг овоо чинээлэг хүн юм даа гэж бодож байлаа?

-Хандив өрнүүлэх, тооцоо, судалгаа хийж байгаагаа хэнд ч хэлээгүй. Бүр гэргий, хүүхдүүддээ ч хэлээгүй. Дөрвөн хүүхэддээ хэлээгүй шүү. Хэвлэлийн хурал хийхийн урд орой хоол идээд сууж байхдаа л хэлсэн. Бэлдсэн тооцоо, судалгаагаа үзүүлсэн. “Аав нь иймэрхүү юм хийх гээд сэдсэн. Маргааш хурал хийнэ. Үүнийг унш” гэсэн чинь гэрийнхэн маань шоконд орчихсон. Таг дуугүй шүү. Уншаад, гайхаж хараад л. “Та юуны төлөө юу хийх гээд байгаа юм бэ. Арван сая төгрөг. Та нас ахисан хүн. Өвдөж, зовно. Гэтэл хэдэн төгрөгөө ингээд өгөх гэж байдаг” гээд “шүүмжилсэн” л дээ. Тэгэхээр нь гэрийнхэндээ тайлбарлалаа. “За хүүхдүүд минь улс эх орондоо нэр хүндтэй тодорхой хэмжээнд ажилласан байна. Гавъяат эдийн засагч гээд төр, засаг үнэлсэн. Хоёр жилийн өмнө Сүхбаатарын одонгоор шагнасан. Би юу хийж гийгүүлсэн билээ. Өөрийнхөө өмнөх ажлыг хийгээд үнэнчээр явсныг төр засаг үнэлсэн. Аав нь эх орныхоо төлөө юм хийх ёстой гээд л энэ бүхнийг санаачилсан. Та нар намайг уучлаарай. Арван сая төгрөг олдохдоо нэг өдөр олдоно. Олдохгүйгээ хүрвэл олдохгүй” гээд хэлээд тавьчихсан. Гэрийнхэн маань юм дуугараагүй. Тэгсхийгээд л тэр орой өнгөрсөн. Маргааш өглөө нь хэвлэлийн хурлаа хийсэн дээ.

Аавын гаргасан шатлалаар хандив өгнө гэсэн

-Магадгүй таныг урьдчилаад энэ тухайгаа гэрийнхэндээ дуулга­сан бол эсэргүүцэлтэй тулгарах байж?

-Би тэгж бодсон. Яг тэгж бодсон. Миний хөгшин чинь бас 60 гарсан хүн. Хүүхдүүд маань хайран арван сая төгрөг, алтан бөгж гэх байсан байх. Олны хэл ам, тэр ч муулна, сайлна, Үхэхийн хооронд юу яриад байгаа юм бэ гээд янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг би мэдэж байсан.

-Гэтэл УИХ-ын зарим гишүүн 100.000.000 төгрөг хандивлалаа гэхэд танай гэрийнхэн яаж хүлээж авав?

-Аавын ажил бүтэх юм байна гэж бодсон байх. Тэр орой их сайхан хүлээж авсан. (Инээв) Гэхдээ л эргэлзээтэй байсан.

-Та судалгаан дээрээ хүмүүсийг насаар нь ангилж үзсэн байна билээ. Тэгэхээр таны хүүхдүүд ч мөн адил энэ насныхан дунд байгаа. Аавынхаа ажлыг дэмжиж хандив өргөсөн үү?

-Орсон л явж байгаа. Хандив өгнө гэсэн. Аавын гаргасан шатлалаар хандив өгнө гэсэн. Гэхдээ миний хүүхдүүд төр засагт дунд тушаалын ажил хийдэг. Сайд, дарга огт биш. Миний хоёр ч хүү эдийн засагч мэргэжилтэй, нэг хүү маань их эмч. Бүгд амиа борлуулаад л явцгааж байна. Бизнес хийдэг хүн манай хүүхдүүд дунд нэг ч байхгүй.

-Таны санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж уулзсан. Та нарын дунд ямархуу яриа өрнөсөн бэ. Нууц биш бол…?

-Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг би тавьсан. Хоёр өдөр хүлээж байгаад уулзсан шүү. Намайг маш сайхан хүлээж авсан. Миний гаргасан санаачилгыг дэмжиж байсан. Над шиг өвгөнийг юу гэж Ерөнхий сайд хүлээж авах вэ гэж бодож байсан. Тэгсэн чинь санаачилгыг минь дэмжиж “Эх оронч санаачилга гаргаж. Баярлалаа танд. Төр засгаас тодорхой хэмжээнд дэмжье. Гэхдээ албан ёсоор ингэнэ, тэгнэ гэж мэдэгдэл хийхгүй. Та нэгэнт эхлүүлсэн ажлаа аваад яваарай. Бид муулахгүй, сайлахгүй явна. Таны сайхан санаачилгыг ерөнхийд нь дэмжинэ” гэсэн санааг хэлсэн. Харин хэвлэлийн төлөөлөгч нь яасан уу, эсвэл цаанаа  юу болсон юм бэ бүү мэд. Маргаашийн хэвлэл дээр хоёрдмол утгатай зүйл гарсан. “Бид ард түмнээсээ хандив гуйх дээрээ тулаагүй. Өр зээлээ төлнө. Төлөх бололцоогоо гаргасан” гэх утгатай юм гарсан. Энэ нь ард түмэнд жаахан эргэлзээ төрүүлчих шиг болсон. Гэхдээ яах вэ ээ. Би энэ ажлаа өрнүүлдгээрээ өрнүүлээд явна. Тэр төр засгийн ажил надад хамаагүй. Ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамт байгаа гэж ойлгож байна. Төр төрийнхөө ажлыг хийгээд яваг. Ард түмэн өөрийнхөөрөө яваг.

-Мэдээж та хандивын дансны тайланг сард ч юм уу, эсвэл улиралд нэг удаа тайлагнах байх. Дансны эзэмшигч хэн бэ. Таны нэр дээр үү, эсвэл төрийн нэр дээр байна уу?

-Зөв асуулт байна. Ерөнхий сайд хэлсэн. “Осоргарав гуай та настай хүн. Хоёрдугаарт, нэр хүндтэй хүн. Та хоёр данс нээлгэсэн юм байна. Тэр чинь танд буруу зөрүү ойлголт өгөх байх. Тиймээс Засгийн газрын дэргэд тусгай данс нээж өгье. Тэгээд тэр мөнгө нь орно биз. Хандив өгөх, өгөхгүй нь хамаагүй. Мөнгийг яаж зарцуулахаа жич олон түмний өмнө ард түмнээс асууж байгаад шийд. Тэрнээс таны дансыг нээхээр хэл аманд орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө дансанд орсон мөнгийг Төрийн сангийн данс руу хийсэн. Тэгээд өөрийнхөө дансыг хаалгасан. Энэ харин аятайхан шийдвэр болсон. Магадгүй би дараа нь идсэн, уусан хэрэгт орж мэднэ шүү дээ.

-Магадгүй шүү. Мөнгөний асуудал төвөгтэй?

-Яг тийм. Мөнгөний асуудал нарийн шүү дээ. Тэгээд муу, сайн нэр сонсвол тэрнээсээ эссэн юм болно. Төрийн сан банк, Сангийн яамны 100900080800 (төгрөг), Монголбанк, Сангийн яамны 3332444 (ам.доллар), Төрийн банк, Сангийн яамны 106030080800 (ам.доллар)-ын данс бий.

 

Зорьсондоо хүрэхийг хүсч байна

-Манай улсад эдийн засагч мэргэжилтэй мундаг хүмүүс цөөнгүй бий. Таны хийж буй ажлыг бусад эдийн засагчид юу гэж дүгнэж бас дэмжиж байх юм. Уулзаж, ярилцаж үзсэн үү?

-Ерөнхийдөө уулзаж байна. Ярилцаж үзлээ. Зарим нь ч “Тэдний идэж уусан юмны төлөө хандив өгөх ёстой ч юм уу” гэж байгаа хүн байна. Тэр нь цөөн юм. Харин дэмжиж байгаа нь олон байна. Эргэлзэж суугаа нь ч байх л юм. Янз, янзаар хүлээн авч байна. Энэ бүхнийг би тоохгүй ээ. Зорьсондоо хүрэхийг хүсч байна. Харин манай хэвлэлийнхэн их дэмжиж байна шүү.

-Эдийн засагч хүнтэй уулзаад асуухгүй өнгөрвөл алдас болох нэг асуудал нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал. Бид хямралаас хэзээ гарах вэ. Ойрын хугацаанд монголын эдийн засагт гэрэл, гэгээ харагдаж байна уу. Хэрэв та хандивын аянг санаачлаагүй байсан бол өөрөөр яаж хямралаас гарах аргыг харах байв?

-Арга байлгүй яах вэ дээ. Байгаа шүү дээ. Төр, засгийн нөхдүүд  тодорхой шийдвэр гаргаж, газрынхаа баялгаа аятайхнаар ашиглах. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгой байна. Энэ ордуудыг булаацалдахгүй, хэрэлдэхгүйгээр шийдэж болдоггүй юм байх даа. Би боддог юм. Яасан ч их шуналтай юм бэ. Ямар ч их хэл амтай юм бэ гэж. “Би иднэ, чи идэхгүй. Би л иднэ” гээд хоорондоо булаацалдсаар байгаад энэ улс эх орныг ийм байдалд хүргэчихлээ. Түүнээс биш сайхан ярилцаж, хөөрөлдөөд улс эх орныхоо төлөө, өөрийн улсад ашигтайгаар хууль, дүрэм, журмыг нь яриад шийдэж болох. Хэрэвзээ ингэж ажилласан бол ийм байдалд хүрэхгүй байж болох байлаа, манай улс. Манай улс цөөн хүн амтай. Асар их баялаг, өргөн уудам газар нутагтай улс. Дэлхий манай Монгол Улс руу чихээ дэлдийлгээд, нүдээ бүлтийгээд байж байна шүү дээ. Тэгэхэд манайхан дотроо учраа олохгүй, шийдвэрээ аятайхан гаргаж чадахгүй юм. Гэрээ хэлцэл хийж байгаа нь хөгийн юм. Оюутолгойг хичнээн их муугаар ярьж байна вэ. Дандаа эрх ашиг давамгайлсан, цаанаа хэдэн төгрөг халааслаад ард түмнээ бодохгүй гэрээ хийж байна шүү дээ. Оюутолгойд хийсэн гэрээг хар л даа. 50 жилийн дараа ард түмэнд ашиг олгоно гээд сууж байгаа хүмүүстэй юу ярих юм бэ. Манай улсын хүн ам цөөн, эдийн засаг нь жижиг. Манай улсын эдийн засаг арван хэдхэн тэрбум ам.долларын эргэлттэй шүү дээ. Эдийн засгийн хямралаас амархан гарч болно. Хөл дээрээ амархан зогсож чадна. Хямрах нь ч амар, сэргэх нь ч амархан. Жижиг эдийн засагтай болохоор тэр. Эдийн засгийг босгоход ядах юмгүй. Ишш, ийм ч юм хийж байх гэж дээ л харж сууна. Энэ орныг босгох амархан даа. Жаахан залуухан байсан болоосой гэж бодох юм.

-Магадгүй та улстөрд хөл тавьсан бол энэ тухай ярих байсан болов уу. Эрх мэдлийн шунал гэж айхавтар юм байдаг бололтой. Ер нь та яагаад улстөрд ороогүй юм бэ?

-Жижиг, хувийн ажлаа хийгээд сэтгэл амар явахыг хүссэн юм. Улс төр рүү орж хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд. Аягүй бол шунаад энэ улстөрчидтэй адилхан болох байсан ч юм билүү. Тэгж нүдний булай болоод яах вэ. Энэ сайхан ажил, эцэг, эхээс заяасан нэрээ бодоод аятайхан ажлаа хийгээд явах минь. Ер нь манайхан нэрээ бодоосой билээ. Жаахан ч гэсэн эх оронч байгаасай. Их шуналаа дараасай. Аймшигтай шуналаа  дараасай л гэж хэлмээр байна. Үнэхээр муухай. Дэндүү шуналтай байна. Хэдэн үеэрээ иднэ гэж энэ их мөнгийг хураадаг юм бэ. Хэдэн килограмм алтаар авсаа хийлгэж, хучуулаад бурхны  оронд очно гэж энэ их мөнгийг хураадаг юм бүү мэд. Үнэхээр ойлгохгүй юм.