Монголын санхүүд амь тариа хэрэгтэй байна

0
50

Манай улсын эдийн засаг үнэндээ маш хүнд байгаа. Засаг төрийнхний яриад байгаа дээшилсэн үзүүлэлт, сайн мэдээ зэрэг нь зөвхөн өөрсдийгөө дөвийлгөх гэсэн улстөрчдийн мэх гэдгийг ойлгох цаг болсон.

Улс төрөөс үл хамааран эдийн засгийн байдлыг дүгнэн цэгнэвэл, ерөнхийдөө улсын эдийн засгийн хэмжээг дотоодод үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгээр хэмждэг билээ. Тэгвэл Монголын эдийн засаг 2017 онд 2009 оноос (ДНБ -1.9%) хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарах нь. Өөрөөр хэлбэл 2017 онд бид 2016 оноос бага хэмжээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэжээ. 2017 оны 2-3 хувийн агшилт бол 2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн үр дүн юм.

Ойрын ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ

Өнгөц харвал овоо дажгүй үзүүлэлтүүд гарч ирээд байгаа. Гэвч асуудал бас бий. Сүүлийн хоёр жилд ганц нэг удаа эерэг үйл явдал тохиосон юм. Нэгдүгээрт, Оюу Толгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт 2016 оны хагасаас эхлэж, 2016 он дуусахад хагас тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Цаашид 2020 он дуустал жил бүр ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Хоёрдугаарт нүүрсний үнэ гэнэтхэн л эрс өсөв. Санаандгүй энэ явдлын дүнд дампуурлын ирмэг дээр байсан нүүрсний уурхайнууд маань сэргэж доллар орж ирж эхлэв.
Хэрэв дээрх хоёр үйл явдал болоогүй бол энэ онд бүхэлдээ эдийн засгийн сүйрэл болж мэдэхээр нөхцөл байдалд бид байсан юм.

Гэтэл улстөрчид тоглолтоо хийсээр, ард түмэн өөрсдөд нь мэдэгдэхгүй ч сайн цагт амьдарч буй гэсэн хуурмаг итгэлтэй болчихлоо. Уг нь байдал сайжраагүй, ядаж хэвэндээ үлдээ ч үгүй. Тухайлбал, жил хүрэхгүй хугацааны өмнө манай зээлжих зэрэглэл буурч САА шатлал руу буурсан. Ингэснээр олон улсын нээлттэй зах зээлээс мөнгө босгох магадлал тун бүрхэг болсон.

Сая тун азаар бонд босгосон ч цаашид төлөх ёстой гадаад өрийг хэн дахин санхүүжүүлэх нь тодорхойгүй байсаар. Гуравдагч хөрөнгө оруулагч нарын бараа туруу ч алга. Дээрээс нь өнөөг хүртэл эдийн засагт нэмэр болж байсан хэрэглээ буурах төлөвтэй боллоо. Тухайлбал өрхийн орлого, зарлага 2014 оноос тасралтгүй буурч байгаа нь санаа зовоосон асуудал юм.

Ирэх онд бид хүнд сорилт туулах нь тодорхой. Бонд гаргаж өр тавих замаар ирэх оны эхээр төлөгдөх 680 орчим сая ам.долларыг чүү чамай босгосон. Энэ бондын буюу өр төлөх мөнгө Монголбанкинд шилжин орж ирмэгц мань улстөрчид Монголын гадаад валютын хэмжээ түүхэн амжилт тогтоосон талаар шуугисан. Яг үнэндээ хоёр тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байлаа гээд манайд үлдэж наалдах юм даанч байхгүй.
Түүнчлэн 15 тэрбум юаньтай тэнцэх Хятадын Төв банктай хийсэн своп гэрээний хугацаа дуусч байгаа. Товчхон тайлбарлавал Хятадын Төв банк Монголбанкинд юань өгч, оронд нь төгрөг авсан (нийт үнийн дүн нь 2.1 орчим тэрбум ам.доллартай тэнцэнэ, своп гэрээний 1.6 тэрбум ам.долларыг нь хэрэгжүүлсэн) хэлцлийн хугацаа дуусч бид одоо төгрөгөө буцаан авч юань төлөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид энэ хэлцлийг цааш нь заавал үргэлжлүүлж сунгах ёстой. Өөр арга байхгүй.

Гадаадад төлөх ёстой доллар, юанийг бид Монголбанкны валютын нөөцөөс төлдөг. Харин валютын нөөц нь гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт, гадаадаас авах зээл, экспортын орлогоор нэмэгдэж байдаг. Ингээд харахад бид улс шиг улс болж чадаагүй юу, хэдий болтол хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн амьдрах вэ гэсэн асуултууд салахгүй эргэлдэх аж.

Ухаантай дарга нар л дутагдаж байна

Уг нь дэлхий ертөнц бидэнд боломж олгож байгаа. Тухайлбал, одоо дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ түүхэн амжилт тогтоогоод байна. Салбарын үзүүлэлтээс харахад, 2014 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ тогтоод байгаа ба арваннэгдүгээр сарын Дэлхийн томоохон зах зээлүүд зах зээлийн энэ байдлыг ирээдүйд ч өөдрөгөөр төсөөлж байгаа. Зэсийн эрэлт ч их болсон нь сүүлийн үед өдөрт дунджаар 1.9 сая тонн худалдаалагдаж байгаагаас харагдаж байна. Статистикаас харахад жилийн өмнө энэ үзүүлэлт 29 хувиар бага байсан.

Зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсын хувьд Коммунист намын 19 дүгээр Их хурлаараа эдийн засгийн зорилгоо тодорхойлно гэдгийг дээр дурьдсан. Шинжээчдийн үзэж буйгаар, хятадууд экологийн тэнцвэр, байгаль орчны бохирдлын талаар одоо нухацтай хэлэлцэх тул зэс, бусад түүхий эдийн үйлдвэрлэлд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгааны тайлангаас харахад, Хятадын үнийн инфляци жилийн дотор 6.9 хувиар өсчээ. Нөгөөтэйгүүр металлын үнэ бүрэлдэхэд голлон нөлөөлдөг хүчин зүйлс, тэр дундаа дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн атал олборлох үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан гээд олон шалтгааны улмаас ийм нөхцөл үүссэн.

Гэхдээ үйлдвэрлэлийн ирээдүйн зураглалаас Хятадын зэсийн эрэлт 2017 оны сүүлээр хоёр оронтой тоогоор нэмэгдэж, 6.1 сая тоннд хүрэхээр байгааг харж болно. Харин дотоодын зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.614 сая тонноос 1.6 саяд хүрэх маягтай байгаа гэнэ. Мөн 25 хувийн агууламжтай зэсийн баяжмалын импорт энэ онд 4.5 сая тоннд хүрэхээр төлөвтэй байгаа нь жилийн өмнөхөөс 240 мянган тонноор өссөн дүн ажээ.
Ингээд тооцоход зэсийн үнэ өдөр ирэх бүр өсөх нь хачирхаад байх зүйл биш. Тухайлбал, даваа гаригт нэг тонн зэс 1765 ам.доллар байсан бол мягмарт 7186 болсон. Энэ нь нийлүүлэгчдийн хувьд тун таатай нөхцөл.

Тэгвэл Монголд хэрхэв. Юуны өмнө манай улсын экспортод гаргасан ашигт малтмалын есдүгээр сарын үнийг харахад нэг тонн цэвэр зэсийг 6477.6 ам.доллараар үнэлжээ. Харин олборлолтын хэмжээ оны эхний найман сард 980.5 мянган тонн баяжмал гадагш нийлүүлсэн байх юм. Үүнээс нэг тонн баяжмалыг 1052.7 ам.доллараар борлуулсан ба нийт орлого 1.01 тэрбум ам.долларыг давсан байна. Энэ бол зөвхөн зэсийн баяжмалаас олсон орлого.

Тэгвэл бидний урагштай, эсвэл урагшгүй байхаас эдийн засаг маань шалтгаалах нь.

Г.ЗЭСЭН

Эх сурвалж:

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!