30 гэр бүлийн 2 нь ил боллоо

0
114

Монголын эдийн засаг 30 гэр бүлийн халаасанд байгаа гэнэ. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулга, эсвэл түүний Тамгын газрын дарга З.Энхболд хоёрын гаргасан тооцоо. Яг нарийвчлан хэн нь ийм тооцоог, ямар тооцооллоо гаргасан нь тодорхойгүй ч тэдний зүгээс ийм мэдээллийг олон нийтэд дэлгэсэн нь үнэн юм. Улмаар өнөөх 3  гэр бүлийнхээ нэгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэрлэх болсоор багагүй хугацаа өнгөрлөө.

Ч.Хүрэлбаатар алдарт 30 гэр бүлийн нэг мөн эсэхийг хэн ч тогтоосонгүй. З.Энхболд ч батлаж чадсангүй. Тэглээ гээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд худал мэдээлэл олон нийтэд цацаж, бусдын нэр төрд халдсан гэж ч шалгагдсангүй. Өөрөөр хэлбэл, аль аль мэдээлэл нь баталгаажиж, бас нотлогдсонгүй. Гэсэн ч Сангийн сайд Монголын эдийн засгийг халааслаж суугаа, уул уурхайгаас хөлжигч гэх сэтэр нь дагаастай.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч 30 гэр бүлийг мэдсээр байж нуун дарагдуулж байгаа нь хариуцлага хүлээх үү гэх асуулт. Хуулийн байгууллагаас 30 гэр бүлийн асуудлыг хөндөөгүй ч УИХ-ын гишүүд нэрлэхийг шаардаж байгаа. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна” гэсэн юм. Мэдээж түүнд баттай хариулт өгөх хүн олдоогүй. Улмаар З.Энхболдын хариулт даажигнасан, тохуурхсан өнгө аястайгаар өрнөөд өнгөрсөн.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа “30 гэр бүлийн төлөөллийн асуулдтад хариулья” хэмээсэн нь анхаарал татна. Чухамдаа тэрбээр Ч.Хүрэлбаатарын дараагаар Л.Энх-Амгаланг нэрлэж байгаа юм даг уу. Ингэснээр алдарт 30 гэр бүлийн хоёр дахь нь тодорхой болов бололтой. Мэдээж энэ нь бас л батлагдаж, нотлогдоогүй зүйл.

Ямартай ч Ерөнхийлөгч маань Монголын нийгэмд нэгэн учир битүүлэг “30 гэр бүл”-ийн тухай таавар таалгаж, улстөрчдийн дунд булууны яс шидсэн шигээ аяглаж сууна. Төрийн тэргүүн эв нэгдлийн илэрхийлэл гэснээс бус өрсөлдөгч намынхнаа хагалган бутаргаж, хэрүүлийн алим шидэж суугч гэж Үндсэн хуульд заасан бил үү.

Халдашгүй дархан эрхтэй гэхээрээ хамар доорх хагархай гэсэн шиг аяглаж боломгүй. Тиймээс хүн бүр, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллагад байгаа эрхэм бүр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг баймаар сан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!