Ч.Чимэдсүрэн: О.Баасанхүү улс төрийн карьеартаа цэг тавья гээгүй бол намаа солих шаардлагагүй

0
119

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор МАХН-ын бага чуулганы гишүүн Ч.Чимэдсүрэнийг урьж, ярилцлаа.

Оффшорчдын эсрэг жагсаал өнгөрсөн долоон хоногт болж өнгөрлөө. Мэдээж гадаадад байгаа хөрөнгөө оруулж ирж, Монголын эдийн засагт эргэлдүүлэх нь зүйтэй. Гэхдээ уг жагсаалыг хэн зохион байгуулав гэж эргэлзсэн шүү?

Ард түмний онц их зөвлөлөөс “Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Зохион байгуулагчдын гол зорилго нь оффшор бүсэд байгаа мөнгөө Монголдоо авчрах шаардлагыг тэрхүү данс эзэмшигчдэд тавьж байгаа юм. Хэрэв офф­шорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ир­вэл улс өргүй болж, эдийн засгийн хямра­лаас гарч, төг­рөгийн ханш чангаран, бид ажил­тай болох тухай ч жагсагчид хэлж байсан. Гол нь оффшор данс эзэмшигчдийн мөнгөө оруулж ирэхийг уриалахын зэрэгцээ Засгийн газар, төрийн эрхийг барьж эрх баригчид энэ тал дээр арга хэмжээ авч ажиллах шаардлагыг ч давхар тавьж байгаа гэж ойлгосон.

Гол нь МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намынхан жагсаалд оролцож индер дээрээс үг хэлсэн. Хэдийгээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй ч тус жагсаалын ард хэн байна вэ гэх хардлага жагсагчдын дунд бий болсон. Энэ талаар таниас тайлбар авах гэсэн юм?

МАХН-ын зүгээс оффшор дахь мөнгийг Монголд авчрах асуудлыг нэн тэргүүнд дэмжиж байгаа. Дэмжихээс ч өөр аргагүй. Учир нь үүний цаана улс эх орны эдийн засгийн аюулгүй байдал яригдаж байна. Монгол Улс эдийн засгийн таагүй нөхцөл байдлаасаа үүдэлтэй Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч ажиллахаар боллоо. Гэтэл энэ нь бодит байдалтай нийцэж байна уу, үгүй юу. Гол нь Монголын гадаад валютын нөөц оффшорт буюу гадаад руу янз бүрийн аргаар урсаж байна. Энэ урсгалыг зогсоох хэрэгтэй. Аливаа улс орон дотооддоо орж ирж байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулж, баялаг бүтээж, дотооддоо хадгалж байж эдийн засгийн аюулгүй байдал нь хангагддаг.

МАХН-ын бага чуулган болж өнгөрлөө. Бүтэц бүрэлдэхүүнээ ч нэлээн шинэчилсэн байсан. Мэдээж энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын нэг хэсэг нь болов уу?

МАХН-ын бага чуулган болж өнгөрсөн. Бага чуулганаар намын бүрэлдэхүүний асуудал яригдсан. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой ажил үүргийн хуваарилалт, зохицуулалт хийгдсэн. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Үүний хүрээнд бэлтгэл ажил хийгдэж байгаагийн эхлэл нь.

Одоогоор дангаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж ярьж байгаа гэж сонссон. Гол нь Н.Энхбаяр даргын ялтайд тооцогдох хугацаа дууссан уу, үгүй юу гэдэг асуудал хаврын улс төрийн гол сэдвүүдийн нэг байх бололтой. Дээд шүүхээр энэ асуудлыг эцэслэсэн ч нэр дэвших боломжгүй юм биш үү?

Монголд хүмүүс хууль ярих их дуртай шүү дээ. Хуулиараа бол ялтай байх хугацаа дуусгавар болчихсон. Үүнийг нь Дээд шүүх, цаашлаад Үндсэн хуулийн Цэцээр хүртэл баталгаажуулаад холбогдох баримт бичгийг нь авчихсан. Харамсалтай нь, бодит байдалтай нийцдэггүй. Бусдыг яллах болохоороо хууль гэж цээжээ дэлддэг атлаа хуулиар олгосон эрх хэмжээг нь хэрэгжүүлье гэхээр хууль нь гууль болчихдог. Ийм болоод удаж байна. Нам харгалзахгүй цөөн тооны бүлэглэл Монголд ноёрхож байгаагийн илрэл нь энэ. Тэд Монгол Улсыг эдийн засгийн хувьд дорой, ард түмний сэтгэлгээг ядуу, иргэдийн амьжиргааны түвшинг хүртэл дорд байлгах сонирхолтой. Ийм бүлэг этгээдүүд өнөөдрийн энэ үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд нь хүртэл саад тотгор тавьдаг боллоо. Улмаар худал, үнэн мэдээлэл нийгэмд цацаж, энэ нь иргэдийг төөрөгдүүлж, сонгогчдыг талцуулдаг ч юм уу. Иргэд маань Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, сонголтоо хийх ч боломжгүй нөхцөл байдалтай нийгэмд амьдарч байна.

Магадгүй оффшор бол хаврын улс төрийн нэг сэдэв. Цаашлаад Н.Энхбаяр нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн арга хэрэгсэл төдий харагдаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Түүнээс биш эх оронч сэтгэлгээ тэнд байна уу, үгүй юу гэхэд эргэлзмээр ч юм шиг?

Оффшорын эсрэг жагсаалыг зохион байгуулагчдын гол санаа нь аль нэг улс төрийн хүчин гэхээсээ үл хамаарч, оффшорчдод хариуцлага тооцож, хөрөнгөө оруулж ирэх боломжийг нь олгоё. Төр, засгаас энэ тал дээр анхаарч, оффшорчдыг шахаж, шаардаж ажиллахыг л хүссэн. МАН нь байна уу, АН нь байна уу хамаагүй нуусан мөнгөө л оруулаад ир. Тэгээд асуудлаа дундаа ярьж байгаад эвтэйхэн шийдье. Монголыг гадаадын иргэдээр тоглуулж боллоо. Одоо өөрсдөө асуудлаа шийдье. Энэ үндэслэлээр хаврын улс төрийн тэмцэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан улс төрийн мессежүүд явж байна гэж харж байгаа.

Цөөн тооны бүлэглэл Монголд ноёрхож байгаа тухай та хэлсэн. Тэр бүлэглэлд багтсан хүмүүс нь хэн бэ. АН-ын зарим хүн нэр цохож хэлэх нь бий. Харин та хэнийг тэгж цохож хэлэв?

Сонгуулийн өмнө нь ч, дараа нь ч энэ тухай ярьж байсан. Хэсэг бүлэг этгээдүүд бий. Цөөн тооны. Хязгааргүй баяжчихсан. Одоо болно. Оффшорт байгаа мөнгөө авчир. Хязгааргүй баяжих бололцоогоо нэмж битгий тэл. Одоо зогс. Харин үүний оронд нийгмийн дундаж баян давхаргыг бий болгохын төлөө зүрх сэтгэлээ зориул гэж тэдэнд хэлмээр байна. Саяхан хэвлэлээс “Монгол надад ямар хамаатай юм” гэсэн  Монголын Засгийн газарт ажиллаж, тодорхой шийдвэр гаргаж байсан төдийгүй толгойгоороо хариуцана гэж цээжээ дэлдэж байсан хүний тухай уншсан юм. Уур омгондоо хашгирч яваа бололтой юм. Гэхдээ түүнийг нь уншаад үнэхээр сэтгэл өвдсөн. Монгол хамаагүй юм бол Монголоос яв л даа. Гадаадын иргэн болоод. Харин хамаатай юм бол эх оронч сэтгэлгээтэй байх ёстой. Энэ үүднээс МАХН эх оронч сэтгэлгээгээр асуудалд хандья. Ерөнхийлөгчийн сонгуулиар асуудлаа шийдье. Шударга хүмүүсийг нь зохих газарт нь ажиллуулья. Ингэснээрээ нийгэм эрүүлжиж, цэвэрших, эдийн засгийн алуурчдын савраас аврагдах боломж бий болно. Монгол Улс хурдан хугацаанд хөгжих үү, эсвэл яст мэлхий шиг удаан явах уу гэдэг нь гол сэдэв.

Намын гишүүдээ мөнгө олж ир гэж дарамталдаг Н.Энхбаяр дарга хөрөнгөтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүллээ гэх шүүмжлэл бага чуулганы дараагаас хөврөх болсон. Энэ намын гишүүний хувьд та ч гэсэн энэ талаар  байр сууриа илэрхийлэх байх?

Энэ бол нэг төрлийн гуйвуулгын асуулт байна. Аливаа улс төрийн хүчин гишүүд, дэмжигчдийнхээ хандив, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг. Монголд байгаа бүх улс төрийн намууд адилхан. Улс төрийн намын тогтолцоо нь ч ийм байдлаар явж ирсэн. Мөнгө олж ир гэж дарамтлах нь нэг хүний шийдэх асуудал биш. Улс төрийн намын дарга гэдэг тухайн намыг төлөөлөх эрх мэдэлтэй л хүн. Намын гол эрх мэдэл Гүйцэтгэх товчоонд байдаг, МАХН-ын хувьд. МАН-ын хувьд Удирдах зөвлөл нь. АН-ын тухайд Гүйцэтгэх зөвлөлд нь гэх байдлаар. Энэ баг хамт олонд намын бүх эрх мэдэл бий. Нэг хүн хэзээ ч нам дээр ганцаараа шийдвэр гаргах боломжгүй.

Гэхдээ МАХН нөгөө хоёр намаас ялгарах онцлогтой. Шулуухан хэлэхэд Н.Энхбаяр даргын үг хууль биш гэж үү?

Нийгэмд худал, үнэн мессеж цацаж байна гэдэг нь энэ. Нэг хүн хэзээ ч нам дээр шийдвэр гаргах боломжгүй. Яагаад гэвэл намын удирдах дээд байгууллага төлөөлж байгаа зөвлөлөөс бүрддэг. Асуудлыг ярья гэвэл зөвлөлтэй л ярина.

Уучлаарай таныг бухимдуулсан байж мэднэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэр бүхий эрхэм ч танай намаас нэр дэвших сонирхолтой байгаагаа нуудаггүй. Улмаар Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа хүргүүлсэн байсан. Уулзсан уу?

-МАХН шударга үнэний төлөө тэмцэж, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа бүх улстөрчид, улс төрийн зүтгэлтнүүдэд нээлттэй. Хэзээд энэ хаалга нээлттэй байдаг. Үүнийг ямар ч хүний өмнө нүүр бардам хэлэх байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан С.ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших яриа нэлээн эртнээс явсан. Мэдээж ийм таамаг байх нь зүй ёсны хэрэг. С.Ганбаатар гишүүн асантай МАХН-ын удирдлагууд уулзсан. Уулзаад хамтарч ажиллах тал дээр санал солилцсон. Нэг зүйлийн төлөө зорьж байгаа учраас ойлголцоход амар байсан гэхэд болно. Гэхдээ С.Ганбаатар гишүүнийг МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших тухай ярихад эрт байна.

Н.Энхбаярын асуудал эцэслэгдтэл гэсэн үг үү?

МАХН-аас Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ гэдгийг бид янз бүрийн байдлаар хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль нь хуулийн дагуу үйлчилбэл дэвших эрх нь нээлттэй. Хууль нь гууль болж, дахиад зохион байгуулалтын, гүтгэлгийн шинжтэй асуудлыг бий болгохгүй л бол Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Магадгүй 2016 оны УИХ-ын сонгууль шиг зориудаар хугацааных нь хувьд тээг тавьдаг ч юм уу, тиймэрхүү асуудлууд үүсэхийг үгүйсгэхгүй. Дуртайгаа зохиож чадаж байна шүү дээ.

Тэгэхээр эцсээ хүртэл энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж үү?

Ямар ч байсан МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших тухай ард нийтийн дунд ч, намын гишүүдийн хувьд ч яригдаж байгаа.

-Гэхдээ дараагийн хувилбартаа орж, Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх талаар намын гишүүд тань цухалзуулаад эхэлсэн юм биш үү?

Улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдгээ бага чуулган дээр ярина. Өөрөөр хэлбэл, намын удирдах зөвлөл хурлаа зохион байгуулж, намын бага чуулганы төлөөллийн дийлэнх олонхийн саналаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болно. Түүнээс биш ярилцлага өгөөд сууж байгаа Ч.Чимэдсүрэн үүнийг шийдэхгүй. Ц.Оюунбаатар даргын хувьд боломж бололцоо бий. Ер нь МАХН-д Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар, Н.Удвал, Цолмон гээд олон хүн бий. Тэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, нэр төртэй ажиллах бололцоотой хүмүүс.

МАХН-ын толгойны өвчин гэгдэх болсон О.Баасанхүү. Уг нь танай намын ганц итгэл найдвар. Гэвч намаасаа гарч мэдэх талаар байр сууриа илэрхийлээд багагүй хугацаа өнгөрлөө. Парламентад суугаа гишүүнтэйгээ хэр уулзалдаж, ойлголцож байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд дахь улстөрчдийн шилжсэн түүхийг харвал янз бүр. Гэхдээ дийлэнхдээ УИХ-д намаасаа сонгогдчихоод өөр намд шилжиж орсноор тухайн хүний улс төрийн карьеар нь дуусгавар болсон явдал олон. Энэ бол хуульд зааж, УИХ-аар батлаагүй ч бодит түүх. О.Баасанхүүг ийм сонголт хийнэ гэж бодохгүй байна.

Яагаад..?

Учир нь О.Баасанхүү залуу улстөрч. Хоёр дахь удаагаа парламентад сонгогдлоо. Цаашдаа ч олон жил парламентад ажиллах чадвартай залуу. Ийм учраас тэр улс төрийн карьеартаа цэг тавья гэж л бодоогүй бол өөрөө хэлбэл, улс төрөөс гарья гээгүй л бол намаа солих ямар ч шаардлага байхгүй. Энэ бол улстөрч хүний заавал мэдэх ёстой зарчим.

Гэвч нэгээс нөгөөд орж гарах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Ийм тохиолдол олон байдгийг ч та дээр хэлсэн?

О.Баасанхүүг өөр нам руу орчихно гэж би итгэхгүй байна. Тийм сонголт хийхгүй байх гэж найдаж байгаа. Мэдээж аливаа сонгуулийн үр дүнд улс төрийн намуудын ялагдал, ялалтын асуудал байнга гардаг. Энэ бүхэн ээлжтэй. Дараагийн сонгуулийн үр дүн ямар гарахыг хэн ч таашгүй. Энэ утгаараа О.Баасанхүү ийм сонголт хийх хувь хүний ёсзүй ч байхгүй байх гэж бодож байна. Улс төрийн карьеараа ч бас бодож байгаа байх.

О.Баасанхүү намдаа байх нь л өлзийтэй гэх гээд байна уу?

Ер нь О.Баасанхүүгийн хувьд намдаа тогтвортой байх нь нэгдүгээрт намынх нь гишүүд, тойргийнх нь сонгогчдын хувьд хамгийн том шалгуур. Магадгүй тэр өөр нам руу шилжиж орвол Эрдэнэтийн ард түмэн түүнийг яаж хүлээж авахыг бид мэдэхгүй байх жишээний.

Н.Энхбаярыг хүнд хэцүү үед гараа сунгаж, түүнийг дагасан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар буцлаа. Шалтгаан нь Н.Энхбаярын хэтийн зорилготой санал бодол нийлээгүй. Шулуухан хэлэхэд, үзэл бодол таараагүй. О.Баасанхүүгийн байр суурь ч иймэрхүү хандлагыг илэрхийлдэг. Тэгэхээр явж байгаадаа биш харин Н.Энхбаяр даргад хамаг учиг нь бий юм биш үү?

Н.Энхбаярыг хүнд хэцүү үед зрьж ирсэн хүмүүс буцлаа. Сонгуулийн өмнө Ч.Улаан, Д.Тэрбишдагва гишүүн намаасаа татгалзаж МАН руу орсон нь үнэн. Нэгдүгээрт, хувь хүнийх нь сонголтыг хүндэтгэж үзэх шалтгаан байсан байх гэж боддог. Магадгүй янз бүрийн дарамт шахалтад орсон байхыг ч үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, О.Баасанхүүгийн дэргэд Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хашир туршлагатай улстөрчид. Юу хийх үү гэдгээ тэд сайн мэднэ. Хүнд хэцүү үед ирж тусалсан шигээ улс төрийн сонгууль болохоос өмнө өөрсдийнхөө орон зайг намын залуучуудад олгож, сонголтоо хийгээд явсан гэж хувь хүнийхээ зүгээс хардаг. Мэдээж тойргийнх нь гишүүд дэмжигчдийн хувьд дургүйцсэн ч, хүндэтгэлэй хандаж хүлээн зөвшөөрсөн нь ч бий. Энэ нь өөрөө сонгуулийн үр дүнгээс харагдлаа. Туршлагатай улстөрчид тэгж л асуудлыг хардаг гэж хувьдаа ойлгосон. Иймээс хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ.

Тэгвэл О.Баасанхүүгийн хувьд малгайгаа солих нь хоосон хоцрохтой адил гэж үү. Магадгүй харин ч эсрэгээрээ АН, МАН-ын аль нэгийг сонгосноор түүний хувьд илүү их боломж ч байж мэдэх юм шиг?

О.Баасанхүүгийн хувьд парламентад нам төлөөлж байгаа гишүүн тул улс төр хийнэ. Янз бүрийн аргаар улс төр хийх нь зөв. Ингэж байж л харагдахгүй бол 65 өрсөлдөгчийн эсрэг О.Баасанхүү яаж тодрох юм. Үүнийг бодох ёстой. О.Баасанхүү байж байж энэ парламент өөрөө чимэгтэй, амьд харагдаж байгаа юм.

Энэ бүхэн түүний улс төрийн нэг тоглолт төдий гэж хэлж байгаа юм уу?

АН-ын хэдэн гишүүн, тэгээд О.Баасанхүү. Энэ чинь О.Баасанхүүгийн хувьд улс төрийн асар их туршлага сууж байгаагийн илрэл. Нөгөө талаар улс төрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг илэрхийлж, олонд харагдуулах гэсэн улс төрийн тоглолтууд. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэг шиг түүнийг оролдвол эвгүй шүү гэсэн дохио. Ер нь улстөрч хүн өөрийн бодлоор улс төрийн зорилго, үйл ажиллагаа хийх нь нээлттэй. Үүнийг мушгиж гуйвуулж болохгүй л дээ. Эцсийн шийдэл нь гараагүй байна.

Намаас гарах тухайгаа гишүүддээ, жишээ нь танд хэлж байсан тохиолдол бий юу?

О.Баасанхүүгийн тухайд намаасаа гарах тухай хэлж байгаагүй. Намын гишүүддээ ч гарна орно гэж ярьсан түүх байхгүй. Надад ч тийм юм дуулдаагүй. Ер нь адилхан залуу хүмүүс, парламентад хоёр дахиа сонгогдчихлоо. Улс төрийн хүчний хуваарилалт эгзэгтэй цаг мөчид ямар нэгэн байдлаар алдаатай сонголт, шийдэл гаргах нь залуу улстөрчдийн хувьд ирээдүйн карьеардаа цэг тавьдаг түүхтэй байдаг юм шүү. Ийм алдааг түүнийг гаргахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбатай холбоотой байгаа юу. Намын зүгээс тэр хүнийг эргэж тойрч байгаа юу?

Г.Шийлэгдамбын хувьд АТГ-т очиж наана цаана гэснээс хойш холбоогүй болсон. Тэр хүн бусдын дарамт шахалт шаардлагаар янз бүрийн мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Тэр бол хувь хүний тухай асуудал. Мэдээж хэн ч гэсэн ямар нэгэн байдлаар айх ичих асуудал байхыг үгүйсгэхгүй. Энэ утгаараа үйл явдал болоод өнгөрсөн. Мөн тухайн үед Г.Шийлэгдамба ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тиймээс түүнийг нь албан ёсоор Намын гүйцэтгэх товчоо хүлээн авч, шийдвэр гаргаад дараагийн хүмүүс нь томилогдоод ажлаа хийж байна. Нам гэдэг ганц хүний асуудал биш. Ганц Г.Шийлэгдамба, эсвэл О.Баасанхүү, Н.Энхбаяр байснаар нам болчихгүй. Харин бөөнөөрөө, бүлгээрээ хамт олноороо байж нам гэдэг улс төрийн байгууллага бий болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!